| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
| Хэргийн индекс | 148/2023/00424/И |
| Дугаар | 148/ШШ2023/00448 |
| Огноо | 2023-08-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 148/ШШ2023/00448
| 2023 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 148/ШШ2023/00448 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар багт байрлах Сэлэнгэ ган зам СӨХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 60-44 тоотод оршин суух, Харуулчин овогт *******ын *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Подвал чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ нь Л.*******т холбогдуулан подвал чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 720,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Л.******* нь ******* СӨХ-ны харьяа орон сууцны 2 дугаар 60 айлын 3 дугаар орцны подвалыг 2020 оны 07 дугаар сарын 01-с өнөөдрийг хүртэл сарын 60000 /жаран мянган/ төгрөгийг төлбөртэйгөөр түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний 3.6-д заасан заалтын дагуу түрээсийн төлбөрөө 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл 12 сар буюу 720000 төгрөгийг төлөхгүй, гэрээгээ зөрчиж байгаа тул цаашид ******* СӨХ-ны зүгээс дахин гэрээг сунгахгүй талаар мэдэгдэл удаа дараа өгсөн. Иймд түрээслэгч Л. ******* нь ******* СӨХ-ноос өгсөн мэдэгдлийг биелүүлэхгүй, түрээсээ төлөхгүй болон нийтийн эзэмшлийн подвалыг 2 саяас 5 сая төгрөгөөр зарах оролдлого удаа дараа хийж, түрээсийн гэрээгээ зөрчин, чөлөөлж өгөхгүй байгаа тул төлөгдөөгүй 720000 /долоон зуун хорин мянган/ төгрөгийг төлүүлж, ******* СӨХ-ны өмчлөлийн уг подвалыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 02 дугаар хэсэг 2-60 айл 3 дугаар орцонд байрлах Ган зам СӨХ-ны эзэмшлийн подвалыг чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 720,000 төгрөгийг иргэн Л.*******оос гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иргэн Л.******* нь Ган зам СӨХ-ны харьяа орон сууцыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 60,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч дахин сунгалт хийгээгүйгээр энэ хугацаанд гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй, бусдад дамжуулан түрээслэх, худалдах үйлдэл гаргасан. Энэ нь түрээсийн гэрээний 5.4 дүгээр зүйлд заасан Түрээслэгч нь гэрээ хийж өөр хүнд шилжүүлэн түрээслэх бол гэрээг цуцална гэсэн заалтыг зөрчсөн. Мөн гэрээний заалтад зааснаас өөр үйл ажиллагаа явуулж ашигласан. Ган зам СӨХ нь 2022 оны 03 дугаар сард шүүхэд хандаж 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч 2022 оны 07 дугаар сараас хойш түрээсийн төлбөр төлөөгүй тул түрээсийн төлбөр 720,000 төгрөг гаргуулах, подвал чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.
3. Хариуцагч Л.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 багийн 2-60-4 тоотод оршин суугч ******* регистрийн дугаартай ******* овогтой ******* би 2017 оны 08 сараас хойш энэ хаягт оршин сууж байгаа билээ. Ган зам СӨХ-ийн харьяа 2-р 60 айлын 3 орцны подволийг 2019 оноос эхлэн ажиглаж байгаа. Тухайн үед багийн оршин суугчид, хүүхэд, хөгшдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор компьютер сургалт, интернэт шатар, даам, теннисний сургалт явуулах, цагаар тоглуулах зорилгоор өмнөх ашиглагчаас нь хүлээн авч байсан. Анх хүлээн авахад дотор хана, тааз засваргүй, наагуур нь хөшиг татаж хаясан байдалтай байсан ба ашиглаж буй 5,5х8=44м2 бүхий 4 өрөө хэсэгт бүгдэд нь шавардлага, замаск, эмульсийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж тохижуулсан болно. Засвар хийж үйл ажиллагаа явуулах үеэр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч нийтийг хамарсан үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс хориглосон шийдвэр гарсантай холбоотойгоор хориг цуцлагдах хүртэл буюу 2022 оны 02 сар хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болно. Ашиглаж буй подволь нь 44 м2 бүхий 4 өрөөтэй, өрөөний өндөр 2,2 м, өргөн 5,5 м, урт 8 м болно. 1 өрөөний шавардлага засвар хийсэн талбайн хэмжээ 2,2х8х2+2,2+5х2= 35,5 м2 +24,2 =59.4 метр буюу нийт 59,4+4 =237.6 м2 тухайн үед м2 талбайн засварын хөлс 25,000 төгрөг байсан. Үүгээр тооцвол 237,6 м2 х 25,0= 5940.000 төгрөг, материалын зардал 3 сая нийт 10 сая төгрөгийн засвар арчлалтыг уг подвальд хийсэн болно.
Ган зам СӨХ-тэй төлбөрийн болон эзэмших, ашиглах гэрээ одоогоор хийгээгүй болно. 2022 оны 02 сард гарсан маргаанаас үүдэн 2022 оны 02 сараас 07 сарыг дуустал СӨХ-тэй тооцоо хийсэн байдаг. Гэхдээ гэрээ байгуулаагүй байгаа /одоо блтол/ СӨХ-ийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ оршин суугчдын өмнө биелүүлэхгүй байгаа, мөн оршин суугч болон подваль ашиглагчтай эрх тэгш биш харьцаж, үйлчилж байгаа зэрэг шалтгаануудаас болон хамтран ажиллах боломжгүй байгаа болно. СӨХ-ийн гаргасан гомдлыг үзэж танилцахад намайг подвалийг зарах гэсэн гэж гүтгэсэн байна. Би уг подвалийг цаашид ашиглах боломжгүй болсон тул дараагийн үйл ажиллагаа явуулах зорилгоо сонирхож ирсэн иргэдэд үзүүлж өгөхийг оролдсон. Гэхдээ подвальд хийсэн засвараа үзүүлж гаргасан зардлаа тайлбарлаж бага ч гэсэн хэсгийг нь олж авах гэж л санал солилцож байсан болохоос зарах үйлдэл хийгээгүй болно. Харин СӨХ-ийн дарга гэх хууль бус нөхөр ашиглаж буй подвалийг маань удаа дараа дээрэмдэн авах, оролдлого байнга хийж, айлган сүрдүүлсээр өнөөдрийг хүргэсэн болно. СӨХ-н холбооны үйл ажиллагаа бол хуультай, түүнийгээ үйл ажиллагаа нь явагддаг, иргэдийн сайн дурын байгууллага гэж ойлгож байгаа. СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал бол их байна, шаардлагатай бол сөрөг нэхэмжлэл гаргахад бэлэн байгаа, гарцаагүй ажлын завгүй байдлаас болоод гомдол, нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа болно. Ган зам СӨХ иргэддээ нээлттэй, СӨХ хуулийн дагуу ажилладаг, тайлан тооцоотой, хуулийн дагуу иргэддээ тавьдаг болсон тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаа. Одоогийн Ган зам СӨХ-ийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн үндэслэлээ хамгаалахад бэлэн байна...гэжээ.
4. Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 оноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд сурч, ажиллаж, амьдарч байна. 2014 оны намраас Ган зам СӨХ-ийн эзэмшлийн 07 дугаар багийн 2-60 айлын 44 тоотод оршин сууж байгаа. Оршин сууж байх хугацаандаа СӨХ-ийн үйл ажиллагааны талаар сонирхдоггүй, нэхсэн төлбөр тооцоог тухайн үед нь төлж барагдуулсаар 2018 оныг дуусгасан. 2018 оны 07 дугаар сараас 2-60 айлын уг подвалыг ашиглаж эхэлсэн ба төлбөр тооцоог өмнө байгуулсан гэрээний дагуу төлсөн. Энэ хугацаанд тус Ган зам СӨХ иргэддээ үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээ тавьж байсан удаа байхгүй. Санхүүгийн боломжоос шалтгаалан одоогоор тухайн подвалд үйл ажиллагаа явуулаагүй. Тус багт оршин сууснаас хойш Ган зам СӨХ-той маргаангүй байсан. Подвалийн төлбөр төлөхгүй гэж маргах зүйл байхгүй. Ган зам СӨХ үйл ажиллагааны талаар тайлан, мэдээлэл тавьж байх хэрэгтэй байна. СӨХ-ийн гишүүний хувьд Ган зам СӨХ-ийн тайлан мэдээлэлтэй танилцах тухай хүсэлт тавьж байсан. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ган зам СӨХ-ийн удирдлагад хандаж бичиж байсан бичгээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар багийн Засаг дарга болон Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын захиргаанд хүргүүлж байсан. Энэ үед ч Ган зам СӨХ ямар нэгэн тайлбар мэдээлэл гаргаагүй. 2016 оноос 2023 оны 01 дүгээр сар хүртэл багийн иргэдийн нийтийн төлөөлөлд ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ган зам СӨХ-ийн нэхэмжлэлтэй маргаан шүүхэд ирж тухайн үед эвлэрлийн гэрээ байгуулж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сар бүр 60,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед мөн Ган зам СӨХ-тэй холбоотой мэдээллийг авмаар байна гэх шаардлага тавьж байсан. 6 сарын хугацаанд нэхсэн төлбөрийг төлсөн. Ган зам СӨХ-ийн дарга эхэндээ 1 сарын 60,000 төгрөг гэж тохирсон боловч сүүлдээ өрөө тус бүрдээ 60,000 төгрөг нэхэх болсон. Тухайн үед ковид цар тахал гарсан байсан тул 1 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тэр хугацаанд подвал бохир хальснаас болж засвар хийсэн талбай бохирдож муудсан асуудал гарсан. Тиймээс дахин үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай байсан учраас Сурталтын төв ажиллуулахаар төсөл хийж сум орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн боловч боломжгүй гэсэн тул ажиллуулж чадалгүй өдий хүрсэн. Надад 2022 онд Ган зам СӨХ-тэй байгуулсан гэрээ байхгүй, мөн тус СӨХ нь зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байсан учир 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөр төлөөгүй. Би хэдий үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч бусад хүнд тухайн подвал ашиглах боломжийг хангах гэж оролдсон. Хэд хэдэн хүн тухайн подвалыг сонирхож надтай уулзахад Ган зам СӨХ-ийн төлөөлөл Мягмарсүрэн тухайн хүмүүстэй уулзаж ажиллах, ашиглах боломжийг хаасаар өдий хүрсэн. Тиймээс үндэслэлгүй зардал учир төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.
5. Нэхэмжлэгчээс Сэлэнгэ ган зам СӨХ-ны гэрчилгээний хуулбар, түрээсийн гэрээний хуулбар, Сүхбаатар сумын ганзам 7-р багийн ******* СӨХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Ган зам 7-р багийн ганзам СӨХ-ны удирдлагад 2012.11.22 гэх баримт, 2020 оны 7 сарын 01-ний түрээсийн гэрээний хуулбар, эвлэрлийн гэрээний хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 239 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргаж өгсөн болон зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт байхгүй болно.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ нь Л.*******т холбогдуулан подвал чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.******* нь 2020 оноос хойш подваль ашиглах түрээсийн гэрээ байгуулаагүй, 2021 оноос хойш тус подвалийг ашиглаагүй, ашиглах боломжгүй байгаа, подваль засвар их хийсэн, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналтай тул түрээсийн төлбөр 720,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ нь тус СӨХ-ны харьяа 2 дугаар байрны 3 дугаар орцны подвалыг түрээслүүлэх, хариуцагч Л.******* нь түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ, хариуцагч Л.******* нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр нотлогдсон.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ ган зам СӨХ, Л.******* нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан байна гэж үзэж, нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ нь 2022 оны 7 дугаар сараас хойших түрээсийн төлбөр 720,000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
Мөн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний 3.6-д ... 30 хоногоос дээш хугацаагаар түрээсийн хөлсөө төлөөгүй бол түрээсээ цуцалж өрөөг чөлөөлөх, 5.1-д түрээслэгч нь түрээслүүлэгчээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, ашиглалтын хөлсийг хугацаанд төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан, хүн амьдруулсан нөхцөлд СӨХ-ны шаардлагаар цуцлах гэж тус тус заасны дагуу хариуцагч Л.******* нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 720,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх, нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ нь түрээсийн гэрээг цуцлах, төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн талаар тайлбарласан байх тул тус маргаан бүхий Сэлэнгэ ган зам СӨХ-ны харьяа 2 дугаар байрны 3 дугаар орцны подвалыг хариуцагч Л.*******ын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ-ны харьяа 2 дугаар байрны 3 дугаар орцны подвалыг хариуцагч Л.*******ын эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 720,000 төгрөгийг хариуцагч Л.*******оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,030 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******оос 92,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан хариуцагч Л.*******оос түрээсийн төлбөр 720,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ-д олгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Л.*******ын хууль бус эзэмшлээс 2 дугаар байрны 3 дугаар орцны подвалыг чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,030 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******оос 92,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ ган зам СӨХ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА