| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/03648/И |
| Дугаар | 101/ШШ2023/04114 |
| Огноо | 2023-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/04114
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А.М-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 197,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц , хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч А.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 131,660,000 төгрөг, алданги 65,800,000 төгрөг нийт 197,490,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Ц.Ц би А.М-т 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 131,660,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 1сарын 3.8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Барьцаанд нь Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Буянт Ухаа 000 дугаар байр 00 тоотод байрлах 56.89 м.кв ,Ү-22 , Г-00000 дугаартай орон сууцуудыг авч нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч А.М- нь огт хүү төлөөгүй 7сар хоног өнгөрсөн тул зээлдүүлсэн үндсэн мөнгө 131,660,000 төгрөг, алданги 65,800,000 төгрөг нийт 197,490,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбадэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц ын нэхэмжилж буй197,490,000 төгрөгийг манай тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Учир нь: Ц.Ц аас яг бэлнээр авсан мөнгө нь нэхэмжилж буй мөнгөний үндсэн дүнтэй таарахгүй байх бөгөөд мөн алданги болох 65,830,000 төгрөгийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү нэхэмжлэхгүй, алданги нэхэмжилж байна гэж ойлгож байна. Зээлийн гэрээ 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан байдаг. Хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 464049139 тоот дансанд 96,860,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул маргахгүй. Нэхэмжлэгч бэлэн 34,800,0000 төгрөг өгсөн, хариуцагч гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч бэлнээр 34,800,0000 төгрөгийг авсан зүйл байхгүй гэж ярьдаг. Үүнтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримт ч хэрэгт авагдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр хүмүүсийн хооронд зээлийн харилцаа үүсэж байсан бөгөөд урд зээлийн төлбөрийн үлдэгдэл 34,800,000 төгрөгийг энэ гэрээн дээр нэгтгээд нийт 131,660,000 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ба гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ дээр шүүх үндэслэлтэй дүгнэхийг хүсэж байна.Алдангийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон үүнтэй холбоотой задаргааг нарийвчлан тодорхойлж өгөх үүрэгтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн төгрөгөөс хэрхэн алданги бодоод байгаа нь тодорхой биш байна. Зээлийн гэрээн дээр алдангийг 0,3 хувиар гэсэн агуулгатай зүйл харагдаж байхад 0,5 хувиар нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хуульд байдаг дээд хэмжээ юм. Зээлийн гэрээ 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцох ёстой.Хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойших 10 хоногийн алданги төлөхийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 65,830,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Миний хувьд өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас хариуцагчийн хариу тайлбарт дурдсан хэмжээгээр тайлбараа гаргаж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд: 2022.09.15-ны өдрийн №1779 дугаар Зээлийн гэрээ(хх3), 2022.09.15-ны өдрийн №1778 дугаар Барьцааны гэрээ(хх4-5), ХХБанкны депозит хуулга (хх6), капитрон банкны депозит хуулга (хх7, 9),төрийн банкны депозит хуулга(хх8), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа(хх10), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа(хх11), үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ(хх12-13), иргэний үнэмлэхийн хуулбар(хх14), зээл төлөх баталгаа (хх24) зэргийг нотлох баримтын шаардлага ханган бүрдүүлж гаргаж өгсөн
5.Хариуцагчаас шүүхэд: итгэмжлэл(хх30), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ(хх38) зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч А.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 131,660,000 төгрөг, алданги 65,830,000 төгрөг нийт 197,490,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч А.М- нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 96,860,000 төгрөгийг дансаар хүлээж авсан, 34,800,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй. Бидний хооронд урд үүссэн зээлийн харилцааны үлдэгдэл төлбөрийг гэрээнд нэмж 131,660,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги 65,830,000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин гэрээний хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан өдрөөс хойших 10 хоногийн алданги төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараа дараах үйл баримт тогтоогдов.
6.Зохигчид 131,660,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг /нэг жил/ хүртэлх хугацаатай зээлдүүлэх, зээлэхээр харилцан тохиролцож Зээлийн гэрээ-г бичгээр байгуулснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.(хх-ийн 3)
6.1.Уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.Ц зээлдэгч А.М-ийн дансанд 96,860,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй, 34,800,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги 65,830,000 төгрөгийг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргаж байна.
6.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1778 дугаар Барьцааны гэрээг байгуулж хариуцагч А.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Буянт ухаа/17120/, 000 дугаар байр 000 тоот хаягт байршилтай, 80.1 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт ухаа/17120/ 000 дугаар байр 00 тоот хаягт байршилтай, 57.89 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. (хх4-5,12-13)
6.3.Талуудын гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд зохигчид хүсэл зоригийн илэрхийлсэн, гэрээний хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв
7.Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1779 дугаар зээлийн гэрээний:
3 дугаар зүйлийн 3.1-д: гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар олгов. Зээлийн хугацаа зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс тоологдоно;
3 дугаар зүйлийн 3.3-д: сарын 3,8 хувийн хүүтэй, 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө.;
3 дугаар зүйлийн 3.6-д: эргэн төлөх нөхцөл Хавсралт зээлийн хүүг сар бүрийн 15-20-ны хооронд зээлдүүлэгчийн Хаан банкны 570000 тоот /Ц.Ц ын/тоот дансанд төлнө. Үндсэн зээлийн төлбөрийг хугацааны эцэст төлнө-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө.;
3 дугаар зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ.(хх3)
7.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.
7.2.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохдоо: талуудын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №1778 дугаар Барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухай шаардлагыг, зээлийн гэрээний 3.3-д зааснаар хариуцагчаас зээлийн хүү тус тус нэхэмжлээгүй, зээлийн гэрээний 3.7-д зааснаар үндсэн зээл 131,660,000 төгрөгийг, алданги 65,830,000 төгрөгийг нийт 197,490,000 төгрөгийг шаардана гэж тайлбарласан.
7.3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч А.М-ийн Худалдаа хөгжлийн банкны 40000 тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 46,800,000 төгрөгийг, 30,990,000 төгрөгийг, 14,070,000 төгрөгийг, 5,000,000 төгрөгийг нийт 96,860,000 төгрөгийг шилжүүлсэн нь банкны депозит хуулгаар нотлогдож байна. (хх6-9)
7.4.Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч үндсэн зээл 98,60,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
8.Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1778 дугаар зээлийн гэрээнд ...хариуцагч А.М- 34,800,000 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул дансаар шилжүүлсэн 98,860,000 төгрөг дээр бэлнээр өгсөн 34,800,00 төгрөг нэмэгдэж нийт 131,660,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж шаардсан.
8.1.Хариуцагч А.М- бидний урд зээлийн харилцааны үлдэгдэл төлбөрийг 1779 дугаар гэрээнд нэгтгэн 131,660,000 төгрөгийн гэрээг байгуулсан. Би 34,800,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж гэрээнд бичсэн хэдий ч мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж маргасан.
8.2.Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ...хариуцагч урд зээлийн тооцоос 34,800,000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Энэ талаарх баримт надад байгаа, хэрэгт гаргаж өгөөгүй. А.М- өөрөө төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаа бичиж өгсөн тул 34,800,000 төгрөгийг энэ гэрээнд нэгтгээд 131,660,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. гэж тайлбарлаж байна.
8.3.Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан 34,800,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой шаардлага нь талуудын өмнөх зээлийн харилцаанаас үлдсэн төлбөр болохыг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч, тухайн зээлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
8.4.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 34,800,000 төгрөгт холбогдох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.
8.5.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулсан, хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцогдоно.
8.6.Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.
8.7. Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь 34,800,000 төгрөгийг бэлнээр хариуцагч А.М-т шилжүүлэн өгсөн гэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 34,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
9. Нэхэмжлэгч Ц.Ц зээлийн гэрээ байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 131,660,000 төгрөгт ногдох 65,830,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан.
9.1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ., 204.2.-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана., 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан.
9.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээнээс татгалзаж байгаа талаар хариуцагчид мэдэгдээгүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй, гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дээрх хугацаанд алданги шаардах эрхгүй.
9.3. Харин зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний ерөнхий хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан өдрөөс хойших 10 хоногт 2,905,800, төгрөгийн алданги шаардах эрхтэй.
Иймд хариуцагч А.М-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 96,860,000 төгрөгийг алданги 2,905,800 төгрөгийг нийт 99,765,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц т олгож, нэхэмжлэлээс үлдэх 97,724,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,146,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 656,779 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 99,765,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 97,724,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,146,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 656,779 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ