Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0366

 

2023 04 17 128/ШШ2023/0366

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Мөнхбат гавишгай ББН /РД:6882072/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Баярсайхан

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ганбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Мөнх-Оргил /ШТҮД:2341/

Маргааны төрөл: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Мөнхбат гавишгай ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, Мөнхбат гавишгай ББН-тай Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас зарласан НЗДДЭМГ/202208025 дугаартай шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийн /Баянзүрх дүүрэг 42-р хороо/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах-аар маргаж байна.

2.Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 192 дугаар албан бичгээр Мөнхбат гавишгай ББН-д хандаж Тус газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зарласан Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянзүрх дүүрэг, 42-р хороо НЗДДЭМГ/202208025 тоот тендерт танай ирүүлсэн тендерийн санал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна.

... Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн тул татгалзаж байна гэсэн хариу хүргүүлжээ.

3.Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Сангийн яаманд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 016 дугаартай албан бичгээр НЗДДЭМГ/202208025 тендерт гомдол гаргасан байх ба Сангийн яамнаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/938 дугаартай хариу албан бичгийн 1, 2 дахь хэсэгт захиалагчийн шийдвэр үндэслэлгүй талаар, харин 3, 4 дэх хэсэгт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаар тус тус тайлбарлажээ. Ийнхүү Сангийн яамны гомдол шийдвэрлэсэн хариу албан бичгийг гардан аваад 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зарласан НЗДДЭМГ/202208025 дугаартай шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянзүрх дүүрэг 42-р хороо/-ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон.

Тухайн тендерийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нээсэн бөгөөд манай компани тендерийн баримт бичигт заасан нөхцөл журмыг хангасан материал боловсруулан захиалагчид хүргүүлсэн. Улмаар 2023 оны 01 сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр танай ирүүлсэн тендер шаардлага хангахгүй байна мэдэгдсэн.

Мөнхбат гавишгай ББН нь шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянзүрх дүүрэг 42-р хороо/ НЗДДЭМГ/202208025 тендер шалгаруулалтын дугаар бүхий тендер шалгаруулалтад оролцсон билээ. Тус газраас манай явуулсан тендерээс татгалзсан мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэлтэй танилцахад татгалзаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.ТЗШ 17.6 Багийн гишүүд нь хүн амын тооноос хамаарч хамгийн багадаа 3 эмч, 3 сувилагч, 1 Эрүүл мэндийн нийгмийн ажилтнаас багагүй хүнтэй байна гэсэн шаардлага дээр манай зүгээс хариу нь орон нутаг хүн амын тоонд ногдох стандартын дагуу 3 эмч, 3 сувилагч, 1 ЭМНАжилтанг багагүй хүнтэй байхаар тооцож материалуудыг бүрэн хүргэж өгсөн. /Tender.gov.mn Тендерийн цахим файлд нотлох баримтаар байгаа болно./

2. ТЗШ 17.6 Сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материалын үнэн бодит эсэхийг тухайн эмч, мэргэжилтэн баг хариуцах бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлэх гэсэнд манайх сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материал эмч мэргэжилтнүүдийн материал нь үнэн бодит болно гэсэн материалыг тендерийн 6-р маягтаар баталгаажуулан хүргүүлсэн.

/Тендерийн бичиг баримтад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 009 тоот албан бичгээр дээрх тендер илгээх маягтын 6-д тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 6-р зүйл 12,4 болон 16.1-д заасныг зөрчсөн эсхүл тендер хуурамч баримт бичиг, мэдээллийг хүргүүлсэн бол уг тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж тооцохыг хүлээн зөвшөөрч байна гэсэн албан бичиг шаардлагыг зөвшөөрч баталгаажуулсан.

3. ТЗШ 17.6 Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл дутуу анкет ирүүлээгүй гэсэн хариу нь манай хүний нөөцийн шаардлагатай мэдээлэл, анкет, боловсрол тодорхойлох баримт бичиг бүрэн шаардсан материалыг тендерийн материалд хавсарган хүргүүлсэн.

4. ТЗШ 17.6 ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах буюу шаардлага хангаагүй гэсэн хариуд Баянзүрх дүүргийн 14-р хороолол 94Г байрны ү-1 тоот 121,3 мкв бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг Баянзүрх дүүргийн 42-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулж тендерийн материалд хавсарган хүргүүлсэн байхад үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Ингээд манай компани захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан. Сангийн яам манай гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт өгч талуудад эрх үүрэг үүсэх үр дагавар бүхий шийдвэр гаргаагүй, хариуцагч өмнө энэ тендерийн сонгон шалгаруулалтад оролцоход шаардлага хангаагүй гэсэн асуудлуудыг манай байгууллага бүрэн засаж залруулан материалыг дахин хүргүүлж байхад үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан учир Захиргааны хэргийн шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаартай тендерт шалгараагүй мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрээр манай тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-ийн худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлахгүйманай байгууллагын тэгш шударгаар тендерээ үнэлүүлэх улмаар гэрээ байгуулах, ажил гүйцэтгэх ашиг орлого олох хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Манай байгууллага нь хуулийн 27 дугаар зүйлд заасан захиалагчийн тогтоосон чадавхийг, нэхсэн шаардлага, техникийн тодорхойлолт, техникийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг бүрэн хангаж байгаа төдийгүй хамгийн сайн тендер гэж үзэх хуулийн шаардлагад бүрэн нийцэж байгаа юм. Захиалагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь манай Мөнхбат гавишгай ББН-ийг ийнхүү хуульд заасан шаардлагыг хангаж байхад гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус юм. Иймд: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар тендерт шалгараагүй мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож, Мөнхбат гавишгай ББН-тай Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас зарласан Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах/Баянзүрх дүүрэг 42-р хороо/НЗДДЭМГ/202208025 тендер шалгаруулалтын дугаар бүхий сонгон шалгаруулалтын ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр өгсөн нэхэмжлэлийн нэмэлт тодруулгадаа: Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж ирүүлсэн тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин тендер зарлаж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нээсэн НЗДДЭМГ/202208025/02/01 урилгын дугаартай шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /БЗД, 42-р хороо/-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хариуцагч дараах шалгуурыг хангаагүй гэж 192 тоот албан бичгээр 2023 оны 01 сарын 26-ны өдөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

1. ТШЗ 17.6 Багийн гишүүд нь тухайн орон нутгийн хүн амын тооноос хамаарч хамгийн багадаа 3 эмч, 3 сувилагч, 1 Эрүүл мэндийн нийгмийн ажилтнаас багагүй хүнтэй байна. Хүний нөөцийн материалын тоог хүн амын тоонд ногдох орон тооноос дутуу ирүүлсэн байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Тендер шалгаруулалтыг явуулахдаа захиалагчаас БЗД-ийн 42-р хорооны хүн амын тоог эцэслэн баталгаажуулсан болон баталгаажуулаагүй хүн амын ямарваа нэг тоо тендерийн бичиг баримтад байхгүй байсан. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зарлаж 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нээх НЗДДЭМГ/202208025/02/01 дугаартай тендерт орохын тулд тухайн хорооны Засаг даргатай дээрх асуудлаар уулзахад одоогоор яг хүн амын тоог албан ёсоор эцэслээгүй байна жилийн эцсээр Үндэсний статистикийн газраас баталгаажуулалт хийсний дараа хүн амын тоог хэлэх боломжтой бөгөөд үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хийгдэж байна гэсэн. Ингээд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 42-р хорооны хүн амын тоо эцэслэж гараагүй байна, боловсон хүчнийг яаж тооцоолох уу гэхэд захиалагчаас хүн амын тоо эцэслэгдэн баталгаажуулаагүй хорооны Өрхийн эмнэлгийн тендерийн бичиг баримтанд ийм тохиолдол үүсвэл 3 эмч, 3 сувилагч 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан байхад болно. 2022 оны эцсээр хүн амын тоо эцэслэгдэн батлагдахаар Эрүүл мэндийн даатгалтай магадлан болон санхүүжилтийн гэрээгээр хүн амын тооноос хамаарч хийнэ гэсэн заавар өгсөн. Ингээд тухайн тендерт 3 эмч 3 сувилагч 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтантай бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцоход дээрх боловсон хүчний бичиг баримтыг зөв байна харин нийгмийн даатгалын лавлагаа ирүүлээгүй, боловсон хүчинг шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйлгүй тодорхойлолт ирүүлээгүй тул шалгарсангүй гэсэн тендерийн шийдвэр тухайн тендерт гаргасан байсан. Дахин дээрх тендерийн сонгон шалгаруулалтад ороход 2022 оны 12 сарын 21 өдөр хүн амын тоо мөн л эцэслэгдээгүй байсан. Баянзүрх дүүргийн 42 хороо 2022 онд байгуулагдсан бөгөөд тухайн оны хүн амын тоог Үндэсний статистикийн хорооноос 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр л эхний байдлаар эцэслэн баталгаажуулсан/Нотлох баримт болгон 42 хорооны Засаг даргын 637 тоот тодорхойлолт/. Захиалагч дээрх тендерийг 2023 оны 1 сард үнэлгээг хийсэн байх бөгөөд тухайн үед Үндэсний статистикийн газар 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр 42-р хорооны хүн амын тоог 9991 /есөн мянга есөн зуун ерэн нэг/ гэж анх удаа албан ёсоор баталгаажуулчихсан байсан. Өөрөөр хэлбэл ирээдүйд хэн төрөөд, хэн нас барах, хэн хэрхэн шилжих, ирэх нь тодорхойгүй хүн амын тоог таамаглах боломжгүй зүйлд дөрөөлөн тендерт шалгаруулаагүй дүгнэлт шийдвэр гаргаж байгаад хариуцагчид гомдолтой байна.

2.ТШЗ 17.6 Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл дутуу анкет ирүүлээгүй байна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2022 оны 12 сарын 21 өдөр хүн амын тоо мөн л эцэслэгдээгүй байсан. Баянзүрх дүүргийн 42-р хороо 2022 онд байгуулагдсан бөгөөд тухайн оны хүн амын тоог Үндэсний статистикийн хорооноос 2022 оны 12 сарын 31 өдөр л эхний байдлаар эцэслэн баталгаажуулсан тул тухайн хүн амын тоо тодорхойгүй байсан тул тендерийн материалд шаардсаны дагуу 3 эмч, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 3 сувилагчийн материалыг хүргүүлсэн бөгөөд нэмэлтээр материал өгөх шаардлагагүй юм. Хорооны хүн амын тоо жилийн эцсээр эцэслэгдэн батлагдсаны дараа өрхийн эмнэлэг Эрүл мэндийн даатгалын ерөнхий газартай боловсон хүчин, санхүүжилтийн тоогоо харилцан тохиролцон гэрээ байгуулж магадлуулан санхүүжилтээ авдаг гэдгийг хариуцагч бүрэн мэдэж байгаа болно. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхбат гавишгай ББН энэ тендерт 2 удаа оролцсон. 09 дүгээр сарын 03-ны өдөр зарлаад 10 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Энэ тендерт оролцох үед сүүлд гаргасан 01 дүгээр сарын 27-ны өдрийн асуудал хөндөгдсөн. Багийн гишүүд тухайн нутгийн хүн амын тооноос хамаарч хамгийн багадаа 3 эмч, 3 сувилагч, 1 нийгмийн ажилтан байна гэж заасан. Энэ тухай хороон дээр очиж уулзахад тухайн хороо 2022 оны 08 сард байгуулагдаад 09 сард ажиллаж эхэлж байсан бөгөөд Монгол Улс хүн амаа нэг удаа тоолдог, оны эцсээр манай хороо эцэслэгдэн байгуулагдана, нутаг дэвсгэрийн тойрог батлагдсан байна, Үндэсний статистикийн газраас хүн амын тоо гарахаар та нар тодруулаарай одоо тоо мэдээ баримт өгөөгүй байна гэсэн. Үүний дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар очсон. Тус газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад тендерийн бичиг баримт дээр чинь байгаа шүү дээ, 25-30 багц тендер зарлагдсан, зарим хороог татан буулгаад шинээр байгуулж байгаа. Зарим өрхийн эмнэлгүүдийг менежментийн баг нь хүчингүй болоод дахин зарлаж байгаа гээд янз бүрийн онцлогтой байгаа. Мөн хорооны хүн амын тоо тодорхойгүй байгаа учраас 3 эмч, 3 сувилагч, 1 нийгмийн ажилтан гээд тохируулга хийсэн байгаа, үүнийгээ хараарай гэсэн. Үүний дагуу 3 эмч, 3 сувилагч, 1 нийгмийн ажилтан гээд тухайн тендерт бичиг баримтаа хүргүүлсэн. 11 дүгээр сарын 26-ны өдөр тухайн тендерийн хариу ирсэн. Тус хариуд бусад бичиг баримт хангаж байна. Боловсон хүчний бичиг баримт бүрэн байна. Харин нийгмийн даатгалын лавлагаа ирүүлээгүй. Боловсон хүчнийг шилжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн тодруулгыг ирүүлээгүй тул шалгарсангүй гэсэн тендерийн шийдвэр Б.Бямбадорж дарга манайд ирүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин тендер зарлаад, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөн тендер авсан байгаа. Энэ үед мөн хүн амын тоо эцэслэгдэн гараагүй байсан. Дахин очиж уулзахад хүн амын тооны барагцаа гарч байна, 9000 орчим байх гэсэн барагцаа байна Гэхдээ нас баралт, төрөлт, шилжилтээ эцэслэж байгаад 12 дугаар сарын 31-ний өдөр тоогоо аваад тэр тоогоороо шалгарсан компанитай байгуулна гэж хэлсэн. Захиалагч талаас тус хороог хэдэн хүн амтай байх талаар тавиагүй. Хэрэв эрсдэл үүсвэл хамгийн багадаа 3 эмч, 3 сувилагч, 1 нийгмийн ажилтан байна гэсэн байсан. Ингээд хариу нь 01 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн. Ирэхдээ хүний нөөцийн материал дутуу буюу 1 эмч, 1 асрагч дутуу байна гэсэн утгатай байсан. Боловсон хүчний материал дутуу гээд, ингээд 4 үндэслэлээр тендер шалгаруулалтыг унагасан. Бид энэ асуудлаар Сангийн яамд гомдол гаргахад 2 үндэслэлийг дэмжээд, 2 үндэслэлийг дэмжээгүй. Сангийн яамд хянагдсан хугацаа, Үнэлгээний хороонд хянагдсан хугацааг харахад 01 дүгээр сарын 24-ний өдөр хянасан юм байна лээ. 01 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд статистикийн тоо мэдээгээ гаргаад улс орон даяар зарласан байсан. Үндэсний статистикийн албан ёсны сайт руу орохоор 2021 он хүртэл хүн амыг зарласан байгаа юм. 2021 онд хамгийн сүүлийн байдлаар Баянзүрх дүүрэг 25 хороотой байсан. 2022 онд дахин 20-иод хороо байгуулаад одоо 46 хороотой болсон. Энэ 46 хорооны хүн амын тоо 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар гарж ирсэн.

Тэгэхээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар яаж дүгнэлт гаргаж байна вэ гэхээр манайд ялгавартай хандаад жилийн эцэс гэхэд хэдэн хүн нас барсан байх ёстой, хэдэн хүн шилжилт хөдөлгөөн хийсэн талаар гаргасан тоог өөрсдөө баталгаажуулсан байх ёстой гэсэн үндэслэлгүй шаардлага тавьсан. Бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан байгаа юм. Хүний нөөцийн материал дутуу гэдэг асуудалд яах аргагүй тийм байсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 9991 гэж хүний тоо гаргасан. Стандартын дагуу бол 2000 хүн амд 1 эмч байх ёстой юм. Манайхаас албан ёсоор батлагдсан тоогоор эмч сувилагч дутуу үлдэж байгаа юм. Тэр материалаа ирүүлээгүй, хүн амын статистикийн тоог зөв гаргаж чадаагүй гэдэг 2 үндэслэлээр тендер шалгаруулалтаас хассан. 4 үндэслэлээр сонгон шалгаруулаагүй байна гэсэн боловч шүүхийн шатанд 2 үндэслэлээр нь маргахгүй, харин Нийслэлийн Эрүүл мэндийн газар алдаа гаргасан байна гэж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар алдаа гаргасан гэж байгаа учраас энэ 2 үндэслэлээ татаж авлаа. Б.Бямбадорж даргын 192 дугаар шийдвэр буюу эрх зүйн баримт бичгийг хүчингүй болгож өгнө үү. Манайхтай гэрээ байгуулах, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Бид өнөө өглөө хорооноос тодорхойлолт авсан. Тус тодорхойлолтоор 12 дугаар сарын 31-ний өдрийн хүн амын тоогоо 9991 гэж батлуулсан гэдгээ өгсөн. Өмнө нь 12 сард ойролцоо тоо гаргаж өгнө үү гэхэд гаргаж өгөөгүй юм. Үндэсний статистикийн сайт дээр албан ёсны мэдээ байгаа. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаатар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Манай газраас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарласан НЗДДЭМГ/202208025 дугаартай Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянзүрх дүүрэг 42-р хороо/-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч Мөнхбат гавишгай ББН-тэй тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ17.6-р шаардсан Багийн гишүүд нь тухайн орон нутгийн гишүүдийн хүн амын тооноос хамаарч хамгийн багадаа 3 эмч, 3 сувилагч, 1 Эрүүл мэндийн нийгмийн ажилтнаас багагүй хүнтэй байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй. /Сангийн яам тендерийн гомдлыг 2023 оны 02 сарын 15 өдөр 03/938 тоот албан бичгээр хянаад захиалагчийн шийдвэр зөв байна гэж үзсэн./

2.Тендерийн ТЗШ 17.6 Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл дутуу анкет, боловсрол тодорхойлох баримт бичиг бүрэн шаардсан материалыг тендерийн материалд хавсарган ирүүлээгүй, дутуу материал ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох ёстой. Сангийн яам тендерийн гомдлыг 2023 оны 02 сарын 15-ны өдөр 03/928 тоот албан бичгээр хянаад захиалагчийн шийдвэр зөв байна гэж үзсэн.

Харин нэхэмжлэгчийн Сангийн яаманд гаргасан тендерийн гомдлыг тус яам хянаад 2023 оны 02 сарын 15 өдрийн 03/938 тоот албан бичгээр дараах зүйлийг үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл 55.3.1.энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй гэж заасан байна. Иймд:

ТЗШ 17.6 Сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материалын үнэн бодит эсэхийг тухайн эмч, мэргэжилтэн баг хариуцах бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлэх гэсэнд материалыг тендерийн 6-р маягтаар баталгаажуулан хүргүүлсэн байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж Сангийн яам 2023 оны 02 сарын 15 өдрийн 03/938 албан бичгээр хянаж шийдвэрлэсэн байна. Сангийн яамны захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж хянан дүгнэсэн дээрх хэсгээр нэхэмжлэгчтэй маргахгүй.

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 17.6-р шаардсан багийн гишүүд нь тухайн орон нутгийн гишүүдийн хүн амын тооноос хамаарч хамгийн багадаа 3 эмч, 3 сувилагч, 1 эрүүл мэндийн нийгмийн ажилтнаас багагүй хүнтэй байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй бөгөөд тендерийн ТЗШ 17.6 Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл дутуу анкет, боловсрол тодорхойлох баримт бичиг бүрэн шаардсан материалыг тендерийн материалд хавсарган ирүүлээгүй, дутуу материал ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох ёстой. гэжээ.

5.1.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 47 дугаар зүйлд Үнэлгээний хорооны тухай зохицуулалт байдаг. Үнэлгээний хорооны ажиллах эрх үүргийг тодорхойлохдоо Үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийг 40.6.2-д зааснаар захиалагчид хүчингүй болгох эрх байхгүй. Үнэлгээний хорооны шийдвэр нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байгаа юм. Үнэлгээний хорооноос шаардлага хангахгүй байна гэж хэлээд шаардлага хангахгүй гэдэг ангилал руу оруулчихсан. Энэ шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа болохоос биш шаардлага хангаагүйн улмаас гэрээ байгуулахгүй гэдэг мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй юм. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч тал мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсан гэж яриад байгаа. Ямар нэгэн байдлаар боломжтой байсан эсэх асуудлыг бид хэлээгүй. Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг шалгасан хүмүүс алдаа гаргасан байж болно.

Харин алдаа гаргачхаад түүнийгээ Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлж байгаа процесс нь өөрөө миний сая хэлсэн нөхцөл байдлыг үүсгэж байна. Магадгүй Үнэлгээний хорооноос гэрээ байгуул гээд зөвлөмж өгсөн байхад манайх байгуулахгүй гэж шийдсэн бол энэ нь манай шийдвэр юм. Хүн амын тоотой холбоотой асуудал дээр манайх хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед Үндэсний статистикийн хорооноос тоо баримт нь гараагүй байсан. Их хүн амтай бол 1800-200 хүн дунд 1 гэсэн зүйлийг баримтлаад байгаа. Өнөөдрийн байдлаар энэ нь шүүхэд гомдол гаргаад шийдвэрлүүлэх асуудал мөн үү гэдэг асуудал яригдана. Тендерийн тухай хуульд зааснаар гэрээ байгуулсан бол Сангийн яаманд гомдлоо гаргана, гэрээ байгуулаагүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргана. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нөхцөл байдал байна. Би анхнаасаа хэлсэн. Энэ асуудлаар гомдол гаргах гэж байгаа бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээд хариуцах ёстой этгээдийг оруулаад энэ асуудлаа яривал магадгүй зөв байх боломжтой. Учир нь шаардлага хангасан байгууллагатай гэрээ байгуулаагүй нь хууль зүйн зөрчил мөн. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга тендерт ямар компани ямар баримт бичиг ирүүлж байгааг мэдэх боломжгүй. Энэ нь Үнэлгээний хорооны асуудал бөгөөд зөвлөмжөө захиалагчид хүргүүлдэг болохоос захиалагчид Үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийг хянан шийдвэрлэх эрх олгогдоогүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Мөнхбат гавишгай ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэх шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож, Мөнхбат гавишгай ББН-тэй Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо НЗДДЭМГ/202208025 тендер шалгаруулалтын дугаар бүхий сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах[1] шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгч Мөнхбат гавишгай ББН-ийн нэхэмжлэлийг доорх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2.1.Мөнхбат гавишгай ББН-өөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зарлаж, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нээхээр болсон НЗДДЭМГ/202208025/03/01 урилгын дугаартай Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянзүрх дүүрэг 42-р хороо/ гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулахаар зарласан шийдвэр буюу захиргааны актын биелэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яаралтай түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлээд хариуцагчийг хууль зүйн туслалцаа авч, тайлбар, баримтаа гаргаж өгөх боломжоор хангасны дараа хүсэлтийг шийдвэрлэхээр орхисон болно.

2.2.Улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ дэмжиж ... Шүүх энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газраас НЗДДЭМГ/202208025/0301 тоот Баянзүрх дүүрэг, 42 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулахаар 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тендер зарласнаар дахин шинэ актууд гарах нөхцөл бүрдээд байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хууль тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. гэж заасан бөгөөд актын биелэлтийг түдгэлзүүлснээр энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан тохиолдол байхгүй, ийм нотлох баримт шүүхэд ирээгүй байна. ... Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэж хүссэнийг шүүх хэлэлцсэн.

2.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:62.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол; гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдагдсан НЗДДЭМГ/202208025 дугаартай Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төв/Баянзүрх дүүрэг, 42-р хороо/-ийг сонгон шалгаруулах тендер зарласан шийдвэрийг түдгэлзүүлэх нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар байна гэж үзлээ.

2.4.Учир нь нийтэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах тендерийг зогсоох нь нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй, илт хохирол учруулахаар байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх явцад шийдвэрлэсэн хүсэлт учир тусгайлан бичгээр захирамж гаргаагүй болно.

3.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэх шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Мөнхбат гавишгай ББН-д 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 192 дугаартай албан бичгээр ... танай ирүүлсэн тендерийн санал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна. ...Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн тул татгалзаж байна. гэсэн хариу хүргүүлсэн байна.

3.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана., мөн хуулийн 27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэг зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. гэж тус тус заасан ба тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай тэмдэглэлээс үзвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан Шинээр байгуулагдах Өрхийн Эрүүл мэндийн төв-ийг сонгон шалгаруулах (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг) тендерт үнэлгээ хийж, захиалагчид зөвлөмж хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцээд Үнэлгээний хорооны ... гишүүд бүгд санал нэгтэй хурлын 80%-ийн ирцтэй Баянзүрх дүүргийн шинээр байгуулагдах 42 дугаар хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг дахин зарлах зөвлөмжийг Захиалагч буюу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 47-50 дахь тал/

3.2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7.Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. гэж зааснаар үнэлгээний хорооны шийдвэр нь Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тэмдэглэл байна.

3.3.Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №01 дугаартай Үнэлгээний хорооны зөвлөмжөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны А/246 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Шинээр байгуулагдах Өрхийн Эрүүл мэндийн төв-ийг сонгон шалгаруулах тендерт дараах хороонд шаардлага хангасан нэг ч санал ирээгүй тул дахин сонгон шалгаруулалт зарлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зөвлөсүгэй. /хэргийн 33, 34 дэх тал/ гэсний дагуу хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар Мөнхбат гавишгай ББН-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлжээ.

3.4.Нэгэнт нэхэмжлэгч Мөнхбат гавишгай ББН Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай тэмдэглэл буюу үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Мөнхбат гавишгай ББН-ийн тендер шаардлага хангаагүй талаарх үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй буюу хүчин төгөлдөр үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэж Мөнхбат гавишгай ББН-ийн тендерээс татгалзсан хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын татгалзал хуульд нийцсэн гэж шууд дүгнэхээр байна.

3.5.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх эсэх талаар удаа дараа тодруулсныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон /хэргийн 54 дэх тал/, тэрээр нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхээ хэрэгжүүлэхгүй болохоо тодорхой илэрхийлсэн тул шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шийдвэрлэх эрхгүй, хөндлөнгийн байр сууринаас хандсаныг дурдах нь зүйтэй.

3.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнэлгээний хорооны шийдвэр/тэмдэглэл/-тэй маргахгүй үндэслэл шалтгаанаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:46.1.2.үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах; гэсэн хуулийн заалтыг захиалагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлээгүй, үнэлгээний хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй байх боломжтой байсан хэмээн тайлбарлан маргах боловч мөн хуулийн 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;, 47 дугаар зүйлийн 47.2.Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно. гэж зааснаас үзвэл захиалагч нь үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэн нэхэмжлэгч Мөнхбат гавишгай ББН-ийн тендерээс татгалзсаныг буруутгах боломжгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн ...Үнэлгээний хороо бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг ... гэх тайлбар үндэслэлтэй байна.

4.Мөнхбат гавишгай ББН-тэй Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо НЗДДЭМГ/202208025 тендер шалгаруулалтын дугаар бүхий сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ. гэж заасан.

4.2.Өөрөөр хэлбэл захиалагч буюу хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь дээрх хуульд зааснаар хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан болон хамгийн сайн үнэлэгдсэн гэх урьдчилсан нөхцөлийг зэрэг хангаж байгаа тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахаар байна.

4.3.Гэтэл нэхэмжлэгч Мөнхбат гавишгай ББН-ийн тендер хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр хариуцагч татгалзсан байх ба уг татгалзал хуульд нийцсэн талаар шүүх өмнөх хэсэгт дүгнэсэн, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй. гэж заасан тул нэхэмжлэгч хуулийн этгээдтэй гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

5.Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Мөнхбат гавишгай ББН-ийн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.Бүх тендерээс татгалзсан тохиолдолд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:30.4.3.энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах. гэснийг хариуцагч зөрчиж дахин тендер зарласан байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

6.1.Хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж аваагүй баримтууд нь Худалдан авах ажиллагааны цахим систем/tender.gov.mn/-д байршсан, нийтэд илэрхий үйл баримт болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.3, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Мөнхбат гавишгай ББН-ийн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаар тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэх шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож, Мөнхбат гавишгай ББН-тэй Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо НЗДДЭМГ/202208025 тендер шалгаруулалтын дугаар бүхий сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 000 төгрөгөөс 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА