Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2023/00362/И |
Дугаар | 148/ШШ2023/00616 |
Огноо | 2023-10-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2023/00616
2023 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 148/ШШ2023/00616 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* /РД: 9055711/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвд байрлах *******, / захирал******* / РД: *******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,091,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2018 оны 10 сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 13 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум үйл ажиллагаа эрхэлдэг Баян-Ударга ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 8,091,100 төгрөгийг төлөөгүй 5 жил орчим хугацаа өнгөрсөн байна. Дээрх хугацаанд шимтгэлийн өрөө барагдуулах талаар сумын байцаагч удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч одоог хүртэл төлөгдөөгүй байна. Шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг насжилтаар нь ангилбал:
№ | Он сар | Даатгуулагчийн тоо | Цалингийн сан | Үүссэн шимтгэл буюу төлөгдөөгүй шимтгэл |
1 | 2017-11 |
|
| 82200 |
2 | 2017-12 | 6 | 2170000 | 455700 |
3 | 2018-01 | 8 | 2170000 | 499100 |
4 | 2018-02 | 8 | 2170000 | 499100 |
5 | 2018-03 | 8 | 2170000 | 499100 |
6 | 2018-04 | 8 | 2170000 | 499100 |
7 | 2018-05 | 8 | 3610000 | 830300 |
8 | 2018-06 | 8 | 4110000 | 945300 |
9 | 2018-07 | 8 | 4110000 | 945300 |
10 | 2018-08 | 8 | 4110000 | 945300 |
11 | 2018-09 | 8 | 4110000 | 945300 |
12 | 2018-10 | 8 | 4110000 | 945300 |
|
|
|
| 8091100 |
2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны шимтгэл төлөгдөөгүй байгаа нь харагдаж байна. нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс сөнгийн орлого буурах, даатгуулагчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хуульд заасан хугацаанд авах боломжгүй бол, тэдгээрийн нийгмийн баталгаа алдагдахад хүрч даатгуулагч хохирч байгаа тул шимтгэлийн авлагаа бүрэн барагдуулна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсээс миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон Баян Ундарга ХХК-д холбогдох 8,091,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг ******* нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2018 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулах нийгмийн даатгалын дансанд оруулж өгнө үү. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас тухайн компанид ажиллаж байгаа 8 даатгуулагч хохирч байгаа тул төлбөрийг бүрэн гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймгийн ******* нь 21 сумыг хариуцаж ажилладаг учраас жилдээ л гэхэд 2-3 удаа мэдэгдсэн байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр ийм байна төлөөрэй гэх байдлаар байнга холбогдож байдаг. Нийт даатгуулагчийн цалингаас үүссэн хувь гэж бодсон. Хамгийн сүүлийн байдлаар тооцоо нийлсэн актыг хавсаргасан байгаа. Тодорхой байгууллагууд руу залгаад өртэй байна төлөөрэй гэхээр мөнгө байхгүй гэх шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага төлөгдөхгүй уддаг. Иймээс 8,091,100 төгрөгийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. нийгмийн даатгалын шимтгэлийг сар болгон төлөх ёстой. Тухайн аж ахуйн нэгжүүдэд удаа дараа хандсан боловч нийгмийн даатгал төлөгдөөгүй байна. Хариуцагч байгууллага 5 жилийн хугацаанд төлөөгүй, уг компанийн захирал ийм хэмжээний өртэй гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тухайн байгууллага сар сард нь төлбөрийг төлөх үүрэгтэй. Нийгмийн даатгалын байцаагчийн ажил үүргийн тодорхойлолтод нийгмийн даатгалын өр авлага үүсгэхгүй байх гэсэн заалт байдаг гэх.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ Алтанбулаг сумын *******-ны 8,091,100 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцсан боловч уг төлбөр нь эдгээр хүмүүсийн 1 жилийн төлбөр юм уу, 2018-2023 оны 05 сар хүртэлх хугацааны төлбөр юм уу? ойлгомж муутай байгаа тул тодруулж өгнө үү. нэхэмжлэл ойлгомжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан ... ******* /захирал*******/-иас 2017 оны 11 сараас 2018 оны 10 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; Нийгмийн даатгалын ерөнхий хууль / шинэчлэн найруулсан /- ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ... ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө. мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т ... ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй шимтгэл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ... ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх, 25.2-т ... дараах зөрчилд нийгмийн даатгалын улсын байцаагч акт тогтоосон бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогчоор нөхөн гаргуулна, 25.2.3-д ... нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан хугацаанд төлөөгүй бол мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д ... доор дурдсан шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцно, 30.1.2-т ... улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ... дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна, 31.1.1-д ... энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн 1-3, 13 дугаар талд авагдсан нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл, мөн тус хэлтсийн улсын байцаагчийн гаргасан Алтанбулаг сумын *******-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2018 оны 10 сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тооцоо зэрэг баримтуудаар дээрх компанийн 2017 оны 11 сараас 2018 оны 10 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг нөхөн гаргуулж тус хэлтэст олгох нь зүйтэй гэж үзэв.
Хэдийгээр хариуцагч тал /хавтаст хэргийн дүгээр 11 дэх тал/ тайлбартаа ...дээрх өрийг эдгээр хүмүүсийн 1 жилийн төлбөр үү, эсхүл 2018-2023 оны 05 сар хүртэл хугацааны төлбөр юм уу? тодруулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 13 дугаар талд тус хэлтсийн улсын байцаагчийн гаргасан тооцоолол зэрэг баримтаар хариуцагчийн дээрх тайлбарыг няцаан нотолсон бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй байна.
Хавтаст хэргийн 19 дүгээр талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 8,091,100 төгрөгд тохирох улсын тэмдэгтийн хураамж 144,408 төгрөг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хууль / шинэчлэн найруулсан /-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар ******* /захирал*******/-иас нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр нийт 8,091,100 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн *******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 8,091,100 төгрөг тохирох улсын тэмдэгтийн хураамж 144,408 төгрөг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН