| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/01569/И |
| Дугаар | 102/ШШ2023/02734 |
| Огноо | 2023-07-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2023/02734
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд оршин байх, *** ХК /РД:***/,
Хариуцагч: **** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогт ***ийн *** /РД:***/,
Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогт ***ын *** /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,799,417.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д***,
хариуцагч М.***,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.
/Хариуцагч Б.*** хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч М.***, Б.*** нараас 8,799,417.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: М.***, Б.*** нар нь ***-ны өдөр цалингийн зээлийг ***ны *** Тооцооны Төвд хүсэлт гаргасны үндсэн дээр ***-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээг байгуулж 8,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийг авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар *** дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Үндсэн зээл 596,451.35, үндсэн хүү 2,677,184.86, нэмэгдүүлсэн хүү 125,473.39, нийт 3,399,106.5 төгрөг төлсөн. Үүнд 2020 оны 02.25, 03.10, 03.25, 04.10, 04.25 саруудын төлөлтийг бүрэн хийсэн. Улмаар гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, хүүний төлбөр төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул *** ХК нь зээлдэгч М.***, Б.*** нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул М.***, Б.*** нараас үндсэн зээлд 7,403,548.65 төгрөг, хүүнд 1,287,602.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 108,266.24 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт 8,799,417.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч М.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох Б.***гоос 5 жилийн өмнө салсан. Би төрийн тусгай албанд ажиллаж байгаад *** аймагт томилогдсон. Зээлийг өөрсдөө ашиглахаар авч байсан боловч зээл авсны дараа хөдөө орон нутагт томилогдоход байрны асуудлыг байгууллагаас шийдэж өгөөгүй. Үүнээс болж цалингийнхаа талыг байрны төлбөрт өгсөн учраас өрийн сүлжээнд орж зээлээ төлж чадаагүй. Би уг зээлийг М.***той хувааж төлөх хүсэлтэй байна. Энэ зээлийн тодорхой хэмжээний мөнгийг авсан учраас хувааж төлөх хэрэгтэй гэдгийг өөрт нь удаа дараа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хариуцагч Б.***гоос шүүхэд тайлбар ирүүлээгүй.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, итгэмжлэл /хх5/, ***дүүрэг салбарын захирал *** овогтой ***-эд итгэмжлэл олгох тухай /хх6/, Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх7-9/, зээлийн гэрээний мөнгийг шилжүүлэн өгсөн баримт /хх10/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх11-14/.
5. Хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн баримт байхгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэг талаас *** ХК, нөгөө талаас М.***, Б.*** нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр №*** тоот Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 8,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж авчээ.
2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
3. ***-ны өдөр нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч М.***, Б.*** нарт холбогдуулж 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр №*** тоот Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний үүрэгт үндсэн зээл 7,403,548.65 төгрөг, зээлийн хүү 1,287,602.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,266.24 төгрөг, нийт 8,799,417.58 төгрөг гаргуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...Улмаар гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, хүүний төлбөр төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй ...Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.
4. Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Үүнд:
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Хариуцагч зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй. Ийм учир хариуцагч нараас 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №*** тоот Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний үүрэгт үндсэн зээл 7,403,548.65 төгрөг, зээлийн хүү 1,287,602.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,266.24 төгрөг, нийт 8,799,417.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,740.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.***, Б.*** нараас 155,740.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.***, Б.*** нараас 8,799,417.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,740.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.***, Б.*** нараас 155,740.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН