Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

Я ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2018/00280 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Я ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ү ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 296 981 208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г, Р.С,

Хариуцагчийн төлөөлөгч: Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Ү ХХК-д 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 1 326 518 208 төгрөгийг зээлдүүлсэн. Тус компани бусдад асар их хэмжээний өртэй байсан нь дараа нь мэдэгдэж бид тэдэнд хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах санал тавьсан. Гэтэл тус компанийн захирал манай компанид өөрийн компаниа 2 тэрбум төгрөгөөр авбал ав үгүй бол өгөхгүй, хамтарч ажиллахгүй гэж тулгаж эхэлсэн. Иймд Ү ХХК-иас 1 326 518 208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 110 000 ам доллар, 100 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээлийн хугацаа дууссанаас үл хамааран гэрээний 2.1.2-д зааснаар зээлийн хүүг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. 

Гэрээний хавсралтад Ү ХХК-д 110 000 ам доллар, 100 000 000 төгрөгийг бэлнээр олголоо гэж 2 талын захирлууд гарын үсгээ зурж тамгаа дарсан. Барьцаанд Багануур дүүргийн Нарийн нуур 037/а тоот 49.998 мкв га газар, 25 000 ширхэг блокоор барьсан хашаа, өндөр хүчдэлийн трансфарматор, 18х54 харьцаатай байшингийн гэрчилгээ, 2590 толгой мал зэргийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан.

Ү ХХК нь хоёр жилийн турш ямар ч эргэн төлөлт хийгээгүй учраас бид дахин уулзаж компанийн үйл ажиллагааг нь хэвийн явуулж өр төлбөрөө авах үүднээс дахин мөнгө зээлж байсан. 2015 онд “...“Баялаг эмээлт” ХХК-иас тэжээл аваад мөнгөө төлөөгүй, тэдний байгууллага шүүхэд өгөх гээд байна. Хамтарч ажиллаж байгаа нь үнэн гэсэн бичиг хийгээд өгөөч...” гэж манай захирлыг гуйж байгаад бичиг хийлгэсэн. Энэ бичигнээс болоод манай компани шүүхэд хамтран хариуцагчаар татагдан 42 000 000 төгрөгийн зээлийг манайх төлж барагдуулсан.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хоёр тал хамтран тооцоо нийлж 947 160 545 төгрөгийг Ү ХХК манай компанид төлөхөөр баримт үйлдэж хоёр тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Манай компани Багануур дүүрэгт замын ажил хийж банкны баталгаа хэрэгтэй байсан учраас Ү ХХК-ийн зээл түүний хүү болох 84 100 000 төгрөгийг төлж барагдуулсан.

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар олгосон зээл, зээлийн хүү, хариуцагч компанийн өмнөөс бусад байгууллага, хувь хүмүүст төлсөн өр зэрэгт нийт 1 434 834 924 төгрөгийн өр төлбөр үүсээд байгаа. Өмнөх шүүх хуралдаануудад манай компаниас огт хүүтэй мөнгө зээл авч байгаагүй гэж хэлж байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан гэдгээ хэллээ.

Хамтарч ажиллах протокол хийгдсэн. Энэ протоколоор үйл ажиллагааг өргөтгөх орлого ашгийг хуваан эзэмших талаар нарийвчилсан гэрээг хамтран хийж болно гэж шийдвэрлэсэн.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актын талаарх хүүг яаж бодсон талаар огт мэдээгүй гэж ярьж байна. Би энэ хүн нягтлан бодогч мэргэжилтэй тул тооцоо нийлсэн актыг яаж бодсон талаар маш сайн мэдээд энэ акт дээр гарын үсэг зурсан гэж бодож байгаа.

Тахианы үйл ажиллагааг сэргээх талаар ярилцаж тохиролцоод аж ахуйгаа галлаад байж байя гээд 500 000 төгрөгийг компаниас аваад явсан боловч эргээд хариу өгөхгүй алга болсон. 2015 онд замын ажил хийж байхдаа Ч.Нямцогтоос хонь, ямаа авч байсан. Тухайн үедээ мөнгөөр авна гэж тохиролцоогүй, тусалж байна, туслалгүй яахав гээд өөрөө өгсөн болохоор хэдэн төгрөгөөр авсныг сайн санахгүй байна. Гэхдээ нэгэнт авсан нь үнэн, төлбөрөөсөө хасуулна гээд байгаа болохоор 6 660 000 төгрөгийг харилцан төлбөрт тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн захирал хариуцагч байгууллагын захирал Ч.Нямцогт гуайд маш их итгэдэг байсан учраас бусдаас 110 000 ам.доллар, 100 000 000 төгрөгийг бэлнээр зээлж аваад машиныхаа цонхоор өгч байсан удаа бий.

Үүнээс хойш Ү ХХК нь сураггүй алга болохоор нь захирал “...Ү ХХК-ийг Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна уу шалгаад ир...” гээд намайг явуулсан.

Би очиж өөрийн нүдээр үзэхэд газар авсан, худаг гаргасан, байшингийнхаа суурийг барьсан, өндөглөгч тахиагаа аваад үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байхаар нь итгэл төрөөд захиралд “үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна” гэж хэлсэн. Манай захирал хүнд их тусархуу хүн байдаг учраас Ч.Нямцогт гуай манай захирал дээр ирээд “...тэжээлийн мөнгө, ажилчдын цалин...” гэж гуйж ирэх тоолонд нь нэхсэн мөнгийг нь өгөөд явуулдаг байсан.

Компани өөрт мөнгөгүй байсан ч хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж өгдөг байсан, эргүүлээд ямар ч мөнгө төлөөгүй. Сүүлдээ бэлнээр хүнээс авч өгсөн 110 000 ам.доллар, 100 000 000 төгрөгийн зээл болон хүүг нь төлөөч гэж гуйсан. Тооцоо нийлсэн актан дээр байгаа 110 000 ам доллар, 100 000 000 төгрөгөөс бусад өгсөн мөнгөнүүд дээр хүү тооцсон нь баримт байхгүй учраас 22 887 000 төгрөгийн хүүгээс татгалзаж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч манай байгууллагаас шилжүүлсэн 53 775 545 төгрөгийг өөрийнхөө зээл болон дүү н.Оргиохүүгийн зээлэнд төлүүлсэн юм. Өөрөө л хэлж шилжүүлсэн болохоос бид нар өр зээлийг нь мэдэхгүй байж шилжүүлнэ гэж байхгүй, нэгэнт компани хариуцахгүй гээд байгаа бол яахав компаниас биш өөрөөс нь дахин тусдаа нэхэмжилнэ.

Мөн 20 000 000 төгрөг, 15 000 000, 1 000 000 төгрөгүүдийг авснаа хүлээн зөвшөөрөхгүй энэ мөнгөнүүд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үнийн дүнг хасч тооцож болно. 

Нийт өр төлбөр нь 2018 оны 8 дугаар сарын байдлаар 1 434 834 924 төгрөг болсон, гэхдээ манайх шаардлагаа нэмэгдүүлээгүй, анх нэхэмжилсэн 1 326 518 208 төгрөг нэхэмжилсэн. Одоо энэ шаардлагаасаа хүү 22 877 000 төгрөгөөс татгалзаж, хонь ямаа авсан 6 660 000 төгрөгийг төлбөрт харилцан тооцохыг зөвшөөрч байгаа, үлдэгдэл 1 296 981 208 төгрөгийг нэхэмжилнэ. 

Хамтран ажиллах талаар ярилцахад урьд зээлийн төлбөрийг яаж төлж дуусгах талаар тохиролцоогүй учраас зээлийн гэрээний дагуу 110 000 ам доллар, 100 000 000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч Ү ХХК-ийн төлөөлөгч Ч.Нямцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ү ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2010 онд Багануур дүүргийн 5 дугаар хороонд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 5 га газар эзэмших зөвшөөрөл авсан.

2011 онд 30 000 толгой өндөглөгч тахиатай шувууны цогцолбор аж ахуй эрхлэхээр авсан газартаа өөрийнхөө хөрөнгөөр бетонон суурьтай блокон хашаа, гүний худаг, худгийн байр, 350 метрээс эрчим хүчний шугам татаж, цахилгааны дэд станц суурилуулж ашиглалтанд оруулсан. Цаашид дэгдээхэй бойжуулах, тахиа өндөглөх зориулалттай байр барих, дэгдээхэй, тоног төхөөрөмж суурилуулахад өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул Жайка олон улсын байгууллагаас санхүүжилт хүсч төсөл боловсруулсан.

Энэ үед буюу 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дүүгийнхээ сайн танил нутгийн ах Я ХХК-ийн захирал Л.Санжаадоржтой “тахианы аж ахуй байгуулах гэж байгаа мөнгө хэрэгтэй байна” гэж очиж уулзсан. Манай компани нь Я ХХК-иас 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 110 000 ам.доллар, 100 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан.

Я ХХК-иас зээлж авсан мөнгө болон өөрт байсан мөнгөө нийлүүлээд 15 000 тахиа өндөглүүлэх, 30 000 толгой дэгдээхэй бойжуулах барилга барихаар барилгын суурь хийж шалыг нь цутгасан. Ингээд зээл төлөх хугацаа болсон тул Л.Санжаадорж захиралтай очиж уулзаад “...“Жайка” төслийн зээлээс манай компани 1 500 000 000 төгрөгийг хүссэн ч манай байгууллагын барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна гээд 400 000 000 төгрөгийн төсөл дэмжигдсэн байна одоо яах вэ би Засгийн газрын үнэ тогтворжуулах төсөлд орох санаа байна...” гэж хэлэхэд тэр “...төсөл хөтөлбөртөө хамрагдахыг бод, мөнгө төгрөгөнд санаа зовох зүйлгүй...” гэж надад хэлсэн.

2013 оны 3 дугаар сард Засгийн газрын үнэ тогтворжуулах төслийн сонгон шалгаруулалт болоод манай компани шалгарсан. Үүний дагуу “НВЦ” ХХК-иас 15 000 дэгдээхэй, 4 сар идэх тэжээлийг зээлээр авч дэгдээхэйгээ бойжуулах ажилдаа орсон.

2013 оны 6 дугаар сард Я ХХК-иас манай үйл ажиллагааг шалгахаар 4-5 хүн ирсэн. Тэр үед төслийн санхүүжилт орж ирнэ гэсэн хүлээлттэй, 15 000 толгой дэгдээхэйгээ бойжуулаад өндөглөгч тахианыхаа байранд суулгачихсан өндөгөө тосоод эхэлчихсэн байсан тул ирсэн хүмүүст аж ахуйгаа нэг бүрчлэн тайлбарлаж танилцуулаад явуулсан.

Гэтэл 2013 оны 10 дугаар сард төслийн зээлийн санхүүжилт Засгийн газар мөнгөгүй болсон гэсэн шалтгаанаар олгогдохооргүй болсон тул манай аж ахуйн үйл ажиллагаа хүнд байдалд орсон. 2013 оны 11 сард Я ХХК-ийн захирал Л.Санжаадоржтой очиж уулзаад учир байдлаа хэлээд “...танай компанийн мөнгийг өгч чадахгүй нь бусдад өр төлбөртэй, аж ахуйгаа зарчихдаг ч юм билүү, таньд хөрөнгө оруулж хамтарч ажиллах арга байна уу...” гэхэд “...танай аж ахуйтай манай ажилчид очиж танилцаад ам сайтай ирсэн, аж ахуйгаа зараад яах юм бэ, нэгэнт төслийн зээл чинь бүтэхээргүй болсон юм чинь манай компани танай компанид туслая...” гэж хэлээд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтарч ажиллах тухай протоколыг үйлдэж, хамтарч ажиллахаар тохиролцсон. Манай компанид хэрэгцээтэй байгаа мөнгийг Я ХХК нь өгч, бид хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаад олсон цэвэр ашиг, алдагдлыг 51:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсон.

 

...2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Я ХХК-ийн санхүүгийн ажилтан н.Энхбаатар хүснэгтэн тооцоо хийж орж ирсэн би тус тооцоог аваад үзэхэд учиргүй их хүү тооцсон байхаар нь би гайхаад “...юун хүү юм бэ...” гэж асуухад “...өө энэ яах вэ, манайх хүнээс хүүтэй мөнгө зээлээд тэрнээс танайд өгснийг санхүүгийнхэн тооцоондоо тусгасан байгаа...” гэж хэлэхээр нь нэг бүрээр анхан шатны баримтаар нь тулгаж үзээгүй гарын үсгээ зурж тамга дарсан, үр дүн гарч эцсийн тооцоо хийхэд 51:49 хувь дээр өөрчлөлт орох юм байна гэж бодсоноос замын дунд хөрөнгө оруулах хамтарч ажиллах гэрээнээсээ буцаж хүүтэй мөнгө нэхнэ гэж огт бодоогүй. 

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Л.Санжаадорж захирлын өрөөнд “Капитал банк” ХХК-ийн зээлийн график зөрчигдөж яаж төлөх тухай ярилцаад сууж байхад уг банкны захирал н.Батнягт орж ирээд “зээлийн график хэвийн болоход 84 100 000 төгрөгийг төлвөл зөрчилгүй зээл болохоор байна” гэж хэлэхэд Я ХХК уг мөнгийг “Капитал банк” ХХК руу шилжүүлэхээр, манай компани хөрөнгийн баталгаа гаргахаар, зээлийн үлдэгдэл 196 000 000 төгрөгийг 2020 он дуустал графикийн дагуу Я ХХК төлөхөөр ярилцаад гэрээ байгуулахаар болоод салцгаасан. 

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актыг нэг бүрчлэн тооцоо нийлж үйлдээгүй. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарч ажиллах гэрээнээс хойшхи өр төлбөрийг хамтран ажиллах гэрээгээр тооцож өгөөч. Я ХХК нь хамтарч ажиллах тухай протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй Ү ХХК-д хөрөнгийн эх үүсвэрийг удаан хугацаанд гаргаагүйгээс манай компанийн үйл ажиллагаа доголдож өр төлбөрт орж дампуурах хэмжээнд хүрсэн.

Я ХХК нь манай компанийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаад, олсон цэвэр ашиг, алдагдлыг 51:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсоны дагуу

Я ХХК нь оруулсан хөрөнгөнийхээ 49 хувийн эрсдлийг өөрсдөө хүлээх ёстой, эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулсан мөнгөө манай компаниас өчнөөн хүүтэй нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 53 775 545 төгрөгийг Ү ХХК нь аваагүй, Ч.Нямцогт болон н.Оргиохүүгээс тусад нь нэхэмжлэх хэрэгтэй. 

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн мөнгөнөөс зээлийн гэрээгээр авсан 100 000 ам.доллар, 100 000 000 төгрөг, хамтран ажиллахаар тохиролцож авсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 27 868 000 төгрөг, мөн өдөр шилжүүлсэн 32 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 30 000 000 төгрөг,  2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 193 200 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 84 100 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8 000 000 төгрөг, 2013  оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 02,03-ны өдрийн 30 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26 ны өдрийн 500 000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Харин 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 53 775 545 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр н.Ганчимэгт өгсөн гэх 15 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20 000 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй, манай компани хариуцахгүй.

Төлөх төлбөрөөс хонь ямааны 6 660 000 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Тооцоо нийлсэн актаар тооцсон хүүг зөвшөөрөхгүй, зээлдэж аваагүй, хамтран ажиллана гэж манайд өгсөн мөнгө, алдагдал хохирлыг хамтран хариуцахаар тохирсон учраас Я ХХК алдагдал хүлээх ёстой. Манай байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 954 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө  үү гэжээ.

 

            Шүүх: .Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ү ХХК-иас 1 159 632 489 / нэг тэрбум, нэг зуун тавин есөн сая, зургаан зуун гучин хоёр мянга, дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я ХХК-д олгож, 137 348 719 /нэг зуун гучин долоон сая, гурван зуун дөчин найман мянга, долоон зуун арван есөн/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Я ХХК нь 122 000 000 төгрөгийн зээлийн хүү 22 877 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 103/ШЗ2018/00954 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 790 541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү”лэмж буян” ХХК-иас 5 956 112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх зээлийн гэрээнд хүү тооцсон үндэслэлийг эс зөвшөөрч байна. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн, түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд нь  төлөөгүй байгаа зээлийн хугацаа дууссанаас үл  хамааран энэхүү гэрээний 2.1.2-д заасан хүүг төлнө гэснээр 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийн тооцож, нэхэмжилсэн өдөр болох 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүг төлөх үүрэг үүссэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь зээлийн гэрээ болон хавсралт гэрээнээс харахад зээлдүүлэгч нь зээлдэгчид 110 000 ам.доллар, 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч нь тухайн мөнгийг хүлээн авсан болох нь гэрээ болон гэрээний хавсралтад талууд гарын үсгээ зурж, өөр өөрийн компанийн тамга тэмдэгийг дарж, баталгаажуулсан баримтаар мөнгийг хүлээн авсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Я ХХК нь Ү ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзэж, 622 628 065 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож, төлбөрийг төлнө гэснийг баримталж шийдвэрлэсэн нь зээлдэгчийн эрх ашигт ноцтой хохирол учруулж байна.

Уг зээлийн гэрээ нь 6 сарын хугацаатай боловч, 2011 онд хийсэн гэрээний хугацааг үргэлжлүүлэн тооцож, өнөөдрийн ханш хүртэл хүү тооцож бодсон нь зээлийн гэрээний хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохирол учруулахаар гэрээ байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр  шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байдаг.

Иймд тус гэрээний 2.2 д заасан зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн, түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн хугацаа дууссанаас үл хамааран зээлийн хүү төлнө гэж зохицуулсан нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, өнөөдрийн ханш хүртэл бодсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Засгийн газар санхүүжилт байхгүй гэсэн нэрийдлээр зээл олгогдоогүй тул "Ялгуусан" ХХК-д эргэн зээл төлөлт хийхлгүй хойшлогдсоноор "Ялгуусан" ХХК-тай харилцан тохиролцож Хамтран ажиллахаар болж, Хамтран ажиллах тухай протукол үйлдсэн.

Анхан шатны шүүх хамтран ажиллах протоколыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт тус тус зааснаар хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан гэж үзсэн байгаа хэдий ч 2011 онд авсан зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийж чадахгүй боллоо хамтран ажиллая, 51:49 хувийн харьцаатай хамтран ажиллахаар болж, харилцан тохиролцсон байхад зээлийн гэрээний хүүг 2011 оноос 2018 оны өнөөдрийн ханш хүртэл бодож хүү тооцсон үндэслэл нь учир дутагдалтай байна гэж үзэж байна.

Учир нь "Үлэмж буян" ХХК нь зээлийн төлөлтийг эргэн төлж чадахгүйд хүрч, "Ялгуусан" ХХК-ийн захирал Л.Санжаадоржтой, харилцан тохиролцож, хамтарч ажиллахаар болж, "Үлэмж буян" ХХК-д хөрөнгө оруулахаар болсон нь зээлийн гэрээний хүүгийн шаардах хугацаа үргэлжлүүлэн тооцож, нэхэмжлэх үндэслэл болохгүй юм.

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн Хамтран ажиллах тухай протоколоор хамтран ажиллаж, хөрөнгө оруулах талаар тохиролцсон байхад 2011 онд байгуулсан 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр өнөөдрийн ханш хүртэл хүү тооцож, бодож үзсэн нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн хэрнээ зээлийн гэрээгээр халхавчилж хүү тооцож байгаа нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоож шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хүү тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Энэ нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэнийн үндсэн дээр ..мөн зүйлийн 40.2 дах хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн бөгөөд зээлдэгчид илт хохиролтойгоор хүү тооцон шийдвэрлэсэн нь бодитой үнэлж дүгнэсэнгүй.

Нэхэмжлэгч компани нь зээлийн гэрээгээр халхавчлах зорилгоор өндөр хүү тооцож, гэрээ хийн зээлдүүлэгчийн эрх ашигт, илт хохирол учруулахаар гэрээ байгуулан санхүүгийн баримт үйлдэж байгаад анхан шатны шүүх анхаарч үзэж, хянан шийдвэрлэсэнгүй.

Мөн анхан шатны шүүх нь зээлдэгч "Үлэмж буян"ХХК-ийг хэргийн материалтай танилцаж, тайлбар хүсэлт гаргах хангалттай хугацаа олгоогүй, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр бүрэн хангаагүй боломжит хуулийн хугацаа олгоогүй 7 хоног өгсөн нь зээлдэгчид өөрийн хууль ёсны эрх ашигаа хамгаалах хангалттай бичгийн нотлох баримт гаргаж өгч зэрэг бусад эрхээ эдлэж чадаагүй нь анхан шатны шүүх эргэлзээгүй бодит шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 103/ШШ2018/00280 дугаар шийдвэрээс үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2011 онд хийсэн зээлийн гэрээний 6 сарын хугацаан дахь хүүг тооцон бусад нэмэгдүүлэн гаргасан хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. ..

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан 1 326 518 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “110 000 ам.доллар, 377 161 200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг Я ХХК нь манай компанитай хамтарч ажиллах гэрээнээс татгалзсан, хамтран ажиллах гэрээгээр авсан мөнгөнүүд учраас хүү төлөхгүй, мөн эрсдлийг хамтран хариуцна” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч Ү ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт анх нэхэмжилсэн 1 326 518 208 төгрөгөөс 22 877 000 төгрөг, 6 660 000 төгрөгийн үнийн дүнгээс тус тус татгалзаж, нийт 1 296 981 208 төгрөгийг нэхэмжилж байгаа талаарх баримт хэргийн 172-173 дугаар талд авагджээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, багасгасан шаардлагуудаар талууд шүүх хуралдаанд мэтгэлцсэн гэж үзэх боломжтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Зохигчдын хооронд 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдж, уг гэрээний дагуу 110 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн гэж үзэх нөхцөл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна./хх143-146/

 

Анхан шатны шүүх 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэг тооцох хугацааг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гэж дүгнэн, үндсэн зээл 110 000 ам.долларыг төгрөгт хөрвүүлэн, хүүгийн хамт 622 628 065 төгрөг, үндсэн зээл 100 000 000 төгрөгийг хүүгийн хамт 266 503 224 төгрөг, нийт 889 131 289 төгрөгийг зээлийн гэрээний дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Учир нь дээрх зээлийн гэрээний 2.2-д “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээний 2.1.2-д /сарын 2 хувийн хүү/ заасан зээлийн хүүг төлнө”, мөн тус гэрээний 2.5-д “...2.1.2-д заасан үндсэн хүүний 20 %-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцов...” гэж тус тус заажээ. Гэвч нэхэмжлэгч Я ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд биш байна. Иймд талуудын хоорондын зээлийн гэрээнд зээлийг төлж дуусах хүртэл хүү төлөх талаар заасан зохицуулалтыг мөн гэрээний 2.5-д Зээлийн гэрээний хавсралтыг зээлийн гэрээний нэгэн адил хүчин чадалтай байх тухай зааж, нэхэмжлэгч, хариуцагч талын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээний хавсралт гэх баримтад гэрээний хугацааг 6 сар гэж заасантай харьцуулан үзэхэд уг зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар байгуулагдсан гэж үзэхээр байна. Гэрээний хугацаа тогтоосон заалтууд ойлгомжгүй байгаа тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд 110 000 ам.долларыг сарын 2 хувиар тооцвол нэг сарын 2 200 ам.доллар, 6 сарын хугацаанд 13 200 ам.долларын хүү, үндсэн зээлийн хамт нийт 123 200 ам.долларын үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Монголбанкны ам.долларт харьцах валютын ханш 2 445 төгрөгт хөрвүүлэхэд 301 224 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Мөн 100 000 000 төгрөгийн үндсэн зээлд сарын 2 хувиар тооцоход 6 сарын хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт 112 000 000 төгрөг төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна.

 

Талуудын гэрээнд хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг агуулгуудыг зохицуулсан байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш учраас дээрх хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.

 

2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна. Учир нь хэрэгт талууд уг хугацаанаас хойш мөнгө өгч, авч байсан баримт байна. Хариуцагчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Я ХХК-иас зээлж авсан мөнгөний тооцоо гэх баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа нь үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар хүлээн зөвшөөрч байсан байна. Иймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдал болон хугацааг дахин шинээр тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, хэргийн 59 дүгээр талд авагдсан “Хамтарч ажиллах тухай протокол” гэсэн нэртэй баримттай холбоотойгоор мөнгө шилжүүлсэн, хамтын үйл ажиллагаа явагдсан гэх, уг хамтын үйл ажиллагааны улмаас ашиг, алдагдал бий болж, түүнийг хуваах шаардлагатай болсон гэдэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын хэн алины тайлбарт үндэслэн 277 161 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 296 981 208 төгрөгөөс талуудын хооронд байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 413 224 000 төгрөг, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зээлдүүлсэн 277 161 200 төгрөгийг нэмж 690 385 200 төгрөгийг хариуцагч Ү ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Я ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 606 596 008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 137 348 719 төгрөг буюу нэхэмжлэгчийн татгалзсан 22 877 000 төгрөгөөс гадна бусад мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч компанид болон хариуцагч компанийн өмнөөс төлсөн гэдгийг нотлох байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос зээлийн гэрээний үүргийн талаар гаргасан гомдлын хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2018/00280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү ХХК-иас 690 385 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 606 596 008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “5 956 112 төгрөгийг” гэснийг “3 609 876 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Н.БАТЗОРИГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН