| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2023/04737/И |
| Дугаар | 184/ШШ2023/03945 |
| Огноо | 2023-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2023/03945
| 2023 10 24 | 184/ШШ2023/03945 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* тауэр барилга, 403 тоот хаягт оршин суух, “******* ******* ББСБ” ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, ******* 22 гудамж, 92 тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 11 дүгээр байр, 8 дугаар орц, 0 тоот хаягт оршин суух, Боржигин овогт *******ын ******* /регистрийн дугаар:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,583,463.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,583,463.43 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ04-2210073 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,349,900 төгрөгийг сарын 2,89 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлээр “******* смарт” ХХК-иас А53 загварын гар утас худалдан авч нэмэлтээр ЗГ-04-2210073 тоот гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хуучин зурагт барьцаалсан. Гэрээний хугацаанд Д.******* нь үндсэн зээлд 102,030.81 төгрөг, зээлийн хүүд 57,716.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 252.64 төгрөг, нийт 160,000 төгрөг төлсөн. Гэвч үүнээс хойш зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад зааснаар эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 264 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй холбогдож зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж, үүрэг зөрчигдөж байгаа талаар сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зохих ёсоор удаа дараа мэдэгдсэн боловч зээл төлөлт хийгдээгүй. Иймд Д.*******гаас үндсэн зээл 1,247,869.19 төгрөг, хүү 313,010.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,583.50 төгрөг нийт 1,583,463.43 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэв.
2. Хариуцагч тал шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Г.д олгосон итгэмжлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-04-2210073 дугаартай “Гар утас, цахилгаан бараа барьцаалсан зээлийн гэрээ”, Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.*******гийн ажлын байр түрээслэх гэрээ, Д.*******гийн зээлийн өргөдлийн маягт, “************** ББСБ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Зээл эргүүлэн төлөх тухай мэдэгдэл”.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1.Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,583,463.43 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ-04-2210073 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.*******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,247,869.19 төгрөг, 313,010.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,583.50 төгрөг нийт 1,583,463.43 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Д.******* нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хугацааг 264 хоногоор хэтрүүлсэн” гэж тайлбарласан.
3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Д.*******д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг мөн тайлбарлаж өгсөн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
5.Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагч Д.*******д бичгээр болон утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
6.Дээрх тохиолдолд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв гэж үздэг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, түүний эзгүйд шийдвэрлэх үндэслэл болдог. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заажээ.
7.Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ-04-2210073 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,349,900 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 2,89 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. / хх 8-11 дүгээр тал/
8. Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 1,583,463.43 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.******* нь уг мөнгийг төлсөн болохоо нотлоогүй, хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь зүйтэй байна.
9. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-04-2210073 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 40,290 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 40,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг тус тус баримтлан Д.*******гаас 1,583,463.43 төгрөгийг гаргуулан “************** ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 40,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР