Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Румин улсын иргэн /Romania/ М.Флорин, түүний өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ, орчуулагч Н.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Румин улсын иргэн /Romania/ М.Флорин /M.Florin/-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010742 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Румин Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Румин улсад төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн салбарын нягтлан бодох бүртгэл, статистик төлөвлөлт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11-р хороо Цагдаагийн 560 дугаар байрны 16 тоотод байр түрээслэн түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, passport:№054002873,

 

Шүүгдэгч М.Флорин нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Голомт байнк, Худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машинуудаас хуурамч картын бэлдэц ашиглан 33 удаагийн давтан үйлдлээр Голомт банкны АТМ-ээс 1.550.000 төгрөг,

-Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс 9.950.000 төгрөгийг залилан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Флорин нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Голомт байнк, Худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машинуудаас хуурамч картын бэлдэц ашиглан 33 удаагийн давтан үйлдлээр Голомт банкны АТМ-ээс 1.550.000 төгрөг,

-Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс 9.950.000 төгрөгийг залилан бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь

 

Шүүгдэгч М.Флорины шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Ийм хэрэг үйлдсэндээ их харамсаж байна. Би Монголд ирэхдээ Солонгоо гэх найз охинтойгоо гэрлэх зорилготойгоор ирсэн. Мөн ээж нь надаас мөнгө зээлсэн тул үүнийгээ авч хэрэглэх гэж байсан. Солонгоо Хятад улсад сурдаг тул бид тэнд нь гэрлэх болсон. Тэгээд ээж нь мөнгө өгөх боломжгүй байсан учраас ийм хэрэгт үйлдсэн. Тэгээд найзаасаа энэ талаархи санааг олж авсан. Румин улсад байдаг найзаасаа мөнгө зээлэх гэсэн боловч зээлээгүй. Явах цаг тулсан байсан учраас ийм хэрэг болсон. Тэгээд Солонгоотой гэрлэх гэж 3 жил болж байна. Би ийм хэрэгт үр дагаврын талаар бодоогүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тус банкны бэлэн мөнгөний машин дээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зуун айлын Атлас төвд байх бэлэн мөнгөний машинаас 300.000 төгрөг, Өргөө кино театрийн машинаас 250.000 төгрөг, Өргөө салбарт байх машинаас 650.000 төгрөг, Баянгол дүүргийн Дархан Минж бэлэн мөнгөний машинаас 350.000 төгрөг гадаадын банкны карт эзэмшигчдийн картны мэдээллийг цагаан өнгийн бэлдэц дээр хуулан тухайн бэлдцээрээ луйврийн гүйлгээг хийсэн байна. Уг үйлдлээрээ манай банкинд нийтдээ одоогийн байдлаар 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан байна…” гэсэн мэдүүлэг. /хх-48/,

Хохирогч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 13-наас 20-ны өдрийн хооронд Голомт банкны бэлэн мөнгөний машинуудаас нийт 106 удаагийн хандалтаар хуурамч карт ашиглан гүйлгээ хийх гэж оролдон амжилттай болж нийт Голомт банкны бэлэн мөнгөний машинаас 10.118.199 төгрөг алдагдсан байна. Камерийн бичлэгийг шүүж үзэхэд ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй цагаан өнгийн карт ашиглан гадаад улсын иргэн бололтой европ төрхтэй хүн, бүх мөнгө алдагдсан болон хандалт авсан бэлэн мөнгөний машинуудаар орж хандан мөнгө авч байсан…” гэсэн мэдүүлэг. /хх50-51/

Гэрч П.Цэнгэлмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын хувьд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай бэлэн мөнгөний машинаас цагаан өнгийн картын бэлдэц шиг цагаан картууд хураагдлаа гэж мэдэгдсэний дагуу мэдсэн. “...Манай программ дээр шүүж тогтоосноор 63 удаагийн оролдлогоор нийт 44 карт уншуулж тэрнээс 8 карт хураагдан, 4 картны гүйлгээ амжилттай болж нийт 6 удаагийн гүйлгээгээр мөнгө авсан байсан. Тодруулбал 4 картаар уншуулж 6 удаагийн гүйлгээ амжилттай хийсэн юм. Тэр гүйлгээр нийтдээ 1.550.000 төгрөг аваад байна…” гэсэн мэдүүлэг. /хх52-53/,

Гэрч Б.Солонго мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Монголд байхдаа Флорин нь Баянзүрх захын ойролцоо бэлэн мөнгөний машинаас мөн 3, 4-р хорооллоор явсан ба тэгэхэд Урбан жинс дэлгүүрээр орж юм үзсэн тэгэхэд Флорин бэлэн мөнгөний машин дээр очиж байсан. Тэгэхэд мөнгө авсан эсэхийг нь мэдэхгүй байна. тухайн үед найзаасаа мөнгө авах авлагатай гээд л бэлэг мөнгөний машин ороод картаа шалгаад байсан…” гэсэн мэдүүлэг. /хх54-55/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх15-16/, хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26, 37/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27, 30-35/, хохирогч Л.Анхбаярын мэдүүлэг /хх43-44/, камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл /хх44-46/, хохирогч Б.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-50/, шинжээчийн №2544 дугаартай дүгнэлт /хх57/, сэжигтэн М.Флорины мэдүүлэг /хх68-69/, яллагдагч М.Флорины мэдүүлэг /хх70-71/, ял шалгах хуудас /хх-93/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх94-106/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Флорины үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3-н 3.1 дэх хэсэгт хамаарч байх бөгөөд дээрх зүйл ангид заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан ялаас хүндэрсэн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч М.Флоринд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Флориныг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Флорин нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлын сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүнрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.Флоринд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Румин улсын иргэн М.Флориныг /Romania M.Florin passport №054002873/ бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар М.Флориноос эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Флоринд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Dell маркийн зөөврийн компьютер, зөөврийн компьютерийн гар, залгуур зэргийг М.Флоринд буцаан олгож, карт уншигч машин 1 ширхэг, ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн туузан ялтас бүхий карт 21 ширхэг, 4 ширхэг сиди зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Флорин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Флоринд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Флоринд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР