| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/04973/И |
| Дугаар | 101/ШШ2023/04669 |
| Огноо | 2023-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/04669
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ц нэхэмжлэлтэй
Хариуцагч:Т.Г- холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар 17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Т.Г-, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Т.Г-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,3250,000 төгрөг нийт 8,250,000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Би Т.Г-той 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрээний хугацаа дууссан боловч мөнгөө төлөөгүй, 2022 оны 6 сар хүртэл сар бүрийн хүүгээ өгсөн. Харин түүнээс хойш өдий хүртэл шаардсан боловч ямар ч мөнгө өгөөгүй тул иргэн Гэрэлт-Одоос зээлүүлсэн 5,000,000 төгрөг ба 13 сарын хүү 3,250,000 төгрөг нийт 8,250,000 төгрөг гаргуулан өгнө үү гэв.
2.Хариуцагч Т.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:миний бие Д.Ц аас 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж аваад 3 сарын хугацаанд хүү 750,000 төгрөгийг төлсөн. Миний бизнес эрсдэлд ороод өөрөө маш их өрөнд орсон. Тийм учраас үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлнө, зээлийн хүү төлөх боломжгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд:зээлийн гэрээ(хх4-5)-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Т.Гэрэлт Одоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,250,000 төгрөгийг нийт 8,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Т.Гэрэлт Од зээлийн гэрээний үүрэгт 3 сарын хүү 750,000 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлнө, зээлийн 3,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
4. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Т.Г-од 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 3 сарын зээлдүүлэхээр, зээлдэгч буцаан төлөхөөр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. (хх4-5)
4.1. Хариуцагч Т.Г- нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн хүү 750,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.
4.2. Зохигчдын хоронд байгуулсан зээлийн гэрээний:
2 дугаар зүйлийн 2.1-д мөнгөн төгрөг 5,000,000 төгрөг;
3 дугаар зүйлийн 3.1.-д гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 сар хугацаатай байна.;
3 дугаар зүйлийн 3.3-д зээлийн хүү 1 сарын 5 хувь байна.
3 дугаар зүйлийн 3.6-д эргэн төлөх нөхцөл: сар бүр хүү төлж хугацааны дараа үндсэн зээлийг төлнө. гэж тохиролцжээ.
5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.", 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
6.Хариуцагч Т.Г- нэхэмжлэгчид гэрээнд зааснаар 3 сарын хүү 750,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 13 сарын хүү 3,250,000 төгрөгийг шаардаж байна.
6.1. Зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон, талууд гэрээг дахин сунгаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү 3,25,000 төгрөгийг шаардах эрхгүй
Иймд хариуцагч Т.Г-оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 52,250 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Т.Г-оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 3,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 52,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ