| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/03048/И |
| Дугаар | 101/ШШ2023/03904 |
| Огноо | 2023-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/03904
2023 09 07 101/ШШ2023/03903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- С.Э-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Л.Л-д холбогдох,
8,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.
Хариуцагч Л.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн хувьд Ковид-19 цар тахлын үед буюу 2021 оны хавар өөрийнхөө хүүхдийг Солонгос улс руу гэрээний ажилтнаар гаргахаар хөөцөлдөж явж байгаад Л.Лтэй уулзсан байдаг. Л.Л нь тухайн үед манайх Солонгос улс руу гаргадаг агентлаг компанитай, үүгээр дамжуулж хөдөлмөрийн гэрээгээр ажилчдыг гаргаж байгаа. Эхний ээлжинд 8,000,000 төгрөг өгчих тэгэх юм бол виз гаргаад явуулж өгье гэсэн байдаг. Үүнийг үндэслэж хэд хэдэн удаа Л.Лтэй уулзаж тохиролцоод 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч С.Э өөрийн *********** тоот данснаас хариуцагч Л.Лгийн Хаан банк дахь ********** дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь хүүхдийн гадаад паспортыг өгчих 14 хоногийн хугацаа болох байх энэ хугацаанд визийг чинь гаргаж өгч чадахгүй бол 8,000,000 төгрөгийг буцааж өгнө гэсэн зүйл хэлдэг. Тохирсон хугацаа болоход одоохондоо бүтэхгүй байгаад байна, явуулах боломжгүй гэж байгаа бол та хэд мөнгөө авчих, гэхдээ хэд хонуулж байж удахгүй өгнө гэдэг зүйл ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн.
Улмаар хариуцагчаас нэхэмжлэгч нь хүүхдийнхээ гадаад паспортыг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр авч 8,000,000 төгрөгөө авъя гэхэд өгөхгүй шүүх цагдаагаар яваад ав гэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлээр хариуцагч Л.Л нь 8,000,000 төгрөгний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.
Ийм учир Л.Лгээс 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан. 14 хоногийн дотор хариу тайлбарыг гаргах ёстой байсан боловч одоог хүртэл гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тооцож байна. Тиймээс хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш шаардлагатай бүх ажиллагааг гүйцэтгэж, хариуцагчид эрх үүрэг, хэргийн материал танилцуулсан боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй байна. Хариуцагч үнэхээр төлбөр мөнгө авч буцааж төлсөн асуудал байдаг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 зааснаар шүүхэд баримтаа гаргаж өгөх ёстой байсан.
Гэтэл шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийг үл хүндэтгэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үндэслэлийг шүүх харж үзнэ үү. Талуудын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй. Тодорхой виз гаргаж өгье гэдэг асуудал яриад гаргаж өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор төлбөр мөнгийг шилжүүлж авсан. Шилжүүлж авсан үйл баримт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн данс уруу нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлсэн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа учир хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4/, С.Э-н Хаан банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч С.Э нь Л.Лд холбогдуулан БНСУлс руу хөдөлмөрийн гэрээний ажилтнаар өөрийн хүү М.Өыг гаргуулахаар төлсөн төлбөр 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.
3. Хариуцагч Л.Лд холбогдуулан гаргасан 8,000,000 төгрөг гаргуулах тухай С.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өгч /хх-15/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-10/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
4. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Л.Лг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Эгийн Хаан банкны *********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгөөр ********** тоот данс руу зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт Ulziibat zuuchlaliin huls гэж бичигдсэн /хх-5/ байна.
7. Хариуцагч Л.Л нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн дээрх баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй болно.
8. Нэхэмжлэгч талын тайлбараар нэхэмжлэгч нь өөрийн хүү М.Өыг БНСУлс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргах зорилгоор хариуцагчид 8,000,000 төгрөгийг өгсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх бөгөөд уг хэлцлийн дагуу хариуцагч Л.Л нэхэмжлэгчээс авсан мөнгөн хөрөнгийг түүнд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.
9. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус зохицуулсан.
Тодруулбал, аливаа иргэн гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд зохигчдын хооронд үүссэн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.
Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэжээ.
10. Нэхэмжлэгч нь БНСУлс руу хөдөлмөрийн гэрээгээр хүүхдээ явуулахаар хариуцагчид хандаж, түүнд 8,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн гэж шаардсан, хариуцагч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй тул дурдсан үндэслэлээр хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Л-н Л /*******/-с 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-н Э /************/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Лгээс 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ