Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2015/02186/и |
Дугаар | 001/ХТ2016/00644 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2016/00644
С.Базарсадын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8983 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 365 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч С.Базарсадын нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Батрэгзэдмаад холбогдох,
Гэрээний үүрэгт 8.358.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн гэрээгээр эргүүлэн төлөх 8.680.000 төгрөг, нэр төр, сэтгэл санааны төлбөрт 10.000.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн өмгөөлөгч С.Баясгалан, Н.Тайван нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсүлд, хариуцагчийн өмгөөлөгч С.Баясгалан, Н.Тайван, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр С.Базарсад нь Б.Батрэгзэдмаатай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан гүйцэтгэгч тал болох С.Базарсад нь захиалагч тал болох Б.Батрэгзэдмаагийн “Алтан эрин” романыг монгол хэлнээс англи хэлрүү хөрвүүлэх ажлыг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч тал ажлын гүйцэтгэлийн нийт төлбөрт 14 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс урьдчилгаа төлбөрт 7 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон.Төлбөрийг тооцохдоо “times new roman 12” хэмжээтэй нэг хуудас текстийг 40 000 төгрөгөөр тооцсон. Би нийт 329 орчуулгын материал хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасан хугацаанд захиалагч тал романы нэр болох “Алтан эрин”-ийг “Очир эрхшээгч” гэж өөрчилсөн. Орчуулгын ажлыг гүйцэтгэх явцад захиалагч талтай амаар тохиролцсоны дагуу нэг удаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 26 хоногоор гэрээний хугацааг сунгасан.Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох “Алтан эрин” роман 6 бүлэг, 329 хуудас бүтээл байсан. “Алтан эрин” роман 6 бүлэг, 329 хуудсыг монгол хэлнээс англи хэлрүү хөрвүүлэхэд нийт 310 хуудастай бүтээл болсон бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1-р бүлэг, бусад бүлгүүдийг 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Батрэгзэдмаад электрон шуудан хэлбэрээр хүлээлгэн өгсөн. Гэрээний 3.2-т захиалагч тал 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр 7 000 000 төгрөгийг төлөх үүргээ зөрчсөн. Гэрээний 6.1-д захиалагч нь гэрээнд заасан журмын дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан бөгөөд захиалагч тал болох Б.Батрэгзэдмаа нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 7 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй нийт 97 хоног хугацаа хэтрүүлээд байгаа тул 97 хоногийн алдангид 1 358 000 төгрөг төлөх үүрэгтэй.Иймд Б.Батрэгзэдмаагаас 8 358 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Базарсад нь зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа миний нэр төрд халдсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Мэргэжлийн орчуулагч нэрээр хэл шинжлэлийн салбарын мэргэжлийг ашиглан надтай гэрээ байгуулж, миний “Алтан эрин” буюу “Очир эрхшээгч” романыг маань орчуулна хэмээн 14 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа 7 000 000 төгрөгийг аваад мэргэжлийн үнэлгээ хийх боломжгүй, хуурамч орчуулгыг өгсөн.Энэ байдлыг өөрт нь харуулж, хүлээн зөвшөөрүүлж, гэрээний хавсралт үйлдэж урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгөхөөр болсон. Гэвч мөнгө өгөхгүй олон хоног зугтааж, олдохгүй байсан тул залилан мэхэлж, мөнгө авсан гэж цагдаагийн байгууллагад хандсан.Гэтэл С.Базарсад нь дахин үйлдсэн хавсралт гэрээг орхигдуулан шүүхэд гүжирдлэгийн шинжтэй нэхэмжлэл гаргасан байна. Намайг илт гүтгэж, миний нэр төрд халдсан тул өөрийн нэр төрийг сэргээж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа миний бие өөрийн бүтээл “Алтан эрин” буюу “Очир эрхшээгч” романаа англи хэл дээр орчуулуулахаар С.Базарсадтай 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. С.Базарсад нь утга зохиолын мэргэжлийн орчуулга хийнэ хэмээн өөртөө итгүүлэн үнэмшүүлж зах зээлийн ханшнаас 1 дахин илүү үнэ болох нэг хуудас орчуулгыг 40 000 төгрөгөөр тооцон 14 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа 7 000 000 төгрөгийг гэрээнд тусгагдсанаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэгч тал ажил хүлээлгэн өгөх ёстой тул С.Базарсадын орчуулгыг нэхэн авсан.Гэтэл гүйцэтгэгч тал болох С.Базарсад нь орчуулж дуусаагүй ажил авчирч өгсөн бөгөөд миний бие өөрийн бүтээлийн “Очир эрхшээгч projekt”-ийнхоо орчуулгын хяналтын зөвлөлөөр хагас дутуу орчуулгыг хянуулахад ноцтой зөрчил илрэн “англи хэлний суралцагчдын хэмжээнд хийж яваа утга зохиолын мэргэжлийн орчуулга найруулга огт биш, хэлний боловсролын наад захын чадамж болох өгүүлбэрийн зохион байгуулалтын ноцтой алдаатай, цаашилбал зохиолын орчуулгын өгүүлбэрүүдийг хураангуйлж өөрийнхөөрөө дур мэдэн хассан, хаяж орчуулсан, редакторын засвар огт хийгдээгүй зэрэг авах юмгүй орчуулга болохыг” орчуулгын зөвлөл надад мэдэгдсэн.С.Базарсадыг дуудан ирүүлж, орчуулгын зөвлөлийн дүгнэлт болон орчуулагч З.Солонгоогоор С.Базарсадын орчуулгын 10 хуудасны алдааг хянуулан өөрт нь үзүүлж, мөн хэлний доктор Э.Чинбатын дүгнэлтийг хэлж, гүйцэтгэгч тал мэргэжлийн хүмүүсийн өмнө орчуулгын ноцтой алдаагаа хүлээн зөвшөөрч, романы хяналтын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх тал С.Базарсадтай гэрээнд тусгагдсан, Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасны дагуу харилцан зөвшөөрөлцөн гэрээний 8.4-т зааснаар урьдчилгаа мөнгөө гүйцэтгэх талаас эргүүлэн авах, өмнөх гүйцэтгэлийн гэрээг ажлын шаардлага хангаагүйн улмаас ажлын гэрээг цуцлан гэрээнд гарын үсэг зуралцсан.Энэ үед С.Базарсад нь мөнгөө эргүүлж төлөхөд 2 сарын хугацаа өгнө үү гэж гуйсан тул гэрээний хавсралтыг хийх үедээ түүнд 2 сарын хугацаа олгосон. Гүйцэтгэх тал С.Базарсадтай анх хийсэн гэрээний 8.4, гэрээнд дахин өөрчлөлт оруулах “6.3-д заасны дагуу орчуулгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй, ноцтой зөрчил илэрсэн тул ажлын гүйцэтгэлийг цуцалж, гүйцэтгэх тал С.Базарсад нь урьд авсан урьдчилгаа болох 7 000 000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор захиалагч тал болох Б.Батрэгзэдмаад эргүүлэн төлөх болов” хэмээн төлбөрийн гэрээг нэмж байгуулан гарын үсэг зурсан. Гэрээгээр эргүүлэн төлөх 7 000 000 төгрөг, алданги 1 680 000 төгрөг, нийт 8 680 000 төгрөгийг С.Базарсадаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Монгол улсын шүүхэд миний нэр дээр хавтаст хэрэг нээгдсэнд гомдолтой байгаа бөгөөд хилс гүтгэлгийн улмаас сэвтэж буй миний нэр төр, сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгч С.Базарсад нь хариуцагч Б.Батрэгзэдмаагийн нэр төрд халдаагүй. Б.Батрэгзэдмаа сөрөг нэхэмжлэлд “Монгол улсын шүүхэд миний нэр дээр хавтаст хэрэг нээгдсэнд гомдолтой байгаа бөгөөд хилсээр гүтгэлгийн улмаас сэвтэж буй миний нэр төр, сэтгэл санааны хохирол учруулсны төлбөрт 10 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй.Учир нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч С.Базарсад, Б.Батрэгзэдмаатай “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан бөгөөд гэрээтэй холбоотой маргаантай асуудлыг Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж гэрээний 8.6 дахь заалтаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч С.Базарсад 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Ажил гүйцэтгэх” гэрээтэй холбогдуулан гэрээний 8.6 дахь заалтын дагуу шүүхэд Б.Батрэгзэдмаагийн эсрэг нэхэмжлэл гаргасан тул хууль зөрчсөн, Б.Батрэгзэдмаагийн нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл биш гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8983 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Батрэгзэдмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Базарсадын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1 6, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батрэгзэдмаагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 7.000.000 төгрөгийг ханган, нэхэмжлэгч С.Базарсадаас 7.000.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Батрэгзэдмаад олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батрэгзэдмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох алдангийн 1.680.000 төгрөгийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч С.Базарсадаас 1.680.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Батрэгзэдмаад олгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг удирдлага болгон хариуцагч Б.Батрэгзэдмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох нэр төр сэтгэл санааны хохирлын төлбөр 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 149.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 328.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч С.Базарсадаас 150.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Батрэгзэдмаад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 365 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8983 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Батрэгзэдмаад холбогдуулан гаргасан 8.358.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Базарсадын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж 2 дахь заалт болгож “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Базарсадаас 7 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Батрэгзэдмаад олгож, 7 000 000 төгрөгийг гаргуулах Б.Батрэгзэдмаагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 дахь заалт болгож, 3 дахь заалтын “...497 дугаар зүйлийн 497.1...” гэсэн хэсгийг хасч, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй тухай гомдлыг хүлээж авах боломжгүй” гэж нэхэмжлэгчийн гаргасан гомдлын агуулгыг зөвхөн нэхэмжлэгч, өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчөөгүй хэмээн дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-ыг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 167.1.2-ыг баримтлан хэргийн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хууль зүйн үндэслэлтэй юм.Түүнчлэн “шүүх хуралдааны товыг албан ёсоор 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн, шүүх хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэжээ” хэмээн дүгнэн үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Учир нь С.Базарсад нь 2015 оны 03 дугаар сарын 09 өдрийн итгэмжлэлээр Т.Мөнхсүлдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг нэг жилийн хугацаатайгаар олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч авах” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж, С.Базарсадын өмгөөлөгчөөр Б.Алтанхуяг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгсөн. Дээрхи нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Базарсадын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, өмгөөлөгч Б.Алтанхуяг нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой юм.Нэхэмжлэгч С.Базарсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах хүсэлтийг бичгээр мэдэгдээгүй тул нэхэмжлэгч төлөөлөгч Т.Мөнхсүлдээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан “нэхэмжлэгч хуралдааны товтой 2015 оны 12 сарын 15 өдөр мэдэгдсэн гэх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.2, 77.1, 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана гэх журмыг баримтлан хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, өмгөөлөгч Б.Алтанхуягт шүүх хуралдааны товыг танилцуулсан гэж үзэх баримт болох бололцоогүй юм....Орчуулгын гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэсэн бичгийн баримтад “гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу орчуулгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцлан хааж, орчуулагч С.Базарсад нь урьдчилгаа 7 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор захиалагч зохиолч Б.Батрэгзэдмаад эргүүлэн төлөх болов” гэж орчуулагч С.Базарсад хүлээн зөвшөөрсөн гэж зохигчид гарын үсэг зурсан байна.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг түүний үгийн шууд утгыг анхаарах учиртай. Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэж заасан ч хэлцлийн зорилго нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой шалтгаанаар ажил гүйцэтгэх гэрээний талууд хэн аль нь зөвшөөрч цуцалсан гэж үзэхээр байна. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаар байгуулсан уг хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.Хариуцагч Б.Батрэгзэдмаа нь нэхэмжлэгч С.Базарсадад холбогдуулж гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврын талаар шаардлага гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна. Гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцож алданги гаргуулахаар нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу, энэ тухай нэхэмжлэгч давж заалдах гомдол үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. Гэтэл магадлалын тогтоох хэсэгт “тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж 2 дахь заалт болгон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Магадлалын хянавал хэсэгт “Ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн доголдлын улмаас талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг авах хууль зүйн үндэслэл бүрдсэн” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгээр нэхэмжлэгч С.Базарсадаас 7 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Батрэгзэдмаад олгож, 7 000 000 төгрөгийг гаргуулах Батрэгзэдмаагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай хэмээн тогтоосон нь хариуцагчийн зүгээс 14 000 000 төгрөгийн нэхэмжлэл нэхэмжлэгчийн эсрэг гаргасан мэтээр ойлгогдохоор шийдвэрлэжээ.Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцож, алданги гаргуулахаар нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу, энэ тухай нэхэмжлэгч давж заалдах гомдол үндэслэлтэй хэмээн дүгнэсэн атлаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гаргасан алдангийн талаар холбогдох эрх зүйн үр дагаврыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй болно. Учир нь Б.Батрэгзэдмаагаас гаргаж өгсөн “орчуулгын гэрээний 8.4-т заасны дагуу нэмэлт өөрчлөлт оруулах” гэх баримт бичиг нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон, гэрээг цуцалсан гэж үзэх бүрэн үндэслэлгүй юм.Учир нь ажил гүйцэтгэх гэрээний 8.3-д заасны дагуу “талууд гэрээгээр хүлээсэн ажлын гүйцэтгэлийн явцад гэрээнд нэмэлт” өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд бичгээр мэдэгдэнэ” гэсэн журмыг хариуцагч Б.Батрэгзэдмаагийн зүгээс баримтлаагүй юм.Мөн тус орчуулгын гэрээний 8.4-т заасны дагуу нэмэлт өөрчлөлт оруулах гэх баримт бичиг нь хаана, хэдэн сарын хэдний өдөр байгуулагдсан нь тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт биш, талуудын хооронд “орчуулгын гэрээ” байгуулагдсан гэхээр харагдаж байгаа юм.Монгол Улсын Иргэний хуулийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэсний дагуу тус хүсэл зоригийн илэрхийллээс талуудын хооронд “орчуулгын гэрээ” байгуулагдсан гэж үзэх дүгнэлт хүрэх учраас энэ бол талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, цуцлах гэрээ хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээнд заасан орчуулгын чанарын талаар өндөр түвшинд гэсэн ба өндөр түвшинг яаж ойлгох, стандарт ямар стандартыг баримтлах талаар заагаагүй, гэрээний 5.3-т редакторлуулна гэсэн ба энэ талаар тодорхой зүйлийг нарийвчлан тусгаагүй, харин аман хэлбэрээ захиалагчтай харилцан зөвшилцөж Англи хэлний орчуулагч, утга зохиолын мэргэжилтэн, буддын шашны мэргэжилтэн хүмүүстэй хамтран редакторлуулахаар тохиролцсон. Энэхүү үүргээ захиалагч тал гүйцэтгээгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 225.4.1-д зааснаар захиалагч тал ийнхүү хугацаа хожимдуулах нөхцөл байдалд хүргэсэн.Захиалагч тал Б.Батрэгзэдмаа нь ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 352.2.1-д заасны дагуу дахин гүйцэтгэлийг шаардаж болно. Ахин гүйцэтгэл явуулах шаардлага гаргаж, хугацаа тогтоосон захиалагч эл хугацааг өнгөрсний дараа өөрөө доголдлоо арилгаж зардлаа төлүүлэх, эсвэл ажлын хөлсийг бууруулах болон Иргэний хуулийн 355-д заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийн аль нэгийг сонгон хэрэгжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.Хариуцагч Б.Батрэгзэдмаа нь иргэн Н.Шажинбатад 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 хугацаатайгаар итгэмжлэл олгосон ба ийнхүү итгэмжлэл олгосноор Б.Батрэгзэдмаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхээс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай бичгээр мэдэгдээгүй тул Б.Батрэгзэдмаа шүүх хуралдаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-д заасан журмыг зөрчсөн.Давж заалдах шатны шүүхээс тус журмыг зөрчсөнтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан “ноцтой” зөрчил мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй гэж үзэх нөхцөл бүрдсэн бөгөө мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах хурлын шийдвэр нь магадлалын хянах хэсэгт зөв дурдагдсан байхад магадлалын Тогтоох хэсгийн 2 дугаар догол мөрөнд анхан шатны шүүхийн 2, 3-р хэсгийг нэгтгэхдээ “нэхэмжлэгч С.Базарсадаас 7 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Батрэгзэдмаад олгож” гэсний ард “7 000 000 төгрөгийг гаргуулах Б.Батрэгзэдмаагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн илтэд ташаарсан техникийн алдаатай бичиглэл хийгдсэн байна.Үүнийг залруулахаар Д.Дэлгэрцэцэг шүүгчийн туслах н.Номин-Эрдэнээр дамжуулан шүүгчээс техникийн алдааг залруулах хүсэлт тавьсан ч талуудад магадлалыг нэгэнт гардуулчихсан учраас магадлалд засвар оруулах боломжгүй, хяналтын шатны шүүхээр гомдол гаргаж залруулах боломжтой” гэсэн хариу авсан. Энэхүү магадлалыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад ч хүндрэл учирч, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдалд хүрч болзошгүй байна.С.Базарсад, Б.Батрэгзэдмаа нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-нд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд орчуулгын ажлын чанарын доголдлоос үүдэн талууд харилцан тохиролцож 2014 оны 12 дугаар сард гэрээний 8.4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулсан.Энэхүү өөрчлөлтөөр орчуулга хийх ажлыг цуцалж, орчуулагч С.Базарсад нь захиалагч Б.Батэгзэдмаад 7 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ний дотор буцааж өгөх үүрэг хүлээсэн юм. С.Базарсад нь 7 000 000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээний талуудын хүлээх хариуцлага гэх 6.2-т “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн бол ажлыг бүрэн гүйцэтгэх хүртлэх хугацаанд хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө”, 6.3-т “Захиалагчийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлөөгүй нь батлагдсан тохиолдолд захиалагчаас тогтоосон хугацаанаас хоцорсон ажил, дутуу, чанаргүй хийгдсэнээс үүдэн гарах аливаа хохирлыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж, барагдуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу С.Базарсадад алданги ногдуулах үндэслэл бий болсон.Ийнхүү Б.Батрэгзэдмаа нь С.Базарсадын орчуулга хийх үүргийг 7 000 000 төгрөг төлөх үүргээр сольсон нь С.Базарсадыг гэрээний 6.2 болон 6.3-т заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь С.Базарсад нь орчуулга хийх үүргээ 12 сарын 01-ээс эхлэн зөрчсөн ба дараа нь энэ үүргийг талууд харилцан тохиролцож 7 000 000 сая төгрөг гаргуулах болгож өөрчилснөөр зөрчил үргэлжилсэн бөгөөд хариуцагч Б.Батрэгзэдмаа нь сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаандаа гэрээгээр тохиролцсон алданги тооцож нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн болно.Иймд нэхэмжлэгч С.Базарсадаас гэрээний үүрэг 7 000 000 төгрөгт 2014 оны 12 дугаар сарын 01-ээс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 120 хоногт тооцсон 1 680 000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан зохицуулалтыг шийдвэр, магадлалын үндэслэл болгосон нь зөв болжээ. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлсөн хөлсийг алдангийн хамт гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу урьдчилгаа хөлсийг буцаан авах, алданги гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлээс алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын залруулга хийжээ. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох хэсгийг ташаа бичсэн нь алдаатай болсон тул магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хариуцагч Б.Батрэгзэдмаа нэр төр, сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар мөн сөрөг шаардлага гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байна.
Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч С.Базарсад нь хариуцагч Б.Батрэгзэдмаагийн бүтээл “Алтан эрин” \“Очир эрхшээгч”\ романыг англи хэлэнд хөрвүүлэх, хариуцагч Б.Батрэгзэдмаа нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөд 14 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ \хх-ийн 4-7, 22-25 дугаар тал\. Энэхүү гэрээний захиалагч нь хариуцагч Б.Батрэгзэдмаа, ажил гүйцэтгэгч нь нэхэмжлэгч С.Базарсад, гэрээний зүйл буюу ажлын үр дүн нь “Алтан эрин” \“Очир эрхшээгч”\ романы англи хэл дээрх орчуулга байна. Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, бичгээр байгуулагдсан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Нэхэмжлэгч С.Базарсад нь ажил гүйцэтгэгчийн хувьд уран бүтээлийн орчуулгыг уран зохиолын орчуулгын чанарын өндөр түвшинд гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч гүйцэтгэсэн ажлын үр дүн нь орчуулгын чанарын шаардлага хангаагүй болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна \хх-ийн 83-84, 102-106 дугаар тал\.
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээнд “өөрчлөлт оруулах тухай” нэртэй гэрээ байгуулсан байх ба “орчуулгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцлан хааж, \гүйцэтгэх тал\ орчуулагч С.Базарсад нь урьд авсан урьдчилгаа \7 000 000\ төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны дотор захиалагч зохиолч Б.Батрэгзэдмаад эргүүлэн төлөх болов” гэж харилцан тохиролцжээ \хх-ийн 26 дугаар тал\.
Дээрх гэрээг талууд “гэрээнд өөрчлөлт оруулах” гэж нэрлэсэн боловч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан агуулгатай байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан зохицуулалтыг магадлалын үндэслэл болгосон нь зөв болжээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Ажлын үр дүн чанарын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд захиалагч ажил гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.
Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх бус харин хугацаа шаардагддаг гэрээ тул энэ төрлийн гэрээнээс татгалзах, улмаар гэрээг цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулжээ. Энэ зүйлийн 221.1., 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болдог ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.
Урт хугацааны гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцладаг ба ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчлэх тухай Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5. дахь хэсгийн зохицуулалт нь ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар хариуцагчаас нэхэмжлэгчид урьдчилгаа болгож төлсөн 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэл болно.
Харин гэрээ цуцлах тухай талуудын хэлцэлд 7 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны дотор буцаан төлөх тухай тохиролцоо байгаа боловч энэ хугацааг хэтрүүлбэл алданги тооцох талаар заагаагүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй тул 7 000 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ нэхэмжлэгч хугацаандаа гүйцэтгээгүйн төлөө алдангид 1 680 000 төгрөг гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч Б.Батрэгзэдмаагийн нэр төр, сэтгэл санааны хохирлыг арилгуулах тухай сөрөг шаардлагыг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хийх ажиллагааг буюу шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтын дагуу явуулсан бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасан шаардлагад нийцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг тус тус хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд ташаа бичигдсэн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийн үнийн дүнг залруулах тухай хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлын хэсгийг хангах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 365 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 000 000 төгрөгийг гаргуулах Б.Батрэгзэдмаагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “сөрөг нэхэмжлэлээс алдангид 1 680 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас төлсөн 41 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН