Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2019/00021

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Д.Б-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэртэй Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Б, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1999 онд Д.Б-тэй танилцаж, гэр бүл болон 2006 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд 2001 онд охин Б.Мөнхзул, 2004 онд охин Б.Солонго, 2013 онд охин Номин, 2015 онд хүү Б.Баасандорж нарыг төрүүлэн өсгөсөн. 2007 оноос эхлэн бидний хооронд таарамжгүй харилцаа үүсч, бие биенээ ойлгохгүй болж гэрийн дотор маргаан үүссэн учир 2007 онд өөрийн ээжийнхээ гэрт очиж амьдарсан. Гэтэл Д.Б хүүхдүүдээ бодоод эргэж хамт амьдарна гээд гуйж ирсэн учир дахин нэг гэрт хамт амьдарсан. Гэвч нөхөр маань удалгүй намайг зодож, цохин дарамтлах болсон. 2017 оны 6 сарын 23-ны өдөр намайг зодсон бөгөөд 24-ний өглөө дахин зодсон. Ингээд би гэрээсээ хөөгдөж гараад түүнээс хойш бид тус тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Д.Б нь үр хүүхдүүдтэй маань уулзуулдаггүй. Хүүхдүүд маань эцгийнхээ асрамжид байгаа нэртэй боловч үр хүүхдүүдээ өөрөө харж асран халамжилдаггүй, хүүхдүүд түүний эцэг, эх дээр л байдаг. Манайх өөрийн гэсэн малтай учир үр хүүхдүүдээ асран хамгаалах чадвартай. Төрүүлж өсгөсөн үр хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч үр хүүхэдтэйгээ амгалан тайван амьдрах хүсэлтэй байна. Иймээс гэр бүлийн хүчирхийлэлд үр хүүхдүүдээ өсгөх хүсэлгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бидний хооронд хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй, 2 бага хүүхдийнхээ тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулан авна. Харин 2 том хүүхэддээ тэтгэлэг авахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Д.Бгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргахдаа Д.Б болон түүний ар гэрийн зүгээс маш их дарамттай байсан тул гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан гаргахгүй гэж бодон эд хөрөнгийн маргаангүй гэж бичсэн. Гэтэл үүнээс хойш одоог хүртэл хэргийг шийдүүлж чадаагүй, Д.Бгийн үр хүүхдээ гэх сэтгэл байхгүй, тэднийхээ амьдрах ая таатай нөхцөлд санаа тавихгүй, зөвхөн эцэг эхийнхээ дэргэд үр хүүхдээ өсгүүлж, тэжээлгэхээр найдаж байгаа байдал нь надад хүүхдүүдийнхээ төлөө энэ хүнээс гэр бүлийн дундын өмчөө хуваалгах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрлээ. ...Бид хоёр хамт амьдарч байхдаа өөрийн гэсэн гэртэй, хашаа байшинтай, газартай байсан. Д.Бд зодуулаад гэрээсээ явсанаас хойш гэртээ очиж чадаагүй. Бидний амьдарч байсан гэр маань хуучны яс сайтай 4 ханатай гэр байсан. Мөн гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газартай, 3 тал бүхий мод төмрөөр барьсан хашаатай, гэр орны бүх хэрэгцээт тавилгатай айл байсан. Гэрийн тавилгад маргахгүй. Харин гэр бүлийн дундын өмч болох Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б-02Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газраа, 3 талт хашаатай нь, 4 ханатай гэрийг шүүхийн журмаар шийдүүлэн өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулан авна. ... Иймд газар хашаандаа гэр орондоо хүүхдүүдтэйгээ тав тухтай амьдармаар байна. 4 ханатай эсгий гэрээ 1 500 000 төгрөгөөр, 3 талт хашааг 1 000 000 төгрөгөөр тус тус үнэлж байна... Бид өөрсдийн гэсэн малаа маллаж амьдардаг байсан ба миний бие оёдол хийж малаар сольж арилждаг байсны үр дүнд малтай болж нэг сувай үнээ, 4 бяруутай үнээ, нэмж хоёр нь тугаллаад нийт 11 үхэр, 4 эм хонь, нэг адууг 2016 онд тоолуулсан. Адууг 800 000 төгрөг, хонь тус бүрийг 100 000 төгрөг, үнээ тус бүрийг 1 000 000 төгрөг, бяруу нэг бүрийг 500 000 төгрөг, тугал нэг бүрийг 150 000 төгрөгөөр үнэлж байна. Иймд Д.Бгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмээд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх нийт 10 700 000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 3 тал хашааг гаргуулах тухай хэсгээс татгалзаж байна. Учир нь 3 талт хашаа маань байхгүй болоод нэг талт хашаа болсон байсан. Мөн охин Б.Солонгод хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бусад шаардлагаа бүрэн дэмжиж байна. Миний бие одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа учраас гэрлэлтийг цуцлах боломжтой гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ өөрийн асрамжинд аваагүй шалтгаан нь Д.Б болон түүний эцэг, эх нь дарамтлаад хүүхдүүдийг минь өгөхгүй байгаатай холбоотой. Хүүхдүүдийн саналыг асуухад охин Б.Мөнхзул ээждээ хайртай гэдгээ илэрхийлсэн гэхдээ аавтайгаа амьдарна гэсэн санал гаргасан байдаг боловч одоо 18 насанд хүрсэн учир тэтгэлэг гаргуулахгүй. Харин охин Б.Солонго нь ээжтэйгээ хамт амьдарна, дүү нараасаа салахгүй гэсэн санал өгсөн. Охин Номин маань аавтайгаа хамт амьдардаг байсан боловч одоо би өөрөө авах хүсэлтэй байна. Иймд миний 4 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Д.Б хүүхдүүдээ асраад аваад явж чадахгүй. Гэр бүлийн дундын өмчийн хувьд бид хамт амьдарч байх хугацаандаа өөрийн гэсэн газартай, 4 ханатай эсгий гэрт амьдардаг байсан. Амьжиргааны хэдэн малтай, 2016 онд би өөрөө байж байхдаа тоолуулсан малын тоонд үндэслэн дээрх 16 толгой малаас ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэл дээрээ 10 700 000 төгрөгийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулна гэж бичсэн боловч газрын үнэлгээг бичээгүй байсан. Газрыг “Вендо” ХХК-иар үнэлүүлэхэд 4 дүгээр бүсийн газарт хамааруулан 1 200 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Харин Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж өгсөн баримтанд манай газрыг 2 дугаар бүсэд хамааралтай гээд 700 м2 газрыг 2 800 000 төгрөгийн үнэтэй гэсэн байсан. Газраа уг үнэлгээгээр тооцоход татгалзахгүй.Газраа 2 400 000 төгрөгөөр үнэлнэ. Иймд бидний дундын хөрөнгө болох гэр бүлийн хэрэгцээний газар, 4 ханатай эсгий гэр, нэг адуу, нэг сувай үнээ, 4 бяруутай үнээ, хоёр тугал, 4 эм хонь гэсэн 16 толгой мал буюу нийт 13 400 000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн 6 гишүүнд хуваан нэг хүнд ногдвол зохих 2 233 000 төгрөгийг 5 гишүүнээр тооцож 11 166 000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах, газар болон 4 ханатай эсгий гэрийг өөрт болон хүүхдүүдэд үлдээж өгнө үү. Д.Бгийн дүүгийн 5 үхэр манайд тоологддог байсан. Сүүлд тоолуулсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Д.Б мал байхгүй гээд байгаа боловч айлд тавиулаар малаа харуулдаг, би тэр айлд нь очиж малаа хараад зүсээр нь таньсан. Тиймээс мал байхгүй гэдэг нь худлаа. Бид хамт амьдарч байхдаа зээл төлөх, хүүхдүүддээ хувцас авч өгөх, гэрийн хэрэглээ гээд малаа зардаг л байсан. Гэхдээ тэгж бүх малаа байхгүй болгоогүй гэв.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Б.Б нь зарим зүйлийн талаар огт худлаа ярьж байна. Бидний хооронд үл ойлголцол маргаан байдаг байсан боловч эхнэрээ зодож байсан удаа байхгүй. Б.Б нь төлбөрийн чадваргүй, ажил хийдэггүй учир үр хүүхдүүдээ авч явах чадваргүй. Б.Б нь өөрийн гэсэн малтай гэж буй боловч түүнд өөрийн гэсэн мал байхгүй айлын мал хардаг юм. Тэгээд ч Б.Б нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Би өөрийн хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахгүй өөрөө өсгөж, хүмүүжүүлнэ. Гал голомтыг минь сахиж үлдэх хүүгээ өөрөө авна, одоо би 3 охинтойгоо хамт амьдарч байгаа. Иймээс хүүхдүүдээ Б.Бт өгөхгүй. Бид амьжиргааны хэдэн малтай байсан үнэн. 2016 онд Б.Б бүгдийг өөрөө сандаасан хүн. Мөн хүүхдүүдийн хувцас хунар, хичээл ном, зээлээ дарах гэх мэтээр малаа зараад малгүй болсон. Миний дүү Цэрэнпунцагийн хэдэн толгой үхэр манайд тоологддог байсан. Тэр мал нь өсөөд 14 толгой үхэр болсон. Манайх 2018 онд мал тоолуулаагүй. Бүгдийг Б.Б өөрөө сандаасан. Мөн газар болон гэрийг миний аав ээж бид хоёрыг гэр бүл болоход амьдар гэж өгсөн. Тэр газар дээр, гэртээ би 3 охины хамт одоо болтол амьдарч байгаа. Иймд газар болон гэрээ Б.Бт өгөхгүй...гэв.

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэрээр:  

            Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овгийн Д.Б, Б овгийн Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, 

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б.С, хүү Б.Б нарыг эх Б.Б-ийн асрамжинд, охин Б.Н-г эцэг Д.Б-гийн асрамжинд тус тус үлдээж,

            Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т тус тус зааснаар хариуцагч Д.Б-гээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнээс нийт 5 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т, 650 000 төгрөгийг охин Б.М-д тус тус олгон, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ... гудамжны ... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 600м2 газар, 4 ханатай эсгий гэрийг тус тус хариуцагч Д.Б-гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.М-ын асрамжийг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 3 талт хашаа болон 8 тооны малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдэж,

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бийн төлсөн 190 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Бгээс улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардалд нийт 370 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт 110 950 төгрөгийг олгож, үлдэх 259 400 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Бээс шүүхийн зардалд 119 000 төгрөгийг тус тус гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхэд Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа 4 хүүхдээ өөрийн асрамжид авна, 3 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах, 11 166 000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд миний бие гэрлэлт цуцлах л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байдаг бөгөөд дараах гомдлыг гаргаж байна. 

Анхан шатны шүүх 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэртээ “... бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Солонго, голомт залгах хүү Б.Баасандорж нарыг минь эх Б.Бийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж бидний амьдарч байсан гэрийг Б.Б нь 1 500 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд анхан шатны шүүхээс Б.Бийн гаргасан үнээр тооцсон төдийгүй гэр бүлийн хэрэгцээний газрыг минь 2 400 000 төгрөгөөр үнэлж дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваасанд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний Вендо компани үнэлгээгээ гаргаад 1 200 000 төгрөгөөр үнэлсэн байхыг хүлээн аваагүй, уг үнэлгээгээр үнэлээгүйд гомдолтой байна. Бидний дунд одоо ямар нэгэн мал байхгүй, энэ талаарх баримтыг нь багийн засаг даргаас тодорхойлолт авчирч өгөхөд түүнийг хүлээж аваагүй. Өмнө нь Цэрэнпунцаг хүний малыг өөрийн нэр дээр тоолуулсан байхад уг байхгүй байгаа хөрөнгийг адил тэнцүү хувааж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Б.Б нь эр нөхрөө, төрүүлсэн үр хүүхдээ хаяж гэрлэлтийн баталгаатай хүнтэй гэр бүлийн дотно харьцаа үүсгэн өөрийнхөө болоод бусдын амьдрал үр хүүхдийг айлган сарниулж байгааг ч шүүх анхаарч үзээгүй. Би Б.Бийн хүсэл сонирхлыг хязгаарласан зүйл хийгээгүй. Б.Бийн талаар гэр бүлээс гадуур харилцаатай болсон талаар надад хэлж байсан ч түүнийг өөрийн буруугаа ойлгох байх гэдэгт өдий хүртэл итгэж ирсэн. Миний голомт залгах хүү Б.Баасандоржийг хөхнөөсөө гараагүй байхад нь энэ хүн хаяад явсан. Миний охин Б.Солонго нь одоо 15 настай, охин хүүхэд цаашдын ирээдүйг хойд эцгийн гар дээр байлгах үнэхээр хүсэл сонирхолгүй байна. Миний охин өөрийн өсөж торнисон газартаа амьдарч, сурч боловсорч явах нь цаашдын ирээдүйд нь хэрэгтэй. Миний 4 хүүхэд Б.Бийг үр хүүхэд, гэр бүлээ хаяад явсан цагаас хойш над дээр л байсан. Би өөрийн асрамжид авснаараа төрсөн эхтэй нь уулзуулахгүй гэж байгаа хэлбэр биш юм. Би архи дарс уудаггүй, үр хүүхэддээ муу үлгэр дуурайл үзүүлж байсан удаа байхгүй. Иймд би 4 хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. Анхан шатны шүүхээс намайг нэхэмжлэгч Б.Бт 5 350 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоохгүй, хэт нэг талыг барьж, үнэн зөвөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд шийдвэрлэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Б би 2017 оны 08 сараас эхлэн Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Бгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба 2018.11.12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс ноогдох хэсгээ гаргуулах тухай шаардлага гаргасан. 2 жил шүүхээр маргаанаа шийдүүлж чадахгүй маргасаар хохирч байна. Нэг талдаа хариуцагч Д.Б хүч түрэмгийлэн хүүхдүүдээ надад өгөхгүй өөр дээрээ байлгана гэж дайрч аваад хамт байлгаж байснаараа шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Мөн гэр бүлийн эд хөрөнгийг нуух, бусдад шилжүүлэх гэхчилэн дангаар захиран зарцуулж малын жилийн эцсийн тооллогоор өөрийн давуу байдлаа ашиглан багасгах тоолуулахгүй байснаар өөртөө давуу байдал бий болгосон ба энэ талаар шүүхээс анхаараагүй.

Тус шүүхийн шийдвэрийн: охин Номинг эцэг Д.Бгийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон, 8 тооны малаас ноогдох хэсгээ гаргуулах тухай хэсгүүдийг  тус тус хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй маргаж байна. Мөн шинжээчийн зардал төлүүлж байгааг зөвшөөрөхгүй.

Номин охин маань 2013 онд мэндэлсэн. Одоо 5 нас гарантай. 7 нас хүрээгүй учраас хүүхдийн санал асуулгах боломжгүй тул шүүхийн шийдвэр гаргахдаа эх дээрээ биш эцэг дээрээ байсан байдлыг харгалзан шийдсэн нь үндэслэл муутай байна. Хүүхдийн асрамжтай холбоотой 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан. Миний зүгээс аль ч хүүхэддээ эхийн хайраар ханддаг. Д.Б нь хүүхдүүддээ хайртай гэхээсээ хүүхдийн тэтгэлэг төлөхгүйн тулд хүүхдүүдээ булаацалддаг. Гэрлэлт цуцлах шалтгаан Д.Бгийн намайг зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байдлаас болж л би сэтгэл хөндийрөн салсан. Би ханиа гэж бодоод цагдаа хуулийн байгууллагад ханддаггүй байсан нь Д.Бгийн зоддоггүй гэж маргадаг байдалд хүргэсэн. Тэрээр хамт амьдарч байхдаа гэр бүлээ тэжээж чаддаггүй, одоо ч гэсэн тогтсон ажил орлогогүй, эцэг эхийнхээ дэмжлэгээр амьдарч байгаа хүн. Миний хувьд жилийн 4 улиралд орлого олж байгаа ба орлогоо нотолж үр хүүхдүүдээ тэжээгээд авч явж чадна гэдгээ нотолсон.  2018.02.08-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хүүхдүүд миний асрамжид байх шийдвэр гарахад би бүх хүүхдүүдээ өөрийн асрамжид авсан боловч 2018.04.04-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүү Баасандоржоос бусдыг нь эцэг Д.Бгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэхэд Д.Б аав Дэмбэрэлийн хамт ирж бүх хүүхдүүдийг минь аваад явсан. Охин Солонго маань 2018 онд шүүхийн шийдвэр гарсны дараа хэний ч санаанд оромгүйгээр эсэргүүцэл илэрхийлж байсан. Д.Б биш би хүүхдүүдийнхээ хувцас, хичээлийн хэрэглэл гээд бүгдийг зохицуулж байсан. Д.Б охин Номинг надтай уулзуулахгүй байнга хорьдог байсан нь надад хүүхдээ өөртөө авах эрмэлзэл төрүүлсэн. Тиймээс би охин Номинг Д.Бгийн асрамжид үлдээх тухай шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрээр охин Солонго, хүү Баасандорж нарыг миний асрамжид үлдээсэн. Би хүүхдүүдийнхээ тэтгэлгийг анхнаасаа нэхэмжилж байсан. Шүүх шийдвэр гаргахдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндөж байна. Би нэхэмжлэлээсээ татгалзаагүй. Тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааг ялгаатай зааж өгсөн ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж гомдож байна. Тэтгэлэг төлүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа хүүхдийн эрхийг зөрчиж буй бөгөөд хүүхдийн хэрэглээ шаардлага өөр өөр байсаар байтал бүхэлд нь нэгэн адил шийдэж байгаа нь үндэслэлгүй юм.

Манай гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг шүүхээс шийдвэрлэхдээ зарим талаар бодит байдлыг зөв үнэлж чадаагүй. Үүнд миний нэхэмжилсэн 4 толгой хонийг хэрхэн яаж шийдвэрлэсэн, яаж тооцсон болох нь ойлгомжгүй байна. Энэ талаар би нэхэмжлэлээсээ татгалзаагүй учир 4 тооны хонио шийдүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. 

8 тооны малаас ноогдох хэсгээ гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Би өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадсан. Учир нь малын А дансыг жил бүрийн тоо толгойгоор гаргаж өгсөн. 2017 оны малын А дансны үлдэгдэл манай 2016 онд тоолуулсан мал яг хэвээрээ л бүртгүүлж байсан. Үүгээр Цэрэнпунцагийн нэр дээр тоолуулсан мал хэнийх гэдэг нь тодорхой байна. Харин хариуцагч нь ах дүү, аав ээжийн хамт гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг нууж, үрж зүй бусаар ашиглаад байхад үүнийг дүгнэж чадаагүй нь алдаатай шийдвэр гарахад нөлөөлсөн. Дундын хөрөнгөө хэрхэн яаж үрснээ нотлоогүй байхад 8 тооны малтай гэж үзээд хуваах шийдвэр гаргасан нь буруу. ГБТХ-ийн 14-р зүйлийн 14.8, ИХШХШТХ-ийн 128-р зүйлийн 128.1, 128.2-д заасан зохицуулалт нь гэр бүлийн гишүүний өмчлөх эрхийг хангаж хамгаалсан заалт байхад үйл явдалд зөв дүгнэлт хийж чадаагүй нь миний болон хүүхдийн эрхийг зөрчиж байна. Манайх 16 тооны малтай байсан нь тогтоогдсон. Гэрлэлт цуцлуулахаас өмнө ганцаараа захиран зарцуулсан Д.Б зарлагаа нотлоогүй, надаас зарцуулах тухай зөвшөөрөл аваагүй байхад малын тоог үндэслэлгүй буруу шийдвэрлэсэн.

Гэрийн үнэ маргаантай байдаг. Би 1 500 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүнийг хариуцагч зөвшөөрөхгүй 2 000 000 төгрөгийн үнэтэй гэсэн. Би 2 000 000 төгрөгийн үнийг нь зөвшөөрөөд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгүүлээгүй. Гэтэл шүүх нь маргаж байгаа үнийг яагаад маргаангүй гэж дүгнээд  1 500 000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Надаас шинжээчийн дүгнэлтийн 119 000 төгрөг гаргуулах тухай шийдвэртээ заасан. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хариуцагч Д.Бгийн хүсэлтээр хийгдсэн ба шинжээчийн зардлыг надаас 50 хувийг гаргуулах шийдвэрийг би зөвшөөрөхгүй байна. Иймд миний гаргаж буй гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан охин Номинг эх миний асрамжид үлдээж, насанд хүрээгүй хүүхдүүдэд маань тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулан гэр бүлийн хөрөнгийг шударга зөвөөр ноогдуулж өгөхийг хүсч байна” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжид авах, эцэг Д.Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах анхны нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрсэн охин Б.Мөнхзулын асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Б эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

  Анхан шатны шүүх Б.Б, Д.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Солонго, 2015 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Баасандорж нарыг эх Б.Бийн асрамжид, 2013 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Номинг эцэг Д.Бгийн асрамжид тус тус үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б- 2Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газар, 4 ханатай эсгий гэрийг тус тус хариуцагч Д.Бгийн өмчлөлд үлдээж, Д.Бгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнээс 5 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт, 650 000 төгрөгийг охин Б.Мөнхзулд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.Мөнхзулын асрамжийг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 3 талт хашаа болон 8 тооны малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Б.Б, Д.Б нар нь 2006 оны 11 сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаандаа охин Б.Мөнхзул, Б.Солонго, Б.Номин, хүү Б.Баасандорж нарыг төрүүлсэн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 06 сараас хойш тусдаа амьдарч байгаа, Б.Б нь одоо хамтран амьдрагчийн хамт амьдарч байгаа үйл баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно.”, 14.6-д “...тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”, 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх хүүхдийн асрамж тогтоохдоо Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газрын шинжээч нарын гаргасан дүгнэлт болон охин Б.Солонгын саналыг харгалзан охин Б.Солонго, хүү Б.Баасандорж нарыг эх Б.Бийн асрамжид, охин Б.Номинг эцэг Д.Бгийн асрамжид тус тус  үлдээснийг буруутгах боломжгүй юм.

Шүүхээс хариуцагч Д.Бгийн асрамжид охин Б.Номинг, нэхэмжлэгч Б.Бийн асрамжид охин Б.Солонго, хүү Б.Баасандорж нарыг үлдээхээр шийдвэрлэж, охин  Б.Мөнхзул нь 18 насанд хүрсэн боловч өрх тусгаарлаагүй, коллежид суралцаж байгаа, эцэг Д.Бгийн хамт амьдарч байгааг харгалзан үзэж хариуцагч Д.Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн гэр бүлийн гишүүдэд хуваарилан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газрын шинжээч нараар шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа шинжээчийн зардлыг төлсөн байх тул уг зардлыг зохигчдоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                            З.ЭНХЦЭЦЭГ