Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/02799

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***-ын *** /РД:***/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***ын *** /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 16,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч П.***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.*** нь хариуцагч Э.***т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 14,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие Э.***ыг 1 жилийн хугацаанд танина. Өмнө нь надаас мөнгө зээлж миний итгэлийг олж авсан. Гэхдээ сүүлд зээлсэн мөнгөө цаг хугацаандаа өгөхгүй удаж байна. ***-нд Э.***ын хүсэлтээр 3,000,000 төгрөгийг 10% хүүтэй 30 хоногийн хугацаатай аман гэрээ хийж зээл надаас авсан боловч 1,440,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,920,000 төгрөгийг хоногтоо төлж дуусгаагүй байхдаа дахин ***-нд 3,000,000 төгрөгийг зээлж 960,000 төгрөг төлж 2,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй, ***-нд мөн 2,000,000 төгрөгийг зээлж 640,000 төгрөгийг төлж 1,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй. ***-нд 3,000,000 төгрөгийг зээлж 720,000 төгрөгийг төлж 2,640,000 төгрөгийн үлдэгдэлтэй. ***-нд 3,000,000 төгрөгийг зээлж 600,000 төгрөгийг төлж, 2,760,000 төгрөгийн үлдэгдэлтэй. ***-нд 2,500,000 төгрөгийг зээлж 300,000 төгрөгийг төлж, 2,500,000 үлдэгдэлтэй. ***-нд 3,000,000 төгрөгийг зээлж 240,000 төгрөгийг төлж, 3,120,000 үлдэгдэлтэй. ***9-нд 2,000,000 төгрөгийг зээлж ямар ч төлөлт хийгээгүй өдийг хүрсэн. Э.*** миний итгэлийг сайн олж, зээлийг өгөхдөө би аман гэрээ байгуулж нотариатаар орж тэмдэглэл үйлдэж гэрчлүүлээгүй. Миний бие гэртээ байхад утас, фэйсбүүк руу залгаж мөнгө хэрэгтэй байна зээлсэн мөнгөө хүү бодож аман гэрээний дагуу хугацаандаа өгнө гээд нийт 8 удаа зээл авсаныг би өөрийн Хаан банкны мобайл данснаас /***/, мөн М.О нөхрийнхөө Хаан банкны мобайл данснаас /***/ Э.***т Хаан банкны ***, *** тоот данс руу шилжүүлэг хийж утга хэсэгт үлдэгдэл нь оройдоо, өглөөдөө гэж тэмдэглэл хийсэн. Би зээлдүүлсэн мөнгөө хүүтэй нь авахаар утсаар, биеэр удаа дараалан шаардаж нэхэхэд чиний мөнгийг өгнөө гэсэн боловч 2022.12.24-нд 1,500,000 төгрөгийг миний *** данс руу, 2023.2 сард 1,000,000 төгрөгийг нөхрийн *** данс руу хамгийн сүүлд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш өдийг хүртэл намайг эд мөнгө, сэтгэл санаагаар хохироосон. Иймд аман гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй Э.***оос нийт 16,600,000 төгрөгөөс төлсөн 2,500,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 14,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие П.***тай танил болоод нэг жил гаруй болж байгаа. ***аас анх ***-ны өдрөөс ***-ний өдөр хүртэл Хаан банкны дансаар мөнгө авч өгч байсан. ***-ны өдрөөс ***-ний өдөр хүртэл П.***аас миний данс болох *** тоот дансанд 4 удаагийн гүйлгээгээр 3,600,000 төгрөг, *** дансанд 3 удаагийн гүйлгээгээр 2,600,000 төгрөг, ***ын нөхрийн данс болох *** дансаар миний данс болох *** дансанд 5 удаагийн гүйлгээгээр 9,900,000 төгрөг, *** дансанд 2,900,000 нийт 19,000,000 төгрөг авсан. Харин би эргүүлээд ***-наас ***-ний хүртэл *** данснаас 9 удаагийн гүйлгээгээр 8,360,000 төгрөг, *** данснаас 8 удаагийн гүйлгээгээр 8,580,000 төгрөг, нийт 16,940,000 төгрөгийг ***ын *** дансанд манай нөхрийн данс болох *** данснаас ***ын нөхрийн данс болох *** дансанд *** өдөр 1,000,000 төгрөг, нийт 17,940,000 төгрөг шилжүүлсэн болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, П.***ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх4/, ***-ын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх 5-6/, П.***ын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх7-13/-ыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар /хх20/, Э.***ын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх21-204/, А.М***-ын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх 205/, итгэмжлэл /хх210/-ыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч П.*** нь хариуцагч Э.***т холбогдуулж 16,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 14,100,000 төгрөг болгон багасгаж байна.

Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ П.*** нь хариуцагч Э.***оос 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс ***--ний өдрийг хүртэл хугацаанд 8 удаагийн үйлдлээр нийт 21,500,000 төгрөгийг зээлдүүлсэн үүнээс хариуцагчийн төлсөн мөнгийг хасаад зээлийн хүүгийн төлбөргүйгээр нийт 14,100,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Э.***оос нэхэмжлэгч П.***тай зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй. Харин дээрх нэхэмжлэлийг ...2021.10.02-ны өдрөөс ***-ний өдөр хүртэл хугацаанд Хаан банкны дансаар мөнгө авч өгч байсан. ...Нийт 19,000,000 төгрөгийн зээлж авсан ...нийт 17,940,000 төгрөг шилжүүлсэн болно гэсэн агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан зүйлийг буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээдэг.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны Хаан банк дахь М.О***ын эзэмшлийн *** тоот дансны хуулга, мөн хугацааны Хаан банк дахь П.***ын эзэмшлийн *** тоот дансны хуулгыг гаргаж өгсөн. Уг хуулгаас үзэхэд Хаан банк дахь П.***ын эзэмшлийн *** тоот данснаас ***-ны өдөр 500,000 төгрөг, ****-ны өдөр 3,100,000 төгрөг, ***-ний өдөр 100,000 төгрөг, ****-ны өдөр 2,500,000 төгрөг, ***-ний өдөр 2,000,000 төгрөг, Хаан банк дахь М.О***ын эзэмшлийн *** тоот данснаас ****-ний өдөр 4,900,000 төгрөг, ***-ний өдөр 2,900,000 төгрөг, ****-ны өдөр 1,500,000 төгрөг, ***-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг Хаан банк дахь Э.***ын эзэмшлийн ***, *** тоот дансанд шилжүүлсэн байна.

 

Мөн нэхэмжлэгчийн ****-ний өдрийн Хаан банк дахь *** тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн нөхөр М.О***ын ***-ний өдрийн Хаан банк дахь *** тоот дансны хуулга хэрэгт авагджээ. Уг хуулгаас үзэхэд ***-ний өдөр хариуцагчийн эзэмшлийн *** тоот данснаас 1,500,000 төгрөгийг ***, ***-ний өдөр хариуцагчийн нөхөр болох ***рын эзэмшлийн *** тоот данснаас 1,000,000 төгрөгийг болороо гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч дээрх мөнгөн гүйлгээг хариуцагчаас зээлийн төлөлт хийсэн гэж, өөрийн зээлдүүлсэн мөнгөнөөс хасаж нэхэмжилсэн гэсэн тайлбарыг гаргасан.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн буюу 19,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзсэн. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний үүргээ хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгуудаас үзэхэд хариуцагчаас нийт 17,940,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. Тиймээс хариуцагч Э.*** нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн учир нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага болох 14,100,000 төгрөгийг төлөх үүрэггүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч
Э
.***оос 14,100,000 төгрөг гаргуулах тухай П.***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН