| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/05558/И |
| Дугаар | 102/ШШ2023/02800 |
| Огноо | 2023-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2023/02800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ийн *** /рд: ***/
Хариуцагч: *** тоотод байрлах, *** ХХК /рд: ***/
Нэхэмжлэлийн шаардлага: *** дүүргийн *** хороо, *** давхарын 49.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг захиалагч Г.***д гаргаж өгөхийг *** ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О***,
хариуцагчийн өмгөөлөгч Т.З***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*** нь *** ХХК-д холбогдуулан *** дүүргийн *** хороо, *** давхарын 49.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Миний бие 2021 оны *** сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээг *** ХХК-тай байгуулж *** дүүргийн *** хороо *** дүгээр давхарын 49,95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 104,895,000 төгрөг бүрэн төлсөн ба орон сууц захиалан бариулах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад орохыг хүлээж байсан юм. Гэтэл *** апартмент ашиглалтад орсны дараа миний бие өөрийн захиалсан 49,95 м.кв үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө үзэмжээр захиран зарцуулах гэтэл *** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймд *** оны *** сарын ***-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн *** хороо *** дүгээр давхарын 49,95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг захиалагч Г.***д гаргаж өгөхийг *** ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: *** ХХК нь иргэн ***тай ***-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орон сууцны үнийн дүнг бүрэн төлсөн гэж дурдсан боловч манай байгууллагад ямар ч төлбөр төлөөгүй, манай байгууллага дансаар болон бэлнээр ***аас төлбөр аваагүй. Гэрээний үнийг манай байгууллагад иргэн *** төлөөгүй тул орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй байна. Иймд иргэн Г.***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, Орон сууц захиалгаар барих гэрээ /хх3-4/, Баянгол дүүргийн *** хорооны тодорхойлолт /хх6/, Г.***ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх7/, итгэмжлэл /хх11/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх14/, итгэмжлэл /хх15-16/, хариу тайлбар /хх21/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх39/,
5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр Р.А***, Ц.Б*** нарыг гэрчээр асуусан /хх/, хариуцагчийн хүсэлтээр *** ХХК-иас нотлох баримт шаардсан /хх70/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ ...***-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээг *** ХХК-тай байгуулж *** дүүргийн *** хороо *** дүгээр давхарын 49,95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 104,895,000 төгрөг бүрэн төлсөн ...*** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орон сууцны үнийн дүнг бүрэн төлсөн гэж дурдсан боловч манай байгууллагад ямар ч төлбөр төлөөгүй, манай байгууллага дансаар болон бэлнээр ***аас төлбөр аваагүй. Гэрээний үнийг манай байгууллагад иргэн *** төлөөгүй тул орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны *** сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Г.*** болон хариуцагч *** ХХК нар *** дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, дараах гол нөхцлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:
1/ Г.*** нь *** орцны /хойд орц/ 1 дүгээр давхарын 49.95 м.кв талбайтай /***/ орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 2,100,000 төгрөгөөр нийт 104,895,000 төгрөгөөр *** ХХК-иас худалдан авна,
2/ Гэрээг байгуулахдаа гэрээний төлбөр тооцоог дууссан,
3/ *** ХХК нь орон сууцыг 2021 оны *** улиралд дуусгавар болгоно,
Талууд дээрх гэрээг Орон сууц захиалгаар барих тухай гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
***-ний өдөр *** дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-гээр талууд нийт төлөх төлбөрийн хэмжээ, орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа зэргийг тогтоосон болон энэхүү гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Харин дээрх гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн эсэх талаар маргасан.
2021 оны *** сарын 01-ний өдөр *** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.1-т Орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2,100,000 төгрөг байна. Нийт захиалгын үнэ 104,895,000 төгрөг болно. Төлбөр тооцоо дууссан гэж, мөн уг гэрээгээр хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч Г.***д *** дүүргийн *** хороо, *** орцны /хойд орц/ 1 дүгээр давхарын 49.95 м.кв талбайтай /***/ орон сууцыг хүлээлгэн өгөх өдрийг бичгээр мэдэгдэх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг гаргаж өгөх үүргийг хүлээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*** зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт гэрчээр Р.А***, Ц.Б*** нарыг асуулгасан бөгөөд гэрч Р.А*** ...Надад бол *** ХХК-тай ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо байхгүй гэж хэлсэн, гэрч Ц.Б*** Танайхаас ажлын хөлсөндөө Будад байр өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн.
Хариуцагч өөрийн татгалзлаа ...орон сууцны төлбөр тооцоог хийсэн баримт байхгүй ...хаанаас мөнгө өгсөн, хэнд өгсөн нь тодорхойгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, холбогдох хүсэлтийг ирүүлээгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь *** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.1-т төлбөр тооцоо дууссан гэж заасныг үгүйсгэж чадаагүйг дурдав.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар зохицуулсан ба гэрээний үүргийг бодитойгоор биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж шүүхээс үзэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.***д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** дүгээр давхарын 49.95 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч Г.***д олгохыг хариуцагч *** ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН