| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
| Хэргийн индекс | 148/2023/00246/И |
| Дугаар | 148/ШШ2023/00511 |
| Огноо | 2023-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 148/ШШ2023/00511
| 2023 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 148/ШШ2023/00511 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Бэлэндалай багт оршин суух Мандахын ******* /РД: МБ88071311/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, Мөнхтолгой орхон гудамж, 9-3 тоотод оршин суух, Оюунчулууны ******* /РД: ЙМ93092802/-д холбогдох
7,126,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******, хариуцагч О.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч П.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь О.*******д холбогдуулан дансаар шилжүүлсэн 7,126,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М.******* би *******тай танилцаж үерхэн 2016 оноос эхлэн 2020 он хүртэл хамтран амьдарч байсан юм. Гэхдээ би өөрөө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багт амьдарч. УБТЗ бэлэн далай өртөөнд ажилладаг байсан бөгөөд О.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллаж амьдардаг байсан тул ирэн очин байдаг байсан юм. Бид хамтран амьдрах хугацаандаа ХААН банкнаас 5 удаа зээл авсан. Цалингийн зээлийг ХААН банкнаас О.******* нь үндсэн зээлдэгчээр би хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж 2016 оны 7дугаар сарын 4 өдөр 1.000,000 төгрөгийн. 2016 оны 9 сард 3,800,000 төгрөгийн, 2017 оны 5 дугаар сарын 20-нд л,000,000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 28-нд 7,087,000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 5- ны өдөр 1.073,059 төгрөгийн зээл авсан. Миний хувьд *******д өөрт нь зээл төлөхөд нь болон ХААН банканд зээлийн эргэн төлөлтөд зориулж тодорхой хэмжээний мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан.
Гэтэл О.******* нь надаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, банкнаас авсан зээлийн эргэн төлөлттэйгөөр холбоотой 6,000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд 2022 онд гаргасан ба 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Түүний хүүхэд нь эцэг тогтоолгох шинжилгээгээр миний хүүхэд биш болох нь тогтоогдсон бөгөөд харин түүний нэхэмжилсэн мөнгийг анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25 -ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр надаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 07 ны өдрийн 18 дугаартай магадлалаар 4.510,680 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед би гүүнд зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгө тооцож үзэхэд 7,126,000 төгрөг болж байсан тул би түүнтэй тооцоо нийлэх бодолтой уулзаж чадахгүй байж байх хугацаанд ХААН банк шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. ХААН банк нь нэхэмжлэл гаргахдаа, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,073.059 төгрөгийн зээл авахдаа өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж авсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл гэж 10,619.529 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр хянан хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 50.50 хувиар хариуцагч биднээс тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн болно. /20 дугаартай шийдвэр/
Миний хувьд О.*******д зээлээ гол гэж мөнгө дансаар болон бэлнээр өгч байсан учир Сэлэнгэ аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай магадлалын дагуу төлөх 4,510,680 төгрөгийг, Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 20 дугаартай шийдвэрээр төлөх 5,309,765 төгрөгийг төлөх болж байгаа нь давхцаж байгаа тул би маш их хохирч байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул ШШГА-аас надад мэдэгдэл ирүүлсэн байгаа тул энэ шийдвэрийг би зайлшгүй биелүүлэх шаардлагатай байгаа болно. Мөн би нэхэмжлэгч ХААН банканд 2023 оны 02 сарын 02-ний өдөр 3,308,000 төгрөгийг төлсөн. Харин 0.*******д төлөх 4.510.680 төгрөгийг би түүнд нотлох баримттай буюу дансаар шилжүүлсэн 7,126.000 төгрөгийг гаргуулж авч байж төлнө. Иймд О.*******гаас миний ХААН банк, ХББ банкны данснаас шилжүүлсэн 7,126,000 төгрөгийг аргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Хариуцагч О.******* миний бие М.*******ын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага болох 7,126,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа зүйлийг урд нь 2022.03.25-ны өдөр анхан шатны шүүх, 2022.06.07-ны өдрийн магадлалаар тодорхой үндэслэлтэй шийдвэрлэсэн. Мөн 2023.01.09-ний өдрийн шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болно. Нэхэмжлэгч М.******* нь энэхүү нэхэмжлэлд дурдаад байгаа зүйлийг өмнөх шүүх хурал дээр гаргаж ирэх, тайлбарлах эрх нь байсан. М.******* нь дээрх шүүхийн шийдвэрүүдтэй холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн шүүхэд хандсан боловч хүлээж аваагүй шийдвэр гарсан.
Ер нь нэхэмжлэлийн үндэс болон шаардлага нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2022/00018 дугаартай магадлалын хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийдвэрийн хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* банк ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 173 дугаартай албан бичиг, ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 208/ШТ2023/00006 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* банк ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 5675/492 дугаар албан бичиг, хавсралт О.*******гийн 5684071147 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан дансаар шилжүүлсэн 7,126,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа асуудлыг өмнө нь шүүх удаа дараа шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
2. Нэхэмжлэгч М.*******, хариуцагч О.******* нар нь 2016-2020 он хүртэл хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байх хугацаандаа өөрсдийн данснаасаа 4.000-6.000.000 төгрөгийн дүнтэй гүйлгээнүүдийг удаа дараа хийж, харилцан бие бие рүүгээ их бага хэмжээгээр төгрөг шилжүүлж, авдаг байсан болох нь М.*******ын ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.*******гийн 5684071147 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 12-44, 77-115, 129-155 дугаар тал/
3. Ингэхдээ тус шилжүүлсэн төгрөгийн тодорхой хэсгийг харилцан бие биенийхээ хэрэглээнд нь зориулж шилжүүлж байсан талаар зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгч М.*******ын хувьд тухайн шилжүүлсэн төгрөгийн тодорхой хэсгийг О.*******гийн цалингийн зээлийг эргүүлж төлөхөд зориулж шилжүүлдэг байсан гэжээ.
4. Нэхэмжлэгч М.******* нь хамтран зээлдэгчээр оролцож, хариуцагч О.*******гийн цалингийн зээлийг удаа дараа авч байсан байх бөгөөд ******* банк ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.******* нь 7,087,753 төгрөгийн цалингийн зээл авч, үүнээс 6,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгч М.*******ын ******* тоот данс руу шилжүүлсэн. /хх-ийн 113, 142 дугаар тал/
5. Уг М.*******ын авсан 6,000,000 төгрөгийг О.******* нь М.*******д зээлдүүлсэн гэж үзэж, хамтран зээлдэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар тэдний ХААН банкнаас авсан зээлээ буцаан төлөх үүрэг тэнцүү байна гэж дүгнэж, зээлэнд төлсөн 3,034,320 төгрөгийг хасч, 2,965,680 төгрөг дээр нэмэгдүүлсэн шаардлагын 3,090,000 төгрөгийн 50 хувь 1,545,000 төгрөгийг нэмж, нийт 4,510,680 төгрөгийг М.*******аас гаргуулан О.*******д олгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2022/00018 дугаартай магадлал хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2022/00018 дугаартай магадлалын хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-6, 10 дугаар тал/
6. Мөн ******* банк ХХК нь О.*******, М.******* нарт холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,377,286.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,128,465.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,778 төгрөг, нотариатын төлбөр 4,000, нийт 10,619,529.9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хамтран зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна гэж дүгнэж, нийт 10,619,529.9 төгрөгийг М.*******, О.******* нараас тэнцүү хуваан гаргуулж, ******* банк ХХК-д олгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/
7. Дээрх үйл баримтыг дүгнэж үзвэл хариуцагч О.*******, нэхэмжлэгч М.******* нар нь ******* банк ХХК-иас хамтран зээл авч, О.******* нь өөрийн цалингаас буцаан төлж байсан байх бөгөөд хариуцагч О.******* нь уг цалингийн зээлээс М.*******ын хэрэглэсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д зээлдүүлсэн гэж шүүхэд маргаан үүсгэж, М.*******аас 4,510,680 төгрөгийг авснаас үзвэл тус цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг О.******* нь дангаараа төлж дуусгах үүргийг хүлээсэн байна гэж шүүх дүгнэв.
8. Гэтэл О.******* нь цалингийн зээлээ төлөөгүй тул ******* банк ХХК нь хамтран зээлдэгч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, тэдгээрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийн тухайд хамтран зээлдэгч нар нь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээх тул хамтран зээлдэгч О.*******, М.******* нар нь 10,619,529.9 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан төлөх болсноор хариуцагч О.*******гийн бүхэлд нь хариуцах ёстой байсан зээлийн төлбөрийн тал буюу 5,309,764 төгрөгийг М.******* төлөхөөр болжээ.
9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч М.*******ын хувьд ******* банк ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр О.*******д зээлийн төлбөрийг бүрэн төлсөн байх тул хариуцагч О.******* нь өөрөө бүхэлд нь хариуцах ёстой байсан зээлийн төлбөрийн тал буюу 5,309,764 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэлээ.
10. Иймд О.*******гийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,309,764 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй байна.
11. Зохигч нь харилцан бие биенийхээ хэрэглээнд зориулж төгрөг шилжүүлж байсан нь аливаа хэлбэрээр эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул үлдэх 1,816,236 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,966 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гаас 99,906 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******гаас 5,309,764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, 1,816,236 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,966 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гаас 99,906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА