Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04334

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:ТШ ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЗТГ ХХК холбогдох

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б, хариуцагчийн төлөөлөгч Б.б, өмгөөлөгч Г.х, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. ТШ ХК нь ******* аймагт газар тариалангийн ажил эрхлэх сонирхолтой байсан бөгөөд ЗТГ ХХК, ЗТ ХХК нар нь ******* аймгийн ******* суманд тариалангийн газартай гэсэн тул ЗТГ ХХК-ийн охин компани болох ЗТ ХХК-ийг мөн ЗТГ ХХК-ийн нэр дээрх газрын хамт худалдаж авахаар болсон.

Ингээд ТШ ХК болон ЗТГ ХХК нар нь харилцан тохиролцож 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж ЗТ ХХК-ийн нийт хувьцаа болох 13,770 ширхэг энгийн хувьцаа, компанийн эрхийг ТШ ХК-д шилжүүлсэн.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний Хавсралт №1-ээр Өглөг, төлбөрийн талаарх мэдээлэл Хавсралт №2-оор ЗТ ХХК-ийн нэр дээр болон түүний толгой компани ЗТГ ХХК-иас шилжүүлж буй хөрөнгө, хөрөнгийн болон хөрөнгийн бус эрхийн мэдээллийг тодорхойлсон.

Хувьцаа худалдах, худалдан гарах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Энэхүү гэрээний дагуу худалдагч нь өөрийн эзэмшлийн ЗТ ХХК-ийн гаргасан нийт хувьцааны 100 хувь болох нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 13770 ширхэг энгийн хувьцааг бүгдийг нь 100,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авагчид худалдахаар тохиролцсон бөгөөд энэ үнийг худалдан авагч төлөөгүй, худалдагч тал ч гэрээний төлбөрийг шаардаагүй өдийг хүрсэн.

ТШ ХК нь дор дурдсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. нэг. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт №2-т заасан газрын тухай: ТШ ХК- нь ******* аймгийн ******* суманд байрлах ЗТГ ХХК болон ЗТ ХХК-ийн эзэмших эрхтэй газарт газар тариалангийн ажил эрхлэх зорилгоор ЗТ ХХК-ийг худалдаж авсан билээ.

Газар тариалангийн ажлаа эхлүүлэхээр ******* аймгийн ******* суманд очиход гэрээний хавсралт №2-т заасан газрууд гэрчилгээний дугаар 00000 нэгж талбайн дугаар 00000 , 10029 га газар, гэрчилгээний дугаар 000302163 , нэгж талбайн дугаар *******00228, 300 га газар , гэрчилгээний дугаар 00000 , нэгж талбарын дугаар 0000 , 423 га газар, гэрчилгээний дугаар 000302165 ,нэгж талбарын дугаар 0000 , 400 га газар нийт 4 газар байгаагүй.

Энэ талаар ******* аймгийн ******* сумын газрын албаны газрын даамал Б.Ууганболороос лавлахад ЗТ ХХК-нь ******* аймгийн ******* суманд газар эзэмшдэггүй тухай тодорхойлолт гаргаж өгсөн. /Тодорхойлолтод компанийн оноосон нэрийг үсгийн алдаатай бичсэн боловч регистрийн дугаар нь таарч байгаа/

ЗТ ХХК нь дээрх 4 газрыг эзэмшдэг эсэх талаар лавлагаа авахаар ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт албан тоот хүргүүлэхэд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар албан бичгээр ЗТ ХХК ЗТГ ХХК компаниуд нь газрын кадастрын мэдээллийн санд газартай эсэх бүртгэл байхгүй байна. *******00228, *******00229, *******00227 гэж нэгж талбарын дугаартай газрууд нь иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болох тухай мэдэгдсэн.

Дээр дурдсан албан бичгийн талаар ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын Газрын хэлтсийн дарга н.Ж утсаар холбогдож лавлахад танай албан бичигт дурдсан газрын гэрчилгээний дугаараар газрын кадастрын мэдээллийн сангаас хайхад огт газар гарч ирээгүй. Нэгж талбарын дугаараар хайхад иргэний Гэр бүлийн хэрэгцээний газар гарч ирсэн. Эдгээр иргэд газраа удаан хугацаагаар эзэмшиж байгаа гэдэг тайлбарыг хэлсэн.

******* аймгийн ******* сумын Газрын албаны даамал Б.У тодорхойлолт, ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар албан бичиг зэргээс харахад ЗТ ХХК болон ЗТГ ХХК-дын нэр дээр ямар нэг газар байхгүй болох нь тогтоогдсон.

Гэтэл хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа ЗТГ ХХК болон түүний охин компани болох ЗТ ХХК нь ******* аймгийн ******* суманд газартай гэж хууран мэхэлсэн болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр.Өр төлбөрийн тухай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт №1-ээр ЗТ ХХК-ний бусдад өгөх өр, төлбөрийн мэдээллийг тодорхойлсон.Үүнд:Нийгмийн даатгалын өр 4.596.520 төгрөг хувь хүний орлогын албан татварын өр 1,577,500 төгрөг , Үл хөдлөх хөрөнгийн татварын өр 545,640 төгрөг, Газрын төлбөр 2,048,942 төгрөг нийт 8,768,602 төгрөгийн өр төлбөртэй гэж тодорхойлсон.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2021 оны 12 дугаар сарын 07 -ны өдөр ирүүлсэн Тооцоо нийлсэн актаар ЗТ ХХК нь Хөдөө аж ахуйн сан-д 67,835,476,30 төгрөгийн өр төлбөртэй болох тухай мэдсэн. ЗТ ХХК хэдэн онд ямар зээл авч байсан эсэхийг тодруулахаар Хөдөө аж ахуйг дэмжих сан-д албан тоот ирүүлээгүй байна.

Мөн ЗТ ХХК нь Онцгой байдлын ерөнхий газартай 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №60 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 17,270,000 төгрөгийн өр төлбөр үүссэн болох нь Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 8/557 дугаар албан тоотоор тогтоогдож байна.

Дээр дурдсан баримтаас ЗТ ХХК нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулахад Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 67,835,476,30 төгрөгийн, Онцгой байдлын ерөнхий газрын 17,270,000 төгрөгийн нийт 85,105,476,30 төгрөгийн өр төлбөрийг нуун дарагдуулсан болох нь тогтоогдож байна.

Дээр дурдсан асуудлаар Баярхүүгийн Батбаяртай /Батбаярын эцэг болох Баярхүү нь ЗТГ ХХК-ын үүсгэн байгуулагч юм/ удаа дараа ярьж уулзахад ...гэрээгээ буцаая, эвээр шийдье гэж удаа дараа хойшлуулж байгаад сүүлдээ хөдөө явж байна завгүй байна гэх шалтгаанууд хэлдэг бөгөөд уулзалт товлохоос зайлсхийсээр байна.

Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасны шүүхэд энэхүү дараах нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд хариу тайлбартаа: "ЗТГ " ХХК ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Яагаад гэвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бид нарыг хууран мэхэлж хийсэн учраас энэ гэрээг хүчингүй болгож өг гэж маргаж байгаа болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хувьцаа худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан. Гэрээний гол зүйл нь газар биш хувьцаа юм. Хувьцааг шилжүүлсэн. Хавтаст хэрэгт байгаа гэрээний зүйл болох хувьцаа 13,770 ширхэг нэг бүр нь 10,000 төгрөгөөр үнэлэгдсэн 137,700,000 төгрөгийн хувьцаа юм. Энэ хувьцаа өнөөдрийн байдлаар шилжигдсэн. Тэгэхээр 137,700,000 төгрөг үнэлэгдэж байсан компанийн өөрийн хөрөнгөд байсан хувьцаагаа 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тэгэхээр энэ хувьцаа байсан. Гэрээ бодитой хэрэгжсэн гэдэг нь нэхэмжлэгч "ЗТГ " ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон гэдгээр нотлогдож байгаа. Хоёрдугаарт 137,700,000 хувьцааг шилжүүлж өгөхдөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаад байгаа шиг хөрөнгүүдийг шилжүүлж өгөхдөө дөрвөн үл хөдлөх хөрөнгө, 4 газар, 1 тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг бүхий 10,029 га эд хөрөнгийг жагсааж бичсэн. Үүнээс бидний маргаад байгаа асуудал нь хамгийн сүүлд шүүхэд шилжүүлсэн байдлаар үл хөдлөх бүртгэлийн газраас "ЗТГ " ХХК-нд 14 өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө хүчин төгөлдөр, 4 үл хөдлөх хөрөнгө дээр одооч гэсэн маргаангүй байгаа. Өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгүүд тодорхой хэмжээний үнэлгээтэй байгаа. Энэ хөрөнгүүд шилжигдсэн. Тусгай зөвшөөрөл тамга тэмдэг ганцхан газар дээр маргадаг. Нэхэмжлэгч бид нар газар авах зорилгоор энэ гэрээг байгуулсан. Тийм болохоор хууран мэхлэгдсэн гэдэг зүйл яриад байгаа боловч бид нар газраас нь болж хувьцааг худалдаж авч байгаа гэдэг нэг ширхэг үг байдаггүй. Дээрээс нь 10,029 га газартай байсан гэж худлаа ярьсан гэдэг асуудал ярьдаг. Энэ нь гэрээнд газартай холбоотой асуудлыг ЗТ болон "ЗТГ " гэдэг 2 компанийн газар гэж дурдаж өгсөн байдаг. Тэгэхээр ганцхан "ЗТГ " ХХК-тай холбоотой асуудал биш. Шүүхэд өгсөн баримтууд дээр хариуцагч худал яриагүйг нотлох баримт ирсэн. Энэ дээр 2009 онд "ЗТГ " ХХК нь компанийнхаа нэр дээр эзэмших 10,029 га газрын эзэмших эрх гарч байсан. 2011 онд 10,029 га газрыг 7,242 га газар болгож багасгаад 2012 онд үлдэгдэл 6,800 га газартай үлдээд 2016 онд газар нь хүчингүй болсон энэ нөхцөл байдал шүүхийн хавтаст хэрэгт байгаа. Хоёрдугаарт гэрээний өр төлбөрийн асуудлыг гэрээний 1.2-т тодорхой заасан. Тэгэхэд манайхыг танайх газар эзэмших эрхтэй гэж худал ярьсан. Өр төлбөргүй гэж худал ярьсан гэж маргаад байдаг. Бид мэдэгдэж байсан өр төлбөрөө жагсааж бичсэн. Мэдэгдээгүй өр гараад ирсэн. Миний ярьсан үйл баримт Иргэний хуулийн 59 заасан хууран мэхэлж хэлцэл хийсэн байдлыг үгүйсгэж байгаа юм. Яагаад гэвэл энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тоо шинж төрлөөр тодорхойлогдох хэлцлийн иж бүрдэл алдагдсан уу, эсхүл одоо мэдэгдэхгүй байгаа үйл баримт үүсээд талуудын хооронд тооцоо үүссэн үү гэдэг асуудал нь гэрээний асуудал болж байгаа юм. Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой асуудал биш. Тэгэхээр хууран мэхэлж хийсэн хэлцэл биш гэв.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд:итгэмжлэл(хх11,31), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх12), 2017.12.2-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ(хх13-17), 2017.12.29-ний өдийн компанийн эрх шилжүүлэх гэрээ(хх18), 2022.03.16-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын албан тоот(хх19), 2021.12.07-ны өдрийн ХААДС-тай тооцоо нийлсэн акт(хх20), ******* аймаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын гарын 2022.02.15-ны өдрийн 87 дугаар албан тоот(хх21), тодорхойлолт(хх22), ******* аймаг, Баруун туруун сумын Засаг даргын 2022.10.13-ны өдрийн 1/516 дугаар албан тоот(хх57), ******* аймаг Татварын хэлтсийн 2022.11.29ний өдрийн 456 дугаар албан тоот(хх58-59), ЗТГ ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа(хх65-69), ******* аймаг, ******* сумын Засаг даргын 2022.08.03-ны өдрийн 1/452 дугаар албан тоот(хх70), ******* сумын Засаг даргын 2011.09.07-ны өдрийн 59 дүгээр захирамж(хх71-73), ******* сумын Засаг даргын 2011.03.03-ны өдрийн 12 дугаар захирамж(хх74-75), комданийн дүрэм(хх85-93),ХААДСангийн өглөг авлагын тооцоо(хх94-97),үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх128-131),Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.24-ний өдрийн 15937 дугаар захирамж(хх133-135), Монголын татварын албаны тодорхойлолт(хх136-146) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас шүүхэд: итгэмжлэл(хх46), ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023.04.10-ний өдрийн албан тоот(хх76), Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ(хх77),Улсын бүртгэлийн хэлтсээс 2023.05.05-ны өдрийн 504 дугаар албан тоот(хх102-103) зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүхээс зохигчийн хүсэлтээр: ******* сумын Засаг даргын 2016.02.02-ны өдрийн 1/22 дугаар Газар хүчингүй болгох тухай захирамж (хх111), ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа(хх112-115) зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТШ ХХК нь хариуцагч ЗТГ ХХК-нд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн буюу  компанийн мэдэгдээгүй 85,105,476.30 төгрөгийн өр төлбөр илэрсэн, 10029 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар өгсөн байсан хэдий ч дээрх газар эзэмших эрх нь 2016 онд хүчингүй болсныг 2022 онд мэдсэн тул хууран мэхлэгдсэн гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаарджээ.

Хариуцагч ЗТГ ХХК-ийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТШ ХХК-тай компани хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 13770, ширхэг, нэг бүр нь 10,000 төгрөгөөр үнэлэгдсэн 137,700,000 төгрөгийн хувьцааг худалдсан. Нэхэмжлэгч талд хувьцааг шилжүүлэхдээ дөрвөн үл хөдлөх хөрөнгө, 1 тусгай зөвшөөрөл, компанийн тамга тэмдэг, 10,029 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн.

Манай компани 2011 онд тус суманд 10,029 га газрыг эзэмших эрхтэй байснаас 2012 онд 7,242 га газар эзэмшихээр багасгаж, 2016 онд газар Засаг даргын захирамжаар үлдэгдэл 6,800 га газар хүчингүй болсныг бид мэдээгүй. Бид компанийн мэдэгдэж байсан өр төлбөрийг гэрээнд нэрлэн заасан. Гэтэл компанид мэдэгдээгүй өр гарч ирсэн.Компанийн өр төлбөрийн талаар бид гэрээнд тухайлан заасан.

Энэ үйл баримт Иргэний хуулийн 59 заасан хууран мэхэлж хэлцэл хийсэн байдлыг үгүйсгэж, энэ хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ буюу тоо шинж төрлөөр тодорхойлогдох хэлцлийн иж бүрдэл алдагдсан уу, эсхүл одоо мэдэгдэхгүй байгаа үйл баримт үүсэж талуудын хооронд тооцоо үүссэн нь гэрээтэй холбоотой маргаан. Иймд хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

6.ТШ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд, ЗТГ ХХК-ийг төлөөлж Б.Батбаяр нар 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, ЗТ ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 13770 ширхэг энгийн хувьцааг 100,000,000 төгрөгөөр үнэлэн ТШ ХХК-д шилжүүлж өгөхөөр, ТШ ХХК нь хувьцааг худалдан авч, хувьцааны үнийг гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаанд багтаан төлөхөөр харилцан тохиролцон, тухайн өдөр талууд Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-г байгуулжээ. (хх13-15)

6.1. Талуудын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний:

1.1-д Улсын бүртгэлийн дугаар 15111005114, рд:*******, хаяг ******* аймгийн ******* сумын 4 дүгээр байг, ЗТ , ЗТ ХХК(цаашид компани)-ийн нийт гаргасан хувьцааны 100% болох нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 13770 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг ба түүнийгээ энэхүү гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу худалдан авагчид худалдахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцаан энэхүү гэрээгээр зохицуулна.;

1.2.-д худалдагч нь энэхүү гэрээ байгуулах үеийн байдлаар компанийн аливаа өглөг, өр төлбөр, торгууль, татвар, хураамж, шимтгэлийн үлдэгдэл төлбөрийн талаарх мэдээллийг хавсралтаар тодорхойлж худалдан авагч талд гаргаж өгсөн болно. Энэхүү хавсралтад заагдсан өглөг, төлбөрийг худалдан авагч тал хариуцан барагдуулна. Харин хавсралтад заагдаагүй өр төлбөрийн асуудал үүсвэл эл асуудлын хэрхэн шийдвэрлэх талаар талууд тухайн үед хэлэлцэж шийдвэрлэнэ.(хавсралт№1, өглөг, төлбөрийн талаарх мэдээлэл);

2.3.-д 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн актив хөрөнгө хөрөнгийн болон хөрөнгийн бус эрхийн талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгүүдийн талаар мэдээллийг Хавсралт №2-т тодорхойлов.;

3.3.-д Худалдагч нь 2.1-д заасан хувьцаа болон түүнд дагалдах 2-т заасан баримт бичгүүдийг, түүний дотор компанийн эзэмшилд буй бүх тусгай зөвшөөрлийг, үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичгүүдийн хамт энэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр буюу эх хувиар бүрэн хүлээлгэн өгнө.Энэхүү мэдээлэлд хэрэв байгаа бол компанийн өмнөх хувьцаа эзэмшигчийн үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги, хөрөнгө оруулагчидтай холбоотой мэдээлэл, тэдгээртэй харилцсан албан бичгүүд, гэрээ хэлцлүүд мөн хамарна. гэж,

Компанийн эрх шилжүүлэх гэрээний:

1.2-т эрх шилжүүлэгч нь ЗТ ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 137,701,400 төгрөг бөгөөд нэг бүр нь 13,770,014 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 10,000 ширхэг энгийн хувьцаатай, 1 гишүүнтэй ЗТ ХХК-ийн өөрт оногдох 100%-ийг албан ёсоор эрх шилжүүлэн авагчид шилжүүлж байна.;

1.2-т эрх шилжүүлэгч нь ЗТ ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 137,701,400 төгрөг бөгөөд нэг бүр нь 13,770,014 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 10,000 ширхэг энгийн хувьцаатай, 1 гишүүнтэй ЗТ ХХК-ийн өөрт оногдох 100%-ийг албан ёсоор эрх шилжүүлэн авагчид шилжүүлж байна.;

2.1.-д эрх хүлээн авагчид компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг бүрэн шилжүүлэх;

2.2.-д компанийн үндсэн болон эргэлийн хөрөнгө, үйл ажиллагааны санхүүгийн баланс тэмдэгтийг хүлээлцэх гэж тус тус дурджээ.

6.2. Зохигчдын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт№1-д:

ТШ ХХК болон ЗТГ ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед ЗТ ХХК нь доорх хүснэгтэд дурдсан бусдад өгөх өр, төлбөртэй байна.

 

Өглөг, өр төлбөр нэхэмжлэгч

Өглөг, өр төлбөрийн үнийн дүн

Тайлбар

1.

Нийгмийн даатгалын өр

4,596,520

 

2.

ХХОАТ

1,577,500

 

3.

Үл хөдлөх татвар

545,640

 

4.

Газрын төлбөр

2,048,942

 

 

 

 

 

 

 

 

 

6.3.Зүүн туруун ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний Хавсралт№2-т

Хөрөнгийн болон хөрөнгийн бус эрхийн мэдээлэл:

ТШ ХХК болон ЗТГ ХХК-ийн хооронд 217 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хүрээнд ЗТ ХХК-ийн нэр дээр болон түүний толгой компани ЗТГ ХХК-иас шилжүүлж буй хөрөнгө, хөрөнгийн болон хөрөнгийн бус эрхийн мэдээллийг дараах байдлаар тодорхойлов.Үүнд:

-Үрийн чулуун агуулах(Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, 0000 дугаар гэрчилгээтэй)******* аймгийн ******* сум, Зүүнбтуруун баг,

- Лабораторийн барилга (Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, 0000 дугаар гэрчилгээтэй), ******* аймгийн ******* сум, ЗТ баг,

-Гүний худаг, (Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, 000 дугаар гэрчилгээтэй), ******* аймгийн ******* сум, ЗТ баг,

-Үрийн агуулах, (Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, 0000 дугаар гэрчилгээтэй), ******* аймгийн ******* сум, ЗТ баг,

-Газар эзэмших эрх (гэрчилгээний дугаар 000 , нэгж талбарын дугаар 0000 , хэмжээ 10029 ректор)-ын гэрчилгээ, кадастрын зураг,

-ЗТГ ХХК-ийн нэр дээрх газар эзэмших эрхийн (гэрчилгээний дугаар 0000 , нэгж талбарын 0000, хэмжээ 300 ректор)-ын гэрчилгээ, кадастрын зураг,

-ЗТГ ХХК-ийн нэр дээрх газар эзэмших эрхийн (гэрчилгээний дугаар 0000, нэгж талбарын 000, хэмжээ 423 ректор)-ын гэрчилгээ, кадастрын зураг,

-ЗТГ ХХК-ийн нэр дээрх газар эзэмших эрхийн (гэрчилгээний дугаар 0000, нэгж талбарын 0000, хэмжээ 400 ректор)-ын гэрчилгээ, кадастрын зураг,

-Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга,

-Улаанбуудай нутагшсан элит болон сортын үр үйлдвэрлэх, үржүүлэх, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн Б.Батбаяр гэж гарын үсэг зуржээ.(хх16-17);

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт ...Л.Э, н.Б нар эртний сайн танилууд. ТШ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Энь ...манай компани ******* аймгийн ******* суманд газар авч өөрсдөө тахианы тэжээл улаанбуудайг тариалж, тахиагаа тэжээгээд, тахианаас гарсан сангасаар тухайн газраа бордоод уураг өндөртэй царгас овьёос тарих төлөвтэй гэж Баярхүүд хэлсэн. Тэрээр ...манай компанид ******* суманд 10,000 га газар байгаа, газрыг худалдан аваад тариалангаа эрхэл гэж ярьснаар талуудын хооронд гэрээг байгуулснаас хойш 2014 онд Онцгой байдлын ерөнхий газарт 17,270,000 төгрөгийн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 2014 оны байдлаар зээлийн үлдэгдэл нь 67,735,476.30 төгрөгийн нийт нь 85,105,476.30 төгрөгийн өр болох, компанийн эзэмшлийн газар нь 2016 онд хүчингүй болсон байсан гэж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...ЗТ ХХК-ийн газар эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосныг бид мэдээгүй, тухайн Засаг даргын захирамж бидэнд ирээгүй, өр төлбөрийн хувьд нэмэгдэж болзошгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч гэрээндээ дурдсан, хуурч мэхэлсэн зүйл байхгүй, гэрээгээр тохирсон 100,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. "ЗТГ " ХХК-нд 14 өмчлөх эрхтэй 4 үл хөдлөх хөрөнгө дээр одоо ч гэсэн маргаангүй, тодорхой хэмжээний үнэлгээтэй, биет байдлаар нэхэмжлэгчид эзэмшилд шилжигдсэн. Тусгай зөвшөөрөл тамга тэмдэг ганцхан газар дээр маргадаг. Нэхэмжлэгч бид нар газар авах зорилгоор энэ гэрээг байгуулсан гэж хууран мэхлэгдсэн гэдэг зүйл яриад байгаа боловч газраас нь болж компанийн хувьцааг худалдаж авч байгаа гэдэг нэг ширхэг үг гэрээнд байдаггүй гэж тус тус тайлбарласан.

1.    Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

8.1. ЗТ ХХК нь Онцгой байдлын ерөнхий газартай ...2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №60 дугаар гэрээний үүргээ биүлүүлээгүйгээс үндсэн төлбөр 11,513,400 төгрөг, алданги 5,756,700 төгрөг, нийт 17,270,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж байна гэх(хх19);

8.2. Хөдөө аж ахуйг дэмжих санд: ЗТ /рд:000 /ХХК нь 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээл авч,2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 67,835,476.30 төгрөгийн үлдэгдэлтэй (хх20, 94-97);

8.3. ******* аймгийн ******* сумын газрын даамал Б.У /*******/ тодорхойлолт(хх22);

8.4.******* аймгийн ******* сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №12 дугаар Тариалангийн талбай эзэмшүүлэх тухай захирамжийн 2 дугаар хавсралтын ААНБ шинээр эзэмшүүлэх тариалангийн талбайн жагсаалтын 4 дүгээр ЗТ -3000 га(хх74-75);

8.5. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот шийдвэрээр нэгж талбарын 0000 дугаар бүхий 10029 га м2 газрыг 40 жилийн хугацаатай ЗТ н багийн Хар цагаан-Ус, Хар хадад тариалангийн зориулалтаар ЗТ ХХК-д эзэмшүүлэхээр(хх77);

8.6. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 09 дүгэр сарын 07-ны өдрийн №59 дүгээр Тариалангийн талбай эзэмшлээс чөлөөлөх тухай захирамжийн хавсралтын 3 дугаарт Хар хад талбайн хэмжээ №/га 1/281, 2/421, 4/560, 5/507, 6/535, 8/182, 9/314, 10/161, 11/197, 12/306, 13/251, 14/331, 15/455, 16/50, 17/603, 18/132, 19/300, 20/330, сарт /67, сорт 106, сорт 459, сорт 253=7029, нийт талбай/га/ 10029, хүчингүй болгох талбай /га/ сорт/228, сорт 459, сорт 253, 19/300, 20/330=2253, эзэмшилд үлдэж буй талбай /га/7242 (хх71-72);

8.7. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №102 дугаар Эзэмшлийг хүчингүй болгох тухайзахирамж 1 дугаарт Үр тариа тариалах зориулалтаар ЗТ ХХК-ийн эзэмшлийн 7242 га талбайгаас 69/202, 76/238га, бүгд 440 га, (хх73);

8.8. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/22 дугаар Газар хүчингүй болгох тухайзахирамжийн 1 дүгээрт үр тарианы зориулалтаар байрлалтай ЗТ ХХК-ийн 7029 га талбайг хүчингүй болгосугай. (хх111);

8.9. ******* аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 456 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоот-д ******* регистрийн дугаартай ЗТ ХХК нь 2015 оноос газрын төлбөр төлөөгүй(хх58);

8.10. ******* аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 482 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоот-д ******* регистрийн дугаартай ЗТГ ХХК Татварын хэлтэст бүртгэлгүй(хх59);

8.11. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаар: ЗТ ХХК-ийн өмчлөлд 14 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. (хх112-115);

9. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.-т зааснаар зааснаар хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүрэгт дурдсан компанийн эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлсэн атлаа тухайн гэрээгээр хүлээсэн үл хөдлөх хөрөнгө бодитоор нэхэмжлэгч талд шилжүүлээгүй, газар эзэмших эрх 2022 онд хүчингүй болсныг мэдсэн тул ТШ ХХК шаардах эрхтэй.

10.Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт№2-т дурдсан хариуцагчийн эзэмшлийн газар эзэмших эрх ******* аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болсон, уг хавсралтын 1, 3, 4 дугаарт бичигдсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, 480 м.кв талбайтай, үрийн чулуун агуулахын зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, 20 м, гүний худгийн зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, 800 м.кв талбайтай, үрийн чулуун агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр шилжээгүй, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хавсралт №1-д дурдсан өр төлбөрийн талаарх мэдээлэлд Онцгой байдлын ерөнхий газрын, Хөдөө аж ахуйн дэмжих санд төлөгдөх өр төлбөртэй талаар дурдаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.(хх16-17,113-114, 28-129,131)

11. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч ЗТ ХХК-ийн эд хөрөнгийн болон өр төлбөрийн талаарх мэдээллийг нэхэмжлэгч ТШ ХХК-д бодитоор мэдэгдэж, мэдээлэх ёстой байсан ба энэ талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзэх нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний үнийн дүнгээр, 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тооцох бөгөөд гэрээнд заасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 846,450 төгрөг төлөөгүй байх тул үүнийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийн хувьд гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбогдуулан /846,450+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗТГ ХХК-иас 916,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59 дүгээр зүйлийн 59.4-д заасныг баримтлан ТШ ХХК ЗТГ ХХК-ийн хооронд хийсэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Түмэн шувуу ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 846,450 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ЗТГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 916,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

   

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ