Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

Т.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Шүүгдэгч Т.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/03 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 10-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, фермерийн аж ахуйн ахлагч мэргэжилтэй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ДБ.............. регистрийн дугаартай, Э овогт Т.Н.

 

Шүүгдэгч Т.Н нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өглөөний 07 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн сумын төвийн 1-2 тоот хашаанд байрлах гэртээ амарч байсан Б.С-г зодож түүний биед баруун талын 3-4 дүгээр хавирганууд эгэмний шугамаар зөрүүтэй, 5-7 дугаар хавирганууд суганы урд шугамаар зөрүүгүй хугарал, зүүн талын 5-6 дугаар хавирганууд эгэмний шугамаар бүрэн бус хугарал, өвчүү ясны зөрүүгүй хугарал, ТНЗ, ТН4 нугалмуудын арын сэртэн ясанд зөрүүтэй хугарал, ТН2 нугалмын их биеийн урд хэсгээр шахагдсан хугарал, духны зүүн өмнөд хэсгийн хатуу хальсан дээр цусан хураа, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, бүсэлхий, зүүн, баруун дал, баруун бугалганд цус хуралт, зүүн шанаанд үсний халцралт, зулгаралт, баруун чих, баруун нүдний дээд зовхинд шарх, духны, зүүн хацар, зүүн өгзөг, хоёр өвдгөнд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э овогтой Т. Н-д холбогдох 2016000000103 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шүүгдэгч Т.Н-ийн өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/03 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Т.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тус тус зөрчиж хэргийг Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийг үндэслэн Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлж байгаа яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, Прокуророос хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн хурлыг хийх үү гэдэг байдлаар саналыг асууж гэм буруугийн хурал хийж, дүгнэлт гаргаж хэргийг ердийн журмаар шийдвэрлэж байна гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх өөрөө хэргийг хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хохирогчийн саналыг асууж гэм буруугийн хурал хийж хэргийг прокурорт буцаасан.

 

Мөн анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Т.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлэлийг хүндрүүлж шийдэх талаар дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл хангагдаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар тусгасан. Шүүгдэгчийн хувьд прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн мөн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэргийн материалд нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлийг нөхцөл байдлыг хянана гэсэн заалт, мөн хуулийн 5 дахь заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг прокурорын газар буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/Ш3/03 дугаар бүхий “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор А.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна. Учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэл тавьсан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн зүгээс хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх саналыг гаргасан. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Учир нь хохирогч Б.С-ийн хувьд одоо хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Хохирогч шүүгдэгчид зодуулж Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад хэргийн материалтай өөрөө биечлэн танилцаж чадаагүй байсан. Хэргийн материалыг онлайнаар танилцуулсан гэдэг байдлаар тэмдэглэгээ хийж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Хэрэг шүүхэд шилжсэнийг хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс мэдээгүй байсан. Тэгэхээр хялбаршуулсан журмаар шүүх рүү шилжүүлнэ гэдэг нь хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар хохирогч өөрийн биеэр хэргийн материалтай танилцаад шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хааж шууд шүүх рүү шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр нүдний гэмтлийг хуучин гэмтэл гэж дүгнэсэн байдаг. Үүнийг шинжээч эмчийг асуулгаж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх боломжоор хангаж өгөөч. Тэгж байж хэргийг шийдвэрлэж өгөөч гэсэн санал гаргасан. Мөн иргэний нэхэмжлэгчээр Б.С биш түүний аав тогтоогдох ёстой байсан. Учир Б.С тусдаа гараагүй. Аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Тухайн гэрийн хаалга, хутга, заазуур эвдэрсэн бүх зүйл дээр аав нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож нэхэмжлэх эрхтэй байсан. Энэ бүх зүйлийг хаасан байгаа учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж зохих ажиллагаа хийсний дараа хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд орсон. Хохирогч одоо ч хүртэл шинжээчийн дүгнэлтийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид дахиж үзүүлмээр байна. Хөл хорионы байдлаас Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж чадаагүй байж байгаад ирсэн. Одоо ч ажил хийх боломжгүй чөлөө авсан гэдэг зүйл ярьж байгаа. Ийм учраас мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Т.Н-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа мөн хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримталхаар заасан байна.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тухайн зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж болохоор зохицуулсан байна.

Анхан шатны шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Н нь хохирогч Б.С-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан талаар хэлэлцэгдсэн ба шүүгдэгч Т.Н нь прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон эсэх нь эргэлзээтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөгч, прокурор, шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх ёстой.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч прокурор мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар хянавал зохих асуудлыг хянах, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, хэргийн зүйлчлэл нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцэж байгаа эсэхийг хянах үүргээс чөлөөлөгдөхгүй.

Тиймээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй тул уг захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэн нэгний хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Харин шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авч тайлбарлуулах, нэмэлт, буюу дахин шинжилгээ хийлгэх замаар эргэлзээтэй байдлыг арилгах боломжтой.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-ийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.Ж

 

                           ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                                                    

                                                                         Ч.Э