Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/03185

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 10 182/ШШ2023/03185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн Б.*******гийн, хүү *******ийг өөрийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 онд Б.*******той танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017.10.17-ны өдөр хүү *******, 2019.06.15-ны өдөр охин нар төрсөн.

Б.*******той 2016 оны 10 дугаар сард хамтран амьдарснаас хойш Б.******* нь ээж, ах, эгч нартайгаа нийлж намайг байнга дарамталж, хэл амаар доромжилж, гэрээсээ байнга хөөдөг байсан. Б.******* архи уудаг. 2021 онд хүртэл ээжтэйгээ нийлж намайг зодож байсан. Би Б.*******той гэрлэлтээ батлуулаагүй. Би хамт амьдарч байх хугацаандаа тайван амьдарч үзээгүй, хүчирхийлэлтэй амьдарч байсан учраас 2021 оноос хойш тусдаа амьдарч байна.

Б.******* байнга манай гэрт ирж, намайг дарамталдаг, зүй бус хэл үгээр доромжилдог. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би одоо 2 хүүхэдтэйгээ хамт нийтийн байранд амьдарч байгаа. Цаашид би 2 хүүхдээ өөрийн асрамжид байлгаж, өсгөж хүмүүжүүлнэ. Иймд Б.*******г хүү *******, охин нарын эцгээр тогтоож, тэднийг миний асрамжид байлгаж, хүүхдийн тэтгэлэг тогтоон гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь дэмжиж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл нь Л.*******, Б.******* нар нь 2016 оноос хамт амьдарч 2017.10.17-ны өдөр хүү Д.Эрмүүн, 2019.06.15-ны өдөр охин Д.Энгүүн нар төрсөн. Нэхэмжлэгч хэлэхдээ Б.*******той амьдарсан хугацаанд байнгын хүчирхийлэлд өртөж байсан учраас цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзээд 2020 оноос эхлэн зохигчид тусдаа амьдарсан. Тусдаа амьдарч байх хугацаанд 2 хүүхэд нь ээж Л.*******ын асрамжид байсан.

Л.******* нь хүүхдүүдийг өөрийн асрамжид авах боломжтой гэдэг нь шинжээчийн дүгнэлт, өөрөө ажил хийж байнгын орлоготой буюу сард 1 200 000 төгрөгийн цалинтай байгаа байдлаас харагдана. Нэхэмжлэгч хүүхдүүдтэйгээ нийтийн байранд амьдарч байгаа хэдий ч нийтийн байр нь бохир заваан, орчин нөхцөл муу гэсэн хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд ч цэвэрхэн байна гэж тусгагдсан. Мөн шинжээчийн судалгаагаар Д.Эрмүүн, охин нараар зураг зуруулахад ******* нь хамгийн эхлээд амьдардаг байшингаа, дараа ээжийгээ зурсан, мөн байшин, цонх, ахыгаа зурсан зэргийг шинжээч нар дүгнэж дүгнэлтдээ тусгасан байгаагаас үзэхэд хүүхдүүд амьдарч байгаа орчин нөхцөлдөө дуртай, амгалан тайван байдалтай, ээжтэйгээ, ахтайгаа хамт байх сонирхолтой байна гэж ойлгогдож байна.

Хүний боломж нөхцөлөөс шалтгаалан хүний амьдардаг нөхцөл ямар ч байж болно. 4 настай, 6 настай хүүхдүүдийг салгачихвал уулзуулах байнга уулзуулж болох хэдий ч тусдаа амьдарна гэдэг нь амьдралынх 70-80 хувь нь тусдаа байна гэсэн үг юм. Ийм байдалтай өссөн хүүхдүүд хоорондоо хэр дотно өсөх вэ. Цаашид эцэг, эх нь үргэлж хажууд нь байхгүй, насанд хүрсэн үед төрсөн ах дүү нар бие биеэ түшилж, тулж хамт байх ёстой. Шинжээчийн дүгнэлтээс харахад зохигчдыг шинжлэн судалсан зан, ааш төлөвийн үзүүлэлтээр хүүхдүүд Л.*******ын асрамжид байх нь илүү тэдэнд нийцнэ гэж харж байна.

Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдүүдийн амьдрах нөхцөл, ээнэгшин дассан байдал, хүүхдүүдийг асран тэтгэх, боломж бололцоог харвал Л.*******, Б.******* нарт бүх зүйл нь адил байгаа боловч хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө амьдарч буй байрандаа, ээжтэйгээ, ахтайгаа, дүүтэйгээ хамт байхыг хүсэж байна. Хүүхдүүдийн нас жаахан байна. Тусад нь байлгахад учир дутагдалтай. Шүүхэд хэрэг хянагдах явцад ч Б.******* нь захиргааны зөрчил гаргаж, шийтгэврээр арга хэмжээ авагдсан нотлох баримт хэрэгт байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хариуцагчийн талаарх тайлбар үндэстэй байна. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн, хүүхдүүдийн нас бага байгааг анхаарч үзэж, хүүхдүүдийн эцгээр хариуцагч Б.*******г тогтоож, хүүхдүүдийн асрамжийг эх Л.*******т үлдээн, хүүхдүүдэд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг олгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.*******гоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 06 сард анх танилцаж хамт амьдарсан. Эхний 3 жилд, 2 хүүхэд болон эхнэртэйгээ хамт сайхан л амьдарч байсан. Нэхэмжлэгч бүх зүйл намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2 хүүхэд маань эрүүл мэндээрээ хохирч байгаа. Дөлгөөн нуурын хажууд нийтийн байранд амьдарч байсан, одоо ч байна. Би энэ байранд амьдрахаа больё, өөр эрүүл саруул орчинд 2 хүүхдээ өсгөе гэхээр миний үгийг тоодоггүй, хүүхэд амьдрахад хэцүү орчин нөхцөлд хүүхдүүдийг байлгаж байна. Шүүхэд өргөдөл гаргаснаас хойш 1 жил өнгөрсөн. Л.******* нь хүчирхийллээс болж саллаа гэж байгаа нь үндэслэлгүй. Өмнөх 2023 оны 06 дугаар сарын шүүх хуралдаан болсноос хойш энэ зуны 3 сар хүү Г.Эрмүүнийг би авч өөр дээрээ байлгасан. Хүүгээ зун авахад ханиад нь хүндэрсэн, эм өгөхөд ханиад нь намдахгүй байсан. Сүхбаатар дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хатгаа туссан гэж оношлогдоод 7-10 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.

Миний бие 2 хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэл дээр хүүхдүүд миний хүүхэд мөн тул хүлээн зөвшөөрч байна.

Харин Л.******* нь 2 хүүхдийг зөв хүн болгож, өсгөж хүмүүжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Хүүхдүүд одоо 3х3 м-ийн хэмжээтэй нийтийн байранд бохир заваан орчинд амьдарч байгаа. Уг нийтийн байр нь маш жижигхэн, муухай үнэртэй, бясаатай юм. Тийм орчинд хүүхдүүдийг минь амьдруулахаар надад хэцүү байна. Мөн Л.******* нь хүүхдүүдэд миний талаар буруу зүйл хэлж, миний эсрэг буруу үг зааж өгч байна. Хүүхдүүдтэйгээ уулзахад ааваа тантай хамт баймаар байна. Ээж, эмээ 2 намайг загнаад байна гэж хэлсэн. Иймээс хүүхдээ цаашид би өөрөө өсгөж, хүмүүжүүлмээр байна. Хүний эрх адилхан үйлчилдэг бол адилхан байх ёстой. Би 2 хүүхдийнхээ нэгэнтэй нь ч гэсэн хамт баймаар байна, тийм эрхтэй гэж бодож байна. Хүүхдүүдийн асрамжийн хувьд охиноо бага байгаа учраас ээж дээр үлдээж, хүүг өөр дээрээ авч, охиныхоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Би 2 хүүхдэдээ маш их хайртай, үр хүүхдүүдээсээ хол амьдарч чадахгүй юм. Л.*******ын хувьд 2 хүүхдийг тэжээн тэтгэх, харж хандах, зөв хүмүүжүүлэх, нөхцөл боломж дутмаг, одоо өөрийн 2 охин болон хүү *******, охин , ээжтэйгээ хамт амьдардаг. Хүүхдүүд бид 2-той хамт л амьдарч байгаа, тусдаа байх болсноос хойш хүүхдүүдтэйгээ байнга уулздаг. Ээнэгшин дассаны хувьд хүүхдүүд ээж, аавынхаа хэн алинд нь ижил тэнцүү байна. Хүү маань аавтайгаа хамт байх дуртай.

Би хүүхдүүд бохир, хэцүү орчинд амьдардаг учраас өөрийн хашаа байшинд, эрүүл орчинд амьдрах ёстой гэж үзэж байна. Хүүхдэд үзүүлэх эцэг, эхийн нөлөө, зөв хүмүүжүүлэх тал дээр ээж Л.*******ын хувьд хурц ааштай, хэл амаар байнга доромжилдог, хүүхдүүдээ асарч хамгаалах байдал муу, хүүхдүүд нийтийн байрны гадаа шороон дээр тоглож байдаг, өлсөх, цангах, бясаанд хазуулах нөхцөл байдалтай байна. Миний хувьд хүүгээ өсгөх бүрэн боломжтой. Ээж маань хамт амьдарч байгаа учраас тусалж дэмжих боломжтой. Болдог бол 2 хүүхдээ хамт авч өсгөмөөр байна. Охиноо ээжид нь үлдээж, оногдох тэтгэлгийг төлнө гэв.

 

4.Хариуцагч Б.*******гоос шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүү Г.Эрмүүнийг өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан. Л.*******, түүний ээж нар миний хүүг дандаа миний эсрэг байлгадаг. Надад үг зааж өгсөн гэж хүү минь хэлсэн. Л.******* болон түүний ээж нь ер нь дандаа эрэгтэй хүмүүст дургүй байдаг. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, санаа зовж байна. 2 хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж өгөхгүй байна. 2 хүүхдээ ээжийнх нь амрамжид үлдээх боломжгүй бөгөөд Л.******* нь маш хурц ааштай, огцом ууртай, зөрүүд зантай, хүүхдүүдээ хайхарч ханддаггүй учир хүүхдүүдийг асарч хамгаалах гэдэгт нь эргэлзэж байна. Охин маань жаахан 4 настай учир ээжид нь үлдээж, харин хүүгээ өөр дээрээ авна.

Миний хүү надтай хамт амьдрах дуртай байгаа. 2 хоногийн өмнө хүү маань утсаар өлсөөд байна, бясаа хазаад байна гэж ярьсан. Иймээс хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Би хүүгээ асарч тэтгэн, хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Хүүгээ өөрийн асрамжид авбал хүүхдийн ээжээс нь тэтгэлэг гаргуулахгүй, харин би охиныхоо тэтгэлэг төлнө, байнга ээж дүүтэй нь холбоотой, уулзуулж байх болно гэв.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 3 сарын хугацаанд хүү Эрмүүнийг өөр дээрээ авсан гэж байна. Шүүх хуралдаан 2023.06.21-нд хойшилж шүүгчийн зүгээс эцэг нь хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй, тодорхой хугацаанд аваад асрамжлаад үз гэж зөвлөснийг Б.******* нь үндэслэл болгож, шүүгч хүүхдээ ав гэж хэлсэн гээд Л.*******ыг айлгаж, хүүхдээ авсан байдаг. Хүүг Б.******* дээр байлгах хугацаанд Л.*******ыг бараг уулзуулаагүй, хүчээр 3 сарын хугацаанд хүүхдийг өөр дээрээ байлгасан.

Хүүхдүүдийг хэцүү нөхцөл байдалд амьдарч байна гэж байгаа боловч зөвхөн 1 хүүхдээ өөр дээрээ байлгана гэж байна. 2 хүүхдийнхээ яагаад нэгийг нь авна гэж байгаа юм бэ, 1 хүүхдээ аваад нөгөө хүүхдээ ийм орчинд үлд гэж байгаа юм шиг сонин тайлбар хэлж байна. Нэг талаар сайн аавын дүр эсгэж байгаа боловч хүсээд байгаа зүйл нь ойлгомжгүй. Хүүхдүүд нийтийн байранд амьдарч байгаа нь үнэн боловч хариуцагчийн хэлж байгаа шиг хэцүү нөхцөл амьдраагүй. Хэцүү орчинд амьдраагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдана. Хэрвээ хүүхдүүд хэцүү нөхцөлд амьдарч байсан бол шинжээчийн дүгнэлт өөр гарах байсан.

Хүү Д.Эрмүүн 5 настай, охин Д.Энгүүн 4 настай, хоорондоо 1 насны зөрүүтэй хүүхдүүд юм. Энэ 2 хүүхдийг салгана гэдэг хэцүү. 2 хүүхэд ээжийн асрамжид хамт өсөж торниод явах ёстой.

Л.******* болон Б.******* нар анх хамт амьдарч эхлэхэд нь л Б.*******гийн ээж дургүй байсан. Иймээс Б.******* болон түүний ээж нь нийлж Л.*******ыг зоддог байсан. Шүүх хуралдааны үед хариуцагч архинаас гарсан гэх тайлбар өгдөг. Гэвч сүүлд Л.*******ын гэрт согтуугаар очиж, зодсон хэрэг байгаа. Шийтгэвэр хэрэгт авагдсан. Энэ нь хариуцагчийн архи уухгүй гэх тайлбар нь үндэслэлгүй гэдэг нь нотлогдоно.

Хүүхдүүд аавтайгаа утсаар яриад намайг аваач, өлсөөд байна гэж ярьж байгаа нь худлаа юм. Хүүхдүүд ээжтэйгээ хамт сайхан амьдарч байгаа. Эцгийн зүгээс шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө хүүхдүүдээ хэд хэдэн удаа авч байсан боловч бохир хувцсыг нь уутанд хийгээд эргүүлж өгдөг байсан. Өнөөдөр шүүх хуралдаан дээр бодит байдлаас өөр зүйл ярьж байна. Хүүхдүүдийн амьдарч буй орчин хэцүү гэж байгаа боловч өдий хүртэл хугацаанд хүүхдүүддээ хувцас, хоол, хэрэглээний мөнгө өгч байгаагүй. Бодит байдал болон хариуцагчийн ярьж буй зүйл нь зөрж байгаа учраас хүүхдүүдийг ээж Л.*******ын асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 2022.04.01-ний өдрийн 266 тоот Л.*******ын ам бүлийн тодорхойлолт, Энхийн санаа өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2020.09.04-ний өдрийн 239 тоот тодорхойлолт, 1119670072, 1119670043 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4-11/, итгэмжлэл /хх-ийн 50/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022.10.19-ний өдрийн 32 тоот тодорхойлолт, плаза ХХК-ийн 2022.08.12-ны өдрийн 22/0145 тоот, 2022.07.24-ний өдрийн Б/23-20 тоот тодорхойлолт, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023.08.10-ны өдрийн 13б/2402 тоот албан бичиг /хх-ийн 60-61, 156-157/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.06-ны өдрийн 2023/ЗШ/1526 дугаартай Зөрчлийн шийтгэл ноогдуулах тухай шийтгэвэр /хх-ийн 166-169/ зэргийг,

 

7.Хариуцагч талаас нотлох баримтаар, Б.Уянга, Б.******* нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, гийн 8 дугаар гудамж, тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын тоот гэрчилгээ, ХААН банк ХК дахь Б.*******гийн эзэмшлийн дансны хуулга /хх-ийн 98-128/,Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 2023.09.15-ны өдрийн 481 тоот Б.*******гийн ам бүлийн тодорхойлолт, эмч гийн тодорхойлолт, Гурван гал эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, ийн тодорхойлолт, гэрэл зураг /хх-ийн 174-178/ зэргийг тус тус шүүхэд гаргасан.

 

8.Тус шүүхийн шүүгчийн 2022.10.19-ний өдрийн захирамжийн дагуу хариуцагч талын хүсэлтээр томилогдсон шинжээч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2023.05.10-ны өдрийн дүгнэлт /хх-73-91/, 2023.10.04-ний өдрийн 12362 дугаартай захирамжийн дагуу ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын төвийн 2023.10.16-ны өдрийн 13д 2 /1116 тоот албан бичгээр ирүүлсэн тусгай дугаарын 102 тоот утсанд бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн лавлагаа /хх-163-165/, зохигчдын хүсэлтээр гэрч , нарын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан, хүүхдийн эцэг тогтоолгох, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн зарим хэсгийг үл зөвшөөрч хүү *******ийг өөрийн асрамжид үлдээж асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг Л.*******т холбогдуулан гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн үндэслэлээ, Б.*******той 2016 онд Б.*******той хамт амьдарснаас хойш байнга дарамталж, зүй бус хэл амаар доромжлох, архи уух, зодох зэргээр байнгын хүчирхийлэлтэй амьдарч байсан учраас 2021 оноос хойш тусдаа амьдарсан, хүүхдүүдийг өөрийн асрамжид байлгаж, 2 хүүхдийн эцэг учраас тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласан.

2. Хариуцагч Б.*******гоос нэхэмжлэлийн шаардлагаас охин нь жаахан 4 настай тул ээжийнх нь асрамжид үлдээж, оногдох хүүхдийн тэтгэлгийг төлнө, 2 хүүхэд миний хүүхэд мөн тул эцэг тогтоох шаардлагыг зөвшөөрч байна, харин хүү *******ийг өөрийн асрамжид үлдээхийг хүсч байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Улмаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч 2 хүүхдээ асарч тэтгэх, зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэх боломжгүй, хүүхдүүд нийтийн 3х3 м-ийн хэмжээтэй байранд бохир заваан, бясаатай орчинд амьдарч байна, Л.*******ын хурц ааштай, хэл амаар байнга доромжилдог, хүүхдүүдээ асарч хамгаалах, зөв хүмүүжүүлэх нөхцөл боломж дутмаг, миний хувьд хүүгээ өөрийн асрамжид авч өсгөх бүрэн боломжтой гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

4.Нэхэмжлэгч Л.*******оос сөрөг нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, хүүхдүүд ээжтэйгээ нийтийн байранд амьдарч байгаа нь үнэн ч, хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг хэцүү нөхцөл байдалд амьдарч байгаа гэдэг нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтээр энэ талаар тусгаагүй, 2 хүүхэд ээжийн асрамжид хамт өсөж торних бүрэн боломжтой тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

5.Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

5.1.Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Б.******* нар 2016 оноос хойш хамтран амьдарч энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү ******* 2017.10.17-нд, охин нь 2019.06.15-нд тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар, 1119670072 дугаартай, 1119670043 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон.

5.2.Зохигчдын дундаас төрсөн хүү *******, охин нарт хүүхдийн төрсний гэрчилгээг ээж Л.*******оор овоглож /эцгийн нэрийг тодорхойлж/ захиргааны байгууллагаас олгосон байх бөгөөд хариуцагч Б.******* нь 2 хүүхэд миний хүүхэд мөн гэж тайлбарлан хүүхдүүдийн эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

5.3.Хүү *******, охин нар нь одоо ээж Л.*******ын асрамжид түүнтэй хамт, эрүүл өсч бойжиж амьдарч байгаа нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Энхийн санаа өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдсон.

6.Зохигчид байнгын хэрүүл маргаантай, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2021 оноос тус тусдаа амьдарч байгаа тухай гэрч , нар мэдүүлсэн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******д холбогдуулан цагдаагийн байгууллагад болон холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гарган шалгуулж байсан, дуудлага өгч байсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2020.09.04-ний өдрийн 239 тоот тодорхойлолт,2021.06.21-нээс 2023.09.11-нийг хүртэл хугацаанд Л.*******оос гаргасан дуудлага, мэдээллийн шалгасан тухай Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын төвийн 2023.10.16-ны өдрийн 13д2 /1116 тоот албан бичгээр ирүүлсэн тусгай дугаарын 102 тоот утсанд бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн лавлагаа, хариуцагч Б.*******д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.06-ны өдрийн 2023/ЗШ/1526 дугаартай Зөрчлийн шийтгэл ноогдуулах тухай шийтгэвэр зэргээр нотлогдсон байна.

7.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр хүүхдүүдийн асрамжийн талаар дүгнэлт гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг томилсон бөгөөд шинжээчийн багийн 2023.05.10-ны өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүүхдүүдийн төлөө сэтгэлтэй, хамт байх хүсэлтэй, хүүхдүүдийн анхдагч хэрэгцээг хангах боломжтой, туслан дэмжих хандлагатай талаар дүгнэсэн байна.

Мөн дүгнэлтэд Л.******* өөрийн эзэмшлийн хашаа байшин, орон сууцгүй, нийтийн байранд амьдардаг нь хүүхдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц байх талаар дурдсан байх боловч энэ байдал нь түүний Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхээ хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үндсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй, чадваргүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хариуцагч талаас гаргасан эмч гийн тодорхойлолт, Гурван гал эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, ийн тодорхойлолт, огноо тодорхойгүй гэрэл зураг зэргээр Л.*******ыг хүүхдүүддээ хэрцгий ханддаг, сэтгэл санааны дарамтанд байлгадаг, согтууруулах мансууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүүхдийг гэмт хэрэг зөрчил, буруу зуршилд уруу татсан зэрэг нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэлийг нотлохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эцэг, эх байхыг хязгаарлах, 30 дугаар зүйлд заасан эцэг, эх байх эрхийг хасах нөхцөл байдал ч хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

8.Зохигчдын хүүхдүүд одоо ээжийнхээ хамт амьдарч өсч бойжин, цэцэрлэгт суралцаж байгаа бөгөөд хариуцагч Б.******* өөрийн эзэмшлийн хувийн сууцтай, амьдарч байгаа орчин нөхцөл цэвэр, хүүхдүүдийн хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц биш байгаа талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэдий ч хүүхдүүдийн насны онцлог, тэднийг аюулгүй орчинд байнга харж хамгаалах, эрүүл мэндэд тавих анхаарал, халамж, бага насны хүүхдүүдийн өсч бойжих нөхцөл, хүү, охин нар нь бие биедээ болон ээжийнхээ асрамжид ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шаардлага, шалтгаан тогтоогдохгүй байх тул шинжээчийн дүгнэлт, хэргийн бусад бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж 4-5 настай буюу бага насны хүүхдийг хамтад нь эх Л.*******ын асрамжид үлдээх нь хүүхдүүдийн эрх ашиг, сонирхолд илүү нийцнэ гэж үзэх үндэслэлтэй.

9.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д ...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д Эцэг эх нь насанд хүрээгүй.хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.******* нь өөрийн хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуульд зааснаар хүү *******, охин нарт оногдох хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

10.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 5.3.-т зааснаар хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх, эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх зэрэг эрхтэй бөгөөд хариуцагч Б.*******, нэхэмжлэгч Л.******* нар нь бие биедээ хүүхдүүдийг уулзуулах, хамт байлгах талаар тусгайлсан журмыг хоорондоо тохиролцоогүй байх тул хүүхдүүдийн ашиг сонирхлын үүднээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-д зааснаар 2 хүүхэдтэйгээ эцэг Б.******* нь уулзаж, хамт байх журмыг шүүхээс тогтоох нь зүйтэй гэж үзэв.

11.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хүү *******, охин нарын эцэг нь Б.******* мөн болохыг тогтоон, хүүхдүүдийг эх Л.*******ын асрамжид хамтад үлдээн, хуульд зааснаар тэдэнд оногдох хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагч Б.*******гийн хүү *******ийг өөрийн асрамжид үлдээх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгон, 75 123 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116., 118., зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нь 2017.10.17-нд төрсөн хүү *******, 2019.06.15-нд төрсөн охин нарын эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан хүү *******, охин нарыг эх Л.*******ын асрамжид үлдээж, хүү *******ийг өөрийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэгчид холбогдох, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүү *******, охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******гоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-д заасныг баримтлан хариуцагч Б.*******гийн хүү *******, охин нартай хамт байх, уулзах, асрах, тэжээн тэтгэх эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч Л.*******т даалгаж, хариуцагч Б.******* нь долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу Бямба, Ням гарагт хүү *******, нартай хамт байх, уулзах, тэжээн тэтгэх эрх үүргээ хэрэгжүүлэхээр хүүхдүүдийг өөртөө авч, нэхэмжлэгчид хүргэж өгч байх тусгайлсан журмыг тогтоосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгон, 75 123 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА