| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2016000570012 |
| Дугаар | 2021/ДШМ/04 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | А.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ДШМ/04
С.З-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Г.У, Б.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор А.О
Шүүгдэгч С.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б, Б.Б
Хохирогч нарын өмгөөлөгч Д.А, Э.Г, С.Т,
Хохирогч Л.А, Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолыг прокурор А.О эс зөвшөөрч эсэргүүцэл, шүүгдэгч С.З болон түүний өмгөөлөгч Д.Б, Б.Б, хохирогч Л.А, хохирогч Б.А түүний өмгөөлөгч Д.А, Э.Г, С.Т нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор С.З-т холбогдох 2016000570012 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг 11-6 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ардын Армийн Улиастайн Гарнизоны Тусгай шүүхийн коллегийн 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88а, 168.б, 169.в-д зааснаар 4 жилийн хугацаагаар, мөн Говь-Алтай аймгийн шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймгийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2б-д зааснаар 25 жилийн хорих ялаар, мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж урьд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 17 жил 29 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 22 жил 1 сар 29 хоногоор тооцож байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С.З /ДБ.............../.
Шүүгдэгч С.З нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баяншанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Тулга-Алтай” ХХК-ий хашааны ертөнцийн зүгээр зүүн талд цуг согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Б.А-тай “...нүүр ам руу цохиж цус гаргадаг чи хэн бэ” хэмээн согтуурхан маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь “чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал” нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.З-т холбогдох 2016000570012 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б овогт С.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.З-ийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.З-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.З-ийн цагдан хоригдсон 206 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч С.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Хохирогч Л.А, Б.А нарын нэхэмжилсэн 77.002.360 төгрөгийн нэхэмжлэлээс 64.552.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 12.460.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн хагас түрүүтэй үдээстэй гутал 1 хосыг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.З-т буцаан олгож, цус мэт зүйлээр бохирлогдсон 10.5Х8 хэмжээтэй саарал өнгийн чулууг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 1 ширхэг CD, 1 ширхэг флаш диск болон мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт хавсаргаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмчлөлийн 51.110.000 төгрөгийн үнэлгээ бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Өрнөл хороолол 1-р байрны 12 тоот 51 метр квадрат 2 өрөө орон сууц, 2006 онд Япон улсад үйлдвэрлэсэн 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий 88-11 ГАҮ улсын дугаартай “Тоёота Камри” маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Б би Говь-Алтай аймгийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.
С.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. С.З-ийн тухайд анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч хэргээ хүлээн мэдүүлж байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэж тогтоосон хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байхыг шаардсан байдаг. Анхан шатны шүүх дүгнэхдээ хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзлээ гэж дүгнэн эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэхгүйгээр ял оногдуулсанд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хор уршиг биш учруулсан хохирлыг харгалзан үзэхээр эрх олгосон заалт юм. Мөн түүнчлэн энэ гэмт хэргийн тухайд хохирогчийн зүй бус үйлдлээс болж хүний амь нас эрсэдсэн гэдгийг шүүх харгалзан үзээгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан С.З-ийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С овогтой З миний биед холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гарсан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх миний биед холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хүний биед хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэсэн зүйлчлэлээр 9 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон үйл явдлын талаар шударгаар үнэн зөв мэдүүлж байгаа. Бодит байдал дээр талийгаач Б.А тэр өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд би эхлээд эхнэртэй нь хамт гэрт нь хүргэж өгөхөд удалгүй буудал дээрээ буцаад ирсэн. Үүний дараа гэрт нь хүргээд өгөөрэй гээд найз Д.Г, С.О нарт нь хүлээлгэж өгөөд явахад араас дахин ирээд миний машинд ороод суучихсан. Энэ бүх хугацаанд тэр архи уусан ба бидний маргаан хэрэг гарах болсон шалтгаан нь мөн л архи байсан. Талийгаач сүүлдээ архи ууж чадахаа болиод бөөлжөөд байсан. Тэгэхээр нь өндөр З /П.Б/ бид хоёр нэмж архи уулгахгүй байх санаатай ...архи дууссан, одоо ахын дүү болно... гэхэд ...та нар миний архийг надаас харамлаад байхдаа яадаг юм... гээд агсраад эхэлсэн. Эхлээд миний толгой руу 2 удаа, дараа нь нүүр лүү цохиж хамраас цус гаргасан. Үүнээс болж би машинаас бууж очоод чи буу гээд буулгатал бууж ирэнгүүтээ дахин намайг нэг цохиж аваад заамдаад авсан. Ц, Г нар биднийг салгаад явахад би ...нүүр ам руу цохиж цус нөж гаргаж яаж байгаа юм бэ ахын дүү... гэж хэлэхэд тэр алалцах уу гээд хувцаснаас махтай хамт базаад авахаар нь өвдөхийн эрхэнд өөрийн мэдэлгүй түүнийг түлхэж 1 удаа өшиглөсөн. Болсон явдал хийгээд бодит байдал ердөө л энэ. Би үзэн ядсан, эсвэл өш хонзон таарамжгүй харьцаа зэрэг ямар нэгэн тодорхой шууд санаатай зорилготой үйлдлээр хохирогчид хүнд гэмтэл учруулаагүй. Би талийгаачийг өшиглөсөн нь огцом сэтгэл хөдлөлийн улмаас хийгдсэн цэвэр тохиолдлын шинжтэй 1 удаагийн үйлдэл байсан. Энэхүү тайлбараараа би өөрийн буруутай үйлдлийг хаацайлахыг зориогүй юм шүү. Зөвхөн бодит байдал болсон асуудлыг та бүхэн үнэн зөвөөр ойлгож, хүлээж аваасай гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байгаа юм. Түүнчлэн миний энд бичсэн зүйлүүд бүгд гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдаж, нотлогдож байгаа гэдгийг онцлон анхаарахыг хүсье. Анхан шатны шүүх намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хүний биед хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан хэрэгт гэм буруутайд тооцсон. Би хохирогчид учирсан хүнд гэмтэл нь миний нэг удаагийн өшиглөлтөөс үүссэн гэдэгтэй маргахгүй байгаа. Гэхдээ хохирогч нас барсан шалтгаан нь миний учруулсан гэмтэл үү? эсхүл эмчилгээний алдаа байсан уу? гэдэгт би одоо ч эргэлзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэнээр хохирогчийн нас барсан шалтгаан нь их хэмжээний цус алдалт гэж би ойлгосон. Шүүх хуралдаан дээр хохирогчид эмчилгээ, хагалгаа хийсэн эмч нар болон шинжээчийн өгсөн тайлбараар: хохирогч эмнэлэг дээр ирснээс хойш 6 цагийн, эхо оношилгоо хийгдсэнээс хойш 4 цагийн дараа хагалгаанд орсон болохыг нотолсон гэж үзэж байгаа. Мөн цаг хугацаа алдах тусам цус алдалтын хэмжээ нэмэгддэг болохыг эмч болон шинжээч нар хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хохирогчийн нас барах, цусны хэмжээ нэмэгдэхэд хугацаа алдсан эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой гэж үзэж байгаа. Өмгөөлөгч нарынхаа хүсэлттэй би санал нэг байсан. Учир нь хэрэг бодитой тогтоогдох ёстой, түүнд тохирсон ял шийтгэл хариуцлага байх ёстойг би ойлгож байгаа.
Шүүх шинжээчийн эргэлзээтэй, бүрэн бус дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар надад 9 жилийн хорих ял оногдуулж, үүнийгээ хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд бичигдсэнээр энэ нь шүүхийн эрх хэмжээ гэдгийг би ойлгосон. Хэдийгээр энэ нь шүүхийн эрх боловч бас ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үздэг, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудтайгаа харьцуулан үзсэний үндсэн дээр ял оногдуулах хуулийн заалттай. Ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх талаар миний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ шүүх тодорхой тайлбарласан байна. Би үүн дээр маргах зүйл алга. Гэхдээ тухайн хэрэгт оногдуулах ял /5-12 жил хорих/-ийн дотор ял оногдуулж болох юм байна гэж ойлгосон. Миний хэрэгт хүндрүүлэх ямар нэгэн нөхцөл байдал байхгүй гэдгийг шүүх тогтоосон бөгөөд хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байгааг ч шүүх тогтоосон байна. Би одоо 55 настай, эхнэр, 4 хүүхэд /үүнээс 2 нь 0-2 насных/ -ээ тэжээн тэтгэдэг, залуу насны алдаагаа ухамсарлаж амьдралаа шинээр эхлүүлэн арай ядан болгож байгаа билээ. Миний ээж одоо 80 гарч байгаа хүн бий. Хувийн амьдралын энэхүү нөхцөл байдлыг минь ял оногдуулахдаа харж үзээч гэж та бүхнээс хүсэх байна. Есөн жилийн хорих ял гэдэг бол миний хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдалд арай л хатуудсан шийтгэл боллоо гэж би бодож байна. Энд нөгөө ял шийтгэл нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой гэсэн зарчим үйлчлэх байх гэдэгт би найдаж байна. Миний гаргаж буй энэхүү гомдлыг хянан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 9 жилийн хорих ялын хэмжээг бууруулан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2-т заасан ялын хамгийн бага буюу 5 жил хүртэл бууруулан тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Б миний бие Эрүүгийн 2016000570012 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч С.З-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ.
Уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гарсан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзэж буй үндэслэлийн талаар
Миний бие 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шинжээчээс “...Амь хохирогчийн үхэлд эмчилгээний эсхүл эмчийн алдаатай үйлдэл нөлөөлсөн эсэх..." асуудлаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг мөрдөгч ханган шийдвэрлэж, “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолд тухайн асуудлаар дэлгэрэнгүй байдлаар асуулт тавьсан байна.
Гэтэл Шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтэд мөрдөгчдөөс тавьсан асуултад бүрэн хариулт өгөөгүй бөгөөд ийнхүү бүрэн хариулт өгөхөд нэг орон нутагт ажиллаж байгаа байдал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн шинжээчээс мөрдөгчийн тавьсан зарим асуултад өгсөн хариулт нь хэргийн бодит байдалд нийцэхээргүй байна.
Тухайлбал: Хохирогч 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагт эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт очсон. 17 цаг 30 минутад анхны үзлэг хийгдсэн. 19 цагт эхо оношилгоо хийгдэж, дотор эрхтэн няцарсан, хэвлийн шингэнээр дүүрсэн болохыг тогтоосон, 22 цаг 50 минутад хагалгаанд орсон болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн амь үрэгдсэн шалтгаан нь их хэмжээний цус алдсанаас үүдэлтэй олон эрхтний дутагдал байсан болохыг тогтоосон ба цус алдалтын хэмжээнд цаг хугацаа нөлөөлдөг болохыг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон эмч нарын болон шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн очсоноос хойш 6 цаг орчмын дараа, эхо оношилгоо хийгдсэнээс хойш 4 цаг орчмын дараа хагалгаанд орсон нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймээс хохирогчийг эмнэлгийн байгууллага дээр хүлээн авснаас хойш цаг хугацаа алдсан нь түүний амь насыг аврахад нөлөөлсөн эсэх, цаг хугацаа алдсан асуудалд эмнэлгийн байгууллагын алдаа байсан эсэхийг тогтоох нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байсан.
Миний бие дараах асуудлыг тодруулахаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн тавьсан. Үүнд:
1. Амь хохирогчид оношийг зөв тавьж, эмчилгээ болон мэс заслыг зөв хийсэн эсэх:
2. Хийгдвэл зохих эмчилгээг бүрэн, зөв хийгдсэн эсэх;
3. Амь үрэгдэгчийн нас барсан шалтгаанд эмчилгээний эсхүл эмчийн алдаатай үйлдэл нөлөөлсөн эсэх;
4. Амь үрэгдэгчийн дотор цус алдалтын хэмжээ ихсэхэд цаг хугацаа болон гэмтэл учирснаас хойш түүнийг зөөвөрлөсөн, тээвэрлэсэн үйл явц хэрхэн нөлөөлсөн;
5. Эмнэлгийн тусламж үзүүлэхэд цаг хугацаа алдагдсан эсэх, амь үрэгдэгчийг эмнэлэгт хүргэснээс хойш 6 цагийн дараа хагалгаанд оруулсан нь цус алдалтын хэмжээнд хэрхэн нөлөөлсөн.
Дээрх асуудлын талаар миний шат дараалан гаргасан хүсэлт гомдлыг анхан шатны шүүх тодорхой баримт, хууль зүйн үндэслэлээр үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй байна.
Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн яг хэдий үеэс шээс хөөх эмчилгээ буюу катер тавьсан эсэхийг шинжээч нар тогтоож хариулт өгч чадаагүй.
Хүний биед шээс хуримтлагдах нь тодорхой хэмжээгээр хордлогод оруулдаг талаар шинжээч Д.Д мэдүүлсэн.
Хохирогчийн амь нас хохирсон үндсэн шалтгаан болох олон эрхтний дуталд шээсний хордлого нөлөөлсөн эсэх асуудлыг ч шинжээчийн дүгнэлт гаргуулан тогтоолгох шаардлага шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрсэн бөгөөд үүнийг шүүхийн шатанд тогтоох боломжгүй юм.
Шинжээч нар тавигдсан асуултад дутуу хариулт өгөхөд "...нэг орон нутагт ажиллаж байгаа байдал нь нөлөөлсөн...” гэх үндэслэлээр дахин шинжээч томилох зайлшгүй шаардлагатай гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг би гаргасан.
Гурав: Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт
Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдлын үндэслэлээ тайлбарлах тул шүүхээс хуралдаанд оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.
Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О би, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад:
Яллагдагч Б овогт С.З нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баяншанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Тулга-Алтай” ХХК-ийн хашааны ертөнцийн зүгээр зүүн талд цуг согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Б.А-тай “...нүүр ам руу цохиж цус гаргадаг чи хэн бэ” хэмээн согтуурхан маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь “чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал, нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал” бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас Б.А нь хэвлийн хөндийд 2 литр 500 мл цус алдаж шокийн бөөр, бөөрний цочмог дутагдал, цус түгмэл бүлэгнэх хам шинж үүсэж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан, С.З нь хүн алах гэмт хэрэгт холбогдсон.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллагдагч С.З-ийг хүн алах гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 51 дугаартай яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн 2016000570012 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай тогтоолоор хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэж байна.
Учир нь шүүхийн тогтоолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн ганцхан дүгнэлт хийсэн бөгөөд тэр нь “...С.З нь амь хохирогчтой маргалдан түүний хэвлийн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хэвлийн хөндийд цус алдаж түүнээс үүссэн хүндрэлээс шалтгаалан 5 хоногийн дараа нас барсан байх тул шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй” гэсэн ганц л дүгнэлтийг хийсэн нь С.З тухайн үйлдэлдээ санаатай, хохирогчийн амь насыг хохирооход шууд бус санаатай хандсан гэж зүйлчилсэн талаарх хууль зүйн үндэслэл, нотолгоо шийтгэх тогтоолд тэмдэглэгдээгүй, буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээс С.З нь амь хохирогчтой үргэлжлэн маргалдаж, түүний хэвлийн тус газарт өшиглөсөн, түүнд учирсан хүнд гэмтлийг зохих ёсоор эмчилсэн боловч гэмтлийн хүндрэлийн улмаас амь нас нь хохирсон талаар эмчлэгч эмч нар болох гэрч Л.Г, Б.Э, шинжээч эмч Т.А, Д.Д, Д.Т нарын мэдүүлгээр тогтоогдоно. Мөн түүний цагдан хоригдсон хоногийн тоо 206 байхад 207 хэмээн дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох үндэслэл юм. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй хэмээн дүгнэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.
Хохирогч Л.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Яллагдагч С.З-т холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан дараах гомдлыг гаргаж байна. Яллагдагч С.З нь миний ханийг санаатайгаар авч явж архи өгч улмаар өшиглөн зодсоны улмаас амь насыг нь хохироосон тул туйлын их гомдолтой байгаа. Би 4 өнчин хүүхэдтэй хоцорч амьдрахад хэцүү байна. Хоёр оюутан, хоёр бага насны хүүхэдтэй хоцорсон. Үүнээс гарах бүх хохирлыг ялтнаас гаргуулж өгөхийг хүсэж байна. С.З гэгч нь хүний амийг санаатайгаар хөнөөчхөөд ял хүндэрсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Харин ялын дээд хэмжээг оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Энэ ялтан урьд өмнө удаа дараа хүний амь насыг хохироож ял эдэлж байсан гэдгийг хуулийн байгууллагын тодорхойлолтоор батлагдсан байгаа. Ялангуяа хүний гэдэс хэвлий рүү өшиглөж алдаг алуурчин гэсэн. Нөхөр, хүүхэдтэй элэг бүтэн айлын эхнэрийг салгаж нөхрийг нь дарамталж байж авгайг нь авч суусныг Алтайн ард түмэн мэдэж байгаа. Энэ алуурчин миний нөхөрт архи уулгаж, санаатайгаар амь насыг нь хохироочхоод эмч нарыг тусламж үзүүлээгүй гэж бухаж байна. Энэ хүний өшиглөснөөс болж гэдэс дотор нь хүнд гэмтэж цус алдсанаас болж нас барсан. Эмч нар бүх л тусламжаа үзүүлсэн. Эмч нарт гомдох зүйл байхгүй. Удаа дараа хүн амины хэрэгт холбогдож хүн алсан, хүн алж гаршсан энэ алуурчинд хуулийн дагуу дээд хэмжээгээр нь яллахыг хүсэж байна. Би насан туршдаа гомдолтой гэжээ.
Хохирогч нарын өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч нарын өмгөөлөгч миний бие 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад давж заалдах гомдлыг гаргаж байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С.З нь иргэн Б.А-ыг зодож хэвлийн битүү гэмтэл /хөндлөн гэдэс, чацархай, нойр булчирхайн няцрал, хэвлийн дотуур цус алдалт /2 л 500 гр/, цус алдалтын шок, цус алдалтын дараах бөөрний цочмог дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдал/, духанд шарх, дух зүүн хөмсөг, зүүн доод зовхи, зүүн хацар, хоёр далны хооронд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалга, зүүн шуу, зүүн ууц, зүүн тахимд цус хуралт гэмтлүүд учирч аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн боловч гэмтлээ даалгүй 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр нас барсан. Аймгийн прокурорын газраас С.З-ийг эрүүгийн хуулийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцээд зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулан шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-р зүйлийн 1.3, 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэлгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлөн шийдвэрлэсэн.
Амь хохирогчийн хувьд хэрэг болохоос өмнөхөн биедээ ямар ч гэмтэл шархгүй байсан талаар нийт гэрчүүд мэдүүлсэн бөгөөд шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн шарх зулгаралтаас амь тэнссэн хэмжээний ямар гэмтэл учирсан болох нь бүрэн тогтоогдсон төдийгүй, амь хохирогч өөр ямар ч хүнтэй маргалдаж муудалцаагүй болох нь хавтаст хэргээр тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч С.З-ийг гэм буруугийн талаарх болон зүйлчлэлийн талаар шийтгэх тогтоолын 17-р хуудсанд дүгнэлтийг хийхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. /шүүх хуралдаанд дэлгэрүүлэн тайлбарлах болно./
Мөн амь хохирогчид учирсан хөнгөн хүнд нийт гэмтлүүдийн байр байдал, тоо ширхгээс харахад шүүгдэгчийн хэрэг үйлдэх үеийн сэтгэлзүйн байдал зорилго ямар байсан нь харагдана. Шүүгдэгчийн хувийн байдлын зүгээс ч харахад хүний биед халдаж гэмтэл учруулах байдалд хийх дүгнэлт нөхцөл байдал бусад анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа хүнтэй харьцуулахад эрс тэс ялгаатай сэтгэл зүйн онцлог, хувийн байдалтай билээ. Түүнчлэн хохирогч нарын хохирол иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж байгаагаа /насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээг/ яг ямар баримт дутуу байгаагаас тооцон гаргах боломжгүй талаар дурьдаагүй атлаа хэлэлцэхгүй орхиж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.3-т зааснаар дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хохирогч нарын өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.А, Б.А нарын өмгөөлөгч Э.Г миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.
Үндэслэл нь:
1.Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Прокуророос шүүгдэгч С.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд: ...хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт хэсэгт “шүүгдэгч С.З нь амь хохирогчтой маргалдан түүний хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хэвлийн хөндийд цус алдаж түүнээс үүссэн хүндрэлээс 5 хоногийн дараа нас барсан байх тул хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй” гэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ.
2.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 18 дугаартай цогцост хийсэн шинжилгээний дүгнэлтэд: ...гэдэсний чяцархайд 8 см урт мэс заслын оёдол тавигдсан урагдалтай, сэмжинд 5 см язарсан урагдалтай, оёдол баруун булангийн дотор хэсэгт 4 см хэмжээтэй язарсан шархтай... нойр булчирхай цус харвасан байв ... гэжээ. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн 1033 тоот өвчний түүхэнд: ... 2020.03.14-ний 17 цагт эмнэлэгт ирэх үеийн үзлэгт: Асуумжаар 16 цагт хүнд зодуулсан, хэвлий рүүгээ өшиглүүлсэн. Үзлэгээр: Биеийн байдал туйлын хүнд, мөчид хүйтэн... царай цонхигор, зүрхний авиа тод, артерийн даралт 80/40, амьсгал өнгөц, ЭХО шинжилгээгээр хэвлийд их хэмжээний сул шингэнтэй байсан тул шокоос гаргаж хэвлийн хөндийг нээж шалгах шийдвэр гаргаж мэс засал хийхэд хэвлийд 2 литр 500 мл цус алдсан нь тогтоогджээ. Уг мэс заслаас хойш биеийн байдал хүнд хэвээр байсаар уг гэмтлийн улмаас шокийн байдлаас гарч чадалгүй нас барсан нь (2020.03.19) нотлогдсон.
Шинжээчийн 18 дугаартай дүгнэлтээр чяцархай, сэмж, бүдүүн нарийн гэдэсний урагдал, язрал гэмтлийн улмаас хэвлийд 2.5 литр цус алдаж, шок, бөөрний дутагдал үүсч нас барсан (дүгнэлтийн 4 дэх хэсэг) нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хүнд гэмтлийн улмаас шууд нас барсанг тогтоосон. Гэтэл хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан мэт, уг хүндрэл үүсэхэд өөр хүчин зүйл нөлөөлсөн мэт шүүх дүгнэлт хийсэн нь шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлгүй байна. Үхэл заавал “хүнд” гэмтлээр дамжина. Үхэлд хүргэх гэмт гэмтлийг ердийн явцаараа үхэлд хүргэх хүнд гэмтэл, хүндрэл үүсч үхэлд хүргэх хүнд гэмтэл гэж 2 ангилж авч үздэг. Энэ тохиолдолд 5 хоног амьд байсан боловч цус алдалтын улмаас ердийн явцаар (жам ёсны, заавал үүсэх магадлалтай) үүссэн хүндрэлээр нас барсан байх тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Шинжээчийн 18 дугаартай дүгнэлтэд “Эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн” гэж дүгнэсэн ба “амь насыг аврах боломжтой байсан” талаар дүгнэлт гараагүй. Өөрөөр хэлбэл хохирогчид хүнд гэмтэл учирсны даруйд үхэлд хүргэсэн цус алдалт, шок, бөөрний дутагдал зэрэг хүндрэлүүд жам ёсоороо (ердийн явцаараа) үүссэн болох нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн 1033 тоот өвчний түүхээр нотлогдсон байна.
3. Гэрч Л.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “цус алдалтын дараах хүндрэл гарсан, энэ нь хагалгааны дараагаас эхлээд гарсан. Бид нар хагалгаа бүрээр 100% амь насыг аварна гэж орохгүй. Хүндрэлийг 100% эмчилж чадахгүй” гэж хохирогчийг учирсан гэмтлээсээ нас барсан тухай мэдүүлсэн.
Гэрч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “... 17 цаг 30 минутад үзлэг хийсэн. Гэмтлийн эмчийг дуудаж авч ирсэн. 21 цаг хүртэл шингэн сэлбэх гэх мэт эмчилгээ хийсэн, КТГ-ЭХО шинжилгээ хийсэн, орчны баримжаа байхгүй, нүд анисан, татаж чангаахад ганц 2 үг хэлдэг, чөлөөтэй харилцах чадваргүй байсан” гэж мэдүүлсэн.
Гэрч X.Т-ын “... хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт шоктой, хүнд байсан, бүхий л эмчилгээг хийсэн. Цус алдалттай холбоотой шокын байдал хагалгаанд орохоос өмнө байсан.” гэж мэдүүлсэнг шүүх бодит байдалтай нь зөв үнэлээгүй болно. Дээрх нотлох баримтууд нь хохирогч Б.А-ыг “үхэлд хүргэх хүнд гэмтлийг авсан даруйд уг хүнд гэмтлийн шууд илэрсэн хүндрэлийн улмаас амь насыг аврах боломжгүй нөхцөл байдлын улмаас нас барсан болохыг нотолсон байхад шүүх үндэслэлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэжээ.
Гэрч С.О, Д.Г, Н.Ц нарын мэдүүлгээр С.З нь хохирогч А-ыг зодож, унагаж, өшиглөөд “Энийгээ аваад зайл” гээд дээрхи гэрч нар хохирогчийг авч зугтаж холдсон болох нь нотлогдсон. Энэ нь шүүгдэгчийн зүгээс хүнд гэмтлийн хүндрэл үүсэх эсэхэд хайхрамжгүй хандсан сэтгэхүйн харьцаа байсан гэж үнэлэх боломжгүй, харин шууд санаатай хандсан гэж үзэхээр байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэнэ үү гэжээ.
Хохирогч нарын өмгөөлөгч С.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Л.А, Б.А нарын өмгөөлөгч МХХ-ны гишүүн, өмгөөлөгч С.Т миний бие Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Прокуророос шүүгдэгч С.З-ийн үйлдлийг ЭХ-ийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж ЭХ-ийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
2. Баримт материалуудаас:
-Шүүгдэгч С.З шүүхийн хэлэлцүүлэгт .... хэвлийн хэсэгт 1 удаа өшиглөсөн /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж мэдүүлдэг;
-Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... З очоод хавсарч унагаагаад дээрээс нь хөлөөрөө хэд хэд өшиглөсөн, Б.А зам дээр дөрвөн хөллөчихсөн, доошоо хараад байж байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр XX 159-160/;
-Шинжээч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...амь хохирогчийн биеийн гадар болон дотор талд үүссэн гэмтлүүд нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яг хэдэн удаагийн үйлдлээр гэдгийг хэлэх боломжгүй. Учир нь хүнд гэмтэл авсны дараа цохих болон цохигдох үйлдэл давтагдах боломжтой хүний гараар гэдгийг хүний үйлдлээр буюу гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр учруулсан байх боломжтой гэж тайлбарлана .... гэх мэдүүлэг/2 дугаар XX 59-61/
- Шинжээчийн 2020 оны 91 дугаартай дүгнэлтэд ....
1) иргэн Б.А-ы биед гэмтэл учирсан байна.
2) Б.А-ы биед хэвлийн битүү гэмтэл: хөндлөн гэдэс, чацархай, нойр булчирхайн няцрал, хэвлийн дотуур цус алдалт /2 литр 500 грамм/, цус алдалтын шок, цус алдалтын дараах бөөрний цочмог дутагдал давамгайлсан олон эрхтний дутал, духанд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, зүүн хацар, 2 далны хооронд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалга, зүүн шуу, зүүн ууц, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3) Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ бөгөөд хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4) Б.А-ы биед учирсан хэвлийн битүү гэмтэл: хөндлөн гэдэс, чацархай, нойр булчирхайн няцрал, хэвлийн дотуур цус алдалт /2 литр 500 грамм/, цус алдалтын шок, цус алдалтын дараах бөөрний цочмог дутагдал давамгайлсан олон эрхтний дутал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духанд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, зүүн хацар, 2 далны хооронд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалга, зүүн шуу, зүүн ууц, зүүн тахимд цус хуралт гэмтэл нь уг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1 дүгээр XX, 201-203/
3. Гэрч С.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... З-ийн хамраас цус гарсан байсан, бууж ирээд хаалга онгойлгоод хамар руу цохичихлоо гэж хэлээд орилоод байсан. Талийгаач бууж ирээд Д.Г боль гээд гарыг барихад Г-ийн шилэн хүзүүнээс нөгөө З /өндөр/ татаж аваад явсан. П бид 2 байсан. Би их ойртоогүй, П боль гэж хэлсэн. Тэгээд цаана Г унасан байхаар нь салгах гээд явахад татаж ирээд цээж рүү нь нэг өшиглөсөн, унаад урагшаа бондгор чулуун дээр духаараа шаагаад унасан. Духаараа шаагаад унангуут бөгс өөд нь нэг өшиглөх шиг болсон. Намайг энийгээ аваад зайл гээд над руу ухасхийхээр нь би ухраад П-ийн машины урд талд нуугдсан, П буцаж ирээд З-г бариад авсан, би аваад зугтаасан гэх мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлээс / зэргээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь буруу байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүн амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд амь хохирогч нь шууд хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл С.З-ийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байхад хүнд гэмтэл учирснаар нас барсан гэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэнэ үү гэжээ.
Хохирогч Л.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хань, миний ах Б.А 2020 оны 03 сарын 14-нд С.З-т зодуулсны улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж 2020 оны 03 сарын 19-нд нас барсан. Нас барсан шалтгаан нь С.З хэвлийд нь санаатайгаар хэд хэдэн удаа өшиглөж үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулсан гэж үзэж байна. Энэ нь С.З талийгаач хоёрыг зодолдох гэж байхад салгах гэж байсан Г-ийг өндөр хочит П.Б цааш нь чирч аваачиж зодсон, Ц салгах гээд цааш явах хооронд хэнд ч харагдахгүйгээр хэд хэд өшиглөсөн байгаа нь албаар бужигнаан үүсгэж санаатайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүх шинжилгээний дүгнэлтээр нэг биш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан гэмтэл гэж гаргасан байдаг нь дээрхийн нотолж байна. Харамсалтай нь С.З энэ үйлдлээ эмнэлэг, эмч нарын буруу цус алдсан мэтээр тайлбарлаж байгаа нь хийсэн хэргээ хаацайлах бусдад тохох үйлдэл гэж үзэж байна. Миний ах, миний хань хийсэн бүтээсэн ажилтай харгис хэрцгий зангүй нинжин цайлган сэтгэлтэй түмэнд хайрлагдсан хүн байсан. С.З энэ байдлыг илтэд гуйвуулж үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдлаар хандаж биднийг дайрч сэтгэл зүйн дарамт учруулж байгаад гомдолтой байна. Талийгаач ахыг минь, ханийг минь согтуу байсан зүй бус үйлдэл гаргасан гэдэг нь хүнийг алах шалтгаан болохгүй байх. С.З гэрчүүдийн мэдүүлэгт миний хийсэн үйлдэл тодорхой харагдаж байгаа гэж байгаа. С.З-ийг талийгаач цохиж хамраас цус гаргасныг гэрчүүд гээд байх хүмүүс харсан хэрнээ С.З талийгаач ахыг минь үхэлд хүртэл хэд хэдэн удаа өшиглөснийг хараагүй гээд байгаа нь үгсэн хуйвалдсан илтэд биднийг басамжилсан, доромжилсон шинжтэй байна. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд талийгаач хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл С.З-ийн үйлдэл талийгаач нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байхад хүнд гэмтэл учирснаар нас барсан гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг зөвшөөрөхгүй байна. Мөн удаа дараа гэмт хэрэгт холбогдсон тэр дундаа хүн алсан гэмт хэрэгт 1 бус удаа холбогдож байгаа нь засаршгүй гэмт хэрэгтэн гэдгийг харуулж байна. С.З нь гомдолдоо эхнэр, хүүхэд, ээжийнхээ асуудлыг ярьж байгаа нь харамсалтай. Үхсэн хүний гэр бүл, үр хүүхэд, ах дүүсийг “одоо та нарыг хэн тэжээх вэ дээ” гэж хэлж байгаатай агаар нэг сонсогдож байна. Талийгаач 4 хүүхэдтэй, 2 хүүхэд нь насанд хүрээгүй. 4 хүүхдийн болон эхнэрийн сэтгэл санаа маш хүнд үгээр хэлэхийн аргагүй. С.З хохирол барагдуулсан гэж бичиж байна. Энэ нь эм тариа, оршуулгын зардлын 50 хувь. Зөвхөн цуглуулж чадсан баримт гэдгийг хэлмээр байна. Насанд хүрээгүй 2 хүүхдийн хохирол барагдаагүй байгааг хэлэх нь зүйтэй байна. С.З хэдэн айлын эхнэр, хүүхэд, аав, ээж, ах, дүүг өнчрүүлж хагацаах гэсэн юм бэ? Энэ хүнд энэ боломжийг тэр дундаа хүн алах боломжийг бүү олгоосой гэж эхнэр хүүхэд ах дүү бид хичээнгүйлэн хүсэж байна. Эцэст нь хүн алчхаад авах ялаа өөрөө сонгодог юм уу? “Надад 5 жилийн хорих ял өгөөч ээ” гэж байгаа нь эхнэр, хүүхэд, ах дүү бидний дургүйцлийг хүргэж байна. Хүнийг санаатайгаар алсан хүнд ямар ял өгөх ёстой түүнийг нь эдлүүлээсэй гэж хүсэж байна. Зүйлчлэл бууруулсанд гомдолтой байна. Дахин хүсэхэд монголын шүүх гэж байдаг бол дахин энэ хүнд хүн алах боломж бүү олгоосой гэж хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч С.З нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга-Алтай” ХХК-ийн хашааны зүүн талд Б.А-ыг “нүүр рүү цохиж цус гаргалаа” гэх шалтгаанаар түүний хэвлий рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал, нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас хэвлийн хөндийд нь 2 л 500 мл цус алдаж шокын бөөр, бөөрны цочмог дутагдал, цус түгмэл бүлэгнэх хам шинж үүсэж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж Б.А нь нас барсан байна.
Энэ үйл баримт нь гэрч С.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “Шүүгдэгч С.З-ийн машинд хүмүүс ноцолдож байгаа бололтой машин нь дайвалзаад урд талын суудлаас нь С.З хамраас нь цус гарсан байдалтай бууж ирээд “Хамар руу цохьчихлоо. Чи миний хамарнаас цус гаргадаг хэн бэ” гэх мэт зүйл хэлж орилоод машиныхаа урдуур тойрч очиж хаалгыг онгойлгоод урд талын суудалд дээр сууж байсан Б.А-ыг татаж гаргаж ирээд, барьцалдаж аваад хохирогч Б.А-ыг гуд татаж урагш нь тонгойлгоод хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөхөд хохирогч Б.А урагшаа тонгойгоод нүүрээрээ газар шудраад унасан. Унангуут нь шүүгдэгч С.З хохирогч Б.А-ыг бөгс рүү нь дахин нэг өшиглөөд “Ална шүү пизда нар. Энийгээ аваад зайл” гэхэд нь хохирогчийг машины урд талын суудал дээр суулгаад явахад хохирогч хэвлийгээ дарсан, духан дээр нь 2-3 газар язарсан, шанаа нь халцарсан байсан.” тухай мэдүүлэг,
Гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаач Б.А нь С.З-ийн толгой руу хоёр цохиод, “Чи яагаад ахынхаа толгой руу цохиод авав?” гэхэд нь талийгаач “Та гомдоод байгаа бол намайг хоёр цохиод ав.” гэж тоглоом, шоглоом хийж шанаагаа өгөхөд С.З нь нэг цохиод авахад нь зүгээр байсан боловч дахин нэг цохиход нь талийгаач Б.А зөрүүлээд С.З-ийн нүүр рүү нь цохиж С.З-ийн хамраас нь цус гаргахад тэр хоёр зодолдох шинжтэй болж “Чи яаж байгаа юм бэ? Чи миний хамар руу цохиж цус гаргадаг хэн бэ?” гээд бууж Б.А-ы сууж байсан талын хаалган дээр очиход Б.А өөдөөс нь бууж ирээд гэрч Г тэр хоёрын дундуур орж гарыг нь барьж авахад өндөр З нь Г-ийг араас нь татаж авч явахад гэрч Н.Ц “Та нар жаахан хүүхдүүд биш. Хоорондоо ярьж учраа ол” гэхэд С.З “Одоо болъё. Маргалдахаа болъё” гэж хэлэх үед нөгөө өндөр З нь Г-ийг унагааж, дээр нь мордсон байхыг хараад гэрч Н.Ц өндөр З-г болиоч гэж босоод, Г-ийг аваад эргээд харахад Б.А дээшээ харж хэвтэж байгаад дөрвөн хөллөсөн босох гээд өндийж байсан ба толгой нь шалбарсан, нүүр нь цус болчихсон хажууд нь С.З зогсчихсон байхаар нь түүнийг барьж аваад С.О-д “Б.А-ыг аваад яваач” гэхэд араас нь тэврээд машиндаа суулгаж аваад явсан. Уг үйл явдал хурдан болж өнгөрсөн.” тухай мэдүүлэг,
Гэрч П.Б-ийн /өндөр/ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр талийгаач буудлаасаа эхнэртэйгээ гарч ирээд саарал өнгийн прадо автомашинд С.З-ыг суулгаад явахаар нь би С.З-ын машиныг унаад араас нь дагаж талийгаач Б.А-ыг гэрт нь хүргэж өгчихөөд С.З-ыг авч буцаж ирээд байж байхад талийгаач Б.А цагаан өнгийн таксигаар хүрч нь ирээд “Уумаар байна” гээд С.З-ыг “Чи одоо хэрэггүй дээ” гэхэд “Би уумаар байна. Та нар надаас зугтаад байгаа юм уу? гээд дэлгүүрээс нэг шил виски, нэг ундаатай аваад мориныхоо хашаан дээрээ очсон. Тэнд байсан Д.Г, С.О хоёр байсан бөгөөд С.З “Хүн ирсэн, жолоо барьж байгаа” гээд уугаагүй, харин Д.Г, гэрч П.Б хоёр уг архинаас уусан. Тэгээд С.З нь “Одоо явъя. Би айлчинтай байгаа” гэхэд нь талийгаач “Болоогүй байна.” гээд бөөлжихөөр гарахад нь С.З “Одоо архи чинь дууссан гэж хэлээрэй. Наадах чинь муудаж байна шүү” гэж хэлсэн. Гэвч талийгаач архиа нэхээд хариуд нь С.З “Одоо чамайг хүргэж өгье. Эсхүл найзуудаараа хүргүүл.” гэхэд таниар хүргүүлнэ гэсний дагуу хүргэж өгөхөөр явахад араас нь С.О, Д.Г хоёр авто машинтайгаа дагаад явсан ба “Тулга Алтайн” хажуугийн зам дээр тэдний урдаас нэг Ланд-200 ирж байсныг сигналдаж зогсооход гэрч Ц хүрч ирсэн. Б.А түүнд архи хийж өг гэхэд нь “Архи чинь дууссан” гэж хэлэхэд нь “Та нар надаас архи нуулаа” гэж агсраад С.З-ийг толгой, дагз руу нь хоёр удаа цохиход С.З “Яаж байгаа юм бэ? Ахынхаа тэргүүнд хүрээд” гэхэд нь талийгаач Б.А “Уучлаарай. Та гомдоод байгаа бол намайг 2 цохьчих” гээд шанаагаа өгөөд С.З түүнийг эхний удаа хамрыг нь шүргүүлж, дараагийн удаа зүүн шанаанд нь 2 удаа зөөлөн алгадахад талийгаач Б.А нь “Та нар миний архийг надаас харамладаг хэн юм бэ?” гээд С.З-ийг хамар руу нь цохиход түүний хамарнаас цус гараад “Чи яаж байгаа юм бэ?” гээд бууцгаагаад гэрч П.Б нь чамаас боллоо гээд Д.Г-ийг машины ард хавсарч унагаагаад өшиглөсөн. Тэгэхэд Ц ирж салгах үед өндийгөөд харахад талийгаач Б.А машины ард сөхрөөд суусан байсан. Тэгээд О-ын машинд талийгаач Б.А-ыг суулгаж өгөөд бушуухан гэрт нь хүргэж өг гээд явуулсан.” тухай мэдүүлэг
Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 14-ний 17 цагийн үед талийгаачийн эхнэр Л.А сандарсан байдалтай утсаар залгаад Б.А-ыг С.О, Д.Г гэдэг хоёр хүн гаднаас өргөж дамжлаад шахуу оруулж ирлээ, нүүр амнаас нь цус гарсан, дух нь язраад хагарчихсан байна. Би эмнэлэг аваад явлаа. Эмнэлэг дээр яваад очоорой” гэж хэлсний дагуу Нэгдсэн эмнэлэг дээр яваад очиход ах Б.А-ыг нь яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ рүү эмч нар аваад орсон бөгөөд үүдэн дээр нь хүлээж байхдаа Д.Г, С.О хоёроос “Яасан, Юу болсон, Хэн ингэсэн талаар асуухад тэр хоёр эхлээд “А уначихсан юм аа” гэж хэлсэн боловч талийгаачийн даралт унаад, ЭХО-д харуулахад дотуур цус алдалттай, хүнд байна гэхэд С.О, Д.Г хоёр “А-г ногоон З хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Өндөр З гэх залуу хамт байсан” гэж үнэнээ хэлсэн. Б.А архи уугаад хүнтэй муудалцаад, зэрлэг балмад зан гаргаад байдаг хүн биш. Нэг удаа өшиглөхөд бүдүүн, шулуун гэдэс язраад сэмж урагдана гэж байхгүй гэж бодож байгаа. Нэг биш нилээд олон удаа өшиглөсөн байх. Тэр өшиглөлт бол шүүгдэгчийн хийж сурсан, мэргэжлийн зүйл байх. С.З нь хэргийн материалд зүс таних А-тай архи уусан гэж мэдүүлж байснаа одоо болохоор хуурай ах дүүс байсан гэж яриад байгаа. Хохирлын тухайд 3.449.800 төгрөгийг эмэнд зарцуулсан. 1.226.800 төгрөг эмнэлгийн ор хоногт, 8.890.560 төгрөгийг оршуулгын зардалд зарцуулсан. Насанд хүрээгүй 2 хүүхэд нь одоог хүртэл аавыгаа үхсэн гэдэгт итгэхгүй аавдаа захиа бичээд сууж байгаа. Нийт 93.240.000 нэхэмжилж байгаа.” тухай мэдүүлэг,
Хохирогч Л.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нөхөр нь болох талийгаач Б.А буудлын хашаанд байсан С.З, П.Б нартай уулзчихаад хамтдаа караокены өрөө рүү ороод дуулъя гэхээр нь хорио цээр тогтоосон үед дуулж болохгүй гээд талийгаачийг хүр дүүгийнхээ хүү Б-аар гэртээ хүргүүлээд зочид буудал дээрээ буцаж ирсний дараа охин “Аав тань руу явлаа” гэж утсаар ярьсан бөгөөд удалгүй талийгаач таксинаас буугаад С.З, П.Б нарын сууж байсан жижиг цагаан машинд суугаад явсан. Морьны хашаан дээр байсан хүү рүүгээ залгаж очсон эсэхийг нь асуухад Аав энд ирсэн байна. О ах, Г ах хоёр ирсэн гэхээр нь найзуудтайгаа байгаа юм байна гэж бодсон. Тэгээд 16 цаг 30 минутын үед С.О, Д.Г нар талийгаач Б.А-ыг хоёр талаас нь сугадаж, буудалд оруулж ирэх үед ямар ч өөрийн мэдэлгүй, юм ярих чадваргүй, дух нь шалбарсан, 2 хөл дээрээ ч тогтож чадахгүй, шоконд орсон байдалтай байсан ба юу болсон талаар асуухад С.О, Д.Г нар өөрөө уначихсан гэж хэлэхээр нь талийгаачийн найз Б.У эмчийг дуудаж үзүүлээд юу болсон талаар асуухад нь өөрөө унасан гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн яаралтай тусламжийн төвд авч ирж үзүүлэхэд эмч нар архийг нь гарахаар духных нь язралыг оёно гэж байсан. Жоохон согтуу дух нь шалбарсан байхаар нь тэрэнд нь анхаараад байсан. Архийг нь гаргахаар дусал хийлгэж байхад гэнэт даралт нь унаад ЭХО-д үзүүлэхэд “Хэвлийд нь шингэн дүүрсэн байна.” гэж хэлсэн. Ингээд Э эмч стор нээгээд зодуулсан юм уу тэрийг сайн хэлээрэй гэхэд гэрч Д.Г “С.З нь Б.А-ыг зодсон. Өлгөөд хэд хэдэн удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Зодсон, өшиглөсөн гэж хэлсэн байсан бол шууд 103 дээр очих байсан, 103 дээр очсоны дараа ч зодуулсан гэж хэлсэн бол арай эрт хагалгаанд ороод амь насыг нь аврах байсан болов уу? гэж бодож байгаа. Хагалгаанд орох боломжгүй, даралт нь унаад байсан. ЭХО-ноос гарч ирээд хагалгаанд орсон. Ингээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан.” тухай мэдүүлэг,
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаачийн хүүгийн гуйлтын дагуу очиход биеийн байдал нь тогтвортой байсан. Толгойн зүүн талд зулгарсан байдалтай уначихсан юм зүгээр, зүгээр гэж хэлж байсан. Харилцан ярьж, өөрийгөө илэрхийлэх чадвартай байсан. Өөрөө бага зэрэг согтууруулах ундааны зүйл уусан гэж хэлж байсан. Эхлээд зодуулсан талаар яриагүй уначихлаа гэж хэлсэн. Амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах эмчилгээ хийгээд, шинжилгээнүүдээ өгөөд гэмтлийн эмчийг дуудсан. Цус тогтоох, даралт тогтворжуулах эмчилгээ хийсэн, бас цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнүүдийг авсан. Яаралтай тусламжийн хуудсан дээр бүртгэж шинжилгээнүүдээ авдаг. Нарийн мэргэжлийн эмч нар жижүүрт гараад байдаггүй тул мэргэжлийн гэмтлийн эмч Л.Г-ийг дуудсан. Б.Э эмч байсан. Бас ЭХО-д хараад хэвлийд сул шингэн байна, дотуур цус алдаж байгаа юм байна гээд гэмтлийн эмч хагалгаанд орох бэлтгэлээ хийж эхэлсэн. Эхнэр Л.А нь хүнд зодуулсан юм байна гэж хэлэхэд Б.А нь хэвлий тус газраа өшиглүүлсэн гэдгээ хэлсэн.” тухай мэдүүлэг,
Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 17 цаг 30 минутад талийгаач Б.А-д үзлэг хийсэн. Биеийн байдал хүнд, даралт хэмжигдэхгүй, бүх бие хүйтэн, ухаан санаа нь бүдгэрсэн, асуултад нэг их тодорхой хариулахгүй, татаж байж ганц 2 үг хэлсэн, хэвлий эмзэглэлтэй, духандаа шархтай байсан. Анхнаасаа гэрийнхэн нь архи уусан, харуулдаж унасан гэсэн асуумж өгсөн.Нарийвчилж анхан шатны арга хэмжээ авч, цус тогтоох, өвчин намдаах, даралт нэмэгдүүлэх, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийж, гэмтлийн эмч Л.Г-ийг дуудсан. Гэмтлийн тасагт 21 цагт шилжүүлэх хүртэл хүлээн авах дээр шингэн сэлбэх, судасны агшилтыг, тонусыг нэмэгдүүлэх эмчилгээ хийж байсан. Дексметцон мөн шингэн хийсэн. Эхлээд духаараа унасан гэхээр нь тархинд цус харвасан байж магадгүй гээд компьютер оношилгоонд оруулсан. Ингээд тархины томографикийн шинжилгээгээр тархинд гэмтэлгүй гарсан ба Л.Г, Б.У эмч нартай ярилцаад хэвлий эмзэглэлтэй байгаа учир хэвлийг ЭХО-д харахад хэвлийд их хэмжээний сул шингэн илэрсэн тул гэмтлийн тасагт шилжүүлж тэрнээс хойш арга хэмжээг гэмтлийн эмч авсан. Өөрийн авах арга хэмжээг аваад тусгай мэргэжлийн эмчийг дуудсан. Шинжилгээ оношилгоо бусад шаардагдах арга хэмжээг авсан гэж үзэж байгаа. Бэлтгэл ажил хүлээн авах дээр хийгдсэн. Ерөнхий шинжилгээг хийхэд 1 цаг болно. Яаравчиллаа гэхэд 40 минут болдог. Ер нь бол шээсгүй байсан. Шээс гадагшлуулах эмчилгээг тэр үед хийхгүй. Тэр үедээ бол шээс гадагшлуулаагүй. Орчны баримжаа байхгүй. Нүдээ аньсан байдалтай, юунд ч хариулахгүй, татаж чангаахад ганц 2 үг хэлдэг, чөлөөтэй харилцах чадваргүй байсан.” тухай мэдүүлэг,
Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр хүн үзүүлье гэж дуудсаны дагуу 103 дээр ирэхэд талийгаач нэг орон дээр эмчилгээ хийлгээд байж байсан. Хажууд нь ясны бэртэлтэй хүн байсан. Хөл нь хугарсан хүн дээр дуудагдаж ирсэн юм байна гэж ойлгоод эмчилгээ хийж дуусаад талийгаачтай гэмгүй байдагийн хувьд яасан талаар асуухад “Шат руу унасан юм. Компьютер хийлгэх гэж байна.” гэсэн. Толгойн гадна хэсэгт нь зулгаралт гэмтэл байсан ба дотуур гэмтэл харагдаагүй. Яагаад даралт, судасны цохилт нь багасаад байгаа юм бол гэж бодоод гадна биеийн үзлэг хийхэд хэвлий их эмзэглэлтэй байсан. Тэгээд эмч нар ярилцаад ЭХО-д харуулахад хэвлийд сул шингэн ихтэй байсан. ЭХО оношлогдоо хийгдээд тасаг руу оруулж ирээд 30-40 минутын дотор эхний хагалгааны хүмүүс ирсэн. Ингээд бүх шинжилгээг бүрдүүлж эмэн эмчилгээ хийж яаралтай журмаар хэвлийн хөндийг нээж шалгах хагалгаанд орсон. Мэс засал 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг 50 минутад эхэлж 2 цаг 25 минут үргэлжилсэн. Хэвлийн битүү гэмтэл буюу чацархайн урагдал гэмтлээс үүссэн цус алдалт байсан. Мэс заслын эмчилгээ, эмийн эмчилгээ, цус, цусан бүтээгдэхүүний эмчилгээ, гомедиализийн эмчилгээ, 3-р шатлалын эмнэлгээс телмицлинээр зөвлөгөө авч эмчилгээ үзүүлж байсан. Хагалгааны тухайд амжилттай болсон. Хагалгааны дараагаас эхлээд цус алдалтын дараах хүндрэл гарсан. Хүндрэлийг 100 хувь эмчилж чадахгүй. Үндсэн гэмтлээ эмчилсэн.” тухай мэдүүлэг,
Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт хүлээж авахад шоктой биеийн байдал хүнд байсан учир шокны эсрэг зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, бөөрний үйл ажиллагаа дэмжих, өвчин намдаах, элэг хамгаалах шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн. Биеийн байдал хүнд шоктой, цус эргэлт эмийн дэмжлэгтэй байсан. Зүрх судасны үйл ажиллагаа, зүрхний агшилт, судасны агшилт сайжруулах үйлчилгээтэй, бусад эрхтний үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийлгэсэн. Эрчимт эмчилгээний тасагт амь тэнссэн хүмүүс эмчлүүлдэг. Хагалгааны дараа дуудахад нүдээ нээдэг, команд сул биелүүлж байсан. 2 дахь хагалгааны дараа хүний биеийн байдлыг тогтворжуулах үүднээс нэг мөр унтуулгын аппараттай эмчилгээ хийж байсан. Цус алдалттай холбоотой, шокын байдал хагалгаанд орохоос өмнө байсан.” тухай мэдүүлэг,
Шинжээч Т.А, Д.Д, Д.Т нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн: “Талийгаач Б.А-ы биед хэвлийн битүү гэмтэл: чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал, нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал. Хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, /2 литр 500 мл/ духанд шарх, дух зүүн хөмсөг, зүүн доод зовхи, зүүн хацар, 2 далны хооронд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалага, зүүн шуу, зүүн ууц, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духанд байх шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас чацархай болон сэмж урагдаж мөн бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал, нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал үүссэний улмаас хэвлийн хөндийд 2 литр 500 мл цус алдаж шокын бөөр, бөөрны цочмог дутагдал, цус түгмэл бүлэгнэх хам шинж үүсэж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.
Талийгаачийн биед үүссэн гэмтэл хүний гараар үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь элэгний фибринт үрэвсэл, элэгний өөхлөлт хөнгөн зэрэг гэсэн архаг өвчтэй байх ба уг өвчин нь нас барахад нөлөөлөөгүй.
Талийгаач нь 2-р бүлгийн цустай, нас барах үедээ согтолтгүй байсан.
Талийгаач А-д оношийг зөв тогтоож хагалгаа хийсэн, хийгдвэл зохих эмчилгээг бүрэн хийсэн, эмнэлгийн тусламжийг тухайн эмнэлэгт хүргэгдэн ирэх үед нь яаралтай үзүүлсэн.” гэсэн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шинжээч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Амь хохирогчийн биеийн гадар болон дотор талд үүссэн гэмтлүүд нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яг хэдэн удаа вэ гэдгийг тогтоох боломжгүй. Учир нь хүнд гэмтэл авсан газраа цохих болон цохигдох үйлдэл давтагдах боломжтой. Хүний гараар гэдгийг хүний үйлдээр буюу гараар цохих хөлөөр өшиглөх зэргээр учруулсан байх боломжтой гэж тайлбарлана.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г-ий мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.А шанаагаа өгөөд З ахаа намайг 2 цохиодох гэхэд С.З нь баруун шанаа руу нь зөөлөндүү 2 дэлсэхэд Б.А нь зөрүүлээд гараараа С.З-оог нүүрэн тус газарт нь дэлсэж, З нь “Яаж байнаа” гээд машинаас бууж урдуур нь тойроод Б.А-ы сууж байсан хаалган дээр очиход нь гэрч өөрөө С.З-оогийн урдаас очоод “Хэрэггүй ахаа. Зодоон хийгээд яахав” гэхэд түүнийг мөр рүү нь түлхээд “Энийг хар л даа. Цохиод цус гаргачихлаа” гээд хамарнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай Б.А-ы сууж байсан талын хаалгыг нээх гэхэд нь араас нь боль гээд тэврээд авах үед уг машины ард сууж байсан өндөр залуу гэрч Д.Г-ийг араас нь татаж газар унагаад мөр рүү нь хэд хэдэн удаа өшиглөхөд нь босоод зугтаах үед С.З нь Б.А-ыг машинаас гаргаж ирээд өшиглөөд унагаж байсан ба хэдэн удаа өшиглөснийг нь хараагүй. Дараа нь С.О Б.А-ыг тэврээд машинд суулгаад явсан.” тухай мэдүүлэг,
Гэрч Д.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн “С.З миний хамраас цус гаргадаг хэн бэ? гээд буухад Ц-тай зэрэг буугаад үүдэн дээр нь явж очоод “Тайвшир тайвшир. Боль” гэхэд нь өндөр З гэдэг нь гэрч өөрийг нь татаж унагаад чирж газарт өнхрүүлээд хэд хэд өшиглөсөн тул С.З нь талийгаач Б.А-ыг хаашаа нь яаж өшиглөж байсан талаар харах хугацаа өгөөгүй. П-ийн урдуур хөл нь гараад өшиглөх гэж байх шиг байсан. Тэгээд босоод ирэхэд нь талийгаач Б.А толгойноос нь цус гарсан байдалтай О түүнийг тэврээд машин руугаа гүйж байсан” тухай мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Түүнчлэн шүүгдэгч С.З-ийн “Б.А-ыг хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөсөн” тухай мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн мэдүүлэг нь түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотлож байна гэж үнэллээ.
Хохирогч Б.А нь: “С.О, Д.Г хоёр “А-г ногоон З хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөсөн” гэж хэлсэн, нэг удаа өшиглөхөд бүдүүн, шулуун гэдэс язраад, сэмж удагдана гэж байхгүй. Нэг биш нилээд олон удаа өшиглөсөн байх гэж бодож байгаа” талаар, хохирогч Л.А: “Гэрч Д.Г “С.З нь Б.А-ыг өлгөөд хэд хэдэн удаа өшиглөсөн гэж хэлсэн.” талаар тус тус мэдүүлсэн боловч эрх бүхий байгууллагаас худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авахад гэрч С.О нь С.З талийгаач Б.А-ыг хэвлий рүү нь нэг удаа өшиглөсөн, унангуут нь бөгс рүү нь нэг өшиглөх шиг болсон талаар, гэрч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ С.З талийгаач Б.А-ыг өшиглөөд унагаж байсан гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэт С.З-т П-ийн урдуур хөл нь гараад өшиглөх гэж байх шиг байсан. Тэгээд босоод ирэхэд нь талийгаач Б.А толгойноос нь цус гарсан байдалтай О түүнийг тэврээд машин руугаа гүйж байсан” тухай тус тус мэдүүлсэн байна.
Гэрч С.О, Д.Г нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авахад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтад авагдсан мэдээллүүдтэй тохирч байгаа бөгөөд хоорондоо ноцтой зөрүүгүй байх тул тухайн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үнэн зөв гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна.
Мөн гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “З очоод хавсарч унагаад дээрээс нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн.” /хэргийн 1 дүгээр хавтасны 59 дүгээр хуудасны төгсгөл, 60 дугаар хуудасны эхэнд/ гэж бичигдсэн нь шүүгдэгч С.З-тын Б.А-ыг өшиглөсөн үйлдлийг биш харин П.Б-ийн Д.Г-ийг хавсарч унагаж өшиглөсөн үйлдлийнхээ талаар ярьсныг тусгасан байгааг дурьдах нь зүйтэй.
Энэ нь тухайн мэдүүлгийн өмнөх хэсгийн бичвэрийн агуулга, мэдүүлгийн үргэлжлэл хэсгийн “Тэгтэл бид хоёрыг П ирж салгасан ба эргээд харахад Б.А нь З-оо ах П хоёрын машины голд дөрвөн хөлөлчихсөн босох гэж байгаа бололтой байсан” гэсэн бичвэрийн агуулга, уялдаа болон хэрэгт авагдсан бүх мэдүүлэгтээ П.Б нь шүүгдэгч С.З-ийг байнга “З ах” гэж дуудаж байсан байдал, бусад гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа болно. Мөн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт хохирогчийн биед учирсан гэмтлийг хүний цохих, өшиглөх зэрэг хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэдгийг үгүйсгээгүй байна. Тиймээс шүүгдэгч С.З нь хохирогч Б.А-ыг хэвлий рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан тухай анхан шатны шүүхийн үйл баримтын талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.
Шинжээч Т.А-ын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд хохирогч Б.А-ы биед нойр булчирхайн няцрал гэмтэл тогтоогдсон талаар тусгасан бөгөөд шинжээч уг дүгнэлтийг үзлэг, эмнэлгийн бичиг баримтанд үндэслэн гаргасан байх бөгөөд шинжээч Т.А, Д.Д, Д.Т нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд нойр булчирхайн няцралын талаар тусгагдаагүй.
Шинжээч Т.А, Д.Д, Д.Т нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг талийгаачийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа нойр булчирхай 15х3х2.2 см хэмжээтэй, хүрэн ягаан өнгөтэй, эдийн бүтэц булчирхайлаг, тогтоц зөөлөн, толгой хэсгийн хальсан доор, сүүл хэсгийн эдэд цус харвалттай байсныг тусгасан бөгөөд няцрал гэмтэлийн талаар тусгагдаагүй. Тиймээс бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг илүү бодитой, эргэлзээгүй гэж үнэлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч С.З-ийн үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн ялгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн үйлдэлд болон өөрийнх нь үйлдлийн улмаас учрах хор уршигт хэрхэн хандаж байсан байдал буюу санаа, зорилгоор түүнчлэн хохирогч гэмт хэргийн улмаас шууд үхэлд хүрсэн үү? эсвэл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан уу? гэдгээр ялгагдана. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн үйлдэлд болон учрах хор уршигт хандсан сэтгэхүйн байдал буюу санаа зорилгыг тогтооход хохирогчид гэмтэл учруулсан арга, хохирогчид гэмтэл учруулсан үйлдлийн шинж чанар, үргэлжилсэн хугацаа, хохирогчид гэмтэл учруулсан үйлдлийн тоо, хохирогчид гэмтэл учруулахдаа хүний амь биед аюултай зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашигласан эсэх, гэмт этгээд, хохирогч нарыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хоорондын харилцааны онцлог зэргийг харгалзан үзэх шаардлагатай.Шүүгдэгч С.З нь хохирогч Б.А-д нэмж архи уулгахгүй, согтоохгүй байх, гэрт нь хүргэж өгөх талаар удаа дараа санаачлага, оролдлого гаргаж байсан, эхлээд хохирогч нь “Миний архийг надаас харамлалаа” гэсэн шалтгаанаар шүүгдэгч С.З-ийг хоёр удаа цохиж авсны дараа хохирогчийн хэлснээр С.З нь хоёр удаа түүнийг цохьсон, дараа хохирогч нь шүүгдэгч С.З-ийг дахин нэг удаа цохиж хамраас нь цус гаргасны улмаас шүүгдэгч нь нэг удаагийн хэвлий орчимд нь өшиглөх үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, ямар нэгэн зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл ашиглаагүй, уг үйл явдал богино хугацаанд болж өнгөрсөн, хохирогчийг өшиглөснийхөө дараа ч “Энийгээ аваад зайл” гэж гэрч О-д хэлж явуулсан зэргээс үндэслэн дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийг алах санаа зорилготой байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Харин шүүгдэгч С.З өөрийнх нь үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж “Цохиж хамраас цус гаргалаа” гэсэн шалтгаанаар хохирогч Б.А-ы биеийн хэвлий хэсэг рүү санаатайгаар өшиглөн түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд уг хүнд хохирлын хүндрэлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч хохирогч нас барсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн: “Хохирогч эмнэлэгт хүргэгдэн очсоноос хойш 6 цаг орчмын дараа, ЭХО оношлогоо хийгдсэнээс хойш 4 цаг орчмын дараа хагалгаанд орсон нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдсон, цус алдалтын хэмжээнд цаг хугацаа нөлөөлдөг болох нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон эмч, шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдсон” гэсэн тайлбар үндэслэлтэй. Харин хохирогчийг эмнэлгийн байгууллага дээр хүлээн авснаас хойш цаг хугацаа алдсан нь түүний амь насыг аврахад нөлөөлсөн эсэх, цаг хугацаа алдсан асуудалд эмнэлгийн байгууллагын алдаа байсан эсэхэд шинжээч нар дүгнэлт өгсөн байх бөгөөд шинжээч нарын дүгнэлтээр эмнэлгийн зүгээс талийгаач Б.А-д оношийг зөв тогтоож хагалгаа хийсэн, хийгдвэл зохих эмчилгээг бүрэн хийсэн, эмнэлгийн тусламжийг хохирогч эмнэлэгт хүргэгдэн ирэх үед нь яаралтай үзүүлсэн байдал тогтоогдсон байна. Мөн талийгаачийн давсганд катетар тавьж бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг зохих журмын дагуу хянаж байсан, мөн хохирогчийн бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас шээс ялгаруулах үйл ажиллагаа нь зогсож цусан дахь калийн хэмжээ нэмэгдсэн, цус шээстсэн зэрэг нь давсганд катетр тавьсан эсэхтэй хамааралгүй талаарх шинжээчийн мэдүүлэг үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хохирогчийг биедээ гэмтэл авсан даруйд нь эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч хохирогч, гэрч нар хохирогчийн хэвлий хэсэгтээ өшиглүүлсэн болохыг нь нууж эмнэлгийн яаралтай тусламжийн асуумжид “согтуу явж байгаад харуулдаж унасан” гэж хариулсан нь хугацаа алдаж, цус алдалтын хэмжээ нэмэгдэхэд хүргэсэн, анхны мэс заслын дараа хэвлийд дахин сул шингэн хуримтлагдсаны улмаас 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэвлий нээж давтан мэс засал хийж сэмж оёсон зэрэг нь хүнд гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүссэн болохыг нь давхар нотлож байна гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа, бүрэн хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдээлэл өгч, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилсөн тохиолдолд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой бөгөөд шүүгдэгч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад шүүгдэгчийг түлхсэн, зодож цохиогүй гэж мэдүүлж байсан, уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд хэрэглэх боломжтойг дурьдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох хорих ялын дунджаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй байна. Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд бодитой дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь С.З нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө нийт 207 хоног цагдан хоригдсон байх бөгөөд анхан шатны шүүх уг хоногийг 206 хоног гэж тоо, тооцооны шинжтэй алдаа гаргасан байх тул уг алдааг давж заалдах шатны шүүх магадлалаар залруулж шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон нийт хугацааг хорих ялын хугацаанаас нь хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх байдлуудыг үндэслэн шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Б.Б нарын шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгуулах тухай давж заалдах гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах тухай гомдол, прокурор А.О, хохирогчийн өмгөөлөгч Д.А, Э.Г, С.Т нарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай, хохирогч Л.А-гийн шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Б.Б, Д.Б, хохирогч Л.А, түүний өмгөөлөгч Д.А, Э.Г, С.Т нарын давж заалдах гомдол, прокурор А.О-ын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.З-ийн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдсон 207 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 116 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт цагдан хоригдсон 323 хоногийг, хорих ялаас нь хасч тооцсугай.
3. Шүүгдэгч С.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Г.У
Б.Н