| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 1816001790111 |
| Дугаар | 2021/ДШМ/09 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ДШМ/09
Э.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.О,
Шүүгдэгч Э.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хохирогч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Э.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Э.Д-д холбогдох 1816001790111 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын харьяат, 1994 оны 01 дүгээр сарын 11-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай захирамжаар хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ДЮ................ регистрийн дугаартай Г овогт Э. Д.
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 7 дугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат гэх газраас хохирогч Б.М-ийн халтар зүсмийн 6 настай зөв талын гуя нь дээрээ саран дэвсгэртэй дормон тамгатай морь, халиун зүсмийн 6 настай зөв талын гуя нь дээрээ саран дэвсгэртэй дормон болон 5 тоо тамгатай морь, хүрэн зүсмийн 4 настай, зөв талын гуя нь дээрээ саран дэвсгэртэй дормон болон 5 тоо тамгатай морь нийт 4 тооны адуу, хохирогч Д.Б-ы бор зүсмийн, зөв талын гуя нь дээрээ саран дэвсгэртэй “да дөш” тамгатай 1 тооны адууг хулгайлан хохирогч Б.М-д 3.500.000 төгрөгийн хохирол, Д.Б-д 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч Д.М-ийн 14 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан Д.М-д 12.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Д-д холбогдох 18160001790111 дугаартай эрүүгийн хэргийн мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйчилж, шүүгдэгч Г овогт Э.Д-ийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Д-ийн цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Э.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Э.Д-оос 900.000 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д, 900.000 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М нарт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Д нь тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр шийтгэгдсэн нь надад болон ар гэрт маань хүндээр тусч байна. Хохирогч Б.М-ийн 5 тооны адуу дээр Б Г буюу Б нь авчирч өгсөн гэх таньж олуулах ажиллагаа хийж заасан байхад албаны бус гэж мөрдөгч Б нь тайлбар бичсэн нь надад ял халдаахад нөлөөлсөн. Малын гарал үүслийн бичгийг эмч Н нь жолооч Б-т бичиж өгсөн. Таван тооны адуу ачсан ягаан өнгийн Бонго Жи 3 маркийн машинтай явж байхад гаргаж өгсөн гэдэг. Г, М нарыг хамгаалж мэдүүлэг өгч байгаа. Т нь мөнгө өгч чадаагүй худал мэдүүлэг өгч байгаа нь мөнгөө нэхэмжилж чадахгүй байгаа байдлаас харагдаж байгаа. М нь би хөлсөнд явсан гэж мэдүүлэг өгдөг гэвч үүнийгээ нотолж чаддаггүй юм. Хоёр удаа адууг бойнд аваачиж өгсөн байхад үнэлэхгүй байна. Бас хөлсний жолооч байж шөнө 00 цагаас 01 цагийн үед адуу ачиж байсан байдлаас харагдаж байна. Иймд би буруугүй биш буруутай тул уг хүмүүсийг хамтад нь шалгаж дансны хуулга дээрх утга бүхнийг шалгаж бүгдэд нь эрүүгийн хариуцлага тооцож өгнө үү. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Г.М шүүгчийн 4 дүгээр захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, хянан харгалзах хугацаанд одоогийн хэргийг үйлдсэн учир тэнсэнгээ нэмүүлмээр байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг хамтран үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг нягтлан шалгаагүй. Э.Д-ийн хувийн байдлыг гүйцэт тогтоогоогүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон Прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрх зүйн дүгнэлтүүд зөрүүтэй байна.
Анхан шатны шүүх Э.Д-д хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд бус түүнээс өмнө үйлдсэн хэрэгт нь ял оногдуулсан тул Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай захирамжаар хяналт тогтоосон 10 сар 18 хоногийн хорих ялыг эдлэх ял дээр нэмэх тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэжээ.
Э.Д-ийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Д-ийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногтой тэнцүү хяналтын хугацаа тогтоожээ.
Уг хугацааг тооцон үзвэл 2018 оны 7 дугаар сарын 15-нд хяналт тогтоосон 10 сар 23 хоногийн хугацаа дуусахаар байх ба 2018 оны 7 дугаарын 3, 4-нд Э.Д гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг анхан шатны шүүх шийдвэрлэх ёстой байна.
Мөн шүүгдэгч Э.Д-д 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх болсон үндэслэлийг тайлбарлаагүй, хууль зүйн бодитой дүгнэлт хийгээгүй хүний амь нас хохироосон гэдэг байдлаар дүгнэсэн нь алдаатай байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Шүүгдэгч Э.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ч.Э
Ш.Б