| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/02581/И |
| Дугаар | 101/ШШ2023/04269 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2023/04269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Б.З-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Л.Г,
хариуцагч- Б.Г,
хариуцагч- Р.Э нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Хариуцагч Л.Г,
Хариуцагч Р.Э,
Хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.З нь Л.Г, Р.Э, Б.Гэ нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 38,000,000 төгрөг, алдангид 19,000,000 төгрөг, нийт 57,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.З нь 2019 оны 01-р сарын 8-ны өдөр хариуцагч Б.Гэтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байдаг, тухайн үед хариуцагч Б.Гийн хүсэлтээр зээлийн гэрээний 25,000,000 төгрөгийг 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр тус тус хариуцагч Л.Гийн данс руу шилжүүлсэн. Энэхүү зээлийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч нар 8 удаагийн гүйлгээрээ 9,500,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн бөгөөд үүнээс өөр төлбөр төлөгдөөгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Г, Р.Э нартай 2020 оны 7-р сарын 02-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний агуулга нь хариуцагч Б.Гэтэй байгуулсан зээлийн гэрээний тооцоог нийлсэн агуулга бүхий гэрээ бөгөөд уг гэрээгээр 3 сарын хугацаанд өмнөх зээлийн гэрээний төлөөгүй дүн 38,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар ямар нэгэн төлбөр төлөлт хийгдээгүй байгаа.
Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч нарын хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодорхойлох боломжгүй, эхний зээлийн гэрээг хариуцагч Б.Гэтэй, дараагийн тооцоо нийлсэн гэрээг хариуцагч Р.Э, Л.Г нартай байгуулсан, анхны зээлийн гэрээний мөнгийг хариуцагч Л.Гийн данс руу шилжүүлсэн тул хэн хэдэн хувиар яаж тохиролцсон гэдгийг тогтоох боломжгүй учир 3 хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлттэй байгаа.
Тооцоо нийлсэн гэрээнд 38,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон тул алдангид 19,000,000 төгрөг, нийт 57,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж байна.
Хариуцагч нараас төлсөн 9,500,000 төгрөг хүлээн авсан ба тооцоо нийлснээс хойш төлбөр төлөөгүй, хоёр зээлийн гэрээний үндсэн дээр 38,000,000 төгрөгийг үндсэн зээлд, тооцоо нийлсэн гэрээний дагуу алдангид 19,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Л.Г нь 2019 оны 01-р сарын 8-нд иргэн Згаас 25 сая төгрөг авсан нь үнэн, Гэ, Э дээр гэрээ хийгдсэн, Гэ гэрээ хийсний дараа түүнд хаан банкны данс байгаагүй тул тул миний данс руу мөнгийг шилжүүлсэн, уг мөнгийг би өөр хүний данс руу шилжүүлээд алдсан байдаг. Гэрээний 3 сарын хугацаанд үүргээ биелүүлж зээлийн хүүнд 3,750,000 төгрөг төлснөөр уг зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Илүү төлсөн дүн 4,500,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулж үлдсэн мөнгийг нь төлөх хүсэлттэй байгаа. Алданги тооцвол төлөх боломжтой, хүний мөнгө аваад төлж чадаагүй ийм байдалд хүрсэн нь бидний буруу, энэ зээлийн гэрээнд Гэ огт хамааралгүй, Гэ бид хоёрт туслах зорилгоор л гэрээнд гарын үсэг зурсан, З, Гэ нарыг гэрээ байгуулахад би хажууд нь байсан, Гэ нь Э бид хоёртой багийн найзууд, энэ хүн нэг ч төгрөг аваагүй, бид хоёрт туслахаар л оролцсон байгаа.
Зээл авсны дараа ковид гарч бидний ажил дараалан уналтанд орсон ч бид хүнээс авсан мөнгийг төлж таарна, гэхдээ 38,000,000 төгрөг аваагүй, 25,000,000 төгрөг авсан. Харин 2020 оны 7-р сарын 20-ны гэрээнд гарын үсэг зурсаны тухайд гэвэл Гэ улс төрийн хүн байсан сонгуульд оролцож байсан үе таарсан нэхэмжлэгчийн дарамт шахалтаар бид хоёр найзыгаа хамгаалах зорилгоор 38,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан.
4. Хариуцагч Р.Э нь зээлийн гэрээ бол 3 сарын хугацаатай хийгдсэн, үүнээс хойш гэрээг дахин сунгаагүй тул хүү тооцох боломжгүй гэж үзэж байгаа, хуульч хүмүүсээс асуугаад ийм тайлбар гаргаж байна, алданги их өндөр байгаа, зээлсэн мөнгөтэй тэнцүү алданги тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлж авсан 25,000,000 төгрөгийн 3 сарын хүүг төлсөн байгаа, гэрээний хугацаа дууссан учраас хүү тооцохгүй, алданги нэхэх эрхгүй гэж үзэж байна.
Миний бодлоор 3 сарын хүүнээс илүү төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцуулаад үлдэх 20,500,000 төгрөгт баг зэрэг алданги тооцуулаад төлөх саналтай байна. Угаасаа хүнээс авсан мөнгө тул төлөх ёстой, бид нар уул уурхайн чиглэлээр ажил хийх гэж байгаад хүнд хууртсан, тэр хүн маань шоронд байгаа учраас бид хоёр яаж чадахгүй ийм байдалд орчихоод байгаа тул нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна. Шүүх хүү, алдангийг хуульд зааснаар тооцож өгнө үү.
Б.Гэ энэ зээлд огт хамааралгүй, бид хоёр найзаасаа гуйснаар бид хоёрт туслахаар зээлийн гэрээнд Гэ оролцож гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг төлөхдөө хүрвэл бид хоёр л төлнө гэсэн тайлбар гаргасан.
5. Хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр тайлбараа гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь Гэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа. Түүнчлэн Гтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, үүнээс хойш шинээр зээлийн гэрээ байгуулсан байгаа тул хариуцагч Б.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэж татгалзсан тайлбар гаргасан.
6. Нотлох баримтын тухайд
6а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4/, 2019 оны 01-р сарын 8-ны өдрийн Б.З, Б.Гэ нарын байгуулсан зээлийн гэрээ /хх-5/, 2019 оны 01-р сарын 8-ны өдөр Б.З, Р.Э нарын байгуулсан барьцааны гэрээ /хх-6/, 2020 оны 7-р сарын 02-ны өдрийн Б.З, Р.Э, Л.Ганзори нартай байгуулсан зээлийн гэрээ /хх-7-9/, Л.Э, Б.З нарны хаан банкны ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-10/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2023 оны 01-р сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/******* дугаартай захирамж /хх-11-12/, Р.Эийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгж талбарын *************** дугаартай, 500 м.кв газрын гэрчилгээний хуулбар /хх-29/, Р.Эийн Төв аймаг, Борнуур суманд нэгж талбарын ***************** дугаартай, 2,21 га газрын гэрчилгээний хуулбар /хх-30/ зэрэг баримтуудыг гаргасан.
6б. Хариуцагч Б.Гээс төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-33/, хариуцагчийн хариу тайлбар /хх-34/, 2019 оны 01-р сарын 8-ны өдрийн Б.З, Б.Гэ нарын байгуулсан зээлийн гэрээ /хх-35/, 2019 оны 01-р сарын 8-ны өдөр Б.З, Р.Э нарын байгуулсан барьцааны гэрээ /хх-36/ баримтыг гаргасан.
6в. Хариуцагч Р.Э, Л.Г нар хариу тайлбар /хх-38/ гаргасан байна.
6г. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Л.Эын ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-46-100/ баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Згийн нэхэмжлэлээс 28,875,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 28,125,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Л.Г, Р.Э, Б.Гэ нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаснаар хариуцагч нараас 57,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ 2019 оны 01-р сарын 8-ны өдөр хариуцагч Б.Гэтэй зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, гэрээний зүйл болох 25,000,000 төгрөгийг Б.Гийн хүсэлтээр хариуцагч Л.Гийн данс руу шилжүүлсэн. Энэхүү зээлийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч нар 8 удаагийн гүйлгээрээ 9,500,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Энэхүү зээлийн гэрээний тооцоог нийлсэн агуулгатай зээлийн гэрээг нэхэмжлэгч нь хариуцагч Л.Г, Р.Э нартай 2020 оны 7-р сарын 02-ны өдөр шинээр байгуулж, хариуцагч Б.Гэтэй байгуулсан зээлийн гэрээний төлөөгүй дүн 38,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хариуцагч Л.Г, Р.Э нар төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн төлбөр төлөлт хийгдээгүй.
Тооцоо нийлсэн гэрээнд 38,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 38,000,000 төгрөг, үүнээс тооцсон алдангид 19,000,000 төгрөг, нийт 57,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагч Л.Г нь 2019 оны 01-р сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөг авсан, хариуцагч Б.Гэ нь Э бид хоёртой багийн найзууд, бид хоёрт туслахаар л 2019 оны 01-р сарын 8-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, Б.Гэ нэг ч төгрөг аваагүй, З, Гэ нарыг гэрээ байгуулж байхад би хажууд нь байсан, гэрээний 3 сарын хугацаанд үүргээ биелүүлж зээлийн хүүнд 3,750,000 төгрөг төлсөн, уг зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул илүү төлсөн 4,500,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс хасуулж, үлдсэн мөнгийг нь төлөх хүсэлттэй байна. Энэ хасаж тооцсон дүнгээс алданги тооцвол төлөх боломжтой, хүнээс мөнгө аваад төлж чадаагүй ийм байдалд хүрсэн нь бидний буруу, энэ зээлийн гэрээнд Гэ огт хамааралгүй, Гэ улс төрийн хүн байсан сонгуульд оролцож байсан үе таарсан тул нэхэмжлэгчийн дарамт шахалтаар Р.Э хоёр найзыгаа хамгаалах зорилгоор 2020 оны 7-р сарын 20-ны өдрийн 38,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан.
4. Хариуцагч Р.Э нь анхны зээлийн гэрээ 3 сарын хугацаатай хийгдсэн, үүнээс хойш гэрээг дахин сунгаагүй тул хүү тооцохгүй, алданги их өндөр байгаа, зээлсэн мөнгөтэй тэнцүү алданги тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зээлж авсан 25,000,000 төгрөгийн 3 сарын хүүг төлсөн, гэрээний хугацаа дууссан учраас хүү тооцохгүй, алданги нэхэх эрхгүй гэж үзэж байна. Бидний төлсөн 9,500,000 төгрөгөөр 3 сарын зээлийн хүүг хасаж илүү төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцуулаад үлдэх 20,500,000 төгрөгт баг зэрэг алданги тооцуулж төлөх саналтай, хүнээс авсан мөнгийг төлөх ёстой, бид нар уул уурхайн чиглэлээр ажил хийх гэж байгаад хүнд хууртсан, тэр хүн маань шоронд байгаа учраас бид хоёр яаж чадахгүй ийм байдалд орчихоод байгаа тул нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна. Б.Гэ энд огт хамааралгүй, Л.Г бид хоёр найзаасаа гуйснаар бидэнд туслахаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг төлөхдөө хүрвэл Л.Г бид хоёр л төлнө гэж тайлбарласан.
5. Хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, Б.Гтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, үүнээс хойш хариуцагч Л.Г, Р.Энхдэлгэ нартай шинээр зээлийн гэрээ байгуулсан байх тул хариуцагч Б.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэж татгалзсан тайлбар гаргасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Б.Гэ нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлийн хүүг сарын 5 хувь байхаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-5/.
Нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул уг гэрээнд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
7. Зохигчид дээрх зээлийн гэрээний зүйл болох 25,000,000 төгрөгийг хариуцагч Л.Гийн данс руу шилжүүлсэн болохыг, хариуцагч нар нэхэмжлэгчид 9,500,000 төгрөг төлсөн болохыг тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч Л.Г, Р.Э нар төлсөн 9,500,000 төгрөгнөөс 2019-01-8-ны өдрийн гэрээгээр тохирсон 3 сарын хүүгийн төлбөрт 3,750,000 төгрөгийг хасаж, илүү төлсөн 5,750,000 төгрөгийг үндсэн зээл болох 25,000,000 төгрөгөөс хасуулах, ингэж хасаж тооцсоноор гарсан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт алданги төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
8. Харин хариуцагч Б.Гэ зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй, бичгээр байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбарыг гаргасан.
9. Хэрэгт авагдсан Л.Эын Хаан банкны ********** дугаартай дансны хуулга баримтаас үзэхэд хариуцагч нар 2019 оны 02-р сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 02-р сарын 14-ний өдөр 50,000 төгрөг, 2019 оны 03-р сарын 14-ний өдөр 1,250,000 төгрөг, 2019 оны 4-р сарын 8-ны өдөр 1,250,000 төгрөг, 2019 оны 5-р сарын 9-нд төлсөн 1,200,000 төгрөг, 2019 оны 6-р сарын 11-нд төлсөн 1,250,000 төгрөг, 2019 оны 7-р сарын 26-нд төлсөн 1,300,000 төгрөг, 2019 оны 9-р сарын 17-нд төлсөн 2,000,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг төлсөн байна /хх-45-100/.
10. Харин нэхэмжлэгч Б.З, хариуцагч Л.Г, Р.Э нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3.4-т 2019 оны 01-р сарын 8-ны өдөр 25,000,000 төгрөг, Л.Гийн Хаан банкны 5039286206 тоот дансанд шилжүүлэн өгсөн. 2019-01-08-аас хойшхи хүү хуримтлагдан төлөгдөөгүй тул зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 38,000,000 төгрөг болгохоор талууд харилцан тохиролцов. Мөн 2019-01-8-ны өдөр Б.Гэтэй зээлийн гэрээ байгуулсан ба үндсэн зээлдэгч биш байсан учир зээлдэгч нарыг өөрчилж, үндсэн зээлдэгч Л.Г, Р.Э нартай зээлийн гэрээ байгуулав гэж зээл олгох хэлбэр, хугацааг тохирсон байна.
11. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан.
Хуульд гэрээгээр талууд зээлийн гэрээнд хүү тогтоосон бол уг гэрээг бичгээр байгуулах бөгөөд 2019 оны 01-р сарын 8-ны өдрийн зээлийн гэрээнд оролцогч талууд гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан, энэ хугацааг бичгээр сунгаагүй байх тул 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагч нараас хүү тооцон шаардах эрхгүй тул 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 2019-01-08-аас хойшхи хуримтлагдан төлөгдөөгүй хүүг тооцсон 38,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
12. Б.З, Б.Гэ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 4-р сарын 8-ны өдөр дууссан байх боловч хариуцагч Л.Г, Р.Э нар нэхэмжлэгчээс зээлсэн 25,000,000 төгрөгийг буцаан төлөөгүйтэй маргаагүй, 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн гэрээгээр 2019 оны 01-р сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Б.Гэ биш болохыг тодорхойлж, үндсэн зээлдэгч Л.Г, Р.Э нартай зээлийн гэрээ байгуулсан байна.
13. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан бөгөөд дээрх зээлийн гэрээнд оролцогчид нь үүрэг гүйцэтгэх дарааллын талаар гэрээгээр тохиролцоогүй байна.
14. Иймд хариуцагч нарын төлсөн 9,500,000 төгрөгөөс 2019-01-8-ны өдрийн зээлийн гэрээний 3 сарын хүүгийн төлбөр 3,750,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,750,000 төгрөгийг 2019-01-08-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 25,000,000 төгрөгөөс хасаж, уг гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 19,250,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Л.Г, Р.Э нараас шаардах эрхтэй байна.
15. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас алдангид 19,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Л.Г, Р.Э нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байна.
Талууд 2020 оны 7-р сарын 2-ны өдрийн тооцоо нийлсэн агуулгатай зээлийн гэрээгээр зээлийн хүү тохироогүй, алданги төлөхөөр тохирсон, уг гэрээний зүйл болох 38,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг бодитоор гэрээнд оролцсон хариуцагч Л.Г, Р.Э нарт шилжүүлээгүй болохыг зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй.
Харин үндсэн зээлтэй адил хэмжээгээр хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй гэж хариуцагч Л.Г, Р.Э нар маргаж байх тул талуудын маргасан үйл баримтад шүүх эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
16. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.
Тодруулбал, зээлийн гэрээний мөнгө болон гэрээгээр тохиролцсон хүү төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
17. Хариуцагч Л.Г, Р.Э нар 2019-01-8-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 5,750,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулж, үлдэгдэл төлбөрт алданги төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчийн тооцсон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 9,625,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
18. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л.Г, Р.Э нараас 2019 оны 01-р сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 19,250,000 төгрөг, алдангид 9,625,000 төгрөг, нийт 28,875,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,125,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Гэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 302,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ч овогт Л-н Г /*********/, Б овогт Р-н Э /*************/ нараас 28,875,000 /хорин найман сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц овогт Б-н З /********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,125,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Гэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г, Р.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 302,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ