Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

Б.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Шүүгдэгч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-гийн гаргасан давж заалдах  гомдлоор Б.С-д холбогдох 2016001330105 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1-р баг 8-..... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ДЮ.............. регистрийн дугаартай, Б овогт Б.С.

 

Шүүгдэгч Б.С-г прокуророос 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 11 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх нэртэй газарт нийт 5270 м/кв буюу 0.53 га талбайд өөрийн эзэмшлийн 71-24 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор, Б.Б-ийн эзэмшлийн 45-99 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор, “Yamaha” маркийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 2 ширхэг зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 954.068 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянга/ нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн 4.420.000 төгрөгийн үнэлгээ бүхий 71-24 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаватор, тус бүр 99.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг шороо шигших төхөөрөмж тус бүр 240.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Yamaha” маркийн цахилгаан үүсгүүр, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан үүсгүүр зэргийг хураан авч, иргэн Б.Б-ийн өмчлөлийн 45-99 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн экскаваторын үнэ болох 5.760.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг худалдан борлуулсны орлого болон шүүгдэгчээс гаргуулах 5.760.000 төгрөгийн үнийн дүнгээс 1.908.136 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, техникийн нөхөн сэргээлтийн зардалд 1.065.659 төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.000.000 төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт тус тус олгож илүү гарсныг нь улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоос иргэн Б.Б-ийн өмчлөлийн 45-99 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, бусад техник хэрэгслийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хоёр ширхэг баримтыг хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тайшир сумын Далан багийн нутаг дэвсгэр Гашуун гэх газарт малчдын мал нүхэнд унаад байсан тул орж шороог нь булж нөхөн сэргээлт хийх талаар Засаг дарга Ж.Г 2020 оны 07 сард амаар шийдвэр өгсөн байдаг. Ж.Г дарга нь зөвшөөрөл өгөөгүй бол бид гэр барин гарахгүй байсан. Мөн алт олборлолт явуулсан гэх газар 2 тракторын 1 нь эвдэрсэн зогсож байсан. Гэтэл газрын хэвлийд 2 тракторыг халдсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх өөрийн эсрэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасч тооцсон атлаа хохирлыг тооцохдоо уг мэдүүлэгт дурьдсан 7 грамм алтны үнээр тооцсон нь ойлгомжгүй байна. Миний хийсэн нөхөн сэргээлтийн хэмжээг газрын хэвлийд халдсан нийт хэмжээ гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг дахин магадлаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд тус аймгийн Тайшир сумын Далан багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх нэртэй газарт нийт 5270 м/кв буюу 0.53 га талбайд Б.Б-ийн эзэмшлийн 45-99 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан байна.

 

Энэ үйл баримт нь гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Говь-Алтай аймгийн ой үзэхээр Улаанбаатар хотын Налайх дүүргээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ирээд байж байхад нь Д ирээд Б.С-гийн трактор, гэр нь эзэнгүй ууланд байгаа та 1, 2 хоног хараад өгөөч гэж гуйсны дагуу Далангийн нуруу гэдэг газарт  очиход нэг ширхэг улаан өнгийн 55 загварын жижиг трактор, нэг монгол гэр байсан бөгөөд 2 хоног тухайн эд зүйлсийг нь хараад байж байтал Б.С Г гэдэг залууг дагуулж очсон. Тэр залуу тухайн тракторыг асаагаад ойр хавийн хуучин эвдэгдсэн алт ухаж байсан нүхнүүдийг дарж эхэлсэн. Тэгээд аймгийн ой 08 дугаар сарын эхээр болох юм шиг байна. Тэр болтол энэ залууд туслаад ажиллаж байвал сүүлд нь цалин мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд ойр зуурын ажилд нь туслаад байж байтал трактор нь эвдрээд гинж нь мултраад тосол нь халаад болохгүй байсан. Тухайн хуучин эвдэгдсэн нүх шүрүпийг булахдаа хажууд нь шороо шигших пункер байрлуулаад булж байгаа шороогоо шигшээд алт олборлох зорилгоор буудуулдаг байсан боловч юм олдохгүй байна гэж л хэлдэг байсан. Тэгээд болиод буухаар болж байснаа наашлаад нэг задгай талд хуучин алт ухаад эвдэгдсэн жалганд ирж буусан. Тэр газарт нүх булах гээд оролдсон боловч трактор нь эвдрээд байсан чинь Г нь энэ бүтэхгүй ажил байна би явлаа гээд яваад өгсөн. Тухайн үед аймгаас дахиад нэг трактор авч очоод ажиллуулсан тэгэхдээ жолоочоор нь Б гээд залуу хамт очсон. Тэгээд тухайн газарт Б нь ирээд 5 хоног орчим ажиллаж байхад аймгаас цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай найз Б.С Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн Гашуун гэх газар нөхөн сэргээлт авсан. Ирээд трактор бариадах гэж дуудахаар нь ирээд 5 хонож байна. Намайг ирэхэд Ж, Б нарт нэг трактор байсан. Маргааш нь нэг тракторыг аймгаас авчирсан. Тухайн газарт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг очиход зөрөөд явсан. Тракторыг нь унаж байсан юм билээ. Тэгээд энэ бүтэхгүй газар байна. Трактор нь эвдрээд буцлаа гээд яваад өгсөн. Баянхонгор аймгийн хүн юм шиг байсан. Б.С ажиллуулахаар авчирсан юм шиг байна билээ.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн “2020 оны 07 дугаар сарын сүүлээр Г “Майнтын сайр гэх газарт хүмүүс трактортой ирчихсэн нөхөн сэргээлт хийж байна. Зөвшөөрлөө авчихсан юм гэнэ. Танайх даруулах нүхээ зааж өг гэж хэлүүлсэн байсан. Би тэгээд Майнтын сайрт очиход 1 трактор ирчихсэн хүмүүс харагдаж байсан. Ямар үйл ажиллагаа явуулсныг сайн анзаараагүй. Б.С гэдэг залуу надад хэлэхдээ би зөвшөөрөлтэй нөхөн сэргээлт хийж байгаа. Та булуулж даруулах газраа зааж өгөөрэй гэхээр нь Гашууны цагаан овооны шил дээр 2 салаа зааж өгөөд нүхийг дараарай гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа мотоциклтойгоо яваад очиход жалганы дээрээсээ эхлээд дараад явж байна гээд 2 трактор аваад ирчихсэн байж байсан. 2020.08.07-ны өдөр цагдаагаас хүмүүс ирээд зогсоосон байсан. Тэр өдрөөс 2 хоногийн дараа Б.С гэдэг залуу малчдаас аймгийн засаг даргад хүсэлт гаргах ёстой гээд нөхөж бичүүлж аваад явсан. Түүнээс урьд өмнө тийм зүйл бичиж өгөөгүй.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.С нь манай Пүүзэн гэх нэртэй өвөлжөөний орчмын 2017 оны үед эвдэгдсэн талбайг дарж булж өгч байсан залуу байгаа юм. Б.С-гийн ээж Г-тай уулзаад танайх нөхөн сэргээлт хийж байгаа бол Пүүзэнгийн орчим жоохон газарт нөхөн сэргээлт хийлгэж нүх булуулмаар байна. Тухайн газарт өвөлдөө мал нүхэнд унаж үхээд байна гэж хэлсэн чинь өргөдлөө өгчих би дамжуулаад шийдүүлээд нөхөн сэргээлт хийлгээд өгнө гэж хэлээд надаар өргөдөл бичүүлж авч байсан. Би өөрөө ямар нэгэн байдлаар аймгийн тамгын газарт өгөөгүй Г нь бичүүлж аваад явсан. Тэгээд сүүлд нь Ц-гийн гашууны дээд эхэд 2 трактор нөхөн сэргээлт хийж байгаад алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн иргэдийн үйл ажиллагаа явуулсан газар нь тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхацдаггүй. Тухайн газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ямар нэгэн аж ахуйн нэгж компани үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тухайн газарт иргэд гар аргаар хууль бусаар алт олборлож эвдэгдсэн хуучин талбай байдаг. Манай аймагт  байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх авсан “Миний бүрэн” ХХК гэж аж ахуйн нэгж байдаг боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Нөхөн сэргээлт хийх эрх бүхий нөхөрлөл байхгүй. Харин засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу байгуулагдаж олборлолтын үйл ажиллагаа явуулж тухайн талбайдаа нөхөн сэргээлт хийх эрхтэй нөхөрлөлүүд байгаа боловч Далан багийн нутаг дэвсгэрт бичил уурхайн зориулалтаар олгогдсон тусгай хэрэгцээнд авсан талбай одоогоор байхгүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тайшир сумын Далан багийн нутаг дэвсгэрт байрлах иргэд гар аргаар алт олборлож эвдэгдсэн хуучин талбай нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар биш. Урьд өмнө нь ямар нэгэн компани тухайн газарт олборлолт нөхөн сэргээлтийн ажил явуулаагүй. Тухайн газрыг гар аргаар алт олборлогчид эвдсэн. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгаль хамгаалагчийн хамт тухайн газарт очиход ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй техникүүдээ янзлаад байж байсан ба хариуцсан эзэн нь байхгүй байсан. Би энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй,  техникүүдээ буулгаж авч явах талаар яриа хийсэн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Саяхан надад жаахан алт авчирч тушаасан залуу мөн байна. Яг хэдэн грамм алт хэдэн төгрөгөөр өгснийг санахгүй байна. Ямар ч байсан 3-4 грамм орчим алт тушаагаад явсан юм. 1 грамм алтыг 135.000 төгрөгөөр тушаасан нь үнэн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тайшир сумын Далан багийн нутаг дэвсгэрт байрлах иргэд гар аргаар алт олборлож эвдэгдсэн хуучин талбай нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар биш. Урьд өмнө нь ямар нэгэн компани тухайн газарт олборлолт нөхөн сэргээлтийн ажил явуулаагүй. Тухайн газрыг гар аргаар алт олборлогчид эвдсэн. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгаль хамгаалагчийн хамт тухайн газарт очиход ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй техникүүдээ янзлаад байж байсан ба хариуцсан эзэн нь байхгүй байсан. Энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй техникүүдээ буулгаж авч явах талаар яриа хийсэн. Тэгсэн 1 ажилтан Б.С-г аймгийн Засаг дарга Ж.Г-аас тусгай зөвшөөрөл авахаар явсан талаар хэлсэн. Мөн бид 2 зөвшөөрөлгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар сайтар ойлгуулж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Хоёр хоногийн өмнө нэг эмэгтэй хүн орж ирсэн. Би Б.С-гийн ээж гэж ойлгосон. Надтай уулзаад нутгийн иргэд нөхөн сэргээлт хийгээд өгөөч гээд байхаар нь орчихсон чинь цагдаагаас үйл ажиллагааг зогсоочихсон. Хамаг юм хураачихсан гэж хэлсэн. Тэгээд нутгийн 2 малчны нэртэй өргөдлийг надад өгөхөөр нь би хүлээн аваагүй. Би тухайн иргэдэд ямар нэгэн нөхөн сэргээлт хийх ашигт малтмал олборлох зөвшөөрөл огт өгөөгүй.” гэсэн мэдүүлэг,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Ц-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б.С-гийн эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 954.068 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 1.217.769 төгрөгөөр тус тус тогтоосон 1/75 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Говь Алтай аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын албан бичиг зэрэг хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь хуульд заасан зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвшөөрөлгүйгээр, газрын хэвлийд байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлал буюу ашигт малтмал байгаа эсэхийг тодорхойлж, ашигт малтмалын хуримтлалыг ялган авах зорилгоор газрын хэвлийд нэвтрэн малталт хийж тодорхой хэмжээний алтыг ялган авч, өөрийн өмчлөлд шилжүүлэн, худалдан борлуулсан шинжээрээ тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Б.С нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.С нь уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн 71-24 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаваторыг ашигласан гэдэг нь уг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл гэрч Ц.Б нь “Г гэдэг залуу улаан өнгийн 55 загварын жижиг тракторыг асаагаад ойр хавийн хуучин эвдэгдсэн алт ухаж байсан нүхнүүдийг дараад, уг ажилд нь туслаад байж байтал трактор нь эвдэрч Г нь яваад, аймгаас дахиад нэг трактор авч ирж Б жолоочоор нь ажилласан.” тухай мэдүүлсэн, гэрч Ц.Б “Намайг ирэхэд Ж, Б нарт нэг трактор байсан. Маргааш нь нэг тракторыг аймгаас авчирсан. Трактор нь эвдрээд буцлаа гээд яваад өгсөн”  тухай мэдүүлсэн ба уг мэдүүлэг нь “Daewoo Solar SL 50” маркийн экскаваторыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг нотлож байна гэж үнэлэх боломжгүй бөгөөд Б.С нь 71-24 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаваторыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, байгаль орчинд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад шүүгдэгчийн өмчлөлийн 71-24 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаваторыг хураан авахаар заасныг хасч уг экскаваторыг өмчлөгчид нь буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан” гэсний дараа  “шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн 4.420.000 төгрөгийн үнэлгээ бүхий 71-24 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаватор” гэснийг хасч, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоос” гэсний дараа “Б.С-гийн өмчлөлийн 71-24 УН улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаватор,” гэж нэмж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.Ж

 

          ШҮҮГЧИД                              Ш.Б

 

                                                  Ч.Э