Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Ууганбаяр өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Зоргол Хайрхан овогт Батаагийн Ууганбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000365 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Зоргол Хайрхан овогт Батаагийн Ууганбаяр, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:ЕТ94042119,

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ану-Үжин зочид буудлын урд замд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын үед Stringer-125 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.4. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Лхамсүрэнг мөргөж биед хүндэвтэр гэмтэл учруулан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ану-Үжин зочид буудлын урд замд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын үед Stringer-125 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.4, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Лхамсүрэнг мөргөж биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ану Үжин зочид буудлын хажууд машинтайгаа явж байгаад хурдаа хасч чадаагүйгээс болж ийм осол гарсан. Би хохирогчид гэмтэл учруулсан. Би ч бас тухайн үед гэмтэл авч нүдний яс цууралт, хамрын яс цуурсан байгаа. Хохирогч надаас 2.000.000 төгрөгийг бэлнээр авна гэсэн. Би уг мөнгийг ажил хийж байгаад 5-аас 6 сарын хугацаанд төлж барагдуулъя гэсэн санал тавихад хохирогч зөвшөөрөөд бид харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. 400.000 төгрөгийг одоо 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлсэн хохирол төлөгдөж эхэлнэ. Би ажилд ороод 20 гаран хоног болж байна. Миний цалин 600.000 төгрөг байдаг” гэв,

 

Хохирогч М.Лхамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин Цэлмүүний хамт гэрээсээ гараад дэлгүүр орчихоод буцаад гэртээ орох гээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтээй 13 дугаар хорооллын Ану-Үжин зочид буудлын урд замаар зам хөндлөн гарах гээд явж байсан, охин бид 2 баруунаас зүүн чиглэлийн урсгалыг гараад замын голд ирээд зогсоод зүүнээс баруун чиглэлийн урсгалын зам руу гарах гаж байсан, цаашаа юу болсныг мэдэхгүй...Цагдаа нар мотоциклийн жолоочийг барьчихсан мотоциклийг хашаанд хийнэ гээд ярилцаад байхаар нь би мотоцикльд мөргүүлсэн юм байна гэж мэдсэн. Охин маань бас надад хэлсэн…гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилэнэ. Одоогоор бараг 800 000 төгрөг гарчихаад байна,цаашид эмчилгээ хийлгэнэ...” гэсэн мэдүүлэг. /хх51-53/,

 

Иргэний хариуцагч Б.Эрдэнэбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би мопедыг 2017 оны 04 дүгээр сард 700.000 төгрөг бэлнээр өгөөд гар утсаа өгч авсан. Би энэ мопедыг огт танихгүй хүнээс авсан, Fасеbоок-ийн зарыг уншиж байгаад гар утас руу нь залгаж холбогдоод авсан. Би бичиг баримтыг нь асуухад мопедонд бичиг баримт байддаггүй гэж хэлсэн. “...Батаагийн Ууганбаяр бид хоёр хамаатнууд, Ууганбаярын ээж нь манай аавын төрсөн дүү байгаа юм. Бид хоёр нас ойролцоо болохоор сайн найзууд. Ууганбаяр хүн мөргөчихлөө гээд ослын дараа шууд над руу ярьсан. “...Ууганбаяр бид хоёр аваг ах Баярсайханы малаас үхэр аваад хохирлыг чинь гаргаж өгье гэсэн. Тэгэхэд хохирогч эгч амьтны амь таслахгүй гээд байгаа. “...өөрөөр Ууганбаяр бид хоёрт тэр хүнд өгөх мөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх55-56/,

 

Хохирогч М.Лхамсүрэнгийн өргөдөл /хх-11/, гэмтэл согог үндэсний төвийн өвчний түүх /хх12-49/, хохирогч М.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх51-53/, иргэний хариуцагч Б.Эрдэнэбатын мэдүүлэг /хх55-56/, гэрч Б.Одонтөгсийн мэдүүлэг /хх57/, шинжээчийн №6930, №6929 дугаартай дүгнэлт /хх-61/, техникийн шинжээчийн №68 дугаартай дүгнэлт /хх-66/, сэжигтэн Б.Ууганбаярын мэдүүлэг /хх78-79/, яллагдагч Б.Ууганбаярын мэдүүлэг /хх-84/, шинжээчийн №3615 дугаартай дүгнэлт /хх104-111/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ууганбаярт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ууганбаярыг хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ууганбаярт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүх хохирогч болон гэм буруутай этгээдийн хоорондын байгуулсан гэрээний дагуу хохирол төлбөрт олгохоор заасан 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүх гэм буруутай этгээдийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зоргол хайрхан овогт Батаагийн Ууганбаярыг хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярыг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Лхамсүрэн болон гэм буруутай этгээд Б.Ууганбаяр нарын хоорондын байгуулсан гэрээний дагуу хохирол төлбөр болох 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Ууганбаярт даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн №1087799 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Б.Ууганбаярт буцаан олгож, Б.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ууганбаярт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР