| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/05389/И |
| Дугаар | 102/ШШ2023/03837 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/03837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Азбаяр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоотод оршин суух Н Ү
Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо тоотод оршин суух Ц Д
Гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Н.Ү, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ү
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ү нь хариуцагч Ц.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 8,800,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж шаардлага хангаагүй эд ангийг солих, засварлах зардал болон хийгдээгүй дутуу үлдсэн засварын ажлын зардалд 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. Хариуцагч Ц.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Номин худалдааны төвийн баруун талын замд Хонда маркийн * улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас миний Тоёота приус-20 маркийн *улсын дугаартай автомашиныг мөргөж эвдрэл, гэмтэл учруулсан.
1.2. Дээрх зам тээврийн осолд Ц.Д гэм буруутай болох нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тэмдэглэлээр тогтоогдсон.
1.3. Автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг хариуцагч өөрийн зардлаар засварлуулахаар тохирч авч явсан ба хийсэн засварын ажил нь шаардлага хангахгүй, хуучин муу эд анги, сэлбэг хэрэгсэл тавьж өмнөх байсан эд ангийг дордуулсан, зарим эд ангиудын холболт муу хийгдсэн, автомашиныг бүрэн засварлаагүй зэргээс автомашин нь техникийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон байна. Иймд автомашины шаардлага хангаагүй эд ангийг солих, засварлах, хийгдээгүй засварыг хийх шаардлагатай.
1.4. Дээрх засварт лонжром 700,000 төгрөг, гупер /хагархай муу гупер тавьсан байсан/ 450,000 төгрөг, 2 дугуй 400,000 төгрөг, 5 болон 3 бул, резин 300,000 төгрөг, дриль өнгөлгөө 50,000 төгрөг, аюулгүйн дэр, бүс 50,000-70,000 төгрөг, тэжээлийн залгуур 400,000 төгрөг, air condition цэнэглэх 50,000-70,000 төгрөг, air condition суурь солих 100,000 төгрөг, шаврын хаалт 200,000 төгрөг, нэмэлтийн гэрэл 80,000 төгрөг, толины арын хэсэг 30,000 төгрөг, улсын дугаар тогтоогч 30,000 төгрөг, засварын зардал нийт 3,000,000 төгрөгийн зардал гарахаар байна гэжээ.
2. Хариуцагч Ц.Д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:
2.1. 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгчийн жолоодож явсан автомашиныг мөргөж хохирол учруулсан, гэм буруугийн асуудлаар маргахгүй.
2.2. Нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг засварлахаар тохирч, эд анги, сэлбэг хэрэгсэл солих, засварлахад 6,170,000 төгрөгийн зардал гаргаж бүрэн засварлуулсан байсан.
2.3. Шинжээчийн дүгнэлтээр автомашинд хийсэн ажлын зардлыг 5,150,000 төгрөг, хийгээгүй дутуу үлдсэн ажлын зардлыг 695,000 төгрөг гэж тогтоосон байна. Мөн Автотээврийн үндэсний төвийн дүгнэлтээр зарим эд ангийг шаардлага хангахгүй гэсэн байна. Иймд шинжээчийн дүгнэлтэд заасан хийгээгүй дутуу үлдсэн засвар болон шаардлага хангаагүй гэж үзсэн эд ангийг солих, засварлах зардалд 1,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, шинжээчийн дүгнэлтэд заагаагүй эд ангийг солих, засварлах зардлыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан Ц.Дгийн хүсэлт, Ц.Дгийн жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрэл зургууд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *улсын дугаартай приус-20 маркийн автомашинд хийх засварын акт, нэхэмжлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 4-18, дугаар тал/
4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: автомашин хүлээлгэн өгсөн тухай бичмэл баримт, гэрэл зургууд, зарлагын баримт, орлогын баримт, Д.Цогтбаярын Төрийн банкны дансны хуулга /ХХ-ийн 30-43, 80-85, дугаар тал/
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 100-112, 139-144 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ц.Дгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас автомашинд эвдрэл, гэмтэл үүсч хохирол учирсан. Энэхүү эвдрэл, гэмтлийг хариуцагч өөрийн зардлаар засварлахаар тохирсон, хариуцагчийн хийсэн засвар шаардлага хангахгүй, сольж тавьсан эд ангиуд нь өмнө байсныг дордуулсан, зарим эд ангийг буруу холбосон зэргээс техникийн шаардлага хангахгүй болсон. Иймд шаардлага хангахгүй байгаа эд ангийг солих, засварлах зардал, хийгдээгүй дутуу үлдсэн засварын ажилд 3,000,000 төгрөг шаардаж байна гэжээ.
3. Хариуцагч Ц.Д нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн автомашиныг засварлахад 6,170,000 төгрөгийн зардал гарсан, шинжээчийн дүгнэлтээр хийсэн засварын ажлын зардлыг 5,150,000 төгрөг, хийгээгүй үлдсэн ажлын зардал 695,000 төгрөг гэж тогтоосон. Мөн Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр зарим эд ангийг шаардлага хангахгүй гэсэн байна. Иймд эдгээр зардлыг тооцоод 1,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, нэхэмжлэгчийн шаардаж буй зарим эд ангийг солих, засварлах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Ц.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Номин худалдааны төвийн баруун талын замд Хонда маркийн * улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Үгийн жолоодож явсан Тоёота приус-20 маркийн *улсын дугаартай автомашиныг мөргөж эвдрэл, гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн шийдвэр, зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг баримтаар тогтоогдсон, гэм буруугийн асуудлаар хариуцагч маргаагүй. /ХХ-ийн 5-8 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хэрэг учрал болох үед нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг хариуцагч өөрийн зардлаар засварлаж хохирлыг арилгахаар тохиролцсон байх бөгөөд автомашины эвдрэл, гэмтлийн дүгнэлт болон хохирлын үнэлгээ хийлгээгүй байна.
Дээрх тохиролцооны дагуу автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаагүй, өмнө байсан эд ангийг хуучин муу эд анги, сэлбэг хэрэгслээр сольж өмнө байснаас дордуулсан, засварын ажил шаардлага хангаагүйгээс техникийн ашиглалтын шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан ба харин хариуцагч нь автомашины сэлбэг хэрэгсэл, эд анги, засварын зардалд 6,170,000 төгрөг зарцуулж автомашиныг засварлуулсан гэж маргажээ. Иймд талуудын тайлбараар маргааны зүйлийг автомашины эвдрэл, гэмтлийг бүрэн засварласан эсэх, тухайн засвар болон сольсон эд анги, сэлбэг, хэрэгсэл техникийн ашиглалтын шаардлага хангасан эсэх асуудлаар маргасан гэж тодорхойлов.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн маргааны нэг зүйл болох автомашиныг бүрэн засварласан эсэх, сольж тавьсан эд анги, сэлбэг хэрэгсэл, засварын зардлын үнийг тогтоолгохоор шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр автомашинд хийгдсэн засварын ажлын үнийг 5,150,000 төгрөг, дутуу болон хийгдээгүй үлдсэн засварын ажлын үнийг 695,000 төгрөг болохыг тодорхойлж, хийгдсэн болон хийгдээгүй ажлын нэрийг жагсаалтаар гаргажээ. Мөн маргааны хоёр дахь зүйл болох автомашинд хийсэн засварын ажил нь техникийн ашиглалтын шаардлага хангасан эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Автотээврийн үндэсний төвийг шинжээчээр томилсон байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр автомашины дуут дохио болон урд талын суудлын аюулгүйн бүснүүд ажиллахгүй, улсын дугаарын гэрлүүд асахгүй, хийн дэрний анхааруулах гэрэл ассан, их гэрлүүдийн чадал стандартын шаардлага хангахгүй, air condition ажиллахгүй, зүүн гар талын 3 булны резин мултарсан, зүүн гар талын урд амортизатор тос хаяж хөлөрсөн, мөн талын арыг харах толины гадна таг бүрээсгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах стандарт шаардлага хангахгүй гэж үзжээ.
Нэхэмжлэгч нь шаардлага хангахгүй эд ангийг солих, засварлах зардал болон хийгдээгүй дутуу үлдсэн засварын зардлыг 3,000,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Үүнээс хариуцагч нь автомашинд хагархай гупер тавьсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, мөн 2 дугуй, тэжээлийн залгуур, шаврын хаалтыг солих талаар дүгнэлтэд заагаагүй тул эдгээр эд ангийг солих, засварлах зардлыг зөвшөөрөхгүй, үлдсэн эд ангийг солих, засварлах зардлыг нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан. Иймд “Х” ХХК, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтийг харьцуулан үзэж шинжээчийн дүгнэлтэд заагаагүй зардлууд болох хагархай гупер солих зардал 450,000 төгрөг, 2 дугуйны үнэ 400,000 төгрөг, тэжээлийн залгуур 400,000 төгрөг, шаврын хаалт 200,000 төгрөг нийт 1,450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдсэн 1,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Талууд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц Дгаас 1,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н Үд олгож, нэхэмжлэлээс 1,450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 39,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Үд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Х.ЭНХЗАЯА