| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0325/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/351 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ш.Оюундарь, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ш.Оюундарь,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,
Шүүгдэгч: М.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Оюундариас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514005730393 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. н хувьд манайхаас хүнс авах гэж ирсэн хүн байгаа юм энэ хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй, учир нь би г манай гэрийн гадаа байгаа тракторыг унаад “Ясан хашаат” гэдэг газар отоод алт гарах нуу дээж үзээд өг гэж гуйсан юм. бол ямар нэгэн алт олборлох санаа бодол байгаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 158-159/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.. Газрын хэвлийд болон экологи, ургамлын бүрхэвчинд ямар нэг хохирол учруулсан. Мэргэжлийн байгууллагын тогтоосон экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал болох 1,407,551 төгрөгийг нэхэмжилж байна, эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэж сум орон нутаг хүлээж авна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
4. Яллагдагч *******н мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Миний хувьд 2025 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 22 цагийн үед Галуут сумын Сүмбэр 2 дугаар багт Цахирын ар гэдэг газар хүргэн ах *******ынд очиход эзэнгүй байсан гэр нь онгорхой байхаар нь орж унтаад өглөө нь ******* ахтай утсаар холбогдоход би “Өргөөтийн рашаан” дээр байна, “Ясан хашаат” дээр аймгаас хүн ирсэн миний жижиг оврын тракторыг янзалж байгаа, тэр хүн янзалж дууссан байвал чи нуурын зах дээрээс алт гарах нуу үгүй юу гэдгийг нь дээж авч үзээд угаагаадах гэхээр нь би за гэж хэлээд ******* ахын трактор байгаа газар очтол трактор дээр гээд хүн байсан. Би тракторыг асааж нуурын зах дээр нэг газар ухаад гаргасан шороогоо нарийсгаж байтал цагдаа нар ирсэн. Би ******* ахыг уурхайн дээж авах эрхтэй юм байх гэж бодож байсан 7 хоногийн өмнө ******* ах надад ярихдаа уурхайн дээж авагчаар ажилд орж байгаа гэж ярьж байсан. ...Надад ярихдаа уурхайн дээж авагчаар ажилд орж байгаа гэж ярьж байсан, би ******* ахыг уурхайн дээж авах зөвшөөрөлтэй болоод намайг явуулж байгаа юм байх гэж би бодсон....гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал М.******* над руу утсаар залгаж би гэртээ байна, миний жижиг оврын трактор эвдрээд болохгүй байна, чи хүрч ирээд янзлалцаад өгөөч, хүн олдохгүй байна, төлбөр мөнгийг нь өгнө гээд гуйгаад байхаар нь би тухайн орой нь *******ынд очиж хоноод өглөө нь ******* бид хоёр “Ясан хашаат” гэдэг газар байсан. Жижиг оврын тракторын ноён араа, эргэхийн эд анги зэргийг сольж янзалж байтал ******* нь манай найзууд ирсэн, “Өргөөтийн рашаан” явлаа гээд “Өргөөтийн рашаан”-д явсан. Би үлдэж трактороо янзлаад дуусаад байж байтал нь *******аас хүнсний мал авахаар явж гээд ирсэн утсаар хүнтэй ярьж байснаа ******* ах яръя гэж байна гэхээр нь утсыг нь аваад ярьтал ******* наад чинь трактор барьдаг юм, чи хамт байж байгаад трактороо шалгаадах, би хадам дүү д хэлсэн байгаа гэхээр нь за гээд хэлсэн. Тэгээд трактор барьж нэг газар ухаад шороо угааж байтал цагдаа нар ирсэн. Би хараад л зогсож байсан. Өөр зүйл болоогүй. ...Тухайн газарт жижиг оврын Doosan-55 маркийн трактор, жижиг оврын усаар шороо угаах төхөөрөмж, усан помп гэх төхөөрөмжтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад шатанд яллагдагчаар өгсөн:... Би “Нинж мөрөн” ХХК-д ерөнхий захирлаар 13 дахь жилдээ ажиллаж байна. М.*******тай 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гурвалсан гэрээг байгуулсан. 2025 оны 07 дугаар сарын дундуур гэрээ хийхээс өмнө ******* гэх хүн манай талбай дээр тогтсон тогтоол усыг ашиглаж өөр газраас авчирсан дээж угааж үзэх гэсэн юм аа гэж манай ажилчдаар дамжуулан асуулгасан. Тухайн үед би үнэхээр манай талбайтай хамаагүй бол тэр тогтоол усыг ашиглахад татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тухайн өдөр гэрээрээ байсан байх. Манайхаас урагш 1 километр орчим газарт уурхайн зүүн талд жижиг оврын трактор байсан ба хэнийх гэдгийг нь мэдэхгүй. Намайг харахад нэг жижиг оврын трактор байгаад байсан үйл ажиллагаа явуулж байхыг хараагүй. Би өглөө малдаа яваад өгдөг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БНХ0325/004 дугаартай шинжээч нарын:....1.Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ясан хашаат” гэх ухагдсан газрын 1-р цэг И:46°2017.38, Е:100°0558.36, 2-р цэг И:46°2017.36, Е:10000558.57 3-р цэг И:46°2017.21, Е:10000558.63, 4-р цэг И:46°2017.21, Е:10000558.35 гэсэн солбицолтой газрууд нь хайгуулын болон ашиглалтын тусгай лицензтэй талбайд ороогүй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт байхгүй байна.
2.Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ясан хашаат” гэх газарт үйл ажиллагаа явуулсан 0.002 га талбайд байгаль орчин учруулсан хохирлын үнэлгээ тооцлоо.
4.Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ясан хашаат” гэх газарт үйл ажиллагаа явуулсан 0.002 га талбайд хэргийн газрын үзлэг хийхэд, баруун урд, зүүн хойд, урд талын талбайнуудад шүүрлийн ус хуримтлагдсан, хөрс хөндөгдөж, тухай орчмын эдэлбэр газарт ухаш овоолго үүссэн байгаа нь тогтоогдож байгаа тул эвдрэлд орсон газар байна.
5.Хэргийн газрын үзлэгээр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Ясан хашаат" гэх газарт нэр бүхий иргэд үйл ажиллагаа явуулахад хэдэн цаг ажилласан, хэдэн метр куб ус ашиглаж, элс угаасан нь тодорхой учир усан орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргах боломжгүй.
6.Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Ясан нь тодорхойгүй учир усан орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргах боломжийн хашаат" гэх газарт үйл ажиллагаа явуулсан 0,002га талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 90,766 төгрөг, техникийн болон биологи нөхөн сэргээлтийн зардал 1,316.785 төгрөг, нийт 1,407,551 төгрөгийн хохирол учирсан байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 81-111/,
9. Хөрөнгийн үнэлгээчин ийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай:...1. Doosan 55 жижиг оврын трактор 4.225.000 төгрөг,
2. Шороо угаах төхөөрөмж 100.000 төгрөг,
3. Усны моторт помп 150.000 төгрөг,
Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 4,475,000 /Дөрвөн сая дөрвөн зуун далан таван/ төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 121-124/ болон хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй мэдээлэл илрүүлсэн талаарх илтгэх хуудас /хх-ийн 03/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-14/, ашигт малтмал, Газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10/3836 дугаартай албан бичиг /хх-ийн 21/, нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Ясан хашаат" гэх газарт Доосан-55 маркийн жижиг оврын трактор, жижиг оврын шороо угаах төхөөрөмж, усны моторт помп зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,002 га талбайд хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж, 0,63 грамм алт олборлож байгаль орчинд 1,407,551 (нэг сая дөрвөн зуун долоон мянга таван зуун тавин нэг) төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, Шинжээчийн БНХ0325/004, 199 дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч М.******* нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “ 7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно....” гэснийг зөрчиж тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалтыг “Доосан-55” маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглаж явуулж 0.63 грамм алтыг хууль бусаар олборлосон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.*******ыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирол 90.766 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1.316.785 төгрөг нийт 1.407.551 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан баримтыг хэрэгт хавсаргасан тул шүүгдэгчийг хохирогч иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.******* нь өөрийн эзэмшлийн “Доосан-55” маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, моторт помп зэргийг ашигласан тул эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байна.
Дээрх эд мөрийн баримтаас “Доосан-55” маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, моторт помп зэрэг нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Галуут сумын цагдаагийн кабоны хашаанд хадгалагдаж байгаа талаар материал хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан.....нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ....гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно”гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө....хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан байгаагаас үзэхэд шүүгдэгч М.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн эзэмшлийн “Доосан-55” маркийн бага оврын трактор, шороо угаах төхөөрөмж, моторт помп зэргийг ашигласан нь тогтоогдсон тул шүүхээс “Доосан-55” маркийн бага оврын тракторыг эзэмшигч М.*******т хэрэгцээний дагуу буцаан олгож харин түүний үнэ 4.225.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймагт дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт, моторт помпыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Мөн шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдаж 0.63 грамм алт олборлосныг эд мөрийн баримтаар хураан авч уг алтыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд уг алтыг Монгол банкинд өгч тушааж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.*******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу гурван сарын хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч ******* овогт *******гийн *******т зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.*******т зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч М.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч М.*******т буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 0.63 грамм алтыг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.*******аас “Доосан-55” маркийн тракторын үнэ 4.225.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт помпыг хэрэгцээний төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ