Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2022/00167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, **дугаар байр, **тоотод оршин суух хаягтай, Монгол овогт Гантөмөрийн Ганцэцэг, /РД:УД88011707/-ийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, * дүгээр багт байрлах “Цемент Шохой” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганцэцэг, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, А.Буяндэлгэр, хариуцагчийн  өмгөөлөгч Ц.Галтаа, П.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гантөмөр овогтой Ганцэцэг миний бие Социологич, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2022 оны 04 дүгээр сарын 13-аас эхлэн “Цемент Шохой” ТӨХК-ийн Хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн мэргэжилтнээр сонгон шалгаруулалтад орж ажилд орсон.

2022 оны 08-р сарын 05-нд гүйцэтгэх захирлын тушаалаар компанийн нийт ажлын байруудын ажлын байрны тодорхойлолтыг баталсан байдаг. Тухайн үед Хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод миний мэргэжил болох социологич гэсэн мэргэжлийн тавигдах шаардлагад тусгасан байсан. 2022 оны 12-р сард Хүний нөөцийн хэлтсийн дарга А.Буяндэлгэр өрөөндөө дуудан ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орж дахин батлагдсан. Чиний мэргэжил тохирохгүй учраас ажлаас чөлөөлнө эсвэл тохирох ажлын байранд томилно хэмээн хэлсэн. Тухайн үед шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтын тухай надад амаар хэлсэн ба танилцуулж хувийг өгөөгүй. Ингээд үүнээс хойш Хүний нөөцийн хэлтсийн дарга А.Буяндэлгэр хэд хэдэн удаа өрөөндөө дуудаж ажлын байрны дарамт үзүүлж, надтай хамтран ажиллахад хэцүү байгаа тухай хэлж, Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар шилжиж ажилла гэж байсан. Тухайн үед миний бие "яагаад дураараа ажлын байрны тодорхойлолт өөрчлөөд байдаг юм бэ, би өөр тийшээ шилжихгүй эндээ ажиллана гэж хэлж байсан. Хэд хэдэн удаагийн дарамт шахалтаас болж тухайн үед А.Буяндэлгэр даргыг одоо өргөдлөө бичээд өг гээд байхаар нь Цементийн үйлдвэр рүү явахгүй  ээ, харин захиргаан дээр Геологи, уул уурхайн хэлтэст шинээр бичиг хэргийн ажилтны орон тоо гарч байгаа учраас захиргаандаа ажиллах энэ албан тушаалд шилжиж ажиллая, мөн цалин хөлсөө одоогийнхоос буулгахгүйгээр ажиллая" гэсэн 2 өргөдлийг аргаггүй шахалтад орж бичиж өгсөн.

Гэтэл 2023 оны 02-р сарын 03-нд А.Буяндэлгэр дарга өрөөндөө дуудаж Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Чамайг Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томиллоо хэмээн тушаал танилцуулсан. "Би ийм хүсэлт өгөөгүй ээ, ажилтантай тохиролцоогүй байж хөдөлмөрийн тухай хууль тохиролцсон, зөвшилцсөн мэт зүйл заалт барьж тушаал гаргадаг нь яаж байгаа юм бэ" гэхэд гүйцэтгэх захирал Л.Наранбаатар тушаалаа гаргасан байна, бид нар тушаалыг хэрэгжүүлэх ёстой хэмээн шахсаар ажлыг минь хүлээлцүүлсэн ба би Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна.

Тушаал хүлээн авсан тухайн өдрөө байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гарган өгсөн боловч зөвлөлийн бүрэлдэхүүнд байх гишүүд бүрдэхгүй байгаа гэсэн шалтгаанаар миний асуудлыг хэлэлцэлгүй явсаар 2023 оны 05-р сарын 03-нд маргаан таслах зөвлөлийн нарийн бичиг гэх Н.Алтанцэцэг зөвлөл хуралдах гэж байгаа тул тайлбар өг хэмээн дуудаж, тухайн үед очиж өөрийн тайлбарыг өгсөн.

2023 оны 06-р сарын 05-нд тус зөвлөлөөс холбогдож миний асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлээ ирж ав хэмээн дуудаж тухайн өдөр очиж хүлээн авсан. Гэтэл энэхүү хурлын тэмдэглэлд би анх ажилд орохдоо ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн учраас орсон байтал ажлын байранд тэнцэхгүй тул Гүйцэтгэх захирлын албан тушаал бууруулж, өөр ажилд томилсон нь зөв хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

“Цемент шохой” ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг 2023 оны 06 сарын 05-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д " гэж заасны дагуу Сайхан сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан.

Сайхан сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 01/74 дугаар албан бичгээр " Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо байгуулагдаагүй тул сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй болно гэсэн...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Г.Ганцэцэг нь 2022 оны 04 сарын 13-ны өдөр “Цемент Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын тушаалаар тус компанийн хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд анх томилогдсон. 2022 оны 12 дугаар сард хүний нөөцийн хэлтсийн дарга А.Буяндэлгэр өрөөндөө дуудаад чиний мэргэжил ажлын байрны тодорхойлолтод тохирохгүй болсон гэдгийг хэлсэн. Яагаад миний мэргэжил тохирохгүй болов гэхэд 12 сард баталсан ажлын байрны тодорхойлолтод чиний мэргэжил байхгүй байна гэсэн. Энэ дээр чиний мэргэжил байхгүй тул ажлаа өгөх эсхүл тохирох албан тушаалд шилжих ямар ч байсан энэ албан тушаалд тохирохгүй гэсэн. Яагаад ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн юм бэ анх би нийцээд энэ ажлын байр дээр томилогдсон гэсэн байр суурьтай байсан. 2023 оны 1 сард А.Буяндэлгэр дарга дахиад өрөөндөө дуудаад чиний мэргэжилд тохирох ажил бол Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтан байна гэсэн. Ажлын байрны тодорхойлолтод санаатай өөрчлөлт оруулж намайг  энэ ажилд ажиллах боломжгүй болгочихлоо бичиг хэргийн ажилтнаас өөр орон тоо байхгүй бол би цех рүү явахгүй. Захиргаан дээрээ үлдэх буюу яг тухайн үед Геологи уул уурхайн хэлтэст бичиг хэргийн ажилтны орон тоо байсан тул захиргаа дээр үлдэх саналаа бичгээр гаргасан. Миний алдаа дутагдал биш учир цалин хөлсөө бууруулахгүй байя гэдэг 2 өргөдөл тухайн үед гаргаж өгсөн. Тэр өдрийн маргааш нь миний ажлын байр өөрчлөгдөх тушаал гарсан. 2 дугаар сарын 1-ний өдөр гарсан тушаалыг 2 сарын 3-ны өдөр танилцуулсан. Тушаалыг хүлээн аваад байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд тушаалтай санал нийлэхгүй байгаа талаараа бичгээр гомдол өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага бол урьд эрхэлж байсан хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажил албан тушаал бууруулан ажилласан цалин хөлсний зөрүү 2,236,000 төгрөг гаргуулна. Хавтаст хэрэгтэй танилцахад хүний нөөцийн мэргэжилтний цалин 4 сараас хойш нэмэгдсэн байсан. Миний ажиллаж байсан үеэс 200,000 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зөрүү нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үржинханд нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь "Цемент шохой" ТӨХК-н Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаалаар Хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд ажлын байрны сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдон ажилласан. Г.Ганцэцэг нэхэмжлэлийн шаардлагад сонгон шалгаруулалтаар хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд орсон гэх боловч сонгон шалгаруулалтад оролцсон нотлох баримт байхгүй болно. Хувийн өмчөөс Төрийн өмчит хувьцаат компанид шилжсэнтэй холбогдуулан компанийн хэмжээнд нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан. Тухайн үед хэлтэс, үйлдвэр, нэгжийн ажилтнууд нэг бүр өөрсдийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан батлуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт "ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ гэх", 103 дугаар зүйлийн 103.3.2-д "ажлын байрны тодорхойлолт" гэж тус тус хуульчилсан ба ажил олгогчийн зүгээс цалин хөлсний журам, хөдөлмөрийн норм, норматив, ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх хуулийн зохицуулалтын дагуу Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/258 дугаартай тушаалаар нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод ажил үүрэгтэй нь уялдуулан өөрчлөлт оруулж баталсан. Г.Ганцэцэг нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/163 дугаартай тушаалаар батлагдсан Хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байсан. Тиймээс Г.Ганцэцэг тухайн ажил, албан тушаалын тавигдах шаардлагад тэнцэхгүй байсан учраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хуулийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн дарга нар Г.Ганцэцэгтэй ажлын албан тасалгаанд уулзаж хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа талаар албан ёсоор мэдэгдэж тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Г.Ганцэцэг нь тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хуулийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн дарга нар Г.Ганцэцэгтэй ажлын албан тасалгаанд уулзаж хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа талаар дахин албан ёсоор мэдэгдэж Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтны ажлын байрыг санал болгож тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Уулзалтын албан ёсны тэмдэглэлийг Г.Ганцэцэгт танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Г.Ганцэцэгт мэдээллийг хуулийн хүрээнд тухай бүр мэдэгдэж ажиллаж байсан. Хүний нөөцийн мэргэжилтнээр Г.Ганцэцэг ажиллаж байх явцад Г.Ганцэцэгт 2022 оны 06, 07 дугаар саруудад ээлжийн амралтын тооцооллыг хянан шалгалгүй тушаал боловсруулсан гэх зөрчилд Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/715 тоот тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл, 3 ба түүнээс дээш цаг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэх зөрчилд Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/69 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаанд 15 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Г.Ганцэцэг нь хүний нөөцийн мэргэжилтний ажлын байранд тэнцэхгүй, мэргэжлийн бус, хүний нөөцийн чиглэлээр сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хүний нөөцийн мэргэжлээр ажлын туршлага байхгүй байгаа нь нотлогдож, харагдаж байна. Ажлын байрны тавигдах шаардлагад нийцэхгүй байсан учраас Г.Ганцэцэг нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр "Цемент шохой" ТӨХК-ийн хүний нөөцийн хэлтэст "...миний мэргэжил тохирох мөн цалин хөлс буурахгүй байх ажлын байранд шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдлийг өгсөн. Уг өргөдлийг үндэслэн ажилтантай тохиролцсоны дагуу Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 тоот тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ганцэцэгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томилон ажиллуулсан. Дээрх тушаалтай холбогдуулан Г.Ганцэцэг нь "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "ажил албан тушаал буурсан ч цалин хөлс бууруулахгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан ба компанийн зүгээс Г.Ганцэцэгтэй үндсэн цалинг 2,073,120 төгрөгөөр тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. "Цемент шохой” ТӨХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.3-д "Ажил олгогчийн санаачилга болон ажилтны хүсэлтээр ажилтны ажлын байрыг өөрчилж.... болно" гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д "Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно" гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д "ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох" гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 "ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах" гэсэн заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Ганцэцэгтэй тохиролцож, өөрийнх нь хүсэлтээр бичиг хэргийн ажилтнаар томилсон билээ. Бичиг хэргийн ажилтнаар томилогдсон даруйд ажил олгогч болон ажилтан Г.Ганцэцэг нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д “ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах" гэсэн заалтын хүрээнд Г.Ганцэцэг нь сайн дурын үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэлд дурдсанаар аливаа дарамт шахалт үзүүлээгүй ба Хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрх нь нэхэмжлэгч Г.Ганцэцэгт байсан. Иймд Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" тушаал үндэслэл бүхий байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганцэцэгийн ажлын байрны тодорхойлолт 2022 оны 08 сарын 05-ны өдөр батлагдсан. “Цемент шохой” ТӨХК нь хувийн хэвшлээс төрийн хэвшил рүү шилжихээр 3 сарын 25-ны өдөр шийдвэр нь гарч 4 сарын 1-ний өдрөөс ажилчдаа шилжүүлэн томилох хувийн хэвшилд байсан ажилчдыг ажлаас чөлөөлж төрийн өмч болсноор шинээр жагсаалтаар тушаал гаргаж томилсон. Тэр томилгоонд Ганцэцэг томилогдсон. Нэхэмжлэлийн шаардлагад би энэ байгууллагын сонгон шалгаруулалтаар орсон гэж бичсэн байсан. Тухайн үед сонгон шалгаруулалт хийгдээгүй энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Төрийн хэвшил рүү шилжиж байгаа тул бичиг баримтууд хуульд нийцүүлж өөрчлөгдсөн энэ явц нь удаашралтай байсан. Миний бие 6 сарын 25-ны өдөр томилогдож ирээд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, тушаал шийдвэртэй танилцаж ажиллаж эхэлсэн. Ажилчдын анхны ажлын байрны тодорхойлолт 2022 оны 08 сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан. Энэ тодорхойлолтоор Ганцэцэгийн социологич гэх мэргэжил тэр дотор ороод батлагдсан байсан. 8 сарын 5-ны өдрөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон дээд байгууллагаас удаа дараа мэдэгдэл ирж байсан. Ажлын байр дээрээ тэнцэж байгаа эсэх талаар мэдээлэл манайхаас авдаг байсан. 2022 оны 11 сарын 8-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэй, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар төгссөн байх ёстой гээд гүйцэтгэх захирлын А/258 тушаалаар хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт батлагдсан. 2022 оны 12 сард Ганцэцэгт ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар ажил олгогч эрхээ эдэлж байна. Чиний мэргэжил бол нийгмийн ухааны багш, социологич мэргэжил нь энэ албан тушаалд таарахгүй байгаа тул тодорхойлолтод зааснаар ажиллана гэж албан ёсоор мэдэгдсэн. Өөрөө энэ талаар маргаагүй. Ямар нэг өргөдөл гомдол гаргаагүй. Дараа нь 2022 оны 12 сарын 28-ны өдөр сонсох ажиллагааг албан ёсоор мэдэгдсэн. Энэ дээр хүний нөөцийн хэлтсийн дарга миний бие, хуулийн хэлтсийн дарга Занабазар нарыг байлцуулан мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн хавтаст хэрэгт хавсаргасан. Энэ дээр ажлын байрны тодорхойлолтод чиний мэргэжил таарахгүй байна гэж хэлээд сонсох ажиллагаанд оролцож байгаа мэдэгдэл хүлээн авч байгаа Ганцэцэгээр гарын үсэг зуруулсан. Тухайн танхимд байсан хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан энийг хэрэгт хавсаргасан. 2023 оны 01 сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны хүрээнд мэргэжилд тохирох ажилд томилогдох өргөдөл өгсөн тул Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар ажиллах боломжтой байна. Чиний мэргэжилд тохирох албан тушаал бол бичиг хэргийн ажилтан байна гэж мэдэгдээд энд хүний нөөцийн хэлтсийн дарга миний бие, хуулийн хэлтсийн дарга Занабазар нарыг байлцуулан албан ёсоор мэдэгдсэн. Энэ дээр сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгасан. Ганцэцэг тулгамдаж байгаа тул дахин бодож үзье гэсэн тайлбар өгсөн. Энийг баталгаажуулж, гарын үсэг зуруулсан. Ганцэцэг нь 2023 оны 01 сарын 31-ний өдөр 2 өргөдөл өгсөн. Эхний өргөдөл нь мэргэжил тохирохгүй байгаа тул мэргэжилд тохирох албан тушаалд цалин хөлс бууруулахгүйгээр томилж өгнө үү гэсэн хүсэлт мөн дараа нь тэр өдөртөө би Геологи уул уурхайн хэлтсийн бичиг хэргийн ажилтнаар томилогдох хүсэлтэй байна, цалин хөлсийг бууруулахгүй шийдвэрлэж өгнө үү гэх 2 өргөдлийг 1 өдөр өгсөн. Геологи уул уурхайн хэлтсийн бичиг хэргийн ажилтнаар томилогдох хүсэлтэд миний бие цохолт хийсэн. Гүйцэтгэх захирлын тушаалын төсөл боловсруулдаг мэргэжилтэнд тушаалын төсөл боловсруулж танилцуулах цохолт хийсэн. Тушаалын төсөл боловсруулах цохолт хийхээс өмнө Геологи уул уурхайн хэлтсийн дарга Ууганбаяр нартай зөвшилцсөн. Манайх ажилтан сонгон шалгаруулах журмаараа нэгжийн даргаас зөвшөөрөл авдаг. Энэ үүднээс асуусан боловч татгалзсан хариу өгсөн. Мэргэжил тохирохгүй байсан ч хүнийг тохирох албан тушаалд томилох нь зүйтэй юм. Өмнө нь Ганцэцэгт албан ёсоор хугацаа олгож, эрх боломжийг дордуулахгүйгээр Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томилъё. Ажил олгогч ажилтантай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, байгуулах зохицуулалт байгаа. Ганцэцэг бичиг хэргийн ажилтнаар томилогдох, шийдвэрлүүлэх, өөрийн ажил мэргэжил тохирохгүй байгааг удаа дараагийн өргөдлөөр хүлээн зөвшөөрсөн тул бичиг хэргийн ажилтнаар буюу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилъё гэж тушаалын төсөл боловсруулан. “Цемент Шохой” үйлдвэр нэг хашаанд байдаг. Манай захиргааны байр үйлдвэрийн хашааны нэг захад нь байдаг. Цементийн үйлдвэр 200 метрийн цаана албан ёсны оффистой хөдөлмөрийн нөхцөл ижил байгаа тул бичиг хэргийн ажилтнаар ажиллах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн тул тус ажлын байр дээр тушаал гаргаж гүйцэтгэх захирал томилсон. Шийдвэр гарсны дараа Ганцэцэг нь гүйцэтгэх захирал Наранбаатарт өргөдөл бичиж танилцуулсан. Тус өргөдөл нь миний цалин хөлсийг нэмэгдүүлж ажиллуулна уу гэсэн утга бүхий байсан. Гүйцэтгэх захирал цалинг 2,073,000 төгрөгөөр буюу бусад ижил бичиг хэргийн ажилтнуудаас 300,000 төгрөгөөр илүү олгохоор өргөдөл дээр цохсон тул бид нар хөдөлмөрийн гэрээнд 2,073,000 төгрөгийн цалин оруулж эхлээд ажилтанд танилцуулж гарын үсгийг баталгаажуулж дараа нь гүйцэтгэх захиралд танилцуулж ажил олгогч, ажилтан нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Манай бусад бичиг хэргийн ажилтнууд нь 1,700,000 төгрөгийн цалинтай. Өмнө нь Ганцэцэг хүний нөөцийн мэргэжилтнээр  ажиллах байхдаа 2,392,000 төгрөгийн цалин авдаг байсан. Түрүүн маргаад байсан 2,392,000 төгрөгөөс 2,073,000 төгрөгийн зөрүүг гаргаж сараар нь үржүүлэхэд цалингийн зөрүү гарч ирнэ. Ганцэцэг нь хүний нөөцийн хэлтсийн дарга Буяндэлгэр миний удирдлага дор ажиллаж байсан. Ганцэцэг өмнө нь ажил дээрээ хариуцлагагүй ажилласан тул ганцаарчлан сануулах арга хэмжээ авч байсан. Мөн 1 өдөр ажил тасалсан тул хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цалин 1 сар 15 хувиар бууруулах арга хэмжээ авагдаж байсан. Шүүх дээр маргаж байгаа энэ асуудал нь сахилгын арга хэмжээ биш албан тушаал бууруулах арга хэмжээ биш. мэргэжилд ойр өөр ажил санал болгож томилсон асуудал байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа Ганцэцэг өөрийн тайлбартаа хэлэхдээ хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол өгсөн гэж байна. Энэ гомдлоо өгөхдөө гүйцэтгэх захиралд өргөдөл танилцуулахаас өмнө тушаалыг эс зөвшөөрч өгсөн. Хөдөлмөрийн маргаан таслах комисс асуудлыг шийдвэрлэж амжаагүй байхад гүйцэтгэх захирал дээр өргөдөл бичиж цалин нэмэгдүүлмээр байна гэж хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг ажил олгогч буюу захирал хүлээн авч цалинг нэмэгдүүлсний дараа Ганцэцэг хөдөлмөрийн маргаан таслах комиссоос гомдлоо татах гэсэн утгатай зүйлийг хүний нөөцийн мэргэжилтэн Билгүүн рүү чатаар бичсэн. Би асуудлаа шийдвэрлүүлсэн хөдөлмөрийн маргаан таслах комиссоор маргаанаа шийдвэрлүүлэх шаардлагагүй, миний өргөдөл хангагдсан гэж чат бичсэн. Харамсалтай нь тэр чатаа өөрөө устгасан байна лээ. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын нарийн бичиг тухай бүр солигдож байсан. Ингэж солигдохдоо 2 мэргэжилтэн хөдөлмөрийн маргаан таслах комисст ирүүлсэн гомдлыг хүлээлцсэн акт байгаа. Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Энхжаргал, Билгүүн нар ажил хүлээлцэхдээ Ганцэцэгийн өргөдлийг шийдвэрлэх шаардлагагүй болсон гомдол буцаасан гэсэн баримт байна. Ганцэцэг нь хэдийгээр буцаасан  ч гэсэн шинэ авсан нарийн бичиг гомдол буцаасан гэдгийг мэдэхгүйгээр Ганцэцэгийг дуудаж хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурал хийсэн хэдий ч хөдөлмөрийн маргаан таслах комиссын гишүүд нь ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэдэг шийдвэр гаргасныг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт гаргаж өгсөн. Дараа нь Ганцэцэг сумын гурван талт хороонд хандсан боловч тус хороо байгуулагдаагүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр хэлтсийн дарга Ө.Буяндэлгэр удаа дараа орж ирж дарамталсан гэх зүйл яриад байна. Би ажилт олгогчийг төлөөлж байгаа Ганцэцэгийн шууд удирдлага хэлтсийн даргын хувьд ямар нэг байдлаар ёс бус үг хэллэг хэрэглэх, өөрийн дуу авиаг өндөрсгөх ямар нэг дарамтын шинж чанартай зүйл хийгээгүй. Энийг өөрөө гэрчлэх байх. Ажил олгогчийн шийдвэрийг танилцуулж, ажил хэрэгтэй холбоотой асуудлаа удаа дараа танилцуулсан. Танилцуулахдаа хууль бус байдлаар хандаагүй гэдгийг баталж хэлье. Хууль сануулсан тул шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд хавтаст хэрэгт өгөгдсөн баримтуудаас үзэхэд ямар нэг хууль бус үйлдэл гараагүй мөн он цагийн дараалал нотлох баримт шинжлэн судлахад харагдана. Хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт бүгд авагдсан тул хэргийг шийдвэрлэхэд дөхөм байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсмээр байна. 2022 оны 4 сараас хойш Ганцэцэгийг ажил шилжүүлэн томилохоос өмнө янз бүрийн асуудал, зан харилцааны доголдол гаргаж байсан. 2022 оны 11 сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 1 сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлын сахилгын арга хэмжээ авах тушаал байна. Энэ тушаалуудад нэхэмжлэгч ямар нэг гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр байна. Ганцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.3.27-д сахилгын зөрчил давтан гаргасан бол ажлаас чөлөөлөх нөхцөл байдал үүссэн байсан боловч Ганцэцэгийн нөхцөл байдлыг харгалзаад гүйцэтгэх захирал нь ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүй гэж үзэж байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзэж шилжүүлсэн. Ингэж ажиллуулахдаа ямар нэг дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлд хүний нөөцийн хэлтсийн дарга дарамталсан, хэд хэдэн удаа өрөөндөө дуудаж ажлын байрны дарамт үзүүлсэн гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч ажлын байрны дарамт бүрдүүлэхгүй байх чиглэл өгсөн байдаг. Би тухайн үед Ганцэцэгийн асуудлаар сонсох ажиллагаа хийж байхад хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж байсан. Мөн ёс зүйн зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж  байсан. Тус зөвлөлд Буяндэлгэр даргын талаар дарамт үзүүлсэн ёс зүйгүй үйлдлийн талаар гомдол ирж байгаагүй талаар өнөөдөр энэ хурал дээр хариуцлагатай хэлмээр байна. Ганцэцэг нь бусад ажилтантай маргалдсан талаар өөрөө гомдол гаргаж байсан өөр бусад ажилтан мөн гомдол гаргаад ёс зүйн зөвлөлөөр орж байсан тохиолдол байдаг. Буяндэлгэр дарга эхнээс нь процессыг хэлсэн. Ганцэцэг нь ажлаас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн байхад ажлаар хангаж ажиллуулж байгаа нь ямар нэг байдлаар гомдол гаргах үндэслэлгүй байна. Одоо ингэж гомдол гаргаж цалингийн зөрүү нэхэмжилж байгаа нь маш ёс зүйгүй байна. Гүйцэтгэх захирал гаргасан өргөдлийг нь цохож 2,073,000 төгрөгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж цалинжсан. Ганцэцэгт гомдолтой байх зүйл огт байхгүй. Бичиг хэргийн ажилтан 1,700,000 төгрөгийн цалинтай. Ганцэцэгээс бусад ажилтан гомдол гаргаагүй, энэ цалингаа авч ажиллаж байгаа. Цалинг нэмэгдүүлж 2,073,120 төгрөг болгосноор 346,120 төгрөгийн зөрүү гарч байна. Бичиг хэргийн бусад ажилтнуудаас энэ хэмжээний төгрөгөөр илүү цалин тогтоолгож авч байгаа нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гомдол гаргах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна...” гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч талаас “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 4/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-ын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/74 дугаартай албан тоот /хх-ийн 10/, “Цемент Шохой” ТӨХК-ийн Маргаан таслах комиссын хурлын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл /хх-ийн 11-15/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 99/, цалингийн мэдээлэл /хх-ийн 100-121/,

Хариуцагч “Цемент Шохой” ТӨХК-иас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/874 дугаартай итгэмжлэл /хх-ийн 25/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/1062 дугаартай итгэмжлэл /хх-ийн 32/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 44-49/, хөдөлмөрийн маргаан таслах комисст ирсэн гомдол /хх-ийн 51/, тушаалын хувийн хэрэг бүрдүүлэх үйл ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 52-53/, хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ганцэцэгийн гаргасан өргөдөл /хх-ийн 54-56/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72/, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ХГ-23/140 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 73-75/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 110 дугаартай тогтоол /хх-ийн 76/, “Цемент Шохой” ТӨХК-ийн дүрэм /хх-ийн 77-90/, ажил хүлээлцсэн акт /хх-ийн 122-123/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 124/, “Цемент Шохой” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 131-148/, “Цемент Шохой” ТӨХК-ийн дүрэм /хх-ийн 149-162/, “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаал, 2-р хавсралт /хх-ийн 163-165/,  “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай Г.Ганцэцэгт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /хх-ийн 166/, 2022 он 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/715 дугаартай Г.Ганцэцэгт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /хх-ийн 167/, “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/183 дугаартай “Цалин хөлсний журам шинэчлэн батлах тухай” тушаал, 4,5,6-р хавсралт, /хх-ийн 168-188/, Г.Ганцэцэгийн гаргасан өргөдөл /хх-ийн 189/, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 190-193/ Г.Ганцэцэгийн бакалаврын диплом, хавсралт /хх-ийн 194-197/, “Цемент Шохой” ТӨХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/1306 дугаартай итгэмжлэл /хх-ийн 198/ зэрэг нотлох баримтууд болно.

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулан ажиллуулсан цалин хөлсний зөрүү 2,236,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ажил олгогч “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2022 оны 12 сард миний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулж, эрх зүйч, бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй хүн ажиллуулахаар тусгасан бөгөөд хүний нөөцийн хэлтсийн дарга нь ажлын байранд тавигдах тусгай шаардлагад тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлын байрны дарамт үзүүлж, Геологи, уул уурхайн хэлтсийн бичиг хэргийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичүүлсэн. Гэвч тухайн ажлын байранд намайг томилоогүй, өөр ажил, албан тушаалд томилсон тул тухайн ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлно.  

                      Хариуцагч “Цемент Шохой” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  “...нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь Социологич мэргэжилтэй ба ажлын байранд тавигдах тусгай шаардлагад тэнцэхгүй байсан учраас түүнтэй харилцан тохиролцсоны дагуу өөр ажилд шилжүүлсэн, мөн урьд нь 2 удаагийн сахилгын шийтгэлтэй, хүний нөөцийн чиглэлээр сургалтанд сууж гэрчилгээ аваагүй, тухайн мэргэжлээр ажиллах ажлын туршлагагүй зэрэг үндэслэл дурдан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь түүнийг ажлаас чөлөөлсөн “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаар тушаалыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардаж аваад хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “Цемент Шохой” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус өдрөө ханджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж хуульчилсан боловч “Цемент Шохой” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр маргааныг хянан шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11-14/

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг “Цемент Шохой” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус сумын хэмжээнд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулагдаагүй  тул ажилтан шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарч байхаас гадна мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар тус компанийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба мөн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  Б/104 дугаар тушаалаар тус компанийн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томилогдсон байна. /хх-ийн 4/

            “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Компани тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн тус компани хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ганцэцэгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар томилжээ. /хх-ийн 4/

Дээрх тушаалд баримталсан хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж, 43 дугаар зүйлийн 43.1.7 дэх хэсэгт хууль тогтоомжид заасан бусад эрх гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно гэж, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт захирал нь эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах эрхтэй гэж, Компани дүрмийн 8.1-д Компанийн гүйцэтгэх удирдлага нь компани дүрэм болон түүнтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, 8.9.9 дүгээр зүйлд гүйцэтгэх захирал нь компанийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах эрхийг эдэлнэ гэж тус тус заажээ.  Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч эсхүл ажилтны санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажил олгогч үндэслэл, шалтгаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасан аль 1 нөхцөлд хамааруулан тушаал шийдвэртээ тусгасан байх үүрэгтэй бөгөөд ажлаас чөлөөлөх болсон шалтгаан болон хууль зүйн үндэслэл огт заагаагүй нөхцөлд тухайн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй болно.

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлийг заагаагүйгээс гадна уг тушаалд талууд харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар, Г.Ганцэцэг нь ямар зөрчил гаргасныг, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажилтны санаачилгаар цуцлагдаж байгаа аль нь болохыг тодорхойлоогүй байх тул тушаалыг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хожим гаргасан тайлбар үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг үндэслэлийг тайлбарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй болно.

Иймд “Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/104/ дугаар тушаалын хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганцэцэгийг “Цемент Шохой” ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн ажлын байранд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан цалин хөлсний зөрүүг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэв.

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д “ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн “Цемент Шохой” ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан нийт цалин 7,176,918 төгрөг, Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар ажилласан нийт цалин 6,665,308 төгрөг байна.

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг тооцоход “Цемент Шохой” ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтний нэг өдрийн цалин 108,741 төгрөг,   Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтны нэг өдрийн цалин 105,798 төгрөг байх ба нэг өдрийн цалин хөлсний зөрүү 2,943 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаанд “Цемент Шохой” ТӨХК-ийн Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар 179 хоног ажилласан ба нийт 526,797 төгрөгийн цалин хөлсний зөрүүг ажил олгогчоос гаргуулж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,709,563 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ганцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Цемент Шохой” ТӨХК-иас эд хөрөнгийн бус нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, цалин хөлсний зөрүү 526,797 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,454 төгрөг, нийт 86,654 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

             Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                             ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганцэцэгийг “Цемент Шохой” ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Цемент Шохой” ТӨХК-иас цалин хөлсний зөрүү 526,797 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,709,563 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ганцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Цемент Шохой” ТӨХК-иас эд хөрөнгийн бус нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, цалин хөлсний зөрүү 526,797 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,454 төгрөг, нийт 86,654 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА