Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

Б.Ц-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/244 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч  прокурор Б.О-ийн гаргасан эсэргүүцлээр Б.Ц-д холбогдох 2016000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 6, аав, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, ДЛ................. регистрийн дугаартай, Ц овогтой Б. Ц.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Алтай захын подвальд гар утас, сэлбэгийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч Н.Д-ээс Самсунг А-6 маркийн гар утсыг дагалдах хэрэгслийн хамт худалдан авахаар хайрцагт хийлгэн бэлдүүлэн, хуурч төөрөгдөлд оруулж хайрцагт өөрийн хуучин Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсаа хийн 280.000 төгрөгийн үнэтэй шинэ Самсунг А-6 маркийн гар утсыг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч Ц овогтой Б. Ц-д холбогдох 2016000000103 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол өсвөр насны яллагдагч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өсвөр насны яллагдагч Б.Ц нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Алтай захын подвалд гар утас, сэлбэгний үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт суух Н.Д-ээс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим Самсунг А-6 маркийн гар утсыг дагалдах хэрэгслийн хамт худалдан авахаар хайрцагт хийлгэн бэлдүүлэн хуурч төөрөгдөлд оруулж хайрцагт өөрийн хуучин Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсаа хийн 280.000 төгрөгийн үнэтэй шинэ Самсунг А-6 маркийн гар утсыг шилжүүлсэн авсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Тус Прокурорын газраас өсвөр насны яллагдагч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2016000000109 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

          Шүүгчийн захирамжид “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Б.Ц нь хохирогчид гар утсыг худалдан авах гэсэн сэтгэгдэл төрүүлж хайрцаганд хийлгэсэн бөгөөд улмаар дахин эд зүйл авна гэж хэлээд хохирогчийг цаашаа харж эд зүйлийг авч өгөх хооронд хайрцаганд хийсэн байсан шинэ гар утсыг авч, оронд нь хуучин гар утсаа хийж, улмаар картнаас мөнгө аваад ирье гэж хэлээд явсан байна. Энэ хооронд хохирогч гар утсаа Б.Ц-д алдсанаа мэдээгүй бөгөөд Б.Ц-ыг мөнгөө авч ирэхгүй болохоор хайрцаганд хийсэн гар утсаа буцааж лангуун дээр тавих гэтэл өөрийн худалдаж байсан гар утас байхгүйг мэджээ.

          Өөрөөр хэлбэл хохирогч нь гар утсаа хуурч мэхлэгдэн, төөрөгдөлд орж Б.Ц-д сайн дураараа шилжүүлэн өгөөгүй бөгөөд яллагдагч нь хохирогчид мэдэгдэлгүйгээр цааш харж байхад нь нууцаар уг гар утсыг авсан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         ...Санкцын хувьд хулгайлах гэмт хэрэгт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялын дээд хэмжээ нь залилах гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээнээс их байх тул шүүхээс Б.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          ...Өсвөр насны яллагдагч Б.Ц-д холбогдох 2016000000103 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ... ”гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хууль ёсны гараагүй байна.

 

Залилах гэмт хэргийг хулгайлах гэмт хэрэг, дээрэмдэх гэмт хэрэг зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс үйлдлийн аргаар нь ялгаж зүйлчилнэ. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр илээр, дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заасан гэмт хэргийг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтлох, залилах гэмт хэргийг хуурах, итгэл эвдэх аргаар тус тус үйлдэгддэг.

 

Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхлэж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар өсвөр насны яллагдагч Б.Ц нь хохирогч Н.Д-ийн гар утас, сэлбэгний дэлгүүрт анх орж ирэхдээ гар утасны үнийг төлж худалдан авах санаа зорилгогүй атлаа худалдагчид гар утсыг худалдан авах мэт сэтгэгдэл төрүүлэн бэлдүүлж өөртөө шилжүүлэн авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Харин шүүх өсвөр насны яллагдагч Б.Ц-ын үйлдлийн сэдэлт, санаа зорилго хохирогчтой харилцсан үйл баримтад огт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн гар утсыг авсан мөчид дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.

Прокуророос өсвөр насны яллагдагч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2016000000109 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “2016000000103” дугаартай хэргийг хэлэлцэж, тодорхойлох хэсэгт “2016000000103” дугаартай хэргийн талаар дүгнэлт хийж, захирамжлах хэсэгт “өсвөр насны яллагдагч Б.Ц-д холбогдох 2016000000103” дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь эрүүгийн ямар хэргийг прокурорт буцаасан нь тодорхойгүй шүүхийн шийдвэр ойлгомжгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул өсвөр насны яллагдагч Б.Ц-д холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 244 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Залилах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэн аргаараа хулгайлах гэмт хэргээс ялгагддаг. Өсвөр насны шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн гар утсыг нууцаар, хохирогчид мэдэгдэлгүйгээр, хууль бусаар авсан байх тул хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Залилах гэмт хэргийн субьектив санаа анх дэлгүүрт орж харилцан яриа болохоос өмнө санаа зорилго нь тухайн гэмт хэргийг гүйцэтгэх үүргээ бий болгосон байх ёстой. Гэтэл энэ хүн утас үзэж байгаад хуучин утсаа шинэ утасны хайрцагт хийж буцаад гарч явсан. Тийм учраас залилах гэмт хэргийн санаа зорилго байхгүй. Энэ хэрэг үйлдэл хийхээс өмнө санаа зорилго ямар байсан нь хэргийн материалаас харагдахгүй байна. Тэгэхээр өмнө гаргасан саналаа дэмжиж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэжээ.

 

                                                  ХЯНАВАЛ:

 

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос өсвөр насны яллагдагч Б.Ц-ыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Н.Д-ийн 280 000 төгрөгийн үнэтэй самсунг А-6 маркийн гар утсыг залилаж  авсан гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц нь хохирогч Н.Д-ийн лангуун дээрээс утас худалдаж авна гэж хэлж, самсунг А-6 маркийн шинэ гар утас үзэж байгаад хохирогч Н.Д-г уг утасны цэнэглэгчийг авч өгөхөөр цааш харж байх хооронд хохирогчид мэдэгдэлгүйгээр уг самсунг А-6 маркийн шинэ гар утасыг авч, хайрцаганд нь өөрийнхөө хуучин гар утсыг хийж орхиод бэлэн мөнгөний машинаас мөнгө авч ирээд утас авна гэж хэлээд явсан байна. Хохирогч Н.Д нь Б.Ц өөрийнх нь зарах гэж байсан шинэ гар утасны хайрцаганд хуучин утсаа хийж орхиод шинэ утсыг нь авч явсныг хэдэн цагийн дараа хайрцагийг нээж үзээд мэдсэн байна. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Харин өсвөр насны шүүгдэгч Б.Ц-ын уг үйлдлийг анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч, хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн шинжийг агуулж байдаг бол залилах гэмт хэрэг нь бусдыг хуурах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, эсхүл итгэлийг нь урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

Өөрөөр хэлбэл хулгайлах, залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу хариу төлбөргүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өөрийн мэдэлд авч, буцааж өгөхгүй байх, уг зүйлээс ашиг олох санаа зорилготой байдгаараа нийтлэг шинжтэй.

Харин хулгайн гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авсан байдаг бол залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хуурч мэхлэх, итгэлийг эвдэх, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар  өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр, илээр түүний эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан байдгаараа ялгаатай.   

Тиймээс өсвөр насны шүүгдэгч Б.Ц-ын уг үйлдэл нь залилах гэмт хэргээс илүү хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой.

         

Тухайлбал прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.3 дахь хэсэгт заасан “хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх”, 1.5 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг зөв хэрэглэсэн эсэх” зэргийг хянах шаардлагыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өсвөр насны шүүгдэгч Б.Ц-д холбогдох 2016000000109 дугаар эрүүгийн хэргийг 2016000000103 дугаар эрүүгийн хэрэг гэж бичиж тооны шинжтэй техникийн алдаа гаргасан байгааг дурьдах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өсвөр насны яллагдагч Б.Ц-д холбогдох 2016000000109 дугаар эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаах тухай 244 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.Ж

 

                             ШҮҮГЧИД                             Ш.Б

                                                                               

                                                                           Ч.Э