Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02828

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х*** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогт ***-ын ***,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогт ***-гийн ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т**,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв,

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч И.***гаас 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Г.***ийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 650,000 төгрөгийн үнэ бүхий Жава брэндийн бидэ суултуурыг урьдчилгаа 250,000 төгрөг төлж үлдэгдэл 400,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцох нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан. Хариуцагч нь гэрээний үндсэн үүргээс 2021.11.11-нд 100,000 төгрөг, 2022.01.20-нд 100,000 төгрөг, 2022.05.23-нд 100,000 төгрөг төлж, гэрээний үндсэн үүргээс 100,000 төгрөг, гэрээний 1.5-д зааснаар алданги 50,000 төгрөг нийт 150,000 төгрөгийн үүрэг байна. Иймд хариуцагчаас 150,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.***ээс хариуцагч И.***д холбогдуулан 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 150,000 төгрөгийн 50,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 100,000 төгрөгийг зөвшөөрч, 2023.06.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Зээлээр худалдах худалдан авах гэрээ /хх 3/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 30/.

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 24/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.*** болон И.*** нар Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний дагуу Г.*** нь Солонгос улсад үйлдвэрлэсэн JAVA TSB-3200 загварын бидэ суултуурыг худалдах, И.*** нь бүтээгдэхүүний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Г.*** нь хариуцагч И.***д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Гэрээний үүрэгт буюу үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг;

2/ Гэрээгээр тохирсон алданги 50,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг гаргуулах.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч И.*** нь Зээлээр худалдах худалдан авах гэрээ-гээр хүлээсэн үүргийн дагуу нийт 550,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.***т төлж барагдуулжээ.

 

Нэхэмжлэгчийн ...Бид гэрээний дагуу ямар нэг доголдолгүй 650,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн. Гэвч хариуцагч 550,000 төгрөг төлж үлдэх 100,000 төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардана гэж тайлбарласан.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөр болох 100,000 төгрөгийг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлбөр болох 50,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

 

Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

2. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

 

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний 1.5-т ...Худалдан авагч тал хэсэгчлэн төлөх төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн нэг өдрийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар харилцан тохирсон байх тул хариуцагчаас 50,000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.***гаас 5,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.***т олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч И.***гаас 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.***т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.***гаас 5,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.БАЯРСҮРЭН