Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01515

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01331 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Л.Г-ийн хариуцагч С.С-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Л.Г нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр С.С-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 8 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан юм. Зээлдүүлсэн мөнгөө бэлнээр өгсөн ба сар бүрийн 13-ны өдөр зээлийн хүү болох 800 000 төгрөг төлж байхаар тохирсон ба хэрэв зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр зээлийн гэрээний 2.7-д тусгаж тохирсон. С.С нь дээрх хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг төлж чадахгүй байгаа учир сарын хүүд 800 000 төгрөгийг өгье гээд шилжүүлдэг байсан. Сарын хүүгээ төлөхдөө тохирсон хугацаандаа бус хэд хоногоор хугацаа хэтэрч, цувуулж өгөх зэргээр харилцаж байсан нь банкны дансны хуулгаас тодорхой харагдах болно. Зээлийн гэрээ ёсоор хоног тутмын алданги бодвол их мөнгө гарч байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй учир гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 4 000 000 төгрөгийн алданги, мөн  үндсэн зээл 8 000 000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч нь хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100 000 төгрөгийг данс руу шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч сураггүй, холбоогүй, утсаа авахгүй, уулзахаараа би чамд хангалттай мөнгө төлсөн, одоо мөнгө өгч чадахгүй гэж хэлдэг болсон учир шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэгч Л.Г-ийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч С.С-д зээлдүүлсэн үндсэн зээл 8 000 000 төгрөг, түүнд тооцсон алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Г-гээс зээлсэн үндсэн зээл 8 000 000 төгрөг болон хүүнд 8 360 000 төгрөг, нийт 16 360 000 төгрөг төлсөн. Би өөрөө ямар ч орлогогүй, 350 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Л.Г-ийн зээлийн хүүг өгөхийн тулд би тэтгэврээ бүгдийг нь өгөөд хүүхдүүдээсээ гуйгаад, ээмэг бөгжөө ломбардаад, тэтгэврийн зээл урьдчилж аваад яг цагт нь өгдөг байсан. Би мөнгөө Л.Г-ийн Хаан банкны 5006352155 тоот дансанд шилжүүлж байсан. Харин 1 100 000 төгрөгөө Л.Г-т бэлнээр өгсөн. Би Л.Г-ийн зээлийн хүүг төлөхийн тулд өндөр насны тэтгэврээ 2020 оны 6 дугаар сар хүртэл авч зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр С.С-д 8 000 000 төгрөг өгсөн гэдэг боловч өнөөдрийг хүртэл 8 000 000 төгрөг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар эхлээд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 6 000 000 төгрөг, дараа нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал 8 000 000 төгрөгийг өгснөө нотолж чадахгүй байна. Хариуцагч С.С уг 8 000 000 төгрөгийг цувуулан авсан боловч нэхэмжлэгчийн данс руу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нийт 7 удаагийн гүйлгээгээр 7 150 000 төгрөг, С.С-ын Хаан банкны 5540004975 тоот данснаас Л.Г-ийн данс руу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс нийт 8 удаагийн гүйлгээгээр 3 200 000 төгрөг, С.С нь өөрийн хүү С.Нэргүйбаатарын Хаан банкны данснаас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс нийт 10 удаагийн гүйлгээгээр 6 300 000 төгрөг, Л.Г-ийн Хаан банкны 5006352155 тоот данс руу С.С гэж нэрээр 2 900 000 төгрөг, нийт 19 550 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хариуцагч С.С нь өөрөө 350 000 төгрөгийн тэтгэвэртэй боловч 2020 оны 6 дугаар сарыг хүртэл зээл авсан. Зээлээ бүхий л чадлаараа төлсөн. Үндсэн зээл 8 000 000 төгрөг болон түүний хүүг төлчихсөн, зөрүү мөнгө ч нэхэмжлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч С.С-аас зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 10 300 000 төгрөг, гэрээ байгуулагдсанаас хойш 8 500 000 төгрөг төлсөн болох нь дансны хуулга, банкны орлого, шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул гэрээний төлбөр зохих ёсоор гүйцэтгэгдсэн” гэжээ. Талууд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 8 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 9 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 600 000 төгрөг тус тус төлж байсан нь Л.Г-ийн Хаан банк дахь 5006352155 тоот данс руу хариуцагч С.С, С.Нэргүйбаатар нарын данснаас мөн бэлэн мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогддог. Зээлийн гэрээний хүү, Л.Г-ийн дээр дурдсан ганц данс руу шилжүүлж байсан талаар зохигчид маргаагүй. Л.Г-ийн дансыг шүүж үзэхэд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сар бүр 800 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 700 000 төгрөг, 100 000 төгрөг дутуу төлж нийт 9 500 000 төгрөг, 2016 оны 9 сараас 2017 оны 3 сар хүртэл сар бүр 800 000 төгрөг, 7 сарын хугацаанд 5 600 000 төгрөг төлсөн байдаг. Энэ нь зээлийн гэрээний хугацаа дууссан ч С.С зээлийн хүү 800 000 төгрөгийг үргэлжлүүлж төлж байна. Хариуцагч С.С 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 9 600 000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 9 500 000 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа дуусахад 8 100 000 төгрөг төлөхөөс 5 600 000 төгрөг төлж, 2 500 000 төгрөгийн үлдэгдлээс 50 хувийн алданги бодож, нийт 3 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь хариуцагч С.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, нийт 19 550 000 төгрөг төлж гэрээний үүргээ биелүүлсэн гэж үндэслэлээ тайлбарлажээ.

       Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд 15 100 000 төгрөг төлсөн, харин үндсэн зээл 8 000 000 төгрөгийг төлөөгүй тул алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулна гэж шаардсан нь үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

      Зохигчид 8 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан /хх5/ байх бөгөөд зээлийн гэрээний төлбөрт нийт 17 600 000 /8 000 000+9 600 000/ төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүсчээ.

      Зээлдэгч С.С нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 10 300 000 төгрөг, хугацаа дууссанаас хойш 8 500 000 төгрөг, нийт 18 800 000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон байна.

С.С нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 10 300 000 төгрөгийг төлсөн байх тул гэрээний хугацаанд 9 600 000 төгрөгийн хүү төлөгдсөн гэж үзнэ. Хариуцагч тал амаар гэрээг сунгаж, зээлдэгч зээлийн хүү төлж байсан гэж тайлбарласан нь хүү тогтоосон бол бичгээр гэрээ байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй тул хүү шаардах эрхгүй. Энэ талаар шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөн зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 500 000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулсан, гэрээний үүрэг дуусгавар болсон байх үзэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 74 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                                             ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ