Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

Б.Б, Д.М, Н.Ш нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Өсвөр насны яллагдагч Б.Б-ий өмгөөлөгч Ж.Д

Өсвөр насны яллагдагч Н.Ш-ын өмгөөлөгч Б.Б

Өсвөр насны яллагдагч Д.М-ын өмгөөлөгч М.Э

Хохирогч Д.Б

Өсвөр насны яллагдагч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С,

Өсвөр насны яллагдагч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.Д,

Өсвөр насны яллагдагч Н.Ш түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/254 дугаар шүүгчийн захирамжийг өсвөр насны яллагдагч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч П.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б, Д.М, Н.Ш нарт холбогдох 2016001120065 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Есөнбулаг сумын Харзат 4-р баг, 7-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЛ..............регистрийн дугаартай, Т овогтой Б.Б

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Аптай аймаг, Есөнбулаг сум Есөнбулаг сумын Харзат 4-р баг, 6-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЖ............. регистрийн дугаартай, Ш овогтой Н.Ш

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нар Ванчин гэгээний хийдэд шавилан суудаг, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Харзат 4-р баг, 5-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЖ........... регистрийн дугаартай, Г овогтой Д.М.

 

Холбогдсон хэргийн талаар: Нэг. Өсвөр насны яллагдагч Б.Б, Д.М, Н.Ш нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-38 тоот хашаанд байрлах Д.Б-ын монгол гэрийн хаалганы цүүг мулталж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.Б-ын өмчлөлийн шаргал өнгийн арьсан цүнхтэй Леново маркийн нөүтбүүк 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, ногоон өнгийн цүнхтэй хоёр нүдний дуран, 100 граммын шилтэй эклад гэсэн бичигтэй үнэртэй ус, хайрцагтай нүдний шилийг хулгайлан авч 1.697.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Хоёр. Өсвөр насны яллагдагч Б.Б, Д.М, Н.Ш нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 7-16 тоот хашаанд байрлах Х.Ц-ын монгол гэр, үүдний амбаарын хаалганы цүүг мулталж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Х.Ц-ын өмчлөлийн 5 товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, хуучин цагийн халтар манан хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой, хуучин цагийн хээтэй цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн ам нь сэтэрсэн цагаан хөөрөг 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, цагаан мөнгөөр хийсэн эмээлийн баавар 2 ширхэг, дээлийн мөнгөн товч 5 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 4 ширхэг, эмэгтэй мөнгөн гинж 2 ширхэг, хуучин цагийн цагаан чулуун соруултай, тамхины ууттай гаанс 1 ширхэг, хайрцагтай, цэнэглэгчтэй гар чийдэн, хайрцагтайгаа олон үйлдэлт дижитал массажны аппарат, Himalaya брэндийн Асtive Presh нэртэй шинэ шүдний оо 1 ширхэг, шар өнгөтэй таслагч, бариул, түлхүүр, хаалтны ком, таслагчны ир 5 ширхэг, улаан өнгөтэй гар дрилл, хуучирсан хичээлийн хар цүнх 1 ширхэг, цэнэглэгчгүй мини нөүтбүүк 1 ширхэг, машины нэмэлт гэрэл 4 ширхэг, дэлгэц ар тал нь хагарсан iphone-4 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, батерей, таг байхгүй, дэлгэц нь хагарсан Самсунг маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Dubliss нэртэй хийлдэг гудасны уут 1 ширхэг, мишокны уут 1 ширхэг, хадаг 1 ширхэг, өвс хаддаг хадуурны мотор 1 ширхэг, хуучны “Алтангадас” одон 1 ширхэг, Социалист хөдөлмөрийн алдар 1 ширхэг, “Монгол Улсын малчин” тэмдэг 2 ширхэг, сумын “Сайн малчин”-ны тэмдэг 1 ширхэг, Монгол ардын хувьсгал нэртэй ойн тэмдэг 1 ширхэгийг авч 8.522.500 төгрөгийн хохирол учруулсан

 

Гурав. Өсвөр насны яллагдагч Б.Б, Д.М, Н.Ш нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 14-5 тоот хашаанд байрлах Д.Б-ийн монгол гэрийн хаалганы цүүг мулталж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.Б-ийн өмчлөлийн тахилын цөгц 75 ширхэг, 4-5 метрийн урттай дээлийн торго 15 ширхэг, машины түлхүүр багажны жижиг ком 1 ширхэг, машины түлхүүр багажны том ком 1 ширхэг, 10 литрийн бетон 2 ширхэг, 5 литрийн бетон 1 ширхэг, таслагч 1 ширхэг, хотель маниарк 1 ширхэг, аранз 1 ширхэг, машин халаагчны релин 1 ширхэг, задгай түлхүүр, багаж 9 ширхгийг авч 1.131.500 төгрөгийн хохирол учруулсан

 

Дөрөв. Өсвөр насны яллагдагч Б.Б, Д.М, Н.Ш нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Жаргалантын хороо 10-1-в тоот хашаанд байрлах Б.Ц-ийн цоожтой монгол гэрийн хаалганы дарааг мурийлган онгойлгож буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Б.Ц-ийн шинэ болон хуучин цагийн мөнгөн аяга 2 ширхэг, ногоон өнгийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн нэг мөрний үүргэвч 1 ширхэг, нүүр гарны алчуур 1 ширхэг, Леново маркийн нөүтбүүк, 60 граммтай, фаберликийн үнэртэй ус 1 ширхгийг авч 1.393.000 төгрөгийн хохирол учруулсан

 

Тав. Өсвөр насны яллагдагч Н.Ш, Д.М, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 8-8 тоот хашаанд байрлах Д.П-ийн цоожтой монгол гэрийг хатавчинд байсан түлхүүрээр онгойлгож буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.П-ийн өмчлөлийн Эйсер маркиин нөүтбүүк 1 ширхгийг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан

 

Зургаа. Өсвөр насны яллагдагч Н.Ш, Д.М, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 9-5 тоот хашаанд байрлах Э.М-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн онгойлгож буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Э.М-ын ногоон өнгийн дрилл 1 ширхэг, бор өнгийн хөөрөг 1 ширхгийг авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан

 

Долоо. Өсвөр насны яллагдагч Н.Ш, Д.М, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 2-12 тоот хашааны хаалганы хажууд байрлуулсан Б.Ч-ийн улсын дугааргүй, 200 мотортой, Мустанг-5 нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.462.500 төгрөгийн хохирол учруулсан

 

Найм. Өсвөр насны яллагдагч Н.Ш, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Луйлтын дугуй гэх газар оршин суух Н.Д-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Н.Д-ын өмчлөлийн ууттай гаанс 1 ширхэг, мотоциклийн шинэ олгой хаймар 1 ширхэг, 22 ширхэг түлхүүр багаж авч 489,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Өсвөр насны яллагдагч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч П.Д-ийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч Т овогт Б.Б, Г овогт Д.М, Ш овогт Н.Ш нарт холбогдох 2016001120065 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Өсвөр насны яллагдагч Б.Б, Н.Ш, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Аsег маркийн нөүтбүүк 1 ширхэг, хуучин бор өнгийн үдээстэй хос гутал, камерийн бичлэгтэй компакт диск 1 ширхэгийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

          Өсвөр насны яллагдагч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч П.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэрэгт холбогдогчид, хууль ёсны төлөөлөгчид, прокурор, шүүгч, өмгөөлөгчдийг оролцуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлгийн видео бичлэгийг хянаж үзэхэд шүүгч Ч.М, прокурор Б.О-ийн 3 эмчийн гарын үсэгтэй шүүх сэтгэцийн дүгнэлт гэж тайлбарласнаар хавтаст хэрэгт үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг асуудлыг хэлэлцүүлээгүй орхисон юм. П.Д би Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж шалгуулсан. Говь-Алтай аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын газрын харьяа ахлах мэргэжилтэн А.Н-т нэгдсэн эмнэлгийн эмч Ш.Ю тайлбар өгөхдөө 2020 оны 07 дугаар сарын 28, 29-нд би ээлжийн амралтаа авсан ажилд орох хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 16-нд байсан. Говь-Алтай аймгийн Чандмань сумд гэр бүлийнхээ хүний хамт амарч явсан. Нэгдсэн эмнэлгийн дарга Ш.С утсаар ярьж “Шүүхээс тогтоол ирсэн чи аймаг руу ирж дүгнэлт гаргах” шаардлагатай гэж өрөөнийхөө түлхүүрийг үлдээсэн. 2020 оны 08 дугаар сарын 16-нд шүүх сэтгэцийн бүрэлдэхүүн комиссын эмч Б хөдөө явсан утас нь холбогдоогүй амралтын өдөр шүүх сэтгэцийн дүгнэлтийг 2020 оны 08 дугаар сарын 16-нд дангаараа гаргасан. Нэгдсэн эмнэлгийн дарга Ш.С-ийн өрөөнд О.Б эмч, Ш.С эмч нарын эзгүй үед нэгдсэн эмнэлгийн дарга Ш.С-ийн төрийн тамгыг ашиглаж дүгнэлтдээ хэрэглэсэн нь ажиглагдаж байна. Хүний эрхийн үндэсний комиссын газрын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн А.Н-т өгсөн сэтгэцийн эмч Ш.Ю-гийн тайлбарыг нотлох баримт тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-гийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах шаардлагатай байна. Н.Ш нь хуучин мотоциклоо хойд толгойгоос айлын хашаанаас хулгайлсан хуучин цэнхэр мотоциклийг өөрийн мотоциклоо сэлбэсэн хэрэг уг мотоциклийг хулгайлсан Б.Б цагдаад баривчилгаанд 7 хоног саатуулсан тухай прокурор Б.О-ийн яллах дүгнэлтэд тусгагдаагүй. Хойд толгойгоос Н.Ш, Б.Б нар айлын хашаанаас мотоциклийн мотор хулгайлж мотоциклоор дүүрч цагдаа нар хөөхөд зугтаасан хэрэг хавтаст хэрэгт авагдаагүй, шалгагдаагүй уг цагдаа дээр шалгагдаж байсан. Мотоциклийн мотор хулгайлсан хуучин цэнхэр мотоцикл хулгайлсан хэргүүдийг сэргээн нэмэлтээр шалгуулах хүсэлтэй байна. Хууль эрх тэгш үйлчлэх ёстой. Цагдаагийн х/ч Б шалгасан Б.Б, Н.Ш нар газ сорж үнэрлэж шүднийхээ дотор талд газны цорго хошууг дарж хүйтэн агаар хоолойд цацагдаж таатай мэдрэмж төрдөг тухай мэдүүлгүүдийг П.Д би Цагдаагийн дарга Э-т хүсэлт гаргаж уг хавтаст хэргийн материал руу хийлгэх талаар х/ч Б-т миний дэргэд үүрэг даалгавар өгсөн байсан. 2021 оны 01 дүгээр сарын 05-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-гийн захирамжийг гардаж авсан. Уг шүүгчийн захирамжтай танилцахад газ сорж үнэрлэсэн хэргийн Б.Б, Н.Ш нарын мэдүүлгийг хавтаст хэрэгт байхгүй талаар хариу өгсөн. 2014 оны Эрүүл мэндийн яамны сайдын тушаал “Магадлан тогтоох комиссын бүрэлдэхүүн ажиллах журам” зөрчигдөж байна. Д.М-ын хууль, эрх зүйн байдлыг дордуулж байна. Н.Ш, Б.Б, Д.М нарыг шүүх сэтгэцийн дүгнэлтийг “Магадлан тогтоох комиссын бүрэлдэхүүн ажиллах журам”-ын дагуу гурван эмчийн бүрэлдэхүүнтэй комиссоор хууль журмыг баримтлан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэмж тусгуулж бусад гэмт хэргүүдийг сэргээн шалгуулах хүсэлтэй байна. Уг хэлэлцүүлгээр дээрхи асуудал хэргүүдийн талаар дурдсан байгаа тул шүүгч Ч.М-ийн протоколд урьдчилсан хэлэлцүүлгийн талаар яаж тусгагдсаныг мэдэхгүй тул зарим зүйлүүд тусгагдаагүй байх магадлалтай тул шинээр илэрсэн нотлох баримт болон бусад хэргүүдийг нь сэргээн хэргийн материалд баримтаар хийгдээгүй материалуудыг хийлгэн шинжлэн судлан видео бичлэгийг үзэж хянаж төрийн шударга шүүх нэмэлтээр хийлгэх ажиллагаа бусад прокурор иргэний гомдлын дагуу хяналт тавьж шинжлэн судлаагүй орхигдсон материал шинэ нотлох баримтад тулгуурлан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн протоколд нэмж тусгуулах тухай миний гаргасан гомдлыг шүүх хянаж хуулийг баримтлан мөрдүүлж өгнө үү гэжээ.

 

Өсвөр насны яллагдагч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч П.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Үүний дараа шүүгчийн протоколд нэмж тусгуулахаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд би гомдол гаргасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хавтаст хэрэгт бичигдсэнээр хуулийн дагуу ажилласан. Хяналтын прокурор Б.О нь шинжээч эмч нараас мэдүүлэг тайлбар авах мөн хэргийн материалд Б.Б, Н.Ш, Э нар хамтарч ахуйн хэрэглээний газ үүдэн шүдэн дотроо газны /цорго/ хошууг дарж хүйтэн агаарыг хоолойдоо сорж үнэртдэг тухай Цагдаагийн х/ч Б Зөрчлийн хэрэг шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хүүхдүүдийн мэдүүлэг, тайлбарыг хэргийн материалд тусгуулах хүсэлт цагдаагийн даргад тавьж хэрэг мөрдөн шалгаж буй х/ч М.Б-т миний дэргэд үүрэг өгч байсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн талаар надад ирүүлсэн албан тоотондоо хэргийн материалд газ сорж үнэрлэсэн тухай мэдүүлэг, тайлбар хавсаргагдаагүй тухай хариу өгсөн байсан. Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг зохиож хуралдахдаа дутуу мөчид шалгагдсан хэрэг бүрийг нягтлан хэрэгт хавсаргагдах материал ажиллагаа бүрийг анхаарч хянаж нэгдсэн эмнэлгийн эмч нарын Хүний эрхийн үндэсний комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтанд өгсөн мэдүүлгүүд мөн 2014 оны Эрүүл мэндийн яамны сайдын  тушаалын дагуу бүрэлдэхүүнтэйгээр Б.Б, Н.Ш, Д.М нарын сэтгэцийн байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.М-ын албан тоот мөн Сэтгэц мэдрэлийн тасгийн эрхлэгч О.Б, сэтгэцийн эмч Ш.Ю нарын мэдүүлэг, тайлбаруудыг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэмэлт тайлбараар нэмж хүргүүлэв. 2020 оны 07 дугаар сарын 26-нд Э ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж дотрын эмч Б-аас тодруулах мөн цагдаагийн а/х О.Х сорил хийх нэрээр хууль зөрчсөн юм. А/х О.Х газ сорж үнэрлэсэн нь тогтоогдохгүй байна гэж хуурамч бичиг үйлдсэн гэжээ.

 

Өсвөр насны яллагдагч Д.М-ын өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өсвөр насны хүн заавал өмгөөлөгчтэй орох шаардлагатай. Энэ шаардлагын дагуу шүүх хуралдаанд өмгөөлөгч байлцаж байна. Албан ёсны хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мэдэгдэл хийгээгүй. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүх хуралдаанд оролцож байна. Аав нь гол зүйлээ хэлж байна. П.Д-ийн харагдах байдлаас хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа байна. Шүүхээс яг юу хүсээд байгаа вэ? гэдгийг тодорхой хэлэх ёстой гэжээ.

Өсвөр насны яллагдагч Н.Ш-ын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 254 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих ажил бүрэн дүүрэн нотлогдоогүй. Хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй бөгөөд хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 

Хохирогч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Хулгай хийсэн хүүхдүүд гэмээ гэмших ёстой. Цагдаа болохгүй байна. Прокурор болохгүй байна гэж тайлбарлаж байна. Үүнийг шүүх тогтоох ёстой байх гэж бодож байна. Ер нь хүүхдүүд хүний гэр ухдаг, хулгай хийдэг нь буруу. Хохирогч нарыг хохиролгүй болгож өгмөөр байна.

 

   Прокурор А.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын үйлдсэн гэм буруутай үйлдлийг хангалттай шалган тогтоож чадсан байна. Эд зүйлийн үнэлгээгээр учирсан хохирлыг хуульд зааснаар тогтоосон байна. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.

                                             ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Прокуророос шүүгдэгч Б.Б, Д.М, Н.Ш нарыг  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нар нь яллах дүгнэлтэд дурдагдсан зарим гэмт хэргийг үйлдэхдээ мотоцикл ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тогтоогоогүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл ашигласан эсэх нь хэргийн байдлыг бодитой тогтоох, тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, хуульд заасан журмын дагуу хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хуралдаанаар уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна гэсэн заалт нь хувийн байдал тодорхойгүй яллагдагчид хамаарах зохицуулалт болохыг дурьдах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч П.Д нь өсвөр насны шүүгдэгч нарын сэтгэцийн талаар дүгнэлт гаргахдаа шинжээч нар холбогдох журмыг зөрчсөн, шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцсон зарим шинжээч сэтгэцийн дүгнэлт гаргуулж байгаа өсвөр насны шүүгдэгч нарыг үзээгүй, дүгнэлт гаргах явцад оролцоогүй тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа нь  үндэслэлтэй байж болохыг дурьдах нь зүйтэй.

 

Мөн шинжээчдийн дүгнэлтэд зарим өсвөр насны шүүгдэгчийг хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдолтой талаар дүгнэсэн байх бөгөөд шүүгдэгч нарын оюун ухаан, сэтгэхүйн хөгжил нь насандаа тохирч байгаа эсэх өөрөөр хэлбэл тухайн шүүгдэгч оюун сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой эсэх нь эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад өсвөр насны шүүгдэгчийн амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээллийг заавал тогтоосон байхыг шаардаж байгаа бөгөөд сэтгэцийн өвчинтэй холбоогүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар заасан. Эдгээр нь хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон этгээдэд ял, албадлагын арга хэмжээг оновчтой хэрэглэхэд чухал ач холбогдолтой.

 

Тиймээс өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, хүмүүжилтэй холбоотой мэдээллийг нарийвчлан тогтоож, сэтгэцийн байдлыг дахин шинжээч томилж тогтоолгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой бөгөөд нотолбол зохих байдлууд нотлогдсон эсэхийг хянах шаардлагуудыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч П.Д-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 254 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч П.Д-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                                       

                              ШҮҮГЧИД                               Т.Ж

                                                                          

                                                                              Ч.Э