| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/05929/И |
| Дугаар | 101/ШШ2023/04660 |
| Огноо | 2023-10-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/04660
| 2023 10 26 | 101/ШШ2023/04660
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах Э дээд сургууль- д холбогдох,
Сургалтын гэрээний үүрэгт 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмартуяа, өмгөөлөгч Б.Сэмжидмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ичинхоролоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Б.М нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Э сургуульд 2022 оны 08 сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл Сургалтын менежерийн ажлыг хийж байсан, 8 сарын хугацаанд ажиллахад өөрийнхөө ажлыг ямар ч алдаа дутагдалгүйгээр цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэсэн. 8 сарын хугацаанд ажиллахад сэтгэл санааны дарамт, ялгаварлан гадуурхалтад өртөж, ажлаас удаа дараа гарахыг нь шаардсан. Хийсэн ажлыг нь хийгээгүй, хэлсэн үгийг нь хэлээгүй мэт байдаг байсан. 2023 оны 04 сарын 11-ний өдөр захирал нь сануулах хуудас өгөөд түүнийг эсэргүүцэхэд чи ажлаас гар. Чамайг ажлаас хална гэж удирдлагын зүгээс удаа дараа дарамт шахалт ирсэн гэсэн. Ажлын байрны дарамтыг цаашид тэвчин ажиллах нь хэцүү байсан тул өөрийн хүсэлтээр 2023 оны 04 сарын 18-ны өдөр өглөө өргөдөл өгч, 2023 оны 04 сарын 19-ний өдөр ажлаас гарсан.
Байгууллагын зүгээс Б.Мд 8 сарын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт ажилтны ур чадвар, ажилласан жилийн нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд зааснаар хэмжээг тогтооно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 1.3-т холбогдох хууль тогтоомж, журмын дагуу 2,000,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан бөгөөд Б.Мд 8 сарын хугацааны 15 хувь болох 2,400,000 төгрөгийг огт олгоогүй. Уг асуудлын хүрээнд хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол явуулсан боловч энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст дахин хандсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 108.1-т заасны дагуу Б.Мд тэргүүлэх зэргийн нэмэгдэл 2,400,000 төгрөгийг Ерөнхий Боловсролын Э сургуулиас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий Боловсролын Э сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулаад сургалтын менежерийн ажилд 2 сая төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгснөөр Ерөнхий Боловсролын Э сургуулийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн Б27 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нийт 7 сар 25 хоног ажилласан байна. Б.М нь 8 сарын зэргийн нэмэгдэл 2,400,000 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэгдүгээрт Б.М нь мэргэжлийн багшийн зэрэгтэй гэх боловч, ажилд орох үедээ мэргэжлийн зэргийн үнэмлэх буюу түүнийг нотлох баримт бичгийг сургуульд бүрдүүлээгүй. Мэргэжлийн зэргийг захирлаар баталгаажуулаагүй, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А812 тушаалаар батлагдсан мэргэжлийн зэрэг олгох, хасах журамд зааснаар тэргүүлэх зэрэг олгох, хасах нь тухайн ажиллаж байгаа сургалтын байгууллагад нээлттэй байх бөгөөд Б.М нь тус журмын 2 дугаар зүйлийн 2 заасан зэргийн шаардлагыг хангаагүй. Гуравдугаарт Б.М ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан журмыг мөрдөж ажиллаагүй. Холбогдох мэдээ тайланг зохих журмын дагуу гаргаагүй. Дөрөвдүгээрт хөдөлмөрийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ажилтан өөрийн буруугаас ажлын нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс өгнө гэж заасан байгаа.
Б.М нь манайд анх орохдоо мэргэжлийн зэрэгтэй гэдгээ хэлээгүй, бид нар мэдээгүй. Хэрэв зэргийн нэмэгдлээ авахыг хүссэн бол мэргэжлийн зэрэг олгох хасах журмын 3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасны дагуу мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн өргөдлөө сургалтын захиргааны байгууллагад гаргах бөгөөд холбогдох баримтаа бүрдүүлж өгснөөр бид тухайн үед нь шийдэх байсан.
Гэтэл огт энэ талаар хэлээгүй, холбогдох баримтаа бүрдүүлж өгөөгүй байж ажлаас чөлөөлөгдсний дараа ийм хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хүсэлтээ гаргаад өгсөн тохиолдолд багш нарын хурлаар орж 80 хувиас дээш санал авсан тохиолдолд захирлын тушаалаар олгодог байгаа тэр нь тухайн хүн өмнө нь мэргэжлийн зэрэгтэй байсан эсэхээс үл хамааран сургалтын байгууллага нь өөрөө мэргэжлийн зэрэг олгох, хасах эрхтэй байх тул жил болгон тушаал гаргаж баталдаг байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2022 оны 8 сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоол, 2022 оны 2 сарын 10-ны өдрийн гурван талт үндэсний тогтоол, дүрэм, хурлын тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгал шимтгэлийн лавлагаа, 2022 оны 8 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, тойрох хуудас, өргөдөл, ажил хүлээлцсэн акт, Б.Мын эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,
Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Э сургуулийн 2023 оны 4 сарын 11-ний өдрийн 5/24 тоот Б.Мд сануулах арга хэмжээ авах тухай захирлын тушаал, 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 12 дугаартай мэдэгдэл, хөдөлмөрийн гэрээ, Г сургуулийн захирлын 2020 оны 11 сарын 09-ний өдрийн а/43 тоот тушаал, 2022 оны 01 сарын 21-ний өдрийн А/02 тоот хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн анкет, Сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 9 сарын 13-ны өдрийн №б/98 тоот мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, иргэн Р.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э дээд сургуульд холбогдуулан тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн нэмэгдэл 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчээс 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
2.Зохигчдын хооронд 2022 оны 8 сарын 23-ны өдөр бичгийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр нэг талаас цалин, хөлс төлөх үүрэг, нөгөө талаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан сургалтын менежерийн ажил үүргийг гүйцэтгэх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээний агуулга, талуудын хооронд илэрхийлэгдсэн хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.М нь 2023 оны 8 сарын 23-ны өдөр хариуцагч Э сургуульд сургалтын менежерийн ажилд сарын 2,000,000 төгрөгийн цалин, хөлстэйгөөр орж, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид хэн аль энэ талаар маргаагүй. /хх-ийн 18-22, 25 дугаар тал/
Нэхэмжлэгч нь тэргүүлэх багш зэргийн нэмэгдлийг үндсэн цалин болох 2,000,000 төгрөгийн 15 хувиар тооцож, 8 сарын хугацааны нэмэгдэл 2,400,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч нь тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй талаар манай байгууллагад мэдэгдээгүй, нэмэгдэл авах талаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд, тэргүүлэх багш зэрэг нь хүчинтэй эсэх нь тодорхойгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан Г сургуулийн захирлын 2020 оны 11 сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалаар Б.Мд Тэргүүлэх мэргэжлийн зэрэг олгосон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 74 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилд орсон бөгөөд өөрийн тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй талаар болон зэргийн нэмэгдэлийг олгуулах талаар ажил олгогч тал болох Э сургуульд хандаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зэргийн болон анги даалт, кабинет хариуцсан, ЗАН, секц хариуцсан нэмэгдэл хөлс олгоно гэж заасан байх хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс өөрийн тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй талаар болон зэргийн нэмэгдлийг олгуулах талаар ажил олгогч тал болох Э сургуульд мэдэгдэж, хандаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна. /хх-ийн 19 дүгээр тал/
Нэхэмжлэгч талаас зэргийн нэмэгдлийг байгууллагын зүгээс олгож байсан гэж ойлгож байсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нэхэмжлэгч нь 2022 оны 9 сарын 09-ний өдрөөс цалин, хөлсөө авч эхэлсэн байх бөгөөд энэ өдрөөс өөрийн тэргүүлэх зэргийн нэмэгдлийг олгоогүй талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлс болох 2,400,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн маргаан таслах комисст, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд тус тус хандсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн нэмэгдэл 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн нэмэгдэл 2,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э дээд сургууль ГХОХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА