Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/04767

 

 

 

 

 

 

 

2023 11 01

101/ШШ2023/04767

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Д-д холбогдох,

 

11,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Э.Э миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20660 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд үндэслэх хэсэгтээ ... нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байна...тус мөнгийг гэр бүл болох зорилгогүйгээр өгсөн эсхүл гэр бүл болох зорилготой байсан ч тус зорилгодоо хүрээгүй гэж үзэж хариуцагчаас нэхэмжилж байгаа эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой гаргах шаардлагатай түүнчлэн нийт 11,860,000 төгрөгийг хэзээ, ямар зориулалтаар өгсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна... гэсний дагуу нэхэмжлэгч миний бие нэхэмжлэл гаргаж байна. Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж дахин тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

Э.Э миний бие Г.Дтэй 2017-2020 онд хувийн харилцаатай /гэр бүл болох зорилгогүй/ байх үед Г.Д нь урдаас буюу БНХАУ-с бэлэн хувцас оруулж ирж зардаг, наймаа хийдэг байсан бөгөөд тухайн үед буюу 2018.06.15-ны өдрөөс 2019.12.25-ны хугацаанд тэрээр надаас ...ойр зуурын хэрэгцээнд мөнгө хэрэгтэй байна, урдаас бараа татах гэсэн мөнгөгүй болоод байна, эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, бараагаа эргэлдүүлээд надаас авсан мөнгөө буцааж өгнөө... гэсний дагуу миний бие түүнд мөнгөний хэрэгцээнд нь зориулж, цувуулж 2018.06.15-ны өдөр 65,000 төгрөг, 2018.08.02-ны өдөр 385,000 төгрөг, 2018.08.15-ны өдөр 200,000 төгрөг, 2018.08.22-ны өдөр 200,000 төгрөг, 2018.08.31-ны өдөр 300,000 төгрөг, 2018.09.15-ны өдөр 350,000 төгрөг, 2018.10.03-ны өдөр 200,000 төгрөг, 2018.11.01-ны өдөр 500,000 төгрөг, 2018.11.30-ны өдөр 600,000 төгрөг, 2018.12.15-ны өдөр 580,000 төгрөг, 2018.12.29-ны өдөр 600,000 төгрөг, 2019.03.07-ны өдөр 3,800,000 төгрөг, 2019.05.20-ны өдөр 190,000 төгрөг, 2019.06.15-ны өдөр 190,000 төгрөг, 2019.06.28-ны өдөр 50,000 төгрөг, 2019.10.27-ны өдөр 50,000 төгрөг, 2019.12.25-ны өдөр 3,300,000 төгрөг нийт 11,860,000 төгрөгийг Г.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5916*****6 тоот данс болон 5913*****6 тоот данс руу тус тус шилжүүлсэн.

Дээрх байдлаар Г.Д нь надаас мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэл надад буцааж ямар ч мөнгө төлөөгүй байгаа бөгөөд миний бие 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл түүнтэй гар утсаар холбогдож түүнээс өгсөн мөнгөө буцааж өгөхийг шаардсаар ирсэн. Гэвч Г.Д нь надад ...чамаас авсан мөнгөө буцааж өгнөө, гэхдээ надад одоохондоо мөнгөний боломж гарахгүй байна, хэд хоногоос өгье... гэх тайлбарыг хэлсээр өнөөдрийг хүрсэн. Миний хувьд өөрийн Хаан банкны эзэмшлийн Данснаас Г.Дгийн данс руу дээрх хэмжээний мөнгийг шилжүүлсэн. Г.Д нь надаас дээрх цувуулж авсан мөнгөө анх буцааж өгнөө гэж хэлж авч байсан боловч өгөхгүй байгаа нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм.

Нэхэмжлэгчээс Г.Дгийн данс руу шилжүүлсэн үйл баримт байгаа. Г.Дтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хүмүүс биш тул Г.Дд мөнгө өгөх шаардлагагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр хариуцагчаас 11,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн үед буцааж өгнө гэдэг байдлаар авсан тул Э.Э мөнгө шилжүүлсэн байдаг. Хэрэв буцааж өгөхгүй байсан бол хөдөлмөрлөж олсон мөнгөө хүнд зүгээр өгөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүрэг шаардаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан ерөнхий хугацаа 10 жилийн хугацаагаар тоологдоно. Дд шилжүүлж өгч байсан мөнгөө шаардаж байгаа.

Тухайн үед Г.Дгийн нөхөр нь хөдөө явдаг байсан. Хамт амьдарсан гэх ойлголт бол байхгүй. Ирж очин байсан. Г.Д нь наймаа хийдэг байсан. Э.Э тов оврын ачааны машин барьдаг байсан. Эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, буцаагаад өгнө гээд авсан.

Тухайн үед мөнгөний хэрэгцээ гараад гуйхаар нь өгч байсан. Нөхөр нь биш тул мөнгө өгөх ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Мөнгө шилжүүлэх талаар харилцсан нотлох баримт байхгүй.

Нэхэмжлэгчээс Г.Дгийн данс руу шилжүүлсэн үйл баримт байгаа. Дтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хүмүүс биш тул Г.Дд мөнгө өгөх шаардлагагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.. гэв.

 

2. Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Я.Д нь Э.Эгийн нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Би 2016 онд Э.Этай танилцаж хамт амьдарч эхэлсэн. Бид 2017 оноос Улаанбаатар хотод шилжин ирж 2 өрөө байрыг сарын 400.000 төгрөгөөр хамтдаа түрээсэлж амьдарсан. Эгийн нэхэмжлэлд байгаа 11,860,000 төгрөгийг бид хамт амьдарч байхдаа гэр бүлийн ахуйн хэрэглээнд зарцуулсан. Э.Э нь надтай 2017 оноос 2020 оны 4-р сар болтол хамт амьдрах хугацаанд нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй.

2020 оны 4-р сар хүртэл хэвийн амьдралтай байж байгаад хамт ажиллаж байсан Б гэгч хүүхэнтэй дотносож хамт амьдран гэж хэлээд хаяад явсан. 5 жилийн хугацаанд нөхөртэй хүн гэж амьдарч байсан надад маш хүнд туссан. 2017 оноос 2020 оны 4 сар хүртэл амьдарч байх хугацаанд байрны түрээс өдөр тутмын хэрэглээ хоол, унааны мөнгө, утасны төлбөр зэрэг мөнгө нь бүгд надаас гардаг байсан. Хамт амьдрах хугацааны байрны түрээс л гэхэд сар 400.000 төгрөг гэж бодоход 15.600.000 сая төгрөг болно. 2018 онд Э.Эг том тэрэгний сургалтад суулгаж төлбөрийг нь би төлж байсан. Нэхэмжлэгчийн надад өгсөн гээд байгаа мөнгийг тухайн үед өрхийн хэрэглээндээ зарцуулсан болно. Намайг удаа байна. дараа залгаж мөнгө өгнө гэж хэлсэн мэтээр гүтгэж ор мөргүй худал зүйл бичсэн байна.

Хамт амьдарч байхдаа хэрэглэсэн зүйлээ надаас нэхэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. бидний хооронд үүссэн харилцаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу хөрөнгө олж авсан гэх үндсэн шинж огт байхгүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэргийг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

Хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д нь Этай Хөвсгөл аймагт 2016 оноос хамт амьдарч эхэлсэн. 2017 оноос Улаанбаатар хотод ирээд 400,000 төгрөгөөр 2 өрөө байр түрээсэлж эхлээд 2020 он хүртэл хамт амьдарсан. Байрны түрээс, гар утасны төлбөр, хоол унааны мөнгө нь бүгд Г.Дгээс гардаг байсан. Э.Э нь хайр гэсэн гүйлгээний утгаар гүйлгээ хийсэн байдаг тул хамт амьдарч байх хугацаандаа хэрэглээний мөнгө л өгч байсан. Шаардах эрхгүй гэж тайлбар өгсөн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Э.Э нь бичиг баримтгүй гээд Г.Дгийн дансыг ашиглаж байсан. Дгээс орж ирсэн мөнгийг хэрэгцээндээ зарцуулаад, дараа нь буцааж хийж байсан. Г.Д нь Э.Эг сургалтад суулгаад, том тэрэг бариулдаг болсноос хойш Э.Э нь өөр хүнтэй болсон. Энэ мөнгийг бол тухайн үед амьдрал ахуйдаа зарцуулсан.

Амьдрал ахуйдаа зарцуулсан мөнгө байгаа. Байрны түрээс 5,260,000 төгрөг шилжүүлсэн байхыг харахад гэр бүлийн харилцаатай байсан. Нэхэмжлэгчээс СӨХ-ны мөнгийг өгч байсан гэж яриад байна. Үүнээс харахад хамтын амьдрал байсан гэж үзэхээр байна. 2019 оноос хойш мөнгөө авах талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Д нь Эг сургалтад суулгаад ажилтай болгож өгсөн. Тухайн үед хэрэгцээнд ашигласан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 3-22, 37-49 хуудас авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,

хариуцагчаас 50-93 дугаар хуудсан авагдсан баримтуудыг гаргаж өгсөн,

шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Г.Д-д холбогдуулан 11,860,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ буцааж өгнө гэж наймаанд мөнгө хэрэгтэй гэж авсан, хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул өгсөн мөнгөө буцаан шаардаж байна гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, 2017 оноос нэхэмжлэгчтэй хамт амьдарч гэр бүлийн харилцаатай байж нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж дууссан, өнгөрсөн хугацаанд мөнгө шаардаж нэхээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

4. Нэхэмжлэгч Э.Эгийн Хаан банкин дахь 5753****26 тоот данснаас нийт 11,860,000 төгрөгийг Г.Дгийн Хаан банкин дахь 5916*****6 тоот данс болон 5913*****6 тоот данс руу тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдох боловч уг мөнгийг буцаан шаардах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх-38-49/

Нэхэмжлэгч нь эдгээр мөнгийг зээл гэж шаардаагүй атлаа хариуцагчийг буцаан өгнө гэж авсан гэж тайлбарлаж байгаа нь учир зүйн уялдаагүй, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх боловч шилжүүлсэн дээрх мөнгийг буцаан шаардах болсон үндэслэл, анх ямар зорилгоор шилжүүлсэн талуудын хүсэл зориг тодорхой тогтоогдохгүй байна.

Гүйлгээний утгад голчлон or, xair hair гэж бичсэнийг талууд орлого, хайр гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар наймаанд мөнгө хэрэглэхээр авсан гэж дүгнэх үндэслэлгүй, бэлэн хувцасны наймааны эргэлтийн мөнгөний зориулалтаар хариуцагч нь мөнгийг аваад нэхэмжлэгчид буцааж өгнө гэж тохирсон үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эр эмийн хувийн харилцаатай байсан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2018-2019 онд нийт 17 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгийг тэдний хооронд ямар нэг үүрэг үүсээгүй, буцаан шаардах эрхтэй гэж үзэхгүй юм.

Тэдний хоорондын хувийн харилцааны хүрээнд хэрэглээний мөнгө шилжүүлж байсан талаар хариуцагч тайлбарлаж, банкны дансны хуулга баримт гаргасан нь тэдний хувийн харилцаатай байсныг нотолж байна.

Иймээс нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч эхлээд ямар зорилгоор хариуцагчид 17 удаагийн гүйлгээгээр 11,860,00 төгрөгийг шилжүүлснээ нотлох үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй тул хариуцагч Г.Д-д холбогдох 11,860,000 төгрөг гаргуулах Э.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хариуцагч маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар тодорхойлж байгаа тул хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаанд хамаарна гэж үзлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 204,710 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Д-д холбогдох 11,860,000 төгрөг гаргуулах Э.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ