| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2023/04789/И |
| Дугаар | 184/ШШ2023/03974 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2023/03974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Шарнууд овогт Ичинхорлоогийн Доржсүрэн /РД: ЧЖ79031765/. Хаяг: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 16 дугаар байр, 104 тоот
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр
Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр Х.Нэргүйгээс 45,003,370 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хурааж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан И.Доржсүрэн миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шинжээч уг үнэлгээгээр 96,557,885 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хит доогуур үнэлснийг үл хүлээн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн И.Доржсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 6 дугаар хэсэг 621 тоот байрлах 225 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай, дэлгүүрийн зориулалтай хувийн сууц, 479 м.кв талбайтай газар 350,000,000 төгрөгөөр өнөөгийн зах зээл дээр борлогдож байна. Монгол улсад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа Үнэгүй.мн, барилга.мн, сайтын зар, мэдээлэл, Үндэсний статистикийн хорооны 2022 оны орон сууцны зах зээлийн үнэ ханшны өсөлтийн үзүүлэлт зэргээс ажиглалтын аргын дагуу судалгаа хийж үзэхэд орон сууц, хашаа байшин газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас 72 хувиар өссөн болох нь тогтоож байна гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан И.Доржсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 6 дугаар хэсэг, 621 тоот хаягт байрлах 225 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай, дэлгүүрийн зориулалтай хувийн сууц, 479 м.кв талбайтай газрыг “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн үнэлсэн шг23-28 дугаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 184/ШШ2021/00921 дүгээр шийдвэрээр Х.Нэргүйгээс 45,003,370 төгрөгийг гаргуулж “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Х.Нэргүйд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагдсан гуравдагч этгээд И.Доржсүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 6 дугаар хэсэг, 1621 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023648 дугаартай 225.5 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18643321087923 дугаарт бүртгэлтэй 479 м.кв газрын хамт 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 22270125/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 22270125/04 тоот тогтоолоор хураасан. Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 4-130/1714 тоот мэдэгдлийг талуудад өгсөн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар мэдэгдэлд дурдсан хугацаанд үнийн санал тохиролцоогүй тул 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4-130/2038 дугаар хөрөнгийн үнэлгээ тохиролцох албан бичгийг талуудад дахин хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд мэдэгдлийг биелүүлээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2/32 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Бэсгэ” ХХК-ийн шинжээч С.Мөнхжаргалыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг 117,606,000 төгрөгөөр тогтоосон байна. Талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 4-130/2844 тоот үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлээр танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлж, мөн талуудын харилцах утсанд мэдэгдлийг хүргүүлэн, тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч Х.Нэргүй, өмчлөгч И.Доржсүрэн нараас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 03130 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/03669 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/23 тоот тогтоол, 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 4-130/2546 тоот мэдэгдлийг шуудан болон талуудад гардуулж хүргүүлсэн. Төлбөр төлөгч Х.Нэргүй, өмчлөгч И.Доржсүрэн нараас 2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 184/ШШ2023/01841 дүгээр шийдвэрээр дахин үнэлгээ тогтоолгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Тус шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилох тухай 7/266 дугаар тогтоолоор “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг томилж үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг 96,557,885 төгрөгөөр үнэлж тогтоосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй байна. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч И.Доржсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4-130/15211 дугаар мэдэгдэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 8 дугаар сарын тайлан,
Хариуцагчаас: 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1-130/403 дугаартай итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 10-ны 01637 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 921, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03669, 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 01841 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 981 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2021/00473 дугаартай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 14423 дугаар захирамж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22270125 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4-130/25614 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22270125/130 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх, мөн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 22270125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн байгууллагаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, Ү-2202023648 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 4-130/1674 дугаартай албан бичиг, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 22270125/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 1 дүгээр сарын 26, 27, 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдөр И.Доржсүрэн, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийг дуудсан мэдэгдэл, 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2/32 дугаар шинжээч томилох тухай тогтоол, нэгж талбарын 18643321087923 дугаартай эзэмших эрхтэй газар, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 7/266 дугаартай шинжээч томилох тухай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Доржсүрэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ШГ23-28 дугаартай үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 184/ШШ2021/00921 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 981 дүгээр магадлалаар 146 дугаар магадлалаар Х.Нэргүйгээс 44,6022, 205 төгрөгийг гаргуулж “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийн 37,517,868 төгрөгт холбогдох үүргийн гүйцэтгэлийг Х.Доржсүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 6 дугаар хэсэг, 1621 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023648 дугаартай 225.5 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18643321087923 дугаарт бүртгэлтэй 479 м.кв газраар хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 41, 46, 50/
Дурдсан шийдвэрийг төлбөр төлөгч Х.Нэргүй биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 184/ШЗ2021/14423 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 01637 дугаартай гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 39, 51/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч Х.Нэргүйд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заагдсан И.Доржсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 22270125/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 22270125/04 тоот тогтоолоор хураан авсан байна. /хх-ийн 56-65/
Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан ажиллагааг төлбөр төлөгчид тухай бүрд мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд нэхэмжлэгч маргаагүй болно.
Талууд үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2/32 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийг /шинжээч С.Мөнхжаргал/ томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Шинжээчээр томилогдсон “Бэсгэ” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 4-130/2844 тоот тайлангаас үзэхэд Х.Доржсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 117,606,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд талуудад хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлэгдсэн үнэлгээний талаар мэдэгдлээр танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлжээ.
Төлбөр төлөгч Х.Нэргүй, өмчлөгч И.Доржсүрэн нар нь дээр дурдсан үнэлгээг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/03669 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 92/
Улмаар төлбөр төлөгч, өмчлөгч нар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 184/ШШ2023/01841 дүгээр шийдвэрээр дахин үнэлгээ тогтоолгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
НШШГГ нь шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн 7/266 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК /үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл-/ийг томилж үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг 96,557,885 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 98, 104, 108/
Нэхэмжлэгч газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш өссөн байхад өмнөх үнэлгээнээс багаар үнэлсэн нь эргэлзээтэй гэх үндэслэлийг дурдан маргасан.
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК /мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл/ нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.2.1 дахь хэсгүүдэд зааснаар хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх , хоёроос доошгүй үндсэн орон тооны үнэлгээчинтэй байх бөгөөд гүйцэтгэх захирал нь үнэлгээчний хугацаагүй эрх авсан байхаар заасан, мөн шинжээчээр томилогдсон Ц.Түвшинцэнгэл нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн захирал бөгөөд мэргэшсэн үнэлгээчин болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” байхаар зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримт зохигчийн тайлбараас үзэхэд төлбөр төлөгч, өмчлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний талаар удаа дараа шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн нь тогтоогдоно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Доржсүрэнгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 6 дугаар хэсэг, 1621 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023648 дугаартай 225.5 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18643321087923 дугаарт бүртгэлтэй 479 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ШГ23-28 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ