Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 489

 

Н.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 843 дугаар магадлалтай, Н.Л-т холбогдох 1810000000006 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Н-ын Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Л-т оногдуулсан 11 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Л-ын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Л гаргасан гомдолдоо “...Миний бие гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлэн өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгон ухамсарлаж, хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн саад учруулж байгаагүй. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас талийгаачийн ар гэрт учирсан хохирол болон тэдний нэхэмжилсэн 23,971,686 төгрөгийг төлж барагдуулсан, урьд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, эхнэр, 2-9 насны 2 хүүхэд, өндөр настай аав, ээж маань үлдсэн байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан журам болон хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан оногдуулсан хорих ялыг тодорхой хэмжээгээр багасгаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж буйг хүлээн авна уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч миний зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ уг гомдлоосоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар татгалзаж байна. Харин шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хохирогчийн зүгээс гомдол саналгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Учруулсан хор уршигт нь тохирсон ялыг анхан шатны шүүх оногдуулсан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Л-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд байрлах иргэн Д.Г-ын эзэмшлийн орон сууцны харуулын байранд Ж.М-той маргалдаж, улмаар түүнийг зодож гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Л-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 11 жил хорих ялыг тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох хорих ялын доод хэмжээ буюу 8 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Н.Л-ын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан журмыг баримтлан ялыг багасгаж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хуулиар тогтоосон хамгийн доод хэмжээний ялаас дахин хөнгөрүүлж, доогуур ял оногдуулах шаардлагагүй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 843 дугаар магадлалын тогтоох хэсэгт

“Шүүгдэгч Н.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Л-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН