| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2023/03114/И |
| Дугаар | 184/ШШ2023/04108 |
| Огноо | 2023-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2023/04108
2023 10 31 184/ШШ2023/04108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 4 дүгээр орцны 0 тоот хаягт оршин байх Дэвшил-8 СӨХ/РД-9092439/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 дугаар байрны 32/2 тоот хаягт оршин суух Чүлтэм овогт Цэрэнсэрээтэрийн Ганбаатар/РД:ХБ62081014/-д холбогдох
Орон сууцны дундын өмчийн засвар үйлчилгээний зардалд 1.644.495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дэвшил-8 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ нь 1998 онд байгуулагдсан ба 25 жилийн турш Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар байрны 432 өрхийн 2000-аад оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбооны эрх ашгийг хамгаалан тэдэнд үйлчлэн ажилладаг төрийн бус байгууллага юм. Гэтэл тус 8 дугаар байрны 32/2 тоот оршин суугч Ц.Ганбаатар нь тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөх засвар үйлчилгээний хөлсөө 2017 оны 01 дүгээр сараас хойш тодорхой шалтгаангүйгээр төлөхгүй байгаагаас оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа болно. Сууц өмчлөгдийн холбооны төлбөр 1,781,140 төгрөгийн тэмдэгтийн хураамж 43,445 төгрөгийн хамт нийт 1,824,585 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бадамгэрэл шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинээр илэрсэн шүүхийн шийдвэртэй холбогдуулан 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчидийн холбооны төлбөр болох 180,090 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагыг 1,644,495 төгрөг болгож багасгаж байна. Хариуцагч Ц.Ганбаатар нь 2017 оны 10 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх нийт 51 сарын хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,644,495 төгрөгийг төлөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх 25 сар буюу нэг сарын төлбөрийг 20,010 төгрөгөөр, 2019 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл 2 сарын төлбөр буюу нэг сарын төлбөрийг 14,010 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх 29 сар буюу нэг сарын төлбөрийг 26,630 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл 11 сар буюу нэг сарын төлбөрийг 27,630 төгрөгөөр тооцсон байгаа. Иймд хариуцагчаас нийт төлөгдөөгүй сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1,644,495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Ганбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэрэнсэрээтэр овогтой Ганбаатар миний бие Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар байр, 32 тоот хаягт 1987 оноос хойш амьдарч байгаа. Тус байранд орсон цагаасаа хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тогтмол төлдөг байсан. 2017 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлөөгүй учир нь уг Дэвшил-8 СӨХ нь тухайн байранд засвар үйлчилгээ хийсэн зүйл байхгүй байсан учир сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлөөгүй цаашдаа ч төлөхгүй уг Дэвшил-8 СӨХ-ны нэхэмжилсэн төлбөр болох 1,824,585 төгрөгийг хүлээж зөвшөөрөхгүй болно гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/ХХ 1 тал/, итгэмжлэл/ХХ 3 тал/, Дэвшил-8 СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай тогтоол/ХХ 4 тал/, СӨХ-ны төлбөрийн тооцоолын баримт/ХХ 5-6 тал/, Дэвшил-8 СӨХ-ны гэрчилгээний хуулбар/ХХ 31 тал/, Ц.Ганбаатарын СӨХ-ны төлбөрийн задаргаа/ХХ 32-35 тал/, Дэвшил-8 СӨХ-ны захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 51 дугаартай тушаал/ХХ 36 тал/, Дэвшил-8 СӨХ-ны захирлын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаал/ХХ 37 тал/, Дэвшил-8 СӨХ-ны захирлын 2020 оны 01 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаал/ХХ 38 тал/, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар/ХХ 39 тал/, Дэвшил-8 СӨХ-ны удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай тогтоол/ХХ 40 тал/, нэхэмжлэх/ХХ 41-43 тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
Хариуцагч талаас хариу тайлбар/хх 15 тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/02595 дугаартай захирамж/ХХ 45-46 тал/-аас өөр нотлох баримт гарган өгөөгүй.
Шүүхийн журмаар Шүүхийн тусгай архиваас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/02595 дугаар шүүгчийн захирамжтай хэргээс хуулбарласан Дэвшил-8 СӨХ-ны гаргасан нэхэмжлэл, хариуцагч Ц.Ганбаатарын гаргасан хариу тайлбар/ХХ 55-59 тал/ зэрэг нотлох баримтууд бүрдүүлсэн байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дэвшил-8 СӨХ нь хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр зардалд 1,824,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
Гэвч хэрэг хэлэлцүүлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх СӨХ-ны төлбөртэй холбоотой асуудал шүүхээр шийдэгдсэн байх тул 2017 оны 10 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаагаар нэхэмжилнэ гээд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,644,495 төгрөг болгон багасгаж нэхэмжилсэн.
Хариуцагч Ц.Ганбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг, эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хүрэлцэн ирдэггүй түүнийг мэтгэлцэх боломжийг шүүх хангалттай олгосон боловч шүүхийн мэдэгдэх хуудас авсан хэдий ч шүүхэд хүрэлцэн ирэхээс татгалзсан үндэслэлээр түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн.
Хариуцагч татгалзалдаа орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрийг засвар үйлчилгээ хийдэггүй, хангалтгүй гэх үндэслэлээр татгалзжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас хариуцагч нь 2017 оны 10 дугаар сараас төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэг, 5 дугаар зүйлд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын тогтоолоор байгуулагдаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.
Хариуцагч нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны 32/2 тоот хаягт оршин суудаг орон сууцны эзэмшигч бөгөөд ганцаараа амьдардаг талаар талууд маргаагүй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч эзэмшигч Ц.Ганбаатар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй, түүнчлэн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгүүд нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан.
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж заасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байх тул хариуцагч Ц.Ганбаатар энэ үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлаа нотлохоор Дэвшил-8 СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ганбаатарт холбогдох тус хэсэгт сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний 2014 оны 09 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны зардалд 917.190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/02595 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Уг шүүхийн шийдвэрт үндэслэн нэхэмжлэгч Дэвшил-8 СӨХ нь хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 2017 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаагаар хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэж, уг хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 10 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх 67 сарын хугацааны зардал төлбөрт, 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх 25 сар буюу нэг сарын төлбөрийг 20,010 төгрөгөөр тооцон 500,250 төгрөг, 2019 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл 2 сарын төлбөр буюу нэг сарын төлбөрийг 14,010 төгрөгөөр тооцон 28.020 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх 29 сар буюу нэг сарын төлбөрийг 26,630 төгрөгөөр тооцон 772,270 төгрөг, 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл 11 сар буюу нэг сарын төлбөрийг 27,630 төгрөгөөр тооцон 303,930 төгрөг, нийт 1,644,495 төгрөг болгон багасган нэхэмжилсэн.
Гэвч нэхэмжлэгч Дэвшил-8 СӨХ нь хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг талууд гэрээний үүргээр баталгаажуулаагүй байх төдийгүй, 2017 оны 10 дугаар сараас хойш сүүлийн 5 жил 7 сарын хугацаагаар уг зардлаа шүүхээр нэхэмжлэх бололцоотой байсан, нэхэмжлэгч талын Ковид-19 нийтийг хамарсан халдварт өвчинтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх боловч уг хугацаанд шүүхийн байгууллага тухай үеийн өндөржүүлсэн нөхцөл байдлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан, нэхэмжлэлээ шуудангаар гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан, уг зардал ихээр хуримтлагдах нөхцөл байдал бүрдүүлсэн байх тул үүнд хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй тул 2020 оны 05 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны сүүлийн 3 жилийн хугацаагаар хангах үндэслэлтэй гэж үзсэн тул 2020 оны 05 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны 36 сар хүртэлх хугацаагаар тооцон 993.680//26.630*1/+/27.630*35// төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлээс үлдэх 650.815 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ганбаатараас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хэмжээгээр бус 2020 оны 05 дугаар сараас нэхэмжлэл гаргасан 2023 оны 04 сар хүртэлх буюу сүүлийн 3 жилийн хугацааны 36 сарын 993.680 төгрөгийн зардлыг гаргуулан Дэвшил-8 СӨХ-нд олгон шийдвэрлэв.
Хариуцагч Ц.Ганбаатар нь орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрийг засвар үйлчилгээ хийдэггүй, хангалтгүй гэх үндэслэлээр зардал, төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул төлбөр зардлаас хасан тооцох үндэслэлгүй бөгөөд энэ талаараа тус Дэвшил-8 СӨХ-нд гомдлоо гарган шийдвэрлүүлэхэд шүүхийн шийдвэр саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Ганбаатараас 28,398 төгрөг гаргуулан Дэвшил-8 СӨХ-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ганбаатараас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр, зардалд 993,680 төгрөг гаргуулан Дэвшил-8 СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 650,815 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Ганбаатараас 28,398 төгрөг гаргуулан Дэвшил-8 СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА