Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0342

 

 

 

 

 

 

    2023           04             07                                       128/ШШ2023/0342

 

                                                                                                                                    

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК, РД:0000000;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:А.А;

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ц;

Хариуцагч:НЗД;

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У;

Хариуцагч: НБО газар ;

Хариуцагч НБО-ны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б;

Хариуцагч:Улсын ахлах байцаагч Ц.Б, Г.Б, Б.Э, Улсын байцаагч  О.Ю, М.М-нарын хооронд үүссэн,

1/Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох;

2/НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6,  47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох;

3/НЗД-ын 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/000 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч О.Ю, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгчийн гаргасан “НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/000 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсэг, НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” дүгнэлтийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6,  47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох,  MV-013868 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээлгэхийг НЗДд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.3.Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилснөө бичгээр гаргаж, 1/Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 дугаартай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох; 2/НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6,  47.3-т зааснаар илтэд хууль бус болохыг тогтоолгох; 3/НЗД-ын 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/000 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

 1.4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

НЗД-ын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/000 дүгээр захирамж нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.5, 21.2.1 дэх хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3, 37.6 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50-р тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн заалтыг үндэслэл болгон захирамжлан нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байдаг ба "М" ХХК- ний хувьд тус захирамжийн 1 дэх заалтаар буюу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсэгт багтаж байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тухайд: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан байна.

НЗД, "Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай" 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны албан шаардлагыг үндэслэж НБО-ны газраас 00/000 дугаартай "Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" 2017 оны 8-р сарын 18-ны өдөр гарсан дүгнэлтийг үндэслэл болгон /уг өдөр нь Баасан гарагт буюу долоо хоногийн сүүлчийн өдөр гарсан дүгнэлтэд, дараагийн долоо хоногийн ажлын эхний өдөр буюу даваа гараг/ 2017 оны 8-р сарын 21-ний өдөр A/609 дугаартай захирамжийг гаргахдаа нутгийн захиргааны байгууллагаас санал ирээгүй байхад зөвхөн НБО-ны газрын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байгаа.

Тусгай зөвшөөрлийн талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор, баталсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцаж байгаа эсэхийг тогтоогоогүй. Үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж заасныг зөрчин нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэр гаргаж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм. Үүнийг нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх тухайд,  манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон талаар нутгийн захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудын зүгээс ямар нэгэн санал, мэдэгдэл, дүгнэлтийг ирүүлж байгаагүй юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон НБО-ны газрын хамтарсан хяналт шалгалтыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаар удирдамжийн дугаар 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн гэж хариу өгч байгаа бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн шаардлага нь нутгийн захиргааны байгууллагаас санал ирснийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргахаар заасан. Харин тус хуулийн шаардлагын дагуу нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж НБО газар дүгнэлт гаргасан эсэхийг лавлахад НБО-ны газрын нутгийн захиргааны байгууллагын саналаар бус мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" 00/000 дүгээр дүгнэлтийг гаргасан нь хуульд заасан иргэн аж ахуйн нэгж байгууллагын эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэсэн үг юм. НЗД-ын А/000 дүгээр захирамж болон НБО газар 00/000 нь манай компанийн хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж өдгөө бид цаашдаа үйл ажиллагаа явуулж чадахгүй, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж техник хэрэгсэл авах гээд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас маш их хэмжээний зээл авчихсан байсан ба уг захирамж гарч үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгээс болж авсан зээлээ төлж чадахгүй, өрнөөс өрний хооронд амьдарч байна. "М" компани нь уг тусгай зөвшөөрлийг аваад байгаль орчныг нөхөн сэргээх талаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан"-г 2010 онд батлуулсан ба уг тайланд нөхөн сэргээлтийн арга аргачлалын талаар тодорхой нарийвчлалтай тусгасан. Уг тайлангийн 136 дах талд “Харзатын гозгор" ил уурхайг дээрээс доош чиглэлд олборлох учир тус уурхайд 32 жил ашиглалт явуулсны дараа хаалтын нөхөн сэргээлтийг хийх бөгөөд бэлчээрийн зориулалтаар ургамалжуулна гэж тусгасан. Гэтэл нутгийн захиргааны байгууллагаас бус, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас манай компанийг нөхөн сэргээлт хийхийг шаардахдаа, “олборлолт хийж задралд оруулсан газрыг буцааж булж дүүргэ” гэсэн шаардлагыг тавьсан нь бодит амьдрал дээр биелэгдэх боломжгүй юм. Учир нь элс хайрга олборлох үйл явц нь тухайн газрын хөрсний бүтцийн 90%-ийг авчхаж байгаа болохоор хаанаас шороо авчирч дүүргэх билээ. Тиймээс эвдэрсэн газрыг нөхөн сэргээх байгаль орчныг хүрээнд тухайн газар нутгийн онцлогийг харгалзан үзээд нуур байгуулж, загас үржүүлэг, загасны аж ахуй байгуулах хэтийн төлөвлөгөө боловсруулсан байсан юм. Эндээс үзвэл НБО газар нь ашиглалтын үйл ажиллагааны улмаас үүсэх эвдрэлийг арилгах буюу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж биднийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын ногоон хөгжлийн сайдын 2015 оны 3-р сарын 30-ны өдрийн "Аргачлал батлах тухай" А-138- р тогтоолын хавсралтын 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулах чиглэлд маш тодорхой зааж өгсөн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй гэсэн заасан.

НЗД-ын А/000 дүгээр захирамж нь, "Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай" 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын дүн буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагын дагуу /ийм албан шаардлагыг манай компанид ирүүлж байгаагүй болно/ НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн нутгийн захиргааны байгууллагаас санал авалгүйгээр нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хууль зөрчиж гаргасан гэдэг утгаараа анхнаасаа бодит амьдрал дээр биелэгдэх боломжгүй илт хууль бус захиргааны акт юм. Иймд манай компанийн үйл ажиллагааг таслан зогсоохоор НЗДд хүргүүлсэн НБО-ны газрын 00/000 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий 47-р зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.3 дах заалтын дагуу илт хууль бус захиргааны акт байх ба уг дүгнэлтийг захирамжийнхаа үндэслэл болгосон НЗД-ын 2017 оны 8-р сарын 21-ний өдрийн А/000-р захирамж мөн л Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6, 47.1.7 дах заалтаар илт хууль бус захиргааны акт болохынх нь хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.3-т заасанчлан "М" ХХК-д холбогдох хэсэг нь бүхэлдээ илт хууль бус болохыг шүүхээр хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно.

НБО газар нь уг дүгнэлтийг гаргах болсон мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны 5-р сарын албан шаардлагыг бидэнд өгдөггүй” гэв.

1.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

НЗД-ын 2017 оны 08 сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох А/000 захирамжийн манай компанид холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгон MV01868 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг НЗДд даалгуулах, уг захирамж гарах үндэслэл болсон НБО-ны газрын 2017 08 18 00/000 тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг манай компанид холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэл гаргаж байсан. Захиргааны хэрэг үүссэний дараа шинэ нөхцөл байдал үүссэн. Эдгээр захирамж дүгнэлтүүд гарах болсон үндэслэл нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 00-00-000/000 тоот актыг үндэслэж дүгнэлт захирамжууд гарсан гэсэн тайлбаруудыг хариуцагч талаас өгсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын актыг “М” ХХК албан ёсоор мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Уг актыг хариуцагч талаас авч ирүүлсэн. “М” компанийн хууль ёсны эрх ашигт халдах нөхцөлийг бүрдүүлсэн акт чухал юм байна. Ингээд хариуцагчаар нэмж татан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэр бүхий байцаагч нар тухайн актад гарын үсэг зурсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын Геологи уул уурхайн хяналтын Улсын ахлах байцаагч Батсайхан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Бат, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Энхбат, Нийслэлийн мэргэжлийн хяналтын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Оюундэлгэр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын улсын байцаагч М нар нэмэгдэж орж ирснээр манай компани нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах нэмэгдүүлэх шаардлага гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 00-00-000/000 актыг илт хууль бус болохыг тогтоолгох, НБО-ны газрын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 00/000 тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох улсын байцаагчийн актын биелэлт хангаагүй гэх дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгон, Илт хууль бус актыг үндэслэн гарсан НЗД-ын 2017 оны 08 сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон А/000 тоот захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох гэж өөрчилж тодруулсан. Уг акт дээр гарын үсэг зурсан нэр бүхий байцаагч болох Батсайхан, Бат, Энхбат нар нь тухайн үед улсын ахлах байцаагчийн эрхгүй байсан. Оюундэлгэр, М нар нь улсын байцаагчийн эрхтэй байсан байхаар байгаа. 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж дээр ажлын хэсгийн ахлах, гишүүд гээд нэрс байгаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Б, гишүүд Х. Б, Ц, Б, Б, А, О, Э гэсэн байна. М ажлын хэсэгт байхгүй. Удирдамжид байхгүй эрхгүй этгээдүүд тухайн актыг үйлдсэн. “М” компанид Лхагва гэдэг захирал байгаагүй нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас авсан лавлагаагаар нотлогдоно, гэтэл   Н.Лхагва танаа гээд албан бичгээ өгсөн. Хаяг нь анх үүсгэн байгуулагдаж байсан үеийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо гэсэн хаягаар байсан. Байнга үйл ажиллагаа явуулдаг газар маань Хан-Уул дүүргийн Харцатын гозгор гэдэг газар, хаяг андуурах боломжгүй.

Актын хамгийн гол алдаатай зүйл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “байгаль орныг хамгаалах тухай хууль тогтоомж уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг 2 удаа зөрчсөн тохиолдолд эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар зогсоох бөгөөд энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах тухай асуудлыг тухайн тусгай зөвшөөрлийн талбай оршиж байгаа аймаг, НЗДд тавина” гэснийг үндэслэн М компанийн үйл ажиллагааг 2017 оны 05 сарын 18-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаагаар зогсоохоор шийдвэрлэв гэжээ.

Тухайн акт гарч байх үед Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ийм заалт байхгүй. 2015 онд хүчингүй болсон заалтыг үндэслээд эрхгүй этгээдүүд манай компанийн хууль ёсны эрх ашигт халдаж үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж байгаа нь илт хууль бус.

Хяналт шалгалт явуулж байгаа байцаагч нар нь ахлах байцаагчийн эрхгүй, эрх нь сунгагдаагүй.

НБО газар Улсын Их Хурлаас чиглэл өгсний дагуу ажлын хэсэг байгуулагдаад, удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтраад шалгалт хийсэн дүгнэлт дээрээ “М” ХХК-ийг улсын байцаагчийн дүгнэлтийг хангаагүй гэдэг. Биелүүлээгүй байх, хангаагүй байх гэдэг чинь өөр. Хангаагүй байх гэдэг чинь тодорхой хэмжээнд ажил гүйцэтгэсэн тэр нь шаардлагын хэмжээнд хүрээгүй л гэсэн үг. Хангаагүй үндэслэлээр хууль ёсны эрх ашигт нь халдаж тусгай зөвшөөрлийг цуцлах заалт байхгүй.

Хан-Уул дүүргийн Засаг дарга эсхүл тухайн Засаг даргаас “М” ХХК ямар нэг байдлаар нийгэмд аюултай, бусдад аюултай нөхцөл байдал үүсгэсэн эсэх талаар санал дүгнэлт авах ёстой байсан.

Улсын Их Хурлын байнгын хорооны 05 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн төлөвлөгөөт шалгалт. Өргөдлийн байнгын хороон дээр иргэд тухайлан 10 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөөч гэж өргөдөлдөө тусгасан. Үүнд манай компанийн нэр байхгүй тул бидний үйл ажиллагаанд халдах эрх үүсээгүй байсан. Дүгнэлт нь үнэнд бодит байдалд нийцэхгүй, Мэргэжлийн хяналтын байцаагч нарын акт дээр үндэслэсэн эсэх, ямар эх үүсвэрээр дүгнэлт гаргасан нь тодорхойгүй тул илт хууль бус болохыг тогтоож өгнө үү

3 дахь шаардлагын тухайд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын акт, НБО-ны газрын 959 дугаартай дүгнэлт буюу илт хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан бол гарсан цагаасаа хүчингүй байна гэж хуульд заасны дагуу А/000 дугаартай захирамжийн манай “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

1.6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлд хяналт шалгалт хийх үндэслэл журам гэж заасан. 5.1 дэх хэсэгт хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна гэж заасан. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны гаргасан удирдамжийн дагуу явуулахаар заасан. Гэтэл Удирдамжаас харахад “М” ХХК руу чиглэсэн биш хэт ерөнхий байдлаар удирдамжийг баталсан нь зарчимд нийцэхгүй байна. Хариуцагчийн тайлбараас харахад төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэдэгт хамаарахаар байна. Байгаль орчинд халтай, хэн нэгний амь насанд хохирол учруулахаар нөхцөл байдал байхгүй. Уг асуудлаар хэн нэгний өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл байхыг хууль зүйн хувьд шаардаж байгаа. Үүнд Улсын Их Хурлын Байнгын хорооноос чиглэл өгсөн гэсэн. Чиглэл өгсөн албан бичиг, хурлын тэмдэглэлүүдээс харвал нэхэмжлэгч рүү чиглэсэн хяналт шалгалт хийх зүйл байхгүй байна. Тэгэхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. 2 дахь үндэслэл нь Удирдамжид нэр нь ороогүй байцаагч нар буюу тухайлбал М.М-хяналт шалгалт хийх ажлын хэсэгт багтаагүй, удирдамжгүйгээр шалгалт хийсэн. Хуулиар удирдамжгүйгээр хяналт шалгалт хийхийг хориглосон. Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 06 сарын 29-ний өдрийн 325 тушаалаар батлагдсан журмын дагуу 2 жил тутам сунгагдаж явахаар заасан тул Г.Б, Б.Э нарын улсын байцаагчийн эрх нь сунгагдаагүй.

Улсын байцаагчийн акт гэх боловч ахлах байцаагчийн эрхгүй этгээдүүд гарын үсэг зурсан байгаа нь акт нь хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй, хуульд нийцэхгүй.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу 2 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоосон. Уг хуулийн заалтад 2015 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар өөрчлөлт ороод өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт болж өөрчлөгдсөн.

“М” ХХК-ийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар зогсоох арга хэмжээ авсан нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Хуульд байхгүй, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт хамаарч байна.

Улсын байцаагчийн эрхгүй, удирдамжид нэр нь ороогүй акт гэдгээрээ мөн хуулийн 47.1.2 дахь хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэдэгт хамаарна. 47.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзсэн. Хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Байгаль орчны газрын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 00/000 дугаартай дүгнэлт илт хууль бус байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслээд дүгнэлтийг гаргасан байсан. 37 дугаар зүйл нь өөрөө аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг дор дурдсан үндэслэлээр цуцална гээд НЗДд олгосон эрхийг үндэслээд уг актыг гаргасан байна гэж үзэж байна. Мөн хуулийн 37.1.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан.

Хэрэгт нутгийн захиргааны байгууллагын санал гэдэг зүйл байхгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нутгийн захиргааны байгууллага гэдэгт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нэгжүүд орж байгаа. Энэ саналгүйгээр дүгнэлт гарсан.

Улсын байцаагчийн акт нь сая дурдсан үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны актад хамаарна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, үйлчлэлгүй захиргааны актыг хангаагүй эсхүл биелүүлэх ёстой гэж хууль зүйн хувьд шаардах үндэслэлгүй. Хэрэгт 2016 оны улсын байцаагчийн албан шаардлага байдаг. Энэ албан шаардлагыг яаж хангасан талаар тайлангаа нэхэмжлэгч байгууллага өгчихсөн. Тэгэхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Эдгээр үндэслэлээр Байгаль орчны газрын дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэдэгт, иргэн хуулийн этгээдийн хуульд заасан эрхэд халдах үндэслэл байгаагүй гэдэгт хамаарна.

НЗД-ын 2017 оны 08 сарын 21-ний өдрийн А/000 дугаартай захирамж хууль зүйн хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Үүнд нутгийн захиргааны байгууллагын санал байх ёстой. А/000 дугаартай захирамжийн хувийн хэрэгт  Байгаль орчны газрын дүгнэлт ирдэг. Дүгнэлт нь дээр дурдсанчлан гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй. Уг захирамжийн үндэслэл нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн байсан. Нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдэг нь хууль зүйн хувьд болон хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэнэ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд үзлэг хийсэн баримтыг харвал тусгай зөвшөөрөл эзэмшигч уг газар дээр яаж үйл ажиллагаа явуулах талбайн аль хэсгээс үйл ажиллагаа эхэлж явуулах яаж нөхөн сэргээх гэдгийг тусгасан бичиг баримт юм. Тусгай зөвшөөрлийн талбайг 32 жилийн хугацаанд ашиглаж дууссаны дараа нөхөн сэргээх гэдэг агуулгаар тусгагдсан. Нөхөн сэргээхдээ түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга учраас ухаж авсан шорооны 90 хувь ашиглагдаад 10 хувь нь үлддэг учраас буцаагаад бүгдийг нь бөглөхөд хүндрэлтэй учраас хиймэл нуур хийх байдлаар нөхөн сэргээнэ гэсэн. Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахад тавих үндсэн шаардлага гэж байгаа. 32.8 дахь хэсэгт ажиглагчид болон хүн амын байршлыг хангах, газрын хэвлий байгаль орчны бусад объектыг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах ажлыг батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагуу улс ардын цаашид ашиглах хэмжээнд ашиглаж болохуйцаар засаж тохижуулах гэж заасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглаж дууссаны дараа нөхөн сэргээх процесс хийгдэх ёстой байтал авснаас хойш нийт авсан талбайнхаа 10 хувьд ч хүрэхгүй талбайд олборлолт хийж байхад буцаагаад бул нөхөн сэргээ гэдэг шаардлага тавьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эдгээр үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт хууль бус, илт хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

1.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Уын нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон НБО-ны газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай "Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Тус шалгалтаар "М" ХХК нь байгаль орчны холбогдох хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн тул Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 дугаартай актаар үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд тухайн актыг тус компанийн захирал Н.Лхагва хүлээн авч тамга дарж баталгаажуулсан байдаг. Иймд дээрх аж ахуйн нэгж нь тухайн актын биелэлтийг хангаагүй, холбогдох зөрчлүүдийг арилгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байсан тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасны дагуу НБО-ны газраас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаартай дүгнэлтийг гаргасан.

НБО газар нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар нутгийн захиргааны байгууллагын нэг болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн саналыг авсны үндсэн дээр дүгнэлтээ гаргасан бөгөөд уг дүгнэлт нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/176 дугаар албан бичгээр НБО газар т хандаж санал хүргүүлсэн байдаг”гэв.

1.8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлттэй холбоотой тайлбарыг өгье. Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар хамтарсан удирдамжид заагдсаны дагуу хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын дагуу мэргэжлийн хяналтын байгууллага М ХХК-ийг байгаль орчны холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзээд улсын байцаагч албан шаардлага 2016 онд өгөөд биелэлтийг нь хангаагүй учраас 2017 онд дахиад акт өгөөд Байгаль орчныг хамгаалах тухай холбогдох хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн гэдэг утгаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд орсон байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны газар дүгнэлт гаргасан. Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар нь өөрөө нутгийн захиргааны байгууллагад орж байгаа. Тухайн байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдгийг тогтоосон учраас тухайн хуулийн дагуу дүгнэлтийг гаргаад улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй актыг хангаагүй гэж тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гарган Засаг даргад хүргүүлсэн. Тиймээс хууль зөрчөөгүй хуулийн дагуу гаргасан дүгнэлт байгаа.

Улсын байцаагчийн албан шаардлага, актаас харвал эвдрэлд орсон талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээгүй, холбогдох зүйл заалтуудыг зөрчжээ.

Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул, осолгүй болгож цаашид ашиглаж болохоор засаж тохижуулна, анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх гэх мэтчилэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хэрэгжилтийг тайлагнах чиглэлээр албан шаардлага актуудыг удаа дараа хүргүүлсэн байдаг.

Тухайн аж ахуйн нэгж нь биелүүлээгүй байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ дээр уурхайн хаалт хийж дууссаны дараа нөхөн сэргээлтийг хийх гэж төлөвлөсөн байдаг боловч нөхөн сэргээлтийн явцын хэсэгт жил бүр нөхөн сэргээлтийг төлөвлөж хийнэ гэж заасан байна.

Уурхайн талбайн С4 блок дээр хэдэн жилийн хугацаанд олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийнэ. 1 дэх жилээсээ нөхөн сэргээлтийг төлөвлөж хийнэ гээд тусгасан байна. Хавтаст хэргийн 129, 130 135 дугаар талаас харж болно.

Нөхөн сэргээлтийн хийгдэх ажлын хэмжээ гээд 2009-2019 оны хооронд С4 блок дээр жил бүр техникийн нөхөн сэргээлт биологийн нөхөн сэргээлт гээд 2 хуваасан байна. 1 га тутамд хэдэн кг үр цацах гээд хэмжээг нь хүртэл заасан байна. Тухайн аж ахуйн нэгж улсын байцаагч нарын хийсэн шалгалтаар ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй нь харагдана. Улсын байцаагч нар газар дээр нь очоод шалгалт хийж байгаа. Түүнийг нь үндэслээд захирамж гарч байгаа. Нөхөн сэргээлт ерөөсөө хийхгүй гэдэг чиглэл байхгүй байна. Ашиглаж дуусаад 30 жилийн дараа нөхөн сэргээлт хий гэдэг зүйл ч байхгүй байна. Үүнийгээ нарийвчилсан үнэлгээ дээрээсээ харах хэрэгтэй” гэв.

1.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

НЗД-ын захирамжийг мэдээгүй сүүлд мэдсэн гэсэн тайлбар хэлж байна. Бид мэдээллийн хэрэгслээр цацсан.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ашиглах эрхтэй этгээд ямар үүрэгтэй болохыг дурдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ гэж заасан. 35.3.4 дэх хэсэгт Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэлээд байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж байгаа. Эдгээрийг байгууллагууд 1 жилийн хугацаанд өгөх ёстой. Энэ үүргээ биелүүлсэн бол уг захирамж шийдвэрийг мэдэх боломжтой байсан. Мэдээгүй гэдэг өгүүлбэрээр уг үүргээ биелүүлээгүй байсан гэдэг нь тодорхойлогдож байна гэж үзэж байна. НБО газар нь НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг тул нутгийн захиргааны байгууллагад хамаарна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болох Мэргэжлийн хяналтын газрын саналыг үндэслээд Байгаль орчны газар дүгнэлт гаргасан. Энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан заалтыг хэрэгжүүлсэн байгаа. Хэрэгжилтийн дагуу НЗД дүгнэлтийг үндэслээд захирамж гаргасан. Тиймээс Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын акт, НБО-ны газрын дүгнэлтийг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ актын дүгнэлтэд зөвхөн “М” ХХК хамааралтай биш. Илт хууль бус гэж үзэх юм бол бусад байгууллагын шийдэгдсэн асуудал хүртэл хамаарах магадлалтай гэдгийг дурдах нь зүйтэй байх гэв.

1.10.Хариуцагч М.М-шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... 2017 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Бат болон миний бие ажиллаж байсан. Чиг үүргийн хүрээнд хариуцаж байгаа газар нутагтаа хяналт тавихаар заасан. Тэр утгаараа тухайн компанид хяналт шалгалт тавьж ажилласан. Удирдамжид зааснаар дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчид гэж оруулсан учраас тухайн үед хяналт тавих эрх бүхий албан тушаалтны хувьд оролцсон. Акт дээр техник, хэрэгсэл бичвэрийн алдаанаас болоод Лхагвасүрэн гэдэг хүний нэрийг Лхагва гээд оруулсан харагдаж байна. Тухайн байгууллагын уурхайн дарга Лхагвасүрэн гарын үсэг зурж авсан нь харагдаж байна. Гарын үсгийн хэлбэр хэмжээг нүдэн баримтжаагаар харахад Лхагвасүрэн гэдэг хүний гарын үсэгтэй таарч байна” гэв.

1.11.Хариуцагч О.Ю шүүхэд болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... “Улсын байцаагчаар томилогдоод 2 жил тутам байцаагчийн хугацаатай үнэмлэх олгодог болохоос хугацаатай томилогддог албан тушаал биш. 

Тухайн үед хяналт шалгалт хийгээд явж байхад Лхагвасүрэн гэдэг хүн уурхайн даргаар ажиллаж байсан байна. Энэ хүн тухайн актыг 18-ны өдрөө ирж аваад байгууллагын тамга тэмдгийг дараад аваад явсан.

 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг 2015 оны 12 сарын 04-ний өдөр шинэчлэлт оруулаад найруулсан хэр нь 2017 оны 07 сараас Зөрчлийн тухай хууль батлагдаад хэрэгжээд явсан. Тайлбар дээрээ Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулга дээр хүчин төгөлдөр болсноос хойш тухайн өдрөөс дагаж мөрдөнө гэсэн зүйл заалтын дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагааг зогсоох актыг гаргасан. “М” ХХК-ийн хувьд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухай хуульд заасан менежментийн төлөвлөгөөг тухайн үед батлуулаагүй байсан байна. 

Энэ бол жил бүр батлуулаад хэрэгжилтийг хангаад нөхөн сэргээлтээ хийгээд тайлангаа хүргүүлдэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар аж ахуйн нэгж тухайн жилийн нөхөн сэргээлтийг хийж тухайн оны 12 сарын 25-ны дотор хийж биелэлтийг хүргүүлсэн байх ёстой.

Өмнө нь “М” ХХК-д 2016 оны 10 сарын 14-ний өдөр 0204 дугаартай албан шаардлага хүргүүлж байсан. Албан шаардлагын биелэлтийг ирүүлж байгаагүй. Хэрэгжилтийг хангаж ажиллаагүй нь 2017 оны хяналт шалгалтаар тогтоогдсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар улсын байцаагчийн тавьсан шаардлагыг бодитоор биелүүлээгүй гэсэн заалтуудаар тухайн үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоосон. Хаягаар тухайн акт очоогүй. Лхагва гэж бичсэн Лхагвасүрэн өөрийн биеэр ирээд гарын үсгээ зураад тамга тэмдгээ дараад баталгаажуулаад авч явсан гэв.   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

1.1.Энэхүү захиргааны хэргийн  маргааны зүйл нь НЗДас ”М” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зорилгоор үүссэн газрын хэвлий ашиглах эрх, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон  үйл баримт бөгөөд ”М” ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрийн газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болсон Улсын байцаагч нарын акт болон НБО-ны газрын шийдвэрийг “илт хууль бус” гэж  тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлээ “хууль бус” захиргааны актад хамааруулсан үйл баримт ярьж, нотлох баримтаар мэтгэлцсэн.

1.2.Нэхэмжлэгч “М” ХХК  маргаан бүхий акт болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 дугаартай акт, НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлтийг “илт  хууль бус” захиргааны актад хамааруулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул уг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд “илт хууль бус гэх” үйл баримтыг дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

1.3.Нэхэмжлэгч “М” ХХК 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Харзатын Гозгор нэртэй газарт 165 гектар талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн 13868А дугаар эрхийн гэрчилгээг 30 жилийн хугацаатай авч, уг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байжээ.  /ХХ-1-н 30 дахь тал/

 1.4.Нэхэмжлэгч нь Элс хайрганы орд ашиглах төслийнхөө хүрээнд 2010 онд “Харзат гозгор”-ын элс хайрганы орд ашиглах төслийн байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж, уг хөтөлбөрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. /ХХ-1-н 13-17 дахь тал/

1.5.Мөн 2010 онд “Харзат гозгор”-ын элс хайрганы орд ашиглах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангаа батлуулж /ХХ-1-н 18-23 дахь тал/, уг хугацаанаас хойш уг төлөвлөгөөнд ямар нэг тодотгол хийж байгаагүй гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй болно.

1.6.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А-138 дугаар тушаалын 1 дэх заалтаар ”Уул уурхайн эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг  баталж, уг тушаалын 2  болон 4 дэх заалтаар уг аргачлалын дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхийг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага болон газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад даалгаа, аргачлалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд  нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллага, бүр шатны Засаг дарга, нарт үүрэг болгосон байна. /Legalinfo.mn  сайтаас/

1.7.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02-04-201/1283 1283 дугаартай албан шаардлагаар “эвдрэлд орсон тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх, хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюулгүй болгож, улс ардын аж ахуйн хэрэгцээнд ашиглаж болохуйцаар засаж тохижуулан нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх,  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авах ажлын хэсгээр шалгуулж, дүгнэлт гаргуулсан байх зэргийг тогтоож, үүрэг болгожээ. /ХХ-1-н 208 дах тал/

1.8.”М” ХХК нь Улсын байцаагчийн уг албан шаардлагын хариуг 4 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр мэдэгдэхдээ “... олборлолт хийж байсан газартаа техникийн нөхөн сэргээлт хийж, хүн, машин унаж болох догол, мөргөцгийг налуу үүсгэсэн гэж” бичсэн байх боловч  уг албан бичигтээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар  болон ажлын хэсгээр шалгуулсан, дүгнэлт гаргуулсан талаар дурдаагүй, энэ ажиллагааг хийсэн талаарх нотлох  баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Улсын байцаагчийн уг албан шаардлагыг бүрэн биелүүлсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй болно.

1.9.Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль журмыг хэрэгжүүлж, байгаль  орчныг нөхөн сэргээлтийн стандартын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд  шалгалт хийж, ... нөхөн сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулж,  хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах, ... “ чиглэл өгчээ. /Legalinfo.mn  сайтаас, ХХ-1-н 69 дэх талд/

1.10.Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороо нь дээрх чиглэлээ 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/6965 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байжээ. /ХХ-1-н 70-71 дэх талд/

1.11.Улмаар мөн Байнгын Хорооны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/950 дугаар албан бичгээр “... дээрх чиглэлийн дагуу Туул голын орчим дахь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт хуулийн хэрэгжилт, зөрчлийг арилгаж хариуцлага тооцсон эсэх зэрэг зохих мэдээллийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сонсох” болсон талаар НЗД-ын албанд мэдээлэл хүргүүлсэн байна. /ХХ-1-н 72 дахь тал/

1.12.Мөн Байнгын Хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “Туул голын бохирдлын  асуудлаар 5846 иргэдээс ирсэн гомдлын дагуу хуулийн хэрэгжилтийг судлах, ..., байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох” чиглэлийг тогтоожээ. / Legalinfo.mn  сайтаас, ХХ-1-н  73 дахь тал/

1.13.НБО-ны газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар хамтран 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаар бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийн удирдамж”-ийг баталжээ.

1.14.Уг удирдамжийн Гурав-т зааснаар хяналт шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл  тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдахаар тогтоосон байна. /ХХ-1-н 78 дахь тал/

1.15.Дээрх шалгалтын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл  тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тухай танилцуулгыг гаргасан болох нь тогтоогдлоо. /ХХ-1-н 79-86 дахь тал/

1.16.Улмаар уг шалгалтыг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын  18-ны өдрийн 00-00-000/000 дугаар актаар “М” ХХК-ийг:

  • Тухайн жилийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, биелэлтийг  тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнаагүй;
  • “нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлагыг биелүүлээгүй;
  • Уурхайн ашиглалт явуулж, эвдрэлд оруулсан газрыг нөхөн сэргээлт хийгээгүй;
  • Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангаж, биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй,;
  • Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд мэдэгдэх үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж үзээд тус компанийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар зогсоожээ. /ХХ-1-н 89-91 дэх тал/

1.17.Мөн уг актыг эс зөвшөөрсөн бол дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг нь зааж өгч, уг актад тус компанийн Захирал Н.Лхагва гэгч гарын үсэг зөрж, компанийн тамгын дарсан байна. /ХХ-1-н 91 дэх тал/

1.18.”М” ХХК нь уг актад маргаж байгаагүй гэдэг шалтгаанаа тус компани “уг актыг мэдээгүй, мэдэгдээгүй” гэж тайлбарласан болно.

1.19.Нэхэмжлэгчээс дээрх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын  18-ны өдрийн 00-00-000/000 дугаар актыг манай компани хүлээж аваагүй, компанийн захирал Н.Лхагва биш гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

1.20.Учир нь төрийн хяналт шалгалтаар Ажлын хэсэг нь тус компанийн Уурхайн талбай дээр очиж шалгалт хийсэн, улмаар тус компаниас байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргасан батлуулсан талаарх баримтыг гаргуулахаар ажилласан үйл баримт тогтоогдож байна.

 1.21.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13/2956 дугаар албан бичигт “М” ХХК-ийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайланг  батлуулсан тухай мэдээллийн санд  байхгүй” гэж хариу бичиг /ХХ-1-н 203 дахь тал/, НБО-ны газрын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/902 дугаар албан бичигт “2015-2022 оны хооронд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг тус байгууллагад гаргаж байгаагүй” гэх хариу /ХХ-1-н 204 дэх тал/, мөн нэхэмжлэгчээс одоо ч байгаль орчны менежментийн төлөвлөгөө  болон   эдгээр баримтыг байсан гэдэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй зэргээс үзвэл актад дурдсан “менежментийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, биелэлтийг  тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнаагүй” зөрчил гаргасан болох нь нотлогдсон гэж шүүх үзсэн.

1.22.Үүний зэрэгцээ нэхэмжлэгч өөрийнх нь уурхай дээр явуулсан хяналт шалгалтыг мэдээгүй, мэдэхгүй байх боломжгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... НЗДас компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсны 2 сар орчмын дараагаас компаниуд шуугилдаж эхэлсэн” гэх  агуулга бүхий тайлбараар нотлогдохын хамт, хариуцагч нараас хяналт шалгалтыг явуулахад уурхайд байсан дарга, бусад ажиллагсдаас  энэ талаар компанийн удирдлагад мэдэгдэх боломжтой, мөн түүнчлэн Улсын байцаагч нар нь компанийн тамга тэмдгийг хэрэглэж буй  Н.Лхагвасүрэн гэгчийг тус компанийн захирал мөн эсэх, эсэхийг шалгаж тогтоох үүрэггүй байна.

1.23.Хариуцагч нараас албан бичиг үйлдэхдээ “М” ХХК-д хандсан албан бичигт компанийн захирлын нэрийг Н.Лхагва гэсэн нь техникийн алдаа байсан гэж зөвшөөрч байна.

1.24.Нөгөө талаас Н.Лхагва гэгч нь тус компанийн тамгыг Улсын ахлах байцаагчийн акт дээр дарсан байхад нэхэмжлэгчийн зүгээс энэ үйл баримтыг няцааж чадаагүй, ийм баримт гаргаагүй, тайлбар хэлээгүй  болно.

1.25.Үүний дараа НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар албан чигээр НЗДд хандан “М” ХХК-ийг Улсын байцаагчийн актын биелэлтийг хангаагүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах  дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн байна. /ХХ-1-н 120-123 дахь тал/

1.23.Уг дүгнэлтийг үндэслэн НЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/000 дүгээр захирамжаар “М” ХХК-ийн эзэмших MV-013868 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн /ХХ-1-н 97-99 дэх тал/ зэрэг үйл баримт тогтоогдсон.

Хоёр.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

2.1.Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.3-т зааснаар илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна” гэж,  мөн зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” гээд мөн зүйлийн он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар, шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтын төрөл, арга, хэлбэр, шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч, шалгалт эхлэх болон дуусах хугацаа, өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл” гэж, 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, ... тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж, мөн зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж тус тус заажээ.

2.1.2.НБО-ны газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар хамтран   баталсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл  тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийн удирдамж” нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.

            2.1.3.Нэхэмжлэгчээс Удирдамж дахь Ажлын хэсэгт Г.Б, М.М-нар ороогүй байхад хяналт шалгалт явуулсан гэж маргасан нь үндэслэлгүй.

            2.1.4.Учир нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл  тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийн удирдамж”-ийн Хоёр дугаар хэсгийн Гишүүд гэсний дотор “Дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн  байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид” гэсэн байх бөгөөд М.М-нь шүүх хуралдаан дээр “... Улсын байцаагч нар нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харьяанд, эсхүл дүүргийн харьяанд Улсын байцаагчаар ажиллах зохион байгуулалтын бүтцээр ажилладаг. Ахлах байцаагч Бат бид хоёр Хан-Уул дүүргийн Улсын байцаагч гэж явдаг” гэж тайлбарласан, Г.Б, М.М-нар нь тус байгууллагад ажилладаг Улсын байцаагч нар мөн гэдэг тодорхой үйл баримттай  нэхэмжлэгч маргаагүй зэргээс дүгнэвэл хариуцагч Г.Б, М.М-нарыг хяналт шалгалт хийх удирдамжгүй этгээд гэж үзэхгүй болно.

2.1.5.Нэхэмжлэгчээс Улсын ахлах байцаагч Ц.Б, Б.Э нарыг Улсын байцаагчийн эрхгүй этгээд, Улсын байцаагчийн эрхийг 2 жилээр сунгахаар журамласан байхад тэдгээрийн байцаагчийн эрхийг сунгаагүй гэж маргасныг шүүх хүлээн аваагүй.

2.1.6.Тодруулбал, нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дээрх үндэслэлийг бичээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинэ үндэслэл гаргаж ирсэн бөгөөд энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж анхан шатны шүүх үзсэн.

            2.1.7.Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн[1]  9.1-т “Хяналт шалгалтын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.1-т хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын  биелэлтэд хяналт тавих” гэж заасан байна.

2.1.8.Хуулийн энэ заалтын дагуу төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага бөгөөд уг хяналт шалгалтын чиг үүргээ улсын байцаагч нараараа дамжуулж хэрэгжүүлдэг эрх зүйн этгээд байна.

2.1.9.Мөн түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, бусад хуулиар аливаа Улсын байцаагчийн эрхийг тодорхой хугацаагаар олгох хязгаарлалт тогтоогоогүй буюу ийнхүү хуульчлаагүй тул Улсын байцаагчаар томилогдсон этгээдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг хуульд зааснаас өөрөөр заасан журмыг шүүх зөвтгөхгүй, Улсын байцаагчийн эрх дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Үүнээс гадна Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь өөрийн томилсон Улсын байцаагч нараараа дамжуулан хяналт, шалгалтаа хэрэгжүүлдэг нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Улсын /ахлах/ байцаагч Ц.Б, Г.Б, Б.Э, О.Ю, М.М-нарыг улсын байцаагчийн эрхгүй гэж үзэх ”эргэлзээ төрүүлэхүйц” нөхцөл байдал тогтоогдоогүй, ийн үзэх  эрх зүйн үндэслэл шүүхэд байхгүй байсан.

2.1.10.Нөгөө талаас, хэрэв  төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг тус байгууллага хяналт шалгалтаа явуулахдаа улсын байцаагчийнхаа эрхийг сунгаагүй, ийм этгээдээр хяналт шалгалт явуулсан гэж үзэх бол энэ нь хууль зүйн зөрчил гаргасан гэж үзэж уг байцаагч нарын актын хууль бус гэж үзэн хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болох ёстой болохоос Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д заасан  илт хууль бус захиргааны актад хамаарахгүй тул уг үйл баримтад холбогдуулан нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзсэн ба энэ талаар дүгнэлт өгөх нь “илт хууль бус  захиргааны акт”  болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна.

2.1.11.Нэхэмжлэгчээс Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хорооноос манай компанид шалгалт явуулахаар тогтоолдоо нэр дурдаагүй байхад манай компанид шалгалт явуулсан гэсэн нь хууль зүйн  үндэслэлгүй болно.

2.1.12.Тухайлбал, Улсын Их Хурал, түүний бүтцийн байгууллага болох Байнгын хороо нь төрийн бодлого тодорхойлох, хууль батлах, иргэдээс ирсэн мэдээлэл, өргөдөл гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд судлан хэлэлцэх, шийдвэрлэх төрийн эрх барих дээд байгууллага, төрийн нэг эрх мэдэл юм.

2.1.13.Энэ чиг үүргийнхээ хүрээнд Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар болон 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/6965 дугаар албан бичиг, 2017 оны оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/950 дугаар албан бичгээр тус тус Засгийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, НЗД, төрийн бусад байгууллагуудад хандан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар чиглэл өгч, үүрэгжүүлсэнээс дүгнэвэл хяналт шалгалтыг зөвхөн 10  аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулах шаардлага тогтоосон агуулгагүй бөгөөд  дээрх шийдвэрийн хүрээнд хяналт шалгалтыг явуулах хүрээг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

2.14.Актад хүчингүй болсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг барьсан, уг заалтад үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх гэсэн зохицуулалт байхгүй, Газрын хэвлийн хуульд 20.1.4 гэсэн заалт огт байхгүй байхад ийм заалт баримталсан”  гэж нэхэмжлэгч маргасныг хянавал,

2.1.15.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, 37 дугаар зүйлийн 37.1-т “Аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гээд мөн зүйлийн 37.1.3-т “... байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”  гэж, мөн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан байна.

2.1.16.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байгаа  тул маргаан бүхий захиргааны актыг гарах үед энэ заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан.

2.1.17.Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйлээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих журмын зохицуулсан бөгөөд уг заалтад үйл ажиллагааг зогсоох зохицуулалт ороогүй байна.

2.1.18.Харин шинэчлэн баталж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 2-т “Хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гээд мөн зүйлийн Тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хоёр сар хүртэл хугацаагаар зогсоох ба энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу цуцлах тухай асуудлыг тухайн тусгай зөвшөөрлийн талбай оршиж байгаа аймаг, нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд гаргана” гэж заасан байна.

            2.1.17.Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар нь  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 дугаар актыг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 10.9.7, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримталж шийдвэрлэсэн байна.

2.1.18.Харин маргаан бүхий актад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөх Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 2-ийн Тайлбар хэсгийг баримтлаагүй тул хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэсэн  гэж үзэхгүй.

2.1.19.Захиргааны байгууллага, албан тушаалтанд хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх маргаан нь захиргааны актыг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, ийм маргааны  хууль зүйн үндэслэл болдог тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү үндэслэлийг “илт хууль бус захиргааны актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааруулж буруутгахгүй, дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй болно.

2.1.20.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзсэн үндэслэлээ “өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй гэсэн боловч энэ нь хаана ажилдаг, хэн гэгч байцаагчийн хэзээ гаргасан ямар дугаартай, юун тухай өгүүлсэн албан шаардлагыг биелүүлээгүй тодорхойгүй” гэх үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

2.1.21.Учир нь Улсын байцаагч Ц.Бы 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэлд “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, менежментийн хөтөлбөр, уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй, хийж гүйцээх зөрчил илэрсэн” гээд авсан арга хэмжээг “Улсын байцаагчийн албан шаардлага өгөх” гэж бичиж, уг тэмдэглэлтэй тус компанийн захирал Н.Лхагва гэгч танилцаж, гарын үсгээ зуржээ. /ХХ-1-н 211 дэх тал/

2.1.22.Үүний дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02-04-201/1283 дугаар албан шаардлага нь “М” ХХК-д чиглэж гарсан байх бөгөөд уг албан шаардлагаар:

  • Эвдрэлд орсон талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээгүй;
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж ажилласан боловч уг төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй гэх дүгнэлт хийгээд нөхөн сэргээлт хийх,  эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөх, Байгаль орчныг хамгаалах менежментийн 2016 оны  төлөвлөгөөг хэрэгжүүлж,  тайланг тайлан хүлээн авах Ажлын хэсгээр шалгуулж, дүгнэлт гаргуулсан байх, замын даланг хаах шаардлагыг хүргүүлж, уг албан шаардлагыг тус компанийн захирал Г.Ганболд гэгч хүлээн авч гарын үсэг зурсан байна.

            2.1.23.Ингэхдээ “М” ХХК гэх албан бичгийн хэвлэмэл хуудас бүхий цаасан дээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр огноолон 89 гэх дугаар бүхий албан бичгийг үйлдэж, уг албан бичгээрээ  Мэргэжлийн хяналтын газарт хандан “... олборлолт хийж байгаа газартаа техникийн нөхөн сэргээлт хийсэн хүн машин унаж болзошгүй газрыг налуу үүсгэж, карьер руу орох замуудыг далан үүсгэж хаасан” гэх хариуг Г.Ганболд гэгч гарын үсэг зурж хүргүүлсэн байна. /ХХ-1-н 210 дахь тал/

2.1.24.Иймд нэхэмжлэгч компанийг төлөөлсөн гэх  Шалгалт хийсэн тухай тэмдэглэлд Н.Лхагва, албан шаардлагад Г.Ганболд нар тус компанийн захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд  мөн эсэхээс үл хамааран уг шалгалтын тухай тус компани мэдэх ёстой хууль зүйн үйл баримт бөгөөд төрийн эрх бүхий байцаагчаас явуулсан шалгалтад баримт бичгээ шалгуулах, шаардсан баримтыг гаргаж өгөх нь тус компанид Төрийн хяналт шалгалтын тухай хууль /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.2-т “Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу үүссэн үүрэг тул уг шалгалтын талаар мэдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

2.1.25.Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломжгүй болно.

            2.1.26.Улсын ахлах байцаагчийн хэвлэмэл хуудсан дээр ахлах байцаагч биш байцаагч нар зурсныг шүүхээс буруутгахгүй. Тухайлбал, хяналт шалгалтын ажлын хэсгийг Улсын ахлах байцаагч Ц.Б, Г.Б, Б.Э нарын хамт Улсын байцаагч О.Ю, М.М-нар гарын үсэг зурсан байгаа бөгөөд тэдгээрээс 3 нь Улсын ахлах байцаагчийн эрхтэй бөгөөд хамтран хяналт шалгалт явуулсан эрх бүхий этгээдүүд 1 хэвлэмэл хуудсан дээр гарын үсэг зурсныг хууль зөрчсөн гэх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

            2.1.27.Дээрх үндэслэлүүдээр  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын  18-ны өдрийн 00-00-000/000 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй” /2015 оны хууль/  гэх шинжийг агуулаагүй тул нэхэмжлэлийг энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            2.2.Нэхэмжлэлийн НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            2.2.1.Нэхэмжлэгчээс НБО газар нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлтийг гаргахдаа нутгийн захиргааны байгууллагаас санал аваагүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж маргаж байна. 

            2.2.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гээд мөн зүйлийн 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны  байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж заажээ.

            2.2.3.Хуулийн энэ заалтын нутгийн захиргааны байгууллагаас санал авах харилцаа нь НЗДд хамаарч байгаа болохоос байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага болох НБО-ны газрыг санал авах ёстой болохыг зохицуулсан зохицуулалт биш юм.

            2.2.4.Тодруулбал, НЗД нь тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тухайн нутгийн захиргааны байгууллага болон  байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага хоёроос ирсэн санал болон дүгнэлтийг хамтад үндэслэн байх зохицуулалт байхад нэхэмжлэгчээс уг заалтыг тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэх байгууллагаас авах ёстой гэж маргасан нь тэрээр хуулийн энэ заалтыг буруу ойлгож маргаж байна.

            2.2.5.Нутгийн захиргааны байгууллага гэдэг нь “Засаг дарга” гэдэг эрх зүйн ойлголт болохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг гэж тодорхойлсон болно.

            2.2.6.Мөн нэхэмжлэгчээс илт хууль бус Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын  18-ны өдрийн 00-00-000/000 дугаар актыг үндэслэн НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлт гарсан тул илт хууль бус гэжээ.

            2.2.6.Дээр дүгнэснээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын  18-ны өдрийн 00-00-000/000 дугаар акт илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байгаа тул уг актыг үндэслэж гарсан  НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлтийг илт хууль бус гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

2.3.Нэхэмжлэлийн “НЗД-ын 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/000 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлийн тухайд:

2.3.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гээд 20.1.2-т “энэ хуулийн Зургаадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх” гэжээ.

2.3.2.Мөн хуулийн Зургаадугаар бүлгийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар доор дурдсан үүрэг хүлээнэ” гээд мөн зүйлийн 27.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 өдрийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах” гэж, 27.1.3-т “энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу батлагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх” гэж, 27.1.4-т “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж тус тус заасан тул “М” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд энэ үүргийг биелүүлэх үүрэгтэй байхад уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

2.3.3.Нэхэмжлэгчээ шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ “НЗД-ын 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/000 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу уг захиргааны актыг  “хүчингүй болгуулах” болгосон байна. /ХХ-2-н 50 дахь тал/

2.3.4.Нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан НЗД-ын 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/000 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2017/0905 дугаар захирамжаар “М” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, шүүгчийн энэ захирамжийн хүчин төгөлдөр байдалтай нэхэмжлэгч маргахгүй байна.

2.3.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... НЗДас олон компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг 2 сар орчмын дараа шуугиад ярьж эхэлсэн, тухайн үед мэдсэн, олон компани нийлж өмгөөлөгч авсан боловч өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийн нэрийг орхиж бичсэн байсан, өмгөөлөгчид хэлэхэд энэ нэхэмжлэл шийдэгдчихвэл танай зөвшөөрөл хамтдаа сэргэнэ гэсэн тул хүлээсэн” гэх агуулгатай тайлбарууд гаргаснаас үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын 2017 онд мэдсэн байх бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь  дээрх шүүгчийн захирамж, гаргасан тайлбар зэргээр нотлогдсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн материалын хүрээнд цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэг, 47.1.1, 47.1.3, 47.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00-00-000/000 дугаартай акт, НБО-ны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00/000 дугаар дүгнэлтийг “илт  хууль бус” болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “НЗД-ын 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/000 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.Э

 

 

 

 

[1]Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.