Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/04526

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 19

 

 

 

 

 

 

 

 

 

101/ШШ2023/04526

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Ж-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.А-д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч О.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч О.Ж нь 2015 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаартай захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны *** тоотод иргэний ахуйн зориулалтаар 208 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан. Гэтэл нэхэмжлэгчийн тус тоот газарт иргэн А.А нь хууль бус үйлдэл гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж автомашины зогсоолыг барьж байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн удаа дараа энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан боловч шаардлагыг үл биелүүлэн автомашины зогсоолоо барьж, бетонон хашаагаар хашсан байдаг. Нэхэмжлэгчийг газраа Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан журам болон дүүргийн Газар зохион байгуулалтынт албатай байгуулсан иргэн, хуулийн эттээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан хуулийн нөхцлийн дагуу газраа ашиглах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч А.Аын гаргасан хууль бус үйлдэл саад учруулаад байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 онд газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан.

Тухайн үед шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад иргэний хэрэг үүсгэж улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/Ш32018/21510 дугаартай захирамжаар нэхэмжлэгч О.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пгийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ад холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дэх заалтыг үндэслэж, 117.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох газар эзэмших эрхийн асуудлын талаар зохигчид захиргааны хэргийн журмаар маргаж иргэний хэрэгт зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул хуульд заасан дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.

Нийслэлийн Засаг дарга 2019 оны А/946 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Жд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны *** тоотод 208 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжийн О.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг. Улмаар О.Ж нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны журмаар гомдол гаргахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 61 дүгээр зуйлийн 61.1-д заасныг тус баримтлан нэхэмжлэгч О.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болж, А.Аын маргаж байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны *** тоотод иргэний ахуйн зориулалтаар эзэмших, 208 м.кв талбайтай газрын эзэмших эрх О.Жд хэвээр үлдсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шүүх, хяналтын шатны шүүх дээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны *** тоотод байрлалтай, 208 м.кв талбайтай газрын эзэмших эрх тэдгээртэй холбоотой гомдол, нэхэмжлэлийн шаардлага байхгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/Ш32018/21510 дугаартай захирамжид дурдсан үйл баримт арилсан учир нэхэмжлэгч О.Жы зүгээс хариуцагч А.Ад холбогдуулан өмнө иргэний хэргийн шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага дахин гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар О.Жы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ хариуцагч нь гадаад улсад байх тул хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байна.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хил хамгаалах газрын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тодорхойлолтоор үндэслэл болгосон байдаг. Гэтэл А.А нь 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингис хаан агаарын замын боомтоор Монгол улсад нэвтэрсэн нь тодорхой болсон. Бид хил хамгаалах ерөнхий газарт хандахад хилээр орж, гарсан мэдээллийг шүүх болон эрх бүхий байгууллагаас тодруулгаар авах боломжтой гэж мэдэгдсэн.

Иймээс нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй маргааны бүхий газарт А.А нь өнөөдрийг хүртэлх хугацаанд өмнө хууль зөрчиж барьсан автомашины зогсоолоо үргэлжлүүлэн ашиглаж байгаа тул уг хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг албадан чөлөөлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд дахин гаргаж байна.

Иймд, нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/343 захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан 347 иргэнд газар олгох гэрчилгээ олгохоор болсон. Уг 347 иргэний нэг нь нэхэмжлэгч Ж бөгөөд Баянзүрх дүүргийн 13-р хороо, 1-р гудамжны **б тоот 208 м.кв газрыг Жд ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон боловч хариуцагч нь газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож, 160.31 м.кв талбайд Аын компанийн Амар зочид буудлын машины зогсоолыг барьж газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул 160.31 м.кв талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар гэрээний үндсэн дээр эрхий гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Манай эрхийн гэрчилгээ 2015 онд гарсан байдаг. 208 м.кв талбайг эзэмших эрхтэй гэдэг нь тогтоогдож байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримт байхгүй. Газрын тухай хуулийн 21.2.3 дахь хэсгийг баримталж Нийслэлийн засаг дарга хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Захиргааны хэргийн маргааныг шийдвэрлэхдээ А/343 дугаар захирамж хянан хэлэлцэгдэж байгаа. Тийм учраас хэрэгт авагдсан магадлалд энэ нөхцөл байхгүй тул бидний эрх хэрхэн зөрчигдөөд байгаа вэ гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой байгаа. Аын автомашины зогсоол нь давхацсан гэдэг нь тодорхойлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.гэв.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... 2015 оноос хойш А гэдэг хүн энэ газрыг хууль бусаар эзэмшиж байгаа. А нь 1500.21 м.кв газрыг үндэслээд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байдаг. Шат шатны байгууллагад гомдол гаргаад яваад байгаа. Өөрсдөө хууль бусаар газар эзэмшиж байж гомдол гаргаад яваад байдаг. Тухайн газарт блокон хашаа бариад, замыг нь асфальтаар хучсан байдаг. Хэрэгт авагдсан газар чөлөөлүүлэхээр 2016 онд хандаж байсан баримт, бусад баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нийслэлийн засаг даргын захирамжийг захиргааны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, одоо бүгд сэргээгдсэн байгаа. Бүртгэл дээрээ харагдаж байгаа. Шүүгчтэй холбоотой асуудал бол хэрэгт хамаагүй. Захиргааны хэргийн шүүхэд 3 удаа гомдол гаргаж, хугацаа хожоод, хууль бусаар эзэмшээд байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. 8 жилийн хугацаанд энэ асуудал шүүхээр явж байна. гэв.

 

2. Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

2015 онд Баянзүрх дүүргийн Газрын алба, Нийслэлийн газрын албанд барилга барьж байгаа талбайд ТҮЦ-ний болон бусад байдлаар газар олголт хийхгүй байхыг хүссэн хүсэлтүүдийг өгсөн байсан. Гэтэл 2018 онд кадастрын зураг гаргуулан 2015 онд газар эзэмших эрх авсан байна. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус шүүхэд хянагдаж байгаа О.Жы нэхэмжлэлтэй, А.Ад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

О.Жы газар хүссэн өргөдөл нь худгийн хажуугийн налуу 10 гишгүүр бүхий шаттай гүн жалга байх ба энэ жалган дунд хашаагүй, гэргүй олон жил амьдарсан гэж өргөдөл өгсөн байна. Тэгэхээр гуу жалганд гудамжны нохой мууртай хамт амьдарч байсан гэнэ.

Гуу жалгыг олон сая төгрөгний зардал гарган тэгшилж, галын аваарын хаалга, бетонан хашаа, асфальтан зогсоол болгосон газрыг чөлөөлүүлэн газрыг нь ухаж хуучин жалгыг сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ.

Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд шал худлаа өргөдөл гаргаж, төрийн албан хаагчаар гуу жалганд хашаагүй, гэргүй амьдран суудаг гэсэн хуурамч тодорхойлолт гаргуулан, хөрөнгө оруулалт хийсэн хүнээс мөнгө нэхэх шунахайн сэдэлтээр газрын эрх олж авсан нь тодорхой байна.

А.А нь захиргааны маргаан үүсгэн БЗД-ийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... Хавтаст хэрэгт А/343 захирамжийг хүчингүй болгосон захирамж авагдсан байгаа. Хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгосон үйл баримт хэрэгт байхгүй. Шинээр захирамж гаргаад сэргээгдсэн баримт хэрэгт байхгүй. А/343 захирамжийг хүчингүй болгосон захирамж хэвээрээ байгаа. Нэхэмжлэл гаргахын тулд и хуулийн 62 дугаар зүйлд заасан баримтыг бүрдүүлэх ёстой байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу засаг дарга захирамжаа хүчингүй болгосон гэх баримт байхгүй тул бүрдүүлбэр хангаагүй. Захирамж нь хүчингүй болсон тул эзэмшигч биш. Хоёрдугаарт газар чөлөөлүүлэх гэж байна. Газрыг ямар хэлбэрээр чөлөөлүүлэхийг шаардаж байгаа юм. 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан байгаа тул энэ мөнгийг төлж байж авч болно. Хуучин хэвэнд нь оруулах юм бол 30 градус налуу жалга болгох юм уу. Гуравдугаарт нэхэмжлэлийн шаардлага нь 13-р хороо, дүүргийн 1-**б гэсэн хаягтай газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Монгол улсад дүүргийн 1-**б гэсэн хаягтай газар байхгүй. 1-** тоот хаягийн эзэн нь А юм. Аын өмчлөлийн газрыг хуваагаагүй тул б гэсэн хаяг байх ёсгүй. Засаг даргад авлига өгч хуурамч тодорхойлолт хийлгэсэн. Баянзүрх дүүргийн засаг даргад О.Ж гэдэг хүн нэг ч удаа өргөдөл өгч байгаагүй гэсэн баримтыг хэрэгт өгсөн. Ямар ч өргөдөл гомдолгүйгээр газар эзэмших гэрчилгээ олгох боломж байхгүй. Тийм учраас Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Дөрөвдүгээрт магадлалыг дангаар нь нотлох баримтаар үнэлдэггүй. Шийдвэр гүйцэтгэх албанд заавал 3 шатны шүүхийн шийдвэр бүрэн байж ажиллагаа явуулдаг. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би 20 жил шүүхээр явж байна. Би огт худал хэлдэггүй. Хүчингүй болсон А/343 захирамжийг сэргээсэн гэж байгаа бол энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөх хэрэгтэй. Хуульд зааснаар газар нэгж, талбарын дугаартай байдаг. Бусдын ашиглаж байгаа газрыг 2018 онд авсан байдал харагдаж байгаа. Ж нь Баянзүрх дүүргийн газрын албанд нэг ч удаа өргөдөл, гомдол өгөөгүй. Үзлэг хийх юм бол газар олгогдохгүй байсан. Яагаад гэхээр тэр газар нь жалга байдаг байхад гэр бариад амьдарч байсан гэж ярьж байсан. Хуульд зааснаар өргөдлийг хаяг, нэр, байх ёстой. Тийм зүйл байхгүй. Нийтийн эзэмшил газрыг авсан нь үнэн. Гэхдээ энийг авч болохгүй гэж хэн ч хэлээгүй. Нэгж талбарын дугааргүй бол тухайн газрыг чөлөөлүүлэх боломжгүй .Чөлөөл гэвэл газарт объект барьсан байгаа тул тухайн объектыг буулгах, эсвэл худалдаж авч болно. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Шүүхийн архиваас орсон өдөр нь хуулбарлаж авсан. Авсан материалаа дараа нь үзэхэд 1-**б хаяг огт байгаагүй гэсэн баримтаа би хуулбарлаж аваагүй байсан. Ж гэдэг хүн өөрөө хаяг зохиогоод хувааж авч болохгүй. Аын өмчлөлийн газрыг хувааж авах эрх Жд олгогдоогүй. Хууль бус зүйлийг харах би дургүй. Шударга зүйл байх ёстой. Би энэ хэрэг 10 жил болсон ч би явсаар байх болно. Газрын албаны хүмүүс ажилгүй болж магадгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх юм бол би энэ хүмүүсийг илчилнэ. Хүний хаягийг хулгайлж авчхаад эзнээс нь мөнгө нэхнэ гэдэд ойлголт байхгүй. 1-**б гэсэн хаягт байхгүй гэсэн нэг баримт, А/343 захирамжийг хүчингүй болгоод буцаагаад сэргээсэн үү гэдэг нэг асуудал байна. Газрын эрхийг сэргээгээгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

Захиргааны шүүхээр 19 жил явж байна. Байшин барьсан газрыг хүчингүй болгосон шийдвэрүүд байдаг. Ганц яригддаг асуудал нь ямар хэлбэрээр, яаж сэргээх гэдэг нь тодорхой байх ёстой. Жалга хэлбэрээр нь байлгах юм уу, энэ асуудлыг шүүх хурал эхлэхэд л тавьсан. Нэхэмжлэлийн шаардлага нь и хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна. Хавтаст хэрэгт 2 магадлал орж ирсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэргүй магадлалыг үнэлдэггүй. Анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг. Тийм учраас шүүхийн шийдвэргүйгээр магадлалыг үнэлнэ гэж байхгүй. Улсын бүртгэл үнэн зөв гэж байдаг. Захирамж хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарсан ч шийдвэр гүйцэтгэлээр дамжиж бүх ажиллагаа нь хийгддэг. А/343 захирамжийг сэргээсэн бол бүртгэлд тусгагдсан байх ёстой. Яах гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж байдаг юм. Шүүхийн шийдвэр бол хоосон цаас байдаг. Шийдвэр гүйцэтгэлээр орж байж хэрэгждэг. Захиргааны байгууллага А/946 дугаар захирамжийг гаргаад А/343 захирамжтай холбоотой бүх эрхийг байхгүй болгосон. А/946 захирамж хүчинтэй хэвээрээ бүртгэлтэй байгаа. Энэ талаар лавлагааг тодруулж болно гэдгийг би хэлсэн. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг байдаг. Миний хувьд цаашид гандах буурахгүй явна. Жы асуудлаар би цаашид явах болно. Авлигач хүнийг хараад би уур хүрээд, огшдог болсон. Хэн нь луйвар хийсэн юм. Нийтийн эзэмшил газар руу ороод луйварддаг. Амар зочид буудал 2018 онд ашиглалтад орсны дараа Ж гарч ирсэн. 2015 оноос өмнө яагаад шаардаагүй юм. Нэгж талбарын дугаар авч байж шаардах эрх үүснэ. Хэдэн ч хүнд хэрэг хүлээлгэж би чадна. Та нар авлига өгч чадна. Тийм учраас мөрөөрөө явж байгаа хүмүүсийг битгий чир. Хөрөнгө оруулалтыг төлж байж авдаг юм. 100,000,000 төгрөгөөр барьж ирээд ав. Эсвэл хогийн жалга болгоод хая гэж байгаа юм уу. Магадлалыг өгч байгаа нь биегүй толгой өгч байгаатай адил тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хамт өгөх ёстой байсан. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд хх-ийн 4-19, 29, 40-49, 95, 125-134, 170-171, 183-189 дүгээр талд авсан нотлох баримтыг, хариуцагч нь шүүхэд хавтаст хэргийн 37, 56-58, 105-114, 150-153, 179-181, 191-201 дүгээр талд авагдсан нотлох баримтыг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар 59-77, 136-144 дүгээр талд авагдсан баримтыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч А.Ад холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр гудамж, **б тоот хаягт байршилтай газрын А.Аын автомашины зогсоол давхацсан хэсгийг чөлөөлүүлэх шаардлага гаргаж, шинжээчийн тогтоосон давхцалтай хэсэг 160.31 м.кв хэсгийг чөлөөлүүлэх гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

3. Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, үндэслэлээ нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон захирамж гарсан, газрыг зөвхөн Засаг даргын захирамжаар эзэмшүүлдэг, нэхэмжлэгч О.Жд газар эзэмшүүлэх захирамж дахин гараагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй, газрын хэрхэн чөлөөлүүлэх нь тодорхойгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/343 дугаар захирамжаар, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 1-**б тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1864********68 дугаартай, 208 м.кв талбайтай газрыг О.Жд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн баримтууд болох Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүдэх гэрээгээр тогтоогдож байна. /хх-40-44/

5. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 захирамжаар хүчингүй болгожээ.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Жы Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 125 магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, О.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 захирамжийг хүчингүй болгосон байна. Уг магадлалд хяналтын шатны шүүхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч гомдол гаргасныг Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-10-19/

8. Эдгээр үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй юм.

9. Иймээс нэхэмжлэгч О.Жд газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/343 дугаар захирамжийн О.Жд Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 1-р гудамж, **б хаягт байршилтай, нэгж талбарын 1864********68 дугаартай, 208 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн хэсэг хүчинтэй гэж үзнэ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй тул магадлал, тогтоолыг үнэлэхгүй гэх татгалзал үндэслэлгүй, магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар дүгнэсэн, хариуцагч шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай маргах үндэслэлгүй юм.

11. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2018/21510 захирамжаар, нэхэмжлэгч О.Жы нэхэмжлэлтэй хариуцагч А.Ад холбогдох хэргийг хариуцагч талын гаргасан ...А/343 дугаар захирамжийн О.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг үүсгэсэн... үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг хэрэгт шүүгчийн захирамжаар шинжээч томилж, О.Ж, А.А нарын эзэмшлийн газрын давхцалын талаар дүгнэлт гарсныг энэ хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр ирүүлснийг хэргийн нотлох баримтаар үнэллээ. /хх-125-143/

12. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын эрх бүхий албан тушаалтууд шинжээчээр ажиллан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/113 шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр А.Аын эзэмшиж, ашиглаж буй автомашины зогсоол бүхий газар нь нэгж талбарын 1864********68 дугаар бүхий 207.61 м.кв талбайтайгаар О.Жы нэр дээрх газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газартай 160.31 м.кв талбайгаар давхцалтай байх бөгөөд иргэн О.Жы эзэмшиж буй 207.61 м.кв талбайтай газрын баруун талын хэсгийг А.А эзэмшиж, ашиглаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

13. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.4-т энэ хуулийн 106.1, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэсэн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, хүчингүй болоогүй байх тул нэхэмжлэгч эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших эрхтэй юм.

Иймд нэгж талбарын 1864********68 дугаар бүхий 207.61 м.кв талбайтайгаар О.Жы нэр дээрх газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газраас хариуцагч А.А 160.31 м.кв талбайтай газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул уг давхцалтай хэсгээр А.Аын эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар нэхэмжлэгч О.Жы эзэмшлийн, нэгж талбарын 1864********68 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1-**б хаягт байршилтай, 207.61 м.кв талбайтай газраас 160.31 м.кв талбайгаар давхцалтай эзэмшиж байгаа хэсгийг хариуцагч А.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ