Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2019/00020

 

Н.Н-гийн нэхэмжлэлтэй,

Д.Г-т холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00472 дугаар шийдвэртэй Н.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хувааж 49 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.Оргил, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г-тай 2009 онд танилцаж, 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охинтой болж хамт амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд Д.Г нь олон удаа гэр бүлээс гадуур бусадтай харилцаатай байсан. Би хүүхдээ байнгын хэрүүлтэй, хөндий хүйтэн орчинд өсгөхийг хүсэхгүй байна. Д.Г нь охинтойгоо уулзахдаа ээжтэйгээ байх ямар байна, аавтайгаа хамт байхыг хүсэж байна гэж хэлээрэй, ээж чинь нөхөртэй болж байна уу гэж байнга асуудаг. Охин маань Д.Г-тай уулзахаараа уур уцаартай, цочимтгой болчихсон байдаг. Д.Г нь надтай хамт амьдарч байх хугацаандаа орой үдэш гадуур гарч эмэгтэй хүнтэй уулздаг байсан. Гэртээ хүртэл авчирч байсан тохиолдол байсан. Би эмэгтэй хүн рүү бичсэн мессеж, чатыг нь хадгалж байсан боловч одоо байхгүй болсон. Би охиноо бодоод энэ бүхнийг уучилж, Д.Г ч дахин ийм явдал гаргахгүй гэж хэлж байсан учраас итгээд амьдралаа авч явъя гэж бодсон. Гэвч энэ бүхэн дахин давтагдсан. Би Д.Гтай муудахаараа охиноо дагуулж өөрийнхөө аав, ээж дээрээ очдог, миний охин манай аавд илүү сайн байдаг. Би айлын том охин, ээж маань намайг олон ах хүнтэй суулаа амьдралаа авч яваарай гэж хэлж байсан тул аав, ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ Д.Гын талаар хэлдэггүй байсан. Гэвч энэ бүхнийг ээждээ хэлэхэд ээж маань намайг яагаад ийм олон жил ингэж амьдарч байгаа юм бэ гэсэн. Одоо надад Д.Гтай хамт байх ямар ч бодол, хайр сэтгэл огт байхгүй. Иймд би Д.Гаас гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 2017 оны 10 дугаар сард Д.Гаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тухайн үед би Д.Гтай муудалцан аав, ээжийндээ очсон байсан. Үүнээс өмнө хэд хэдэн удаа бид муудалцаж би охиноо дагуулан аав, ээжийндээ очиж байсан. Тэр болгондоо охиноо бодоод нийлдэг байсан. Энэ бүхэн нь Д.Гын гэр бүлээс гадуурх харилцаатай байснаас болсон. Миний хувьд Д.Гаас 12 насаар дүү, тэгэхэд тэр надаас дүү хүмүүстэй холбогдоод байдаг. Д.Г нь гэр бүлээс гадуур харилцаатай байсан учир бидний харилцаа таарамжгүй байсан гэж болно. Д.Г нь надтай гэр бүл болохдоо 90 сая төгрөгийн өртэй байсан юм билээ. Үүнийг би мэддэггүй байсан. Гэтэл нэг эмэгтэй над руу яриад Д.Г нь надтай хамт амьдарч байхдаа миний байрыг зарж алга болсон гэсэн. Тухайн үед би ажилтай байсан бөгөөд ямар нэгэн өр зээлгүй байсан. Ингээд би Хас банкнаас цалингийн зээл авч өр, зээлийг нь төлөлцөж байсан. Аав ээж минь хүртэл Д.Гт тусалж машиныг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдаж авч байсан. Би одоо 15 000 000 төгрөгийн цалингийн зээлтэй. Энэ бүхнийг гэр бүлдээ л зориулж байсан. Өөртөө зориулсан зүйл огт байхгүй. Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 3 газар, 1 амины орон сууцнаас өөрт болон охиндоо ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Би амины орон сууцаа 40 сая төгрөгөөр үнэлж байгаа. 3 газрыг тус бүрд нь 1 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үүнийг одоо би тус бүрийг нь 3 000 000 төгрөгөөр үнэлж нийт 9 000 000 төгрөгөөр тооцож, 49 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Гэвч мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр амины байшин болон газар нийлээд 54 202 975 төгрөгөөр тооцсоны дагуу гэр бүлийн гишүүдэд хувааж охин, бид хоёрт ногдох хэсгийг мөнгөн дүнгээр гаргуулах хүсэлтэй байна. Д.Гын гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд энэ хүнтэй цаашид хамт байх ямар ч сэтгэл, бодол байхгүй. Харин охиноо аятай таатай нөхцөлд байлгамаар байна. Би одоо охиноо волейболын дугуйланд сард 250 000 төгрөг төлөөд сургаж байгаа. Энэ хүний хэлж байгаа шиг байнга ганцааранг орхисон зүйл байхгүй. Нэг удаа багшаар нь хүргүүлсэн. Би ахынхаа байрыг худалдаж авсан үнэн. Одоо би дүүтэйгээ, охинтойгоо хамт амьдарч байгаа гэжээ.

 Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Н.Нгийн гаргасан нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд охиноо өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Мөн тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын зуучлагч нь эвлэрүүлэн зуучлал дуусгавар болгосон тэмдэглэлдээ намайг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүгдийг хүлээн зөвшөөрснөөр бичсэнд гомдолтой байдаг. Эвлэрүүлэн зуучлалыг ор нэр төдий хийсэн болж уг ажиллагааг дуусгавар болгосон. Гэр бүлийн маргаан бол өөрөө төвөгтэй, бие биедээ туньсан, хэлье гэсэн зүйлээ шууд хэлж чаддаггүй, бардам зангаасаа болж асуудлыг даамжруулах мэт олон учир шалтгаантай байдаг. Миний хувьд гэр бүлийн хүрээнд үүссэн асуудалд өөрийн байр сууринд баттай зогсож буулт хийхгүй өнөөдрийн ийм байдалд хүргэсэн алдаа байгаа. Мөн эхнэрийнхээ үйлдэлд цочирдож бухимдаж утсаар, мессежээр, хэл амаар доромжлох үйлдлүүдийг гаргаж байсан. Гэхдээ би эхнэрийгээ энэ байдлыг ойлгож ухаарах байх гэж өнөөдрийг хүртэл хүлээсээр байна. Мөн эхнэр, хүүхэддээ согтуугаар агсан тавих, зодож дарамлах зэрэг биеийн хүчирхийлэл огт гаргаж байгаагүй. Бид хоёр анх гэр бүл болох үед Н.Н нь бусадтай бэлгийн харьцаа тогтоосон байсан. Би нэг удаа гэр бүлээс гадуур бусадтай харилцаа тогтоосон асуудал байсан. Энэ асуудалдаа эхнэрээсээ уучлалт гуйгаад амьдралын төлөө, өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгохын төлөө байсан. Н.Н нь Улаанбаатар хотод ажилд орохдоо хуучин танил залуугаараа дамжуулж ажилд орсон. Хотод байх хугацаандаа миний утсыг блоклоод ямар ч холбоо барих боломжгүй байдаг. Миний охиныг надтай ярихад дургүй яриулахгүй байдаг. Миний хувьд эд хөрөнгө хуваах асуудалд маргах зүйл байхгүй. Харин гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Миний охин 21-р сургуульд сурч байгаа боловч бүртгэлгүй, өдөрт 3 цаг сурдаг. Миний охиныг сургуульд хүргэж өгөх, сургуулиас авах үед ээж нь ажилтай байдаг. Сургуулиас гадуур харж хандах хүн байхгүй байдаг. Манай аймгийн сургуулиудын хувьд сургалт сайтай, манайхан миний охины сургалтанд анхаарах боломжтой хүмүүс. Иймээс охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00472 дугаар шийдвэрээр:

 

            Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З овогт Д.Г, Б овогт Н.Н нарын гэрлэлтийг цуцалж,

            Гэр бүлийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.6, 14.7-д тус тус зааснаар 2010 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн охин Г.М-ийг эх Н.Н-гийн асрамжинд үлдээж,

            Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.М-ийг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Д.Г-аас тэжээн тэтгүүлж,

            Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар Хэрлэн сумын 10-р баг “Магнай трейд” ХХК-ний ШТСтанцын хойно байрлах 65 м2 бүхий амины орон сууц, Хэрлэн сумын 1-р баг нисэхийн ... тоот, Амгалангийн ... тоот, Амгалангийн ... тоотын газруудыг хариуцагч Д.Г-ын өмчлөлд үлдээж хариуцагч Д.Г-аас 36 135 317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 571 761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 571 761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгож,

            Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж,

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгаж, ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Г 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хууль ёсны эрхэд халдаж илэрхий нэг талд үйлчилж, өс хонзонгийн, мэдлэг чадваргүй, нотлох баримтгүйгээр, өнгө үзэмжээр, хуулийг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн гаргасан удаа дараагийн хүсэлтүүд нь хэргийг шийдвэрлэхэд илэрхий ач холбогдолтой байхад гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасан, ах дүүс хоорондоо хуйвалдан Улаанбаатар хотод орон байртай мэтээр илэрхий хуйвалдаж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан нотлох баримтыг гаргаж өгсөн байхад түүнийг хууль бус гэдгийг тогтоолгох хариуцагчийн шинжээч томилох хүсэлтийг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт хууль бус болох нь тогтоогдсон, хуулийн шаардлага хангаагүй байхад нотлох баримтаар үнэлсэн, түүнийг хасуулах хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, шүүхийн даалгавар дутуу гүйцэтгэгдсэн байхад түүнийг хуульд нийцүүлээгүй үнэлсэн. Миний охин өнөөдөр Улаанбаатар хотод түрээсийнх нь мэдэгдэхгүй хэзээ ч хөөгдөөд гараад явахад байг гэхгүй газар амьдарч, орцны жижүүрээр сургуульд нь хүргүүлдэг, авхуулдаг, өдөржингөө гэртээ ганцаараа, орцны жижүүрээр хараа хяналт тавиулдаг гэх мэт илэрхий эрсдэлтэй нөхцөлд амьдарч байхад түүнийг шүүгч Т.Байгалмаа хэвийн зүйл, ирээдүй нь баталгаатай мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Миний бие охиноо өөрийн асрамжинд авсан тохиолдолд эд хөрөнгийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг өгсөн байхад шүүх ерөөсөө эд хөрөнгийн талаар маргаагүй гэж дүгнэсэн нь илтэд гуйвуулсан хариуцагчийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны биш, үл хөдлөх хөрөнгийн талаар анхан шатны мэдлэггүй хэргийг шийдвэрлэсэн. Амины орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй боловч газрын гэрчилгээгүй. Хавтаст хэрэгт газрын гэрчилгээ байхгүй. Эд хөрөнгө нь эдийн засгийн эргэлтэнд орох ямар ч боломжгүй, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн шаардлагыг хангаагүй, бүрдүүлбэр дутуу ийм хөрөнгийг үнэлж шийдвэрлэсэн зэрэг нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөнийг нотолно.

Хариуцагчийн шаардлага бол гарцаагүй хууль ёсных, бодитой, хэргийг шийдвэрлэхэд нэн чухал шаардлагатай байхад шүүх илтэд нэхэмжлэгч талд үйлчилж, ямар ч нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, миний охины ирээдүйг эрсдэлд оруулахгүй, үнэн, бодит шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Д.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 49,0 сая төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон охиндоо ноогдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх Н.Н, Д.Г нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн охин Г.М-ийг эх Н.Н-гийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд охин Г.М-д хуульд заасан тэтгэлгийг тогтоож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, МТ колонкийн ард байрлах 65 м.кв талбай бүхий амины орон сууц, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нисэхийн .... тоот, Амгалангийн ... тоот, ... тоот газруудыг хариуцагч Д.Г-ын өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Г-аас 36 135 317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Н.Н, Д.Г нар нь 2008 оны 12 сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаандаа 2010 оны 06 сарын 23-ны өдөр охин Г.М-ийг төрүүлсэн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломжгүй гэсэн үйл баримтууд хэрэгт авагджээ. 

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно.”, 14.6-д “...тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”, 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх хүүхдийн асрамж тогтоохдоо охин Г.М-ийн саналыг харгалзан үзэж эх Н.Н-гийн асрамжид үлдээснийг буруутгах боломжгүй юм.

Мөн анхан шатны шүүх зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваарилан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Хариуцагч Д.Г-ын давж заалдах гомдолдоо “Хэрлэн сумын 10 дугаар баг, МТ колонкийн ард талд байрлах 65 м.кв амины сууц нь бусдын газар дээр баригдсан учраас цаашид зарж борлуулахад хүндрэлтэй, тиймээс бодит байдал дээр 43,0 сая төгрөгийн үнэлгээнд хүрэхгүй” гэсэн үндэслэлийг дурджээ.  Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэхэд уг хөрөнгө нь зардлын өртгийн аргаар үнэлэгдсэн, хариуцагч Д.Гаас энэ үнэлгээг үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүх “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээнд үндэслэн гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

Харин шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд байх Хэрлэн сумын 1 дүгээр баг, Амгалангийн .. тоот газрыг нийт үнийн дүнд оруулан  тооцсон атлаа шүүхийн үндэслэх болон тогтоох хэсэгт заахгүй орхигдуулсныг зөвтгөх боломжтой байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Д.Г нь шүүх миний удаа дараа гаргасан хүсэлтийг хангаагүй, орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00472 дугаар шийдвэрийн 4 дэх заалтын “... Амгалангийн ... тоот,...” гэсний дараа “...Амгалангийн ... тоот,...” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Г-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

 ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА          

                                                                                З.ЭНХЦЭЦЭГ