Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/03609

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 13 дугаар хороо   тоотод оршин суух С овогт Б М 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо   тоотод оршин суух Б овогт Д О 

 

Гэм хорын хохиролд 3,084,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагч Д.О, иргэдийн төлөөлөгч Х.Н

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Үүрийнцолмон

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Од холбогдуулан гэм хорын хохиролд 3,084,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Д.О нь автомашин жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган, насанд хүрээгүй охин А.А-н биед гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

 

1.2. Дээрх зам тээврийн осолд Д.О гэм буруутай болох нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаар тогтоолоор тогтоогдсон.

 

1.3. Тухайн ослын улмаас охин А.Ад эм тариа, эмчилгээ хийлгэсэн зардалд 800,000 төгрөг, шинжилгээний төлбөр 210,000 төгрөг, унааны зардалд 50,000 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах сургалтын төлбөр 1,000,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал 1,000,000 төгрөг, архиваас баримт хуулбарлах зардал 24,000 төгрөг нийт 3,084,000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

2. Хариуцагч Д.О дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

 

2.1. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган А.Ад хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн, эмчилгээний болон шинжилгээний зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, бусад зардал болох өмгөөлөгчийн хөлс, сургалтын төлбөр, таксины зардал зэргийг төлөх үндэслэлгүй гэжээ.    

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар, Капитрон банкны худалдан авалтын баримт, эмнэлгийн үзлэгийн хуудас, Тээврийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай прокурорын тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/1206 дугаартай албан бичиг, дүрс оношилгооны шинжилгээний хариу, мөнгөн шилжүүлгийн баримт, Тээврийн Цагдаагийн албаны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 5, 8-20 дугаар тал/

 

5. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Хэрэг бүртгэлтийн 220300137 дугаартай хэргээс А.А-н биед хийгдсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4179 дугаартай шинжээчийн дүгнэлт, дахин шинжилгээ хийсэн 0385 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 35-39 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.О-нзамын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй  А.А-н биед хөнгөн гэмтэл учирч, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан. Уг осолтой холбоотой гарсан зардал 3,084,000 төгрөгийг шаардаж байна.

 

3. Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас осол гаргаж, А.Ад гэмтэл учруулсан нь үнэн, эмчилгээний болон шинжилгээний зардлыг төлөхийг зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хөлс,  сургалтын төлбөр, таксины зардал зэргийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.  

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Хариуцагч Д.О нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 8 дугаар байрны баруун замд Toyota prius-41 маркийн *улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй А.Аг мөргөж, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тогтоогдож байна. Дээрх үйл баримтын улмаас А.А-н биед учирсан гэмтэл нь гэмт хэрэгт тооцох гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа үндэслэлээр Д.О-н гэм буруутай үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. /ХХ-ийн 11-12, 37-39 дүгээр тал/

 

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас А.А-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч гэмт хэрэг гэж үзэх нөхцөлд хамаарахгүй ба харин эрүүл мэндэд хохирол учраагүй, эрүүл мэндээ хамгаалахтай холбоотой зардал гараагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь А.А-н эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан шууд буюу бодит хохирлыг арилгах үүрэгтэй. Мөн бодит хохиролтой холбоотой бий болсон /шууд шалтгаант холбоотой/ шууд бус эд хөрөнгийн хохирлыг арилгах үүрэг хүлээнэ. Энэхүү хохиролд шууд хохирол болох эрүүл мэндээ нөхөн сэргээх, эд хөрөнгөө засварлахтай холбоогүй боловч үүнээс шалтгаалан гарч буй зайлшгүй зардлууд хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан хохирол учраагүй бол нэхэмжлэгчээс гарах шаардлагагүй зардлуудыг эд хөрөнгийн хохиролд тооцож болно. 

 

Нэхэмжлэгч нь охин А.А-н эм тариа, эмчилгээний зардалд 800,000 төгрөг, дүрс оношлогооны төлбөр 210,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх болон шинжилгээ өгөх зорилгоор явсан унааны зардалд 50,000 төгрөг, 2 сар гаруйн хугацаанд хичээлдээ яваагүйн улмаас хичээлийн хоцрогдол нөхсөн багшийн хөлс 1,000,000 төгрөг, зам тээврийн осолтой холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлс 1,000,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор прокурорын архивт буй хэрэг бүртгэлтийн хэргээс баримт хуулбарлаж авсан зардал 24,000 төгрөг нийт 3,084,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь эмчилгээний зардал 800,000 төгрөг, дүрс оношлогооны төлбөр 210,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлахад 24,000 төгрөг, багшийн сургалтын төлбөр утгаар 200,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж 224,000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчаас хохиролд 1,234,000 төгрөг гаргуулж, бусад зардлууд нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлээс 1,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой тайлбараа нотлох, үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.

 

Иргэдийн төлөөлөгч Х.Н нь хариуцагч Д.Ог зам тээврийн осолд гэм буруутай, өмгөөлөгчийн хөлснөөс бусад зардалд хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ос 1,234,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Мт олгож, нэхэмжлэлээс 1,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,294 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О-с улсын тэмдэгтийн хураамжид 34,166 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА

 

                                        ШҮҮГЧИД                                            Б.АЗБАЯР

 

                                                                                         Ч.БАТЧИМЭГ