Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүгдэгч: Р.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006740396 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч Р.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өглөө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан хөтөл гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Королла Фейлдэр/Toyota Corolla Fielder/ загварын БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл дэх "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх... -д аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслийн орчин байдлыг шалгалгүйгээр тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийн, тус тээврийн хэрэгслийн хойд талд бие засахаар сууж байсан хохирогч А.г дайрч зам тээврийн осол гаргасны улмаас биед нь их тархины баруун орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины суурь харааны зөрлөг хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, гавлын зүүн ар дунд хонхрын шугаман хугарал, эрүү ясны хугарал, хуйхны цус хуралт, духны голд үстэй хэгсгээс доош баруун хөхлөг сэртэн хүрж төгссөн шарх, зовхи, хацар, эрүү, шилбэ, шууны цус хуралт, хамрын нуруу, самсаа, эрүү, хэвлий, хавирганы нум, хөх, тохой, өвдөг, нурууны зулгаралт зэрэг гэмтэл учруулж, хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч  Р.*******ын мөрдөн байцаалтад  өгсөн:….Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар тодорхой үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон бусад зардал хэрэглэх 8.000.000 гаран төгрөг өгсөн байгаа. Би тухайн баримтаа гаргаж өгнө. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан.  Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухамсарлаж байгаа.....гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад  өгсөн:... 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 6 дугаар багт байх охин болон 2 хүүхдийг нь эргэх гээд ирсэн чинь н 2 хүүхэд нь гэртээ байсан. Тэгсэн чинь ээж өчигдөр орой 22 цагийн үед гараад явсан гэртээ ирээгүй, байна. Гэхээр нь юу гэж хэлээд гарсан юм бэ гэсэн чинь хүний төрсөн өдөрт явчхаад ирье гэж хэлсэн гэж хэлэхээр нь хаачсан юм болоо гэсэн чинь 2 цагдаа, өдөр орж ирээд альбомд байсан ээжийн зургийг дараад явсан. Танай ээжийг хэн гэдэг вэ гэхээр нь нэрийг нь хэлж өгсөн гэхээр нь цагдаагийн газар очиж юу болсон талаар мэдэх гэж ирсэн. Амь хохирогч нь өвчин хууч гээд байдаггүй байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед над руу утсаар яриад ажлаасаа тарж байгаа талаар хэлсэн. Гадуур гарах юманд явах талаар хэлэхгүй байсан. Манай охин 6, 9 настай 2 хүүхэдтэй нөхөр нь гэх хүн 2024 оны 07 дугаар сард салаад явсан юм. Тэрнээс хойш найз залуу, нөхөртэй болсон талаар юм ярихгүй байсан. Би гомдол саналтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

......Тухайн ослын улмаас гарсан зардал болон оршуулгын зардлаас Р.******* 7,000,000 төгрөг төлж барагдуулсан. Одоо дахин хохирлын талаарх баримт гаргаж өгнө. Би тухайн хэрэг гарсан үеэс хойш сэтгэл санаа маш хүнд байгаа. Нойргүй, хоол орохгүй байнгын сэтгэл санааны хямралтай сэтгэл санаа тогтохгүй маш хүнд байна. Тэр тусмаа амь хохирогчийн хүүхэд болох 6, 9 настай 2 хүүхэд миний асрамжид байгаа учир тухайн 2 хүүхдийг хархаар бүр сэтгэл санаа хямарч хүнд байдалд байна. Ийм учир би сэтгэл санааны хувьд хүнд байдалд байгаа учир сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгомоор байна....гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой миний охин над руу видео колл хийсэн. Ээж, би 40 машин угаагаад 60,000 төгрөг авлаа. Би тараад явах гэж байна гээд ярьсан. Тэгээд над руу зураг явуулсан байсан. Дахиж уулзаагүй. Маргааш өглөө нь босоод охин руугаа залгаад аваагүй, 2 хүүхэд рүүгээ залгаад ч аваагүй. Тэгээд яасан юм бол гэж бодоод гэрт нь хүрээд ирсэн чинь байхгүй байсан. Өчигдөр орой 10 цагийн үед ээж хурдан ирнэ ээ гээд гарсан. Ээж ирээгүй гээд байж байсан. Тэгсэн чинь энэ хүн аваад явсан байсан. Бид нар өөрсдөө явсаар байгаад цагдаа дээр ирж юу болсныг нь асуусан. Тэгсэн надад танай охин алуулчихсан байна гэж хэлсэн. Би итгэж чадаагүй. Миний охин 30 гаранхан настай залуу сайхан байсан. Гэтэл миний охиныг алчихсан байсан. Охин минь 2 сайхан хүүхэдтэй,  2 жоохон хүүхэд над дээр байгаа. Би жил гаран 2 хүүхэдтэйгээ дээлтэйгээ хатаж байна. Миний охин чинь бид нарыг 2 хүүхдээ нааш, цааш нь зөөдөг, хамаг ачааг нуруун дээрээ үүрч явдаг. Бид нарыг хүртэл ээж аав зүгээр үү гээд байнга асууж сурагладаг ийм хүн байсан гэв.

5. Гэрч ын мөрдөн байцаалтад  өгсөн:.... 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 05 цаг орчмын үед манай төрсөн дүү болох ******* над руу залгаад сандарсан байдалтай уйлаад юм яриад байхаар нь би унтаж байсан болохоор сайн ойлгохгүй байсан. Тэгээд хэсэг тайвшраад ярь гэсэн чинь ярьж чадахгүй байхаар нь хажууд чинь хүн байна уу гэсэн чинь байна гээд утсаа өгсөн. Тэгсэн чинь утсыг нь авахаар нь би юу болсныг нь ч мэдэлгүй хаана байна гэсэн чинь нэг хар толгойн ард байна гэхээр нь би хувцсаа өмсөөд явсан. Тэгсэн чинь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт байх Цагаан хөтөл гэх газар байсан. Тэгээд утсаар ярьж байгаад яваад очсон чинь нэг эмэгтэй хүн өнгөрчихсөн байдалтай хажууд нь манай дүүгийн БНА улсын дугаартай Toyota Fielder маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би хүн өнгөрсөн байгааг хараад юу болсон талаар нь асууж чадахгүй балмагдаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг очиход , *******, нар байсан. Намайг очиход *******оос архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл манай дүү *******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад ямар нэгэн зүйл яриагүй байна......гэх мэдүүлэг / хх-ийн 69/,

6. Гэрч мөрдөн байцаалтад  өгсөн:.... Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад 22 цагийн орчим *******, хоёр ирж аваад ойрхон хөдөө явчхаад ирье гэхээр нь суугаад Баянхонгор сумын 6 дугаар багийн 8-р гудамжнаас г аваад Баянхонгор сумын Баян-овоо сум руу хөдөлсөн. Тэгээд, замдаа Баянхонгор аймгийн төвөөс гараад зогсож байгаад 2 пиво гаргаад ирэхээр нь бид дөрөв 2 ширхэг 2,5 литрийн Сэрүүн гэх нэртэй пиво уучхаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байгаад очих гэж явсан айлаа шөнө болсон байсан болохоор олохгүй байсан. Тэгээд Баян-Овоо сумын 4 дүгээр багт байх Цагаан хөтөл гэх газраар өгсөж байсан чинь буугаад шээе гэсэн чинь ******* машинаа зогсоогоод ******* буугаагүй үлдэхээр нь , бид 3 шээх гээд буусан. Тэгээд би буугаад бие засах гээд цаашаа явж байгаад эргээд харсан чинь ******* машинаа ухраагаад г дайрсан. Тэгэхээр нь би буцаж гүйгээд хүн алчихлаа шүү дээ гээд орилоод гүйж очоод машин дээр нь цохисон чинь жолооч болох ******* машинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би чи манай найзыг алчихлаа шүү дээ гэсэн чинь ******* харснаа яана аа би хүн алчихлаа гээд г тэврээд авсан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаач гэсэн чинь ******* ахыгаа дуудъя гээд хүн рүү залгасан. Тэгсэн чинь удалгүй *******ын ах нь гэх хүн ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. БНА улсын дугаартай Toyota Fielder маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Бид дөрөв 3 ширхэг 2,5 литрийн Сэрүүн гэх пиво авсан байсан. Тухайн 3 ширхэг пивоноос ******* алгасахгүй бид нар яг адилхан хувааж уусан. Тухайн хэрэг болох үед бид нар согтолт дунд зэрэг байсан. ******* согтоод байх шиг байсан. Амь хохирогч тээврийн хэрэгслийн ард тээврийн хэрэгсэлтэй ойрхон бие засах гээд сууж байсан. Би харчхаад цаашаа бие засах гээд явж байгаад эргээд харахад тухайн үйл явдал болсон. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бие засаад сууж байсан чинь ухарч очоод дайрч байгаа харагдсан. Тухайн газар бид нар дахин 1 ширхэг 2,5 литрийн пиво уучхаад савыг нь тухайн газар хаясан байсан. Тэгээд хөдлөх гэж байсан юм. Хоолны шаазан аяга байсан. Тухайн аягийг хэрэг болсон газар хаясан байсан. Тээврийн хэрэгсэлд , *******, амь хохирогч бид 4 зорчиж явсан. Тээврийн хэрэгслийн баруун урд буюу жолоочийн суудал дээр ******* сууж тээврийн хэрэгслийг жолоодож явсан түүний хажуу урд суудал дээр амь хохирогч сууж байсан. Жолоочийн арын суудал дээр , түүний хажууд би сууж явсан. Бид 4 замдаа хэрүүл маргаан хийж зодолдсон зүйл болоогүй. Миний биед учирсан ямар нэгэн. гэмтэл шарх байхгүй. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

7. Гэрч  ын мөрдөн байцаалтад  өгсөн:.... Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад 22 цагийн орчим *******, залгаад уулзъя гээд уулзсан юм. Тэгсэн чинь залгаад ойрхон хөдөө явчхаад ирье гэхээр нь Жавзанпагмыг очиж аваад тэндээс н гэр рүү явж г аваад би гэртээ 3 ширхэг 2,5 литрийн Сэрүүн гэх пиво аваад тавьсан байснаа аваад Баянхонгор аймгийн Баян-Овоо сум руу хөдөлсөн. Тэгээд замдаа Баянхонгор аймгийн төвөөс гараад зогсож байгаад 2 ширхэг 2,5 литрийн Сэрүүн гэх нэртэй пиво уучхаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байгаад Баян-овоо сумын 4 дүгээр багт байх Цагаан хөтөл гэх газар очиж үлдсэн 1 ширхэг пивоо уучхаад хөдлөөд өгсөж байсан чинь буугаад шээе гэсэн чинь ******* машинаа зогсоогоод ******* буугаагүй үлдэхээр нь , Оюунтуяа бид 3 шээх гээд буусан. Тэгээд би цаашаа явж шээчхээд зогсож байсан чинь ******* хойшоо ухраад г машинаараа дайрсан. Тэгэхээр нь бид нар орилоод яваад очсон чинь нүүр хэсгээс нь цуст гарчихсан хэвтэж байсан чинь ******* машинаас бууж ирээд тэвэрч аваад уйлаад байсан. Тэгээд яах учраа олохгүй байж байгаад ******* ахыгаа дуудъя гээд дуудсан удалгүй ах нь ирээд цагдаад дуудлага өгсөн. БНА улсын дугаартай Toyota Fielder маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Бид дөрөв 3 ширхэг 2,5 литрийн Сэрүүн гэх пиво авсан байсан. Тухайн 3 ширхэг пивоноос ******* алгасахгүй бид нар яг адилхан хувааж уусан. Тухайн хэрэг болох үед бид нар согтолт дунд зэрэг байсан. ******* согтолт бага байх шиг байсан. амь хохирогч тээврийн хэрэгслийн ард сууж бие засаж байсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бие засаад сууж байсан чинь ухарч очоод дайрч байгаа харагдсан. Тухайн газар бид нар дахин 1 ширхэг 2,5 литрийн пиво уучхаад савыг нь тухайн газар хаясан байсан. Бид нар цэнхэр өнгийн хээтэй цайны аягаар ууж байсан. Тээврийн хэрэгсэлд , *******, амь хохирогч бид 4 зорчиж явсан. Тээврийн хэрэгслийн баруун урд буюу жолоочийн суудал дээр ******* сууж тээврийн хэрэгслийг жолоодож явсан түүний хажуу урд суудал дээр амь хохирогч сууж байсан. Жолоочийн арын суудал дээр , түүний хажууд би сууж явсан. Бид 4 замдаа хэрүүл маргаан хийж зодолдсон зүйл болоогүй. Миний биед учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

8. Гэрч  Н.*******ын мөрдөн байцаалтад  өгсөн:....Би Р.*******ын аавын төрсөн дүү байгаа юм. Р.******* нь төлөв даруу, үг дуу цөөтэй, гэрээс гардаггүй. Хөдөө мал дээр байдаг томоотой хүүхэд байгаа юм. Р.******* архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Тамхи ч татдаггүй хүүхэд байгаа. Р.*******ын ямар хэрэгрт шалгагдаж байгаа талаар мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 180-181/,

9. Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч ын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 46/94 24/414 дугаартай:.....1.Уг үйл явдал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. "зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасантай нийцэж байх тул уг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Corolla Fielder маркийн БНА улсын дугаартай автомашины жолооч Р.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл дэх "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх... -д аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Амь хохирогч А.г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.Toyota Corolla Fielder маркийн БНА улсын дугаартай автомашины жолооч Р.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

5.Нэмж тусгах саналгүй...гэх дүгнэлт /хх-ийн 111-113/,

10.Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн:...1.Талийгаач А.гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед их тархины баруун орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины суурь харааны зөрлөг хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, гавлын зүүн ар дунд хонхрын шугаман хугарал, эрүү ясны хугарал, хуйхны цус хуралт, духны голд үстэй хэгсгээс доош баруун хөхлөг сэртэн хүрж төгссөн шарх, зовхи, хацар, эрүү, шилбэ, шууны цус хуралт, хамрын нуруу, самсаа, эрүү, хэвлий, хавирганы нум, хөх, тохой, өвдөг, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх их тархины баруун орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины суурь харааны зөрлөг хэсгийн аалзан хальсан доор цус харвалт гэмтэл нь 4.1.3-т, дээрх авлын зүүн ар дунд хонхрын шугаман хугарал гэмтэд нь 4.1.2-т зааснаар ХҮНД, дээрх эрүү ясны хугарал гэмтэл 3.2.1-т зааснаар хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба үхэлд шууд хүргэнэ

3.Талийгаач А. зам тээврийн ослын улмаас хавсарсан олон гэмтлээр нас баржээ.

4.Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач А.гийн цогцсоос авсан арчдас наалдцын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй гэжээ.

7.Талийгаач нь нас бараад 13-18 цаг орчим болсон байжээ.....гэх дүгнэлт /хх-ийн 98-103/,

11.Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаартай шинжээч нарын:...1.2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зам тээврийн осол гарч нэг иргэн нас барсан гэх хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /РД: /-ын сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

2.Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна.

3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэсэн дүгнэлт /хх-ийн 143-145/,

12. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай шинжээчий:..Toyota Corolla Fielter  маркийн тээврийн хэрэгсэл 9.000.000 төгрөг,

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 9,000,000 /Есөн сая/ төгрөг болохыг тогтоов....гэх дүгнэлт /хх-ийн 150-151/,

13. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 395 дугаар шинжээчийн:...1.Оролцогч цус нь шинжилгээнд тэнцэж байна. В(III) бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 135-136/,

14. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 394 дугаар шинжээчийн:...1.Шинжилгээнд нас:30, хүйс: эм, гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агуулж илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 137-138/,

15. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаар шинжээчийн:...1.Шинжилгээнд Р.******* гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агуулж илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 119-120/,

16. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 399 дугаар шинжээчийн:...1.Шинжилгээнд ирүүлсэн гэх нь А(II) бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 116-117/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-31/, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-39/, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-97/, шүүгдэгч Р.*******ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 170-171/, хохирол төлсөн баримт /хх-ийн 172/, шүүгдэгч  Р.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 155, 157/ шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шинээр 4 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өглөө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан хөтөл гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Королла Фейлдэр/Toyota Corolla Fielder/ загварын БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл дэх "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх... -д аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслийн орчин байдлыг шалгалгүйгээр тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийн, тус тээврийн хэрэгслийн хойд талд бие засахаар сууж байсан хохирогч, эмэгтэй А.г дайрч зам тээврийн осол гаргасны улмаас биед нь их тархины баруун орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины суурь харааны зөрлөг хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, гавлын зүүн ар дунд хонхрын шугаман хугарал, эрүү ясны хугарал, хуйхны цус хуралт, духны голд үстэй хэгсгээс доош баруун хөхлөг сэртэн хүрж төгссөн шарх, зовхи, хацар, эрүү, шилбэ, шууны цус хуралт, хамрын нуруу, самсаа, эрүү, хэвлий, хавирганы нум, хөх, тохой, өвдөг, нурууны зулгаралт зэрэг гэмтэл учруулж, хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан гэх үйл баримт болсон  нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг,  гэрч , , , шинжээчийн 46/94 24/414, 118, 37, 29, 394, 395, 398, 399 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд жолооч Р.******* нь согтуууруулах ундаа хэрэглэсэн үедээ  анхаарал болгоомжгүй байдал,  авто машиныг ухрах хөдөлгөөн хийх үед машины ард байсан хохирогч А.г дайрч амь насыг нь хохироосон бөгөөд энэ гэмт хэрэг үйлдэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Р.******* нь согтууруулах ундаа буюу пивыг уусан нь тогтоогдсон бөгөөд хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2024 оны 11 дүгэрэ сарын 01-ний өдөр драйгер багажаар шалгахад амьсгал дахь спиртийн хэмжээ 0.10 гарсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбар “ энэ зүйлд заасан согтуурсан гэж шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээг промил илэррснийг ойлгоно” гэж хуульчилсан заалтад хүрээгүй тул түүнийг согтуурсан үедээ хүний амь нас хохироосон гэж үзэж шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Р.*******ыг гэм буруутайд тооцоход хэрэгт авагдсан нотлох баримтууд хүрэлцээтэй байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Р.*******ын зүгээс  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 10.000.000 нэмж төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулганы зардалд 7.253.809 төгрөг нэхэмжилсэн байсаныг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулганы зардал төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн шинжээч нарын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтээр “түүний сэтгэцэд сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байгаа, сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах” талаар дүгнэлт гарсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд болгоомжгүй гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шинжээч нарын гаргасан дүгнэлт буюу ямар зэрэгт хамаарах талаар гаргасан дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийг гаргах талаар шүүх шийдвэрлэх ёстой юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан “.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэх заалт нь зөвхөн санаатай гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт хамаарах заалт бөгөөд харин болгоомжгүй гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн ар гэрт сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн хохирлыг гаргуулах бөгөөд уг заалтыг баримтлахгүй гэдгийг ойлгох нь зүйтэй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас сэтгэцэд учирсан хохирлыг заасан “.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоож гаргуулах гэсэн нэхэмжлэлийг хангахгүй байхаар шийдвэрлэж, шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг  дөрөвдүгээр зэрэглэлээр тооцож, сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг 2024 оны 11 сард үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг 45.99 дахин нэмэгдүүлсэний тэнцэх хэмжээгээр үржүүлж нөхөн төлбөрийн хэмжээг 30.353.400 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Р.*******оос гаргуулж хохирогчийн хууль ёснй төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч Р.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулганы зардал 7.253.809 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Р.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д нэмж 10.000.000 төгрөг төлж барагдуулсан,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д сэтгэцэд учирсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээг 30.353.400 төгрөгөөр шүүх тогтоосон бөгөөд шүүгдэгчээс  шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлсөн 10.000.000 төгрөгийг хасаж тооцож, шүүгдэгч Р.*******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр 20.353.400 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаач *******ын бага насны хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн байна.

Хэрэгт Баянхонгор аймгийн Өлзийт сумыйн засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр А/199 дугаартай захирамж гаргаж “тус сумын 1 дүгээр багийн харьяат ******* овогтой н асрамжид байсан Анхбаярын Жигжидсамбуу, ВП18312514, н Өнөболд ВП16320611 нарын асран хамгаалагчаар өвөө Бэгзсүрэнгийн *******, Мэндсүрэнгийн Долзодмаа нарыг тогтоосон байна.

Хэрэгт Анхбаярын Жигжидсамбуу хүү, түүний эцэг Уламбаярын Анхбаяр, эх *******ийн иргэний бүртгэлийн дугаар 623178781085 гэсэн, А.н Өнөболд хүү, эх *******ийн иргэний бүртгэлийн дугаар 6449000086 гэсэн төрсөний гэрчилгээ хавсаргасан байгаагаас үзэхэд талийгаач А. нь хоёр бага насны 2016, 2018 онуудад төрсөн 7 болон 9 насны хоёр хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд эдгээр хоёр хүүхэд нь одоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн асран хамгаалалтад хууль ёсоор очсон байна.

Хүүхдийн эцэг хэн байх байхгүйгээс үл хамаарч хоёр хүүхдийг одоо хэний асран хамгаалалтад  байх талаар төрийн зохих байгуулллага тогтоосоныг үндэслэн шүүх Ниймгийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан “тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 362 дугаар тогтоолын Ниймгийн халамжийн тэттгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмын 5.6-д заасан “Ниймгийн халамжийн тухай хуулийн 12.1.4-д заасан 1-2 хүүхдэд газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 1.5дахин нэмэгдүүлсэн  хэмжээгээр бодож тэтгэвэр олгоно” гэж зааснаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн мэргэжилтний “******* нь нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж 397.500 төгрөг авдаг нь  үнэн” гэсэн тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч Р.*******оос 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох 262.500 төгрөгийг сар бүр гаргуулж хүүхдүүдийг 16 нас хүртэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийх Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-д “Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө. 508 дугаар зүйлийн 508.4.1-д бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэж хуульчилсан тул шүүгдэгч Р.*******оос 262.500 төгрөгийг сар бүр гаргуулж талийгаач *******ын бага насны хоёр хүүхэд болох *******, ******* нарт 16 нас хүртэл нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаар дамжуулж олгохоор шийдвэрлэв.

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэрэг гарах үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тооцож зөрүүг гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Р.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3-д заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж     шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Р.*******од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв буюу 5 дугаар багаас гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч Р.******* нь  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан  үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Р.*******ын эзэмшлийн “Toeota corolla” маркийн БНА улсын дугаартай хар өнгийн авто машиныг битүүмжилсэн байх бөгөөд уг авто машиныг хөрөнгийн үнэлгээгээр 9.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүх уг авто машиныг битүүмжилсэн Прокурорын 2005 оны 04 дүгээр сарын 30-ниы өдрийн 11 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж уг авто машиныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Уг авто машиныг шүүгдэгч Р.*******од хариуцуулан битүүмжилсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн навчин хээтэй аяга 1 ширхэг, тасарсан үс мэт зүйл 1 ширхэг, арчдас 2 ширхэг, “Сэрүүн” гэх ногоон өнгийн сав 1 ширхэг, хар өнгийн гутлын өсгий мэт зүйл 1 ширхэг зэргийг хураан авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Уг эд мөрийн баримтууд нь Баянхонгор аймгийн Цагдаагийн ,газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар   шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил зургаан / 05 жил 06 сар / сарын хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.*******од Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв 5 дугаар багийн нутгаас гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Р.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Р.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Р.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил зургаан / 05 жил 06 сар / сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхэлж тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар шүүгдэгч Р.*******оос 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох 262.500 төгрөгийг сар бүр гаргуулж хүүхдүүдийг 16 нас хүртэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийх Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг 4 дүгээр зэрэглэлээр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг 45.99 дахин тэнцэх хэмжээгээр үржүүлж 30.353.400 төгрөгөөр тогтоосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар шүүгдэгч Р.*******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийн нөхөн төлбөр 20.353.400 төгрөгийг гаргуулж *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Р.*******ын эзэмшлийн  “Toeota corolla” маркийн БНА улсын дугаартай хар өнгийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж авто машиныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн навчин хээтэй аяга 1 ширхэг, тасарсан үс мэт зүйл 1 ширхэг, арчдас 2 ширхэг, “Сэрүүн” гэх ногоон өнгийн сав 1 ширхэг, хар өнгийн гутлын өсгий мэт зүйл 1 ширхэг зэргийг хураан авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  Шүүхийн тамгын газарт даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ