Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2023/00187

 

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2023/00187

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 баг, Орхон 3 хэсэг, 9-4 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Эрүүл мэндийн төвийн байранд оршин суух Боржигин овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

Барьцаа хөрөнгө болох орон сууцыг газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******/ онлайн /, хариуцагч А.******* / онлайн /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... А.******* нь 2020 оны 6 сарын 26, 2020 оны 6 сарын 29, 2020 оны 7 сарын 22-ны өдөр 3 удаа нийт 15,000,000 төгрөгийг 10%-н хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн. Сэлэнгэ аймаг,Сүхбаатар сум, 6-р баг, 1-р хэсэг, 70 тоотын ******* гэрчилгээний дугаартай, 151мкв сууц болон гэрчилгээний дугаартай, 103мкв газрын хамт барьцаанд тавьж зээл аваад мөнгөө төлөөгүй 1 жил болсон. 2021 оны 6 сарын 22-ны өдөр уг байрны тал болох 75,5мкв байраа надад өгөхөөр тохирч худалдах, худалдан авах гэрээ хийн нотариат болон кадастр мөн татварын албанд татвар төлөн эцэст нь газрын албанд бүх материалаа бүрдүүлж өгсөн боловч А.******* нь маргааш нь очиж бүх материалаа буцаан аван гэрээгээ цуцалсан байдаг. Иймд 2022 оны 2 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2022 оны 4 сарын 27-ны өдөр 323 дугаартай шүүгчийн захирамж гарч 75,5мкв байрыг авахаар болсон боловч А.******* нь суллаж өгөхгүй байсан тул ахин шүүхэд хандаж 2022 оны 6 сарын 13-ны албадан гүйцэтгэх захирамжаар суллуулж авсан боловч А.******* нь газрын гэрчилгээгээ өгөхгүй байгаа тул уг байрыг өөрийн нэр дээр болгох боломжгүй байна. А.******* нь очих бүрт согтуу байдаг ба газрын гэрчилгээгээ өгөхгүй өдий болтол намайг хохироож байгаа тул 75,5мкв байрны 62мкв эзэмшлийн газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү....гэх.

Тэрээр өөрчилж гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: /хавтаст хэргийн 127 - 128 дугаар тал/: ...Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. Иргэн А.******* нь иргэн Б.******* надаас 2020 оны 06 сарын 26-нд 3,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 07 сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгийг сарын 10 хувийн зээлийн хүүтэйгээр гэрээ хийж зээлж авсан юм. А.******* нь ингэж 13,000,000 төгрөг зээлж авахдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 багийн 1 хэсгийн 70 тоотын ******* гэрчилгээний дугаартай, 151 мкв хувийн орон сууцыг гэрчилгээний дугаартай 103 мкв газрын хамт барьцаанд тавьж Улсын бүртгэлийн газарт барьцаагаа бүртгүүлсэн юм.

А.******* нь надаас зээлсэн мөнгийг буцааж төлөхгүй, намайг хохироож байгаа тул Б.******* би шүүхэд хандаж үндсэн зээл мөнгө болон гэрээний дагуу зээлийн хүү, алдангийн хамт нийт 16,250,000 төгрөг нэхэмжилсэн юм. Мөн А.******* нь зээл авахдаа барьцаанд тавьсан орон сууцныхаа тал хэсэг болох 75,5 мкв талбайтай байрыг зээлж авсан мөнгөнийхөө оронд өгөхөөр гэрээ хийж татварын байгууллагад 200,000 төгрөг, нотариатад 26,000 төгрөг, газрын албанд 61,860 төгрөг, кадастр хийлгэхэд 60,000 төгрөг, нийт 347,860 төгрөгийг Б.******* надад төлүүлсэн юм. Гэтэл А.******* нь орон сууцныхаа тал хэсгийн байрыг шилжүүлж өгөөгүй учир тус гэрээ хийхэд гарсан зардлыг, зээлүүлсэн мөнгөнийхөө хамт нэхэмжилж бүгд 16,597,860 төгрөгийг нэхэмжилсэн юм.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 473 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан юм. Хариуцагч А.******* бид хоёр эвлэрлийн гэрээ хийж нэхэмжилсэн мөнгөний дүнгээс 1,300,000 төгрөгийг хасч тооцон 15,297,860 төгрөгийг А.******* нь 2022 оны 01 сарын 30-ны өдрийн дотор төлж өгөхөөр тохиролцож шүүгчийн захирамж гарсан билээ. Шүүгчийн 473 дугаартай тус захирамж хүчин төгөлдөр болсон юм. Гэтэл А.******* нь шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, мөнгийг төлөхгүй байсан тул Б.******* би хохирлоо арилгуулахын тулд дахин шүүхэд хандаж А.*******гийн зээлийн барьцаанд тавьсан 151 мкв хувийн орон сууцны тал хэсэг болох 75.5 мкв талбай бүхий байрыг /зээлсэн мөнгөний оронд өгнө гэж гэрээ хийгээд өгөөгүй/ надад олгуулах тухай нэхэмжлэл гаргасан юм... шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 328 дугаартай захирамж гарсан юм. Хариуцагч А.******* нь барьцаанд тавьсан хувийн орон сууцныхаа тал хэсэг болох 75.5 мкв байрыг зээлж авсан мөнгөнийхөө оронд Б.******* надад өгнө, 2022 оны 06 сарын 01-ний өдрийн дотор шилжүүлж өгнө гэж шүүх хурал дээр хэлж намайг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн захирамж гарсан юм. Шүүгчийн 328 дугаартай захирамж гарч хүчин төгөлдөр болсон. Гэтэл А.******* нь мөн л шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, зээлсэн мөнгөний оронд өгнө гэсэн 75,5 мкв байраа шилжүүлж өгөхгүй байсан учир шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан юм.

Хариуцагч А.******* нь 2022 оны 08 сард 75 мкв байраа надад хүлээлгэж өгсөн юм. Б.******* би хүлээж авсан тус 75 мкв байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэж улсын бүртгэлийн газарт хүсэлт өгөхөд А.*******гийн 151 мкв хувийн орон сууцны тал хэсэг болох 75 мкв байрыг та шилжүүлж авсан байгаа учир А.*******гийн 103 мкв газрын эзэмших эрхээс 62 мкв газрын эзэмших эрхийг 75 мкв талбайтай байрны хэсгийн/ та шилжүүлж авч байж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарна гэж хэлсэн юм.

Иймд би А.*******д энэ тухай хэлэхэд: би таньд 75 мкв байр өгсөн, газрын эзэмших эрхийг бол шилжүүлж өгөхгүй, та байрыг буулгаж авч болно гэж байгаа юм. Би 2020 онд 13,000,000 төгрөгөө зээлүүлээд одоог хүртэл авч чадахгүй хохирч байна. А.******* нь шүүх хурал дээр хувийн орон сууцныхаа тал хэсгийг буулгаж ав гэж хэлээгүй бөгөөд тэгж хэлэх ч үндэслэл байхгүй юм. Б.******* би хэрвээ байрыг буулгаж ав гэсэн бол шүүх дээр эвлэрэхгүй байх байсан бөгөөд байрыг буулгавал ямар ч хэрэгцээгүй болно шүү дээ. Би А.*******гаас шүүгчийн захирамжийн дагуу авах 15,297,860 төгрөгнийхөө оронд 75 мкв байрыг буулгаж авч дахиж хэрэглэгдэхгүй хуучирсан барилгын материал авах яма ч үндэслэл байхгүй. Ингэж хүнийг хохироож болохгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид байрны тал хэсгийг буулгаж ав гэсэн тухай заалт байхгүй юм. А.******* л өөрөө худал хэлж байна, шилжүүлж өгсөн байрны хэсгийн газар эзэмших эрх хамт шилжинэ гэдгийг А.******* өөрөө сайн мэдэж байгаа атлаа үүргээ биелүүлэхгүй, худал хэлж намайг хохироож байна. Б.******* би ямар нэгэн байдлаар илүү зүйл нэхсэнгүй, хувийн орон сууцны тал хэсгийг шилжүүлж авсан тул зөвхөн тухайн байрны тал хэсгийн газар эзэмших эрх хамт шилжих ирэх ёстой гэж үзэж байна. А.******* нь миний хохирлыг арилгаж өгнө гэж шүүхэд 2 удаа хэлж шүүгчийн захирамжууд гарсан боловч одоог хүртэл биелэгдээгүй юм. Иргэн би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаж, шүүгчийн захирамжийг биелүүлж өгнө үү гэж хүсэлт гаргахад таньд 75 мкв байрыг шилжүүлж өгсөн байна, газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй байна гэж хариу хэлж байгаа юм. Иймд ирэн би хохирлоо арилгуулахын тулд би аргагүйн эрхэнд дахиад шүүхэд хандаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч А.******* нь 2020 онд анх мөнгө зээлж авахдаа 151 мкв талбайтай хувийн орон сууцаа 103 мкв газар эзэмших эрхийн хамт барьцаанд тавьж улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд энэ барьцааны зүйл нь одоо хүчин төгөлдөр хэвээрээ байгаа юм. Иргэн миний хохирч байгаа байдлыг харгалзан үзэж шүүгчийн хүчин төгөлдөр захирамжуудыг үндэслэж барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч А.*******гийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 багийн 1 хэсгийн 70 тоотын ******* гэрчилгээний дугаартай 151 мкв хувийн орон сууцыг гэрчилгээний дугаартай 103 мкв газрын хамт барьцаанд тавьж улсын бүртгэлийн газарт барьцаагаа бүртгүүлсэн учир тус 103 мкв газар эзэмших эрхээс 62 мкв газар эзэмших эрхийг /хувийн орон сууцны 75,5 мкв талбайтай хэсгийн/ иргэн Б.******* надад шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* 2020 оны 06 дугаар сараас хойш надаас мөнгө зээлж, хашаа байшингаа барьцааны гэрээ хийж, барьцаанд тавьсан. Би мөнгөнийхөө араас яваад 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Мөнгийг маань өгөхгүй 2-3 удаа шүүхээр орлоо. Мөнгө өгнө гээд тухайн хугацаандаа өгөөгүй, байраа өгнө гээд өгөөгүй учраас албадан гүйцэтгүүлж байрыг нь авсан. Газрынхаа гэрчилгээг надад барьцаанд өгсөн. Барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө өгөхгүй явж явж 2021 онд тохиролцоод байшингийнхаа талыг надад өгнө гэсэн тул материал бүрдүүлэхдээ бүх мөнгийг нь би төлсөн. Хамгийн сүүлд газрын албан дээр материал бүрдүүлж өгөхөд 25 хуудас материал авсан. Газрын гэрчилгээгээ надад өгсөн оройдоо буцаж очоод газрын гэрчилгээгээ авсан байсан. Газар өгнө гэж худлаа ярьж явсаар чирэгдэл учруулж байна. Нотариат дээр газрынх нь гэрчилгээ дугаар нь байгаа. Энэ газар нь барьцаанд байгаа гэсэн лавлагааг нь гаргаж авсан. 15,000,000 төгрөг надаас авсан. Гэтэл одоо сар бүр 500,000 төгрөг төлж эвлэрье гэж байна. Би одоо хэзээ 15,000,000 төгрөг болно эвлэрэх вэ? одоо газрынх нь гэрчилгээгээ авмаар байна. Надад одоо байшингийнх нь талыг өгсөн байгаа. Тал байшингийнхаа доод газар буюу 62 м.кв газрыг нь авмаар байна. Би үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэхээр заавал газрынх нь гэрчилгээ хэрэгтэй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Анх надаас мөнгө авахдаа хашаа байшингаа барьцаанд тавьсан. Хэрвээ би зээлсэн мөнгөө өгч чадахгүй бол хашаа байшинг минь ав гэж барьцааны гэрээ байгуулсан: 151 м.кв байрны тал буюу 71 м.кв газар нь миний нэр дээр байгаа. Энэ байшингийн доод талын газар буюу 62 м.кв газрыг л авах гэж нэхэмжлэл гаргасан. Ингэснээр үл хөдлөх нь миний нэр дээр бүртгэгдэнэ гэсэн. Өмнө нэг шүүх хуралдааны шатанд ******* би газраа өгөхгүй гэсэн. Ингэхээр нь би зөвхөн байшингийнхаа доод газрыг авна гэсэн болохоос гадна талын талбайг чи ч би ч авч болохгүй нийтийн эзэмшлийн газар гэж л ярьсан... Миний талд шийдчихлээ гэхээр нь би болчихлоо л гэж бодсон. Би газар авахгүй гэж хэлээгүй. Эхлээд барьцааны гэрээ байгуулсан. 1 жилийн дараа худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Газрыг барьцааны гэрээгээрээ шаардаж байна. Энэ хүнд 13,000,000 төгрөг зээлсэн, алданги, бусад төлбөр нийлээд 15,000,000 төгрөг болсон. Миний үл хөдлөх хөрөнгө газартайгаа хамт л гэж бодсон нь миний буруу юм байна. Би үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө нэр дээр болгох гэтэл газар нь заавал миний нэр дээр байхгүй бол болохгүй байна. Тэр байшингийн талыг намайг буулгаад ав гэвэл би одоо яах вэ? олон жил болсон байшинг буулгавал миний зээлсэн мөнгөний талд ч хүрэхгүй шүү дээ. Би ингэж хохирмооргүй байна. Би зөвхөн байшинг нь авна, газрыг нь авахгүй тохиролцсон зүйл байхгүй. Байшингийн талыг 2022 оны 06 дугаар сард авсан. Энэ байшинг хэн ч эзэмшиж, ашиглаагүй байгаа. Мөнгөө өгөхгүй 1 жил болсон. 1 жилийн дараа миний байшингийн талыг та авчих гэж надаас гуйж байсан. Би тэр үед үгүй би мөнгөө авна гэж хэлсэн. Тэгээд удалгүй би байшинг нь авах болоод худалдах худалдан авах гэрээ хийсэн. Зөрүү мөнгө гэж тохироогүй байсан. Би ах нь чамд 1,000,000 төгрөг өгье. Худалдах худалдан авах гэрээ байгуулахад гарах мөнгийг би төлье гэхэд за гэж тохироод бичиг баримтаа бүрдүүлээд хамт явсан. Удалгүй ******* манайд согтуу орж ирээд манай хүү хямдхан өгсөн байна дахиад 1,000,000 төгрөг өг гэхээр би үгүй гэж хэлсэн. Тал байшингийнхаа доод кадастрыг хэмжээд 62 м.кв болсон. Би анх чамаас тэр газрыг авъя гэсэн. Чи өгөхгүй гэсэн ингээд л шүүхээр явж байгаа. чамаас мөнгөө авах гэж жил гаруй явсан. Шүүхээс чамаас 15,000,000 төгрөг гаргуулах захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн залуу чамайг таньдаг байсан. Та энэ хүнээс мөнгөө авч чадахгүй ч гэж надад хэлж байсан. Ингээд би байшинг чинь нэхэмжилсэн. Чи одоо яаж миний мөнгийг өгөх юм сар болгон 500,000 төгрөг чамаас авна гэж байхгүй шүү дээ. Чиний байр үнэтэй, миний мөнгө үнэгүй юм уу? би ингэж хохирмооргүй байна гэх.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 31, 131, 141, 142 дугаар тал/ ...Миний бие ******* овогтой ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 6 баг 1 хэсэг, 70 тоотод оршин суугч 2022.04.27-ны шүүхийн тогтоолын дагуу иргэн Б.*******т тус хаягт орших өөрийн өмчийн байшингийнхаа 75 м2 -ыг 2022 оны 06 сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан тохиролцсон. Уг шүүхийг даргалагч н.Мөнхзул шүүгч иргэн Б.*******ээс газрыг нь авах эсэхийг асуухад шүүх хуралдаан дээр нийтийн эзэмшлийн шазар тул авахгүй, зөвхөн байшинг авахаар 2 тал гарын үсэг зуран тохиролцсон билээ. Иймд миний бие Б.*******т эзэмшил газрын асуудал яригдаагүй, шүүхийн тогтоолын хүрээнд та миний байшингийн тал болох урьд хэсгийг буулган авах талаар хэлсэн боловч иргэн Б.******* нь эзэмшил газрын асуудлаар шүүхэд хандсан тул уг асуудлыг... хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед иргэн Б.******* ажилгүй орлогогүй гэдэг шалтгаанаар барьцаанд байх хөрөнгө авах санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн байсан одоо бол 2022 оны 09 сарын 01-нээс Төв аймгийн Алтанбулаг сумын ЭМТ-д дүн бүртгэгч баг эмчээр ажиллах болсон өрхийн тогтмол орлоготой, 2023 оны 10 сарын 26-нд ахмад настны тэтгэвэрт гарч давхар орлоготой болох тул уг иргэн өгөх 15,415,079.50 төгрөгийг 2024 оны 12 сарын 31 гэхэд барагдуулж дуусгавар болно. Жич: сар бүр 400,000 төгрөгийг Б.*******т 400,000 төгрөгийг өгье.

...иргэн ******* овогтой ******* нь өөрөө газрыг нь аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж би зөвшөөрсөн байсан. Одоо болохоор газрыг минь авна гэж удаа дараа нэхэмжлэл гаргаж байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг иргэнээс байшингийнхаа гэрчилгээг буцаан авч, мөнгийг нь өгөх тул уг иргэнд төлөх 15 сая 297,560 төгрөгийг өөрийн орлого болох цалингаасаа төлж барагдуулна. Миний байшинг газартайгаа нийтдээ 40 сая төгрөг болох тул би өөрийн хөрөнгөө уг иргэнд алдмааргүй байна. Газар барьцаанд байхгүй.

...******* овогтой ******* нь миний зөвхөн байшингийн талаас нь авах тухай гарын үсэг баталсантай шүүхээр ороод авахаар болсон боловч газрын нь хамт авахаар тохиролцоогүй. Иймд миний бие өөрийн үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа уг иргэнд өгсөн боловч давхар газрыг минь авах тухай заалт гарган удаа дараа хүндрэл учруулсаар байна. Иймд миний хашаа, байшин 2-уулаа нийлээд 40-50 сая төгрөгийн өртгөөр зарагддаг тул уг иргэнд олгох ёстой мөнгөн төлбөрийг өгч барагдуулна... миний бие ******* овогтой ******* нь Б.*******т төлөх өрөө сар бүр тооцоолон 500,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Уг иргэнийг хохиролгүй болгоно. 2023 оны 10 сарын 26-нд 50 нас хүрнэ, тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрэн хэрэгжинэ. Иймд эрүүл мэндийн салбарт 20 жил ажилласан. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар 36 сартай тэнцэх нөхөн олговор авах эрх үүсэж байна, мөн өрх толгойлсон, байшингаасаа өөр орон сууцгүй тул уг иргэнд төлөх өрийг нь өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд / онлайн / гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаан дээр ******* байшин авна гэхээр 15,000,000 төгрөг болох юм байна гээд зөвшөөрсөн. Одоо энэ хүн байшинг минь аваад эзэмшлийн газрыг минь авах гээд заргалдаад байгаа. Би тэр үед мөнгийг нь төлнө гэж хэлсэн ч мөнгө авахгүй заавал газрыг нь авна гэсэн. Манай газар, байшин нийлээд 40,000,000 төгрөг болно. Би барьцаа хөрөнгөндөө газар, байшингаа тавьсан. Гэтэл энэ хүн хүрч ирээд зөрүү мөнгийг нь өгөөд байшинг чинь авъя гээд худалдах худалдан авах гэрээ хийсэн. Ингээд газар өмчлөх эрхээ шилжүүлэх гэтэл мөнгөө өгөөгүй учраас би таны худалдах худалдан авах гэрээг хэрэгсэхгүй болголоо гээд бичиг баримтаа авсан. 13,000,000 төгрөгийн барьцаанд газар, байшингаа барьцаалсан нь үнэн. Би газар, байшингаа 15,000,000 төгрөгт өгөхөд харамсалтай байна. Би газрыг ерөөсөө барьцаанд тавиагүй. ******* зөвхөн байшинг нь авна гэж гарын үсгээ зурсан гэжээ.

Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага өөөрчлөн / хх 127-128 тал / ...хариуцагч А.*******гаас 2020 онд нийт 13 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж, уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 баг, 1 хэсэг, 70 тоотын ******* гэрчилгээтэй, 151 мкв хувийн орон сууцыг дугаартай 103 мкв газрын хамт барьцаанд тавьж Улсын бүртгэлийн газарт барьцаагаа бүртгүүлсэн тул уг 103 мкв газар, эзэмших эрхийн 62 мкв газар /хувийн орон сууцны 75,5 мкв талбайн хэсэгт ногдох/ болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Зохигчийн хооронд 2020 оны 06 сарын 26-ны өдрөөс 07 сарын 22-ныг хүртэл нийт 13 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэх, зээлдүүлэхээр харилцан тохиролцож, улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2020 оны 06 сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалагч Б.*******т барьцаалуулагч А.*******гийн өмчлөл, эзэмшлийн улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 баг, 1 хэсэг, 70 тоотод байрлах хувийн сууц, мөн сумын 6-р баг, хайрхан 3-ын 304 тоотод байрлах гэр, орон сууцны хашааны зориулалттай, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, нийт 103 мкв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан хүчин төгөлдөр барьцааны гэрээ /хавтаст хэргийн 137-139 дүгээр тал/ байгуулагдсан байх бөгөөд мөн талууд хүчин төгөлдөр / хавтаст хэргийн 4-7 дугаар тал / үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 06 сарын 22-ны өдөр дээрх барьцааны гэрээний үргэлжлэл болгон байгуулж, зохигч энэхүү гэрээнүүдийн байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр маргаангүй байна.

Мөн дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр болох нь хавтаст хэргийн 7, 132-133, 148 дугаар тал авагдсан улсын бүртгэлийн хэлтсийн газар эзэмших эрхийн лавлагаа, 296 дугаартай албан тоот зэргээр нотлогдож байхаас гадна, хавтаст хэргийн 40-45 дугаар талд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 328 дугаартай ...151 мкв талбайтай байшингийн тал 75,5 мкв талбай бүхий байшинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаар зохигчийн эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 473 дугаартай зохигчийн эвлэрлийг баталсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар тус тус авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Харин хариуцагч нь шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа / хх -31, 131 тал / ... Б.*******ээс нийт 15,297,660 төгрөгийг зээлдэн авч өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө/ байшин, газар/-ийг барьцаалсан, уг зээлийг одоо эргүүлж төлнө гэх боловч, тэрээр миний үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүүг надад өгөөгүй тул газрыг өгөхийг зөвшөөрөхгүй, газар барьцаанд тавиагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрөн татгалзаж, маргаж байгаа боловч түүний энэхүү тайлбар нь дээр дурдсан хавтаст хэрэгт авагдсан тэдний хооронд байгуулагдсан барьцааны болон худалдах худалдан авах гэрээнүүд, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, тодорхойлолт зэргээр няцаагдаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3-д тус тус зааснаар ... барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр барьцаалуулагчаас шаардах эрхтэйгээс гадна, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар ...үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч буюу барьцаалуулагчаас барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд 2020 оны 06 сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөн 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 75,5 мкв орон сууцны байшингийн талбайн хэсэгт ногдох 62 мкв газар эзэмших эрхээр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 4308011997 дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Хайрхан 03-304 тоот хаягт байрлах 103 м.кв гэр орон сууцны хашааны газраас 75.5 м.кв талбай бүхий хувийн орон сууцны хэсэгт ногдох 62 м.кв талбай бүхий газар / эзэмших эрх /-аар нэхэмжлэгч Б.*******ийн зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН