| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/03751/И |
| Дугаар | 101/ШШ2023/04713 |
| Огноо | 2023-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2023/04713
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Д.М нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,850,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.д, Б.Б-, Д.М-, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Б.Б-, Д.М- нар холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,850,000 төгрөгийг, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Хангай хотхон, 502 дугаар байр 121 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.Х.Г- миний бие Б.Б-той хамт ажилладаг байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сард надаас 1 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг боломжийн хүүтэйгээр эхнэр Д.М- бид хоёрт зээлээч гэж хүссэн. Мөнгө зээлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр бид хоёр байр авахдаа урьдчилгаанд нь мөнгө зээлдүүлэгчээс өндөр хувийн хүүтэй мөнгө зээлсэн юм, тэр мөнгөө өгөхгүй бол болохгүй байна. Эхнэр бид хоёрт дарамттай хэцүү байдлаас салах дээрээ тулаад байгаа тул та надаа туслаач зээлсэн мөнгөө нэг сарын дараа өгнө гэсэн. Би түүний ар гэрийн хүнд байдал хэцүү байгаа юм байна гэж бодоод туслахаар шийдэж 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж болох юм байна гэ бодоод 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 9,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус Хас банкны данснаас Б.Б-гийн дансанд шилжүүлж зээлдүүлсэн.
Зээлдэгч нар нэг сар өнгөрсөн боловч зээлээ төлөхгүй байсан учраас би удаа дараа шаардахад 2022 оны 8 дугаар сард өөрийн эзэмшлийн автомашинаа зарчхаад төлнө гэсэн 9 дүгээр сард ээжийнхээ байрыг зарах зарчхаад зээлээ төлнө гэсэн.
Мөн 2022 оны 10 дугаар сард цалин буухаар өгнө гэж 350,000 төгрөгийг зээлсэн мөн эхнэр бид хоёр 11 сард өөрийн байраа зарахаар шийдсэн зээлсэн бүх мөнгөө эргүүлэн төлнө дахин 10,000,000 төгрөгийг зээлээч гэхэд эхнэр чинь яг тэгж шийдсэн үү гэж асуухад тиймээ бид хоёр тэгж шийдсэн гэсэн учраас Б.Б-гийн Хаан банкны 5076167035 дугаар дансанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөгийг 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн хүүгүй зээлдүүлсэн. Б.Б- 2022 оны 12 дугаар сард надтай уулзан 2,000,000 төгрөг зээлээс эхнэр бид хоёрын байрыг хүн авахаар тохирсон банкны зээлээ төлж байж байраа зарах ёстой юм байна гэсэн учраас 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Б-гийн Хаан банкны 5076167035 тоот дансруу 2,000,000 төгрөгийг шилжүүлэн хүүгүй зээлсэн.Өнөөдрийн байдлаар Б.Б-, Д.М- нарт 22,350,000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Б-той 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уулзаж зээлсэн мөнгө болон хүү болох 500,000 төгрөгийг хамт нийт 22,850,000 төгрөгийг төлөхийг шаардахад Б.Б- өөрийн эзэмшлийн Сүхбатаар дүүрэг, 000 дүгээр хороо, Хангай хотхон 000 дугаар байрны 000 тоотод байрлах орон сууцыг зарж борлуулаад төлнө гэсэн бичиг хийж гарын үсгээ зурж өгсөн ч одоо хүртэл огт төлөөгүй Би дээрх зээлүүдийг гэр бүлийн байдлыг харгалзан үзэж эхнэртэйгээ хамт зээлж байгаа гэсэн учраас өөрийн үр хүүхэд нөхөртөө хэлэлгүй зээлдүүлсэн. Иймд үндсэн зээл 22,350,000 төгрөг , зээлийн хүү 500,000 төгрөг нийт 22,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Нэхэмжлэгч Х.Г- зээлийн гэрээний үүрэгт 22,850,000 төгрөгийг нэхэмжилсэн. Б.Б- 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзаж мөнгө болох хүү нийт 22,850,000 төгрөгийг төлөхөө өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 0000 дүгээр хороо, Хангай хотхон 000 дугаар байрны 000 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлнө гэж тайлбарласан.Иймд Б.Б-, Д.М- нараас зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн 0000 дүгээр хороо, Хангай хотхон 000 дугаар байрны 000 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгөн үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-той хамт ажилладаг байсан. Хариуцагч Б.Б- нь 2022 оны 5 сард нэхэмжлэгчээс 1 сарын хугацаатай хүүтэй зээлээч, эхнэр бид байрны урьдчилгаанд мөнгө зээлүүлдэг хүнээс өндөр хүүтэй зээл аваад хүү нь өсөөд мөнгө хүүлэгч дарамтлаад байна гэсэн. Нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч, 2022оны 5 дугаар сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус Хас банк дахь өөрийн данснаасаа Батхолбоогийн Хас банк дахь өөрийнх нь данс руу нь шилжүүлсэн. Түүнээс хойш 8 дугаар сард өөрийн эзэмшлийн машинаа зараад төлнө, 9 дүгээр сард ээжийнхээ байрыг зараад мөнгийг чинь өгнө хэлсэн.2022 оны 10 дугаар сард цалин буухаар өгье гээд 350,000 төгрөгийг зээлсэн.Тэгээд 11 дүгээр сард өөрийн байраа зарахаар болсон байраа зараад өгье гээд дахин 10,000,000 төгрөгийг зээлсэн. Ингээд Б.Б-гийн данс руу 2022 оны 10 дугаар 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн хүүгүй зээлсэн. Б.Б- 2022 оны 12 дугаар сард Б.Б- дахин 2,000,000 төгрөгийг зээлээч гэхээр байр нь зарагдаад мөнгөө авч чадах юм байна гэсэн бодол төрсөн учраас 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Батхолбоод 2,000,000 төгрөгийг хүүгүй шилжүүлж нийт хариуцагч нараас 22,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Б.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзахдаа үндсэн зээл болон түүний 22,850,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 0000дүгээр хороо Хангай хотхонд байрлах 0000 тоотод байрлах байрыг 2023 оны 3 дугаар сард багтаан зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэсэн бичгийг хийж өгсөн. Энэ байр нь хэдий ипотекийн зээлд байгаа, шаардах эрх нь өөр тусдаа газар байгаа ч гэсэн шаардах эрхийг 100 хувь байгууллага эзэмшээгүй байгаа гэж үзэж байгаа учраас энэ байраар зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Г-гаас хэдний өдөр ямар хэмжээтэй мөнгийг зээлснээ яг сайн мэдэхгүй байна. Х.Г- эгч бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаад 8-9 жил болж байгаа. Урд нь би мөнгө зээлээд хүүтэй болон хүүгүй буцааж өгч байсан.Тийм учраас өнөөдрийг хүртэл энэ их хэмжээний мөнгийг надад итгэж өгч байсан байх гэж бодож байна. Тухайн үед ингэж хэлж авч байснаа мэдэхгүй байна.Надад ийм асуудал байгаа учраас та надад мөнгө зээлээч гэсэн зүйл яриагүй гэж бодож байна. Намайг 3 сард ажлаасаа гарахад Гэрлээ эгч дуудаад маш их загнаад бичиг хийж өг гэж хэлэхэд нь би бичиг хийж өгсөн. Үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгө гаргуулах тал дээр хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бид хоёрын хамтран эзэмшдэг орон сууц, зээл нь миний нэр байдаг. БИ 22,350,000 төгрөгийг, хүү 500,000 төгрөгийг нийт 22,850,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
4.Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б- нэхэмжлэгчээс мөнгө зээлж байсныг би мэдээгүй, шүүхээс миний нэр дээр зарлан дуудах хуудас ирснээр би ийм их өртэй гэдгийг мэдсэн.Нөхөр Х.Г-гаас мөнгө зээлж авсан талаар надаа хэлээгүй.Хангай хотхоны байрыг зарж зээлийг төлүүлнэ гэж шаардсан байна. Би 2 хүүхэдтэй, нэг нь цэцэрлэгт явдаг, нөгөө нь дунд сургуулийн сурагч. Энэ байр бидний гэр бүлийн өмч. Хэрвээ үүргийн гүйцэтгэлийг энэ байр хангуулбал бид 3 гудамжинд гарах юм байна. Тэр үедээ Гэрэлтуяагаас мөнгө авсан, энэ мөнгийг энэ хүнээс хэдэн төгрөг авлаа, энэ мөнгөөр амьдралаа ингэе, тэгье гэж надтай огт зөвлөлдөж байгаагүй. Би Б.Б-гоос мөнгө авч байгаагүй учраас энэ зээл надтай ямар ч холбоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл(хх5),Хас банкны дансны хуулга(хх1012,98-102) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
6.Хариуцагчаас шүүхэд: итгэмжлэл(хх51) баримтыг гаргаж өгсөн.
7.Зохигчийн хүсэлтээр шүүхээс: Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа(хх79)-г бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г- хариуцагч Б.Б-, Д.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,350,000 төгрөгийг, зээлийн хүү 500,000 төгрөгийг нийт 22,850,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 000 дүгээр хороо, Хангай хотхон 000дугаар байр 000 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэмэгдүүлсэн.
Хариуцагч Б.Б- зээлийн гэрээний үүрэгт 22,350,000 төгрөгийг, зээлийн хүү 500,000 төгрөгийг нийт 22,850,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин Үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Д.М- зээлдүүлэгч Х.Г-тай зээлийн харилцаанд ороогүй, үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
8. Зээлийн гэрээний үүрэгт 22,850,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
8.1. Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Б.Б-д 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 10 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөгийг, 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр, зээлдэгч буцаан төлөхөөр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
8.2. Нэхэмжлэгч Х.Г- нь Хас банкны 50000 данснаас 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөгийг, 5 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны 500000 данснаас хариуцагч Б.Б-гийн 500000 дансанд 350,000 төгрөгийг, 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг, зээлдүүлэгчийн Хас банкны 00000 данснаас зээлдэгчийн Хаан банкны 0000 дансанд 12 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгийг нийт 22,350,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. (хх8-10,12,98-102) Дээрх үйл баримтад хариуцагч Б.Б- маргаагүй.
8.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
8.4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ." гэж зааснаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохигчдын хооронд 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэхээр тохирсон хэдий ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй.
8.5. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.Б- нь ...10,000,000 төгрөгийн зээлийн хүү 500,000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү төлөхийг зөвшөөрсөн гэж үзэв.
8.6. Иймд хариуцагч Б.Б-гоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22,350,000 төгрөгийг, зээлийн 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Г-д олгох зүйтэй гэж үзэв.
8.7. Хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас үзэхэд хариуцагч Д.М- нэхэмжлэгч Х.Г- нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Иймд хариуцагч Д.М-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
9.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 000 дүгээр хороо, Хангай хотхон 00 дугаар 000 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэмэгдүүлсэн.
9.2. Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
9.3. Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Б.Б- нарын хооронд зээлийн харилцаа үүсэж, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
9.4. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна., 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана., 156.3.-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.гэж заажээ.
9.5.Зохигчид зээлийн гэрээний үүргийг үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батхолбоогоос улсын тэмдэгтийн хураамж 342,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22,350,000 төгрөгийг, зээлийн хүү 500,000 төгрөгийг нийт 22,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Г-д олгож, хариуцагч Д.М холбогдох шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 342,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.3 д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/15991 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4.Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ