Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2521002430316 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймаг, ******* сум 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн *******. /РД: *******/

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах 24 дүгээр байр, “Хас банк”-тай 204 дүгээр байрны голд байрлах авто зам дээр Тоёота приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийг мөргөж хохирогч *******ийн биед баруун шилбэ, богтос ясны ил хугарал, бүсэлхийн 4-р нугаламын 2 хажуугийн сэртэн, бүсэлхийн 5, ууцны 1-5-р нугаламын баруун тал, хоёр талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэг, хүзүүний баруун хажууг хамарсан, баруун хацар, суга орчмын цус хуралт, дух, хацар, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан,

мөн ******* нь хохирогч *******ийг Тоёота приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найз маань намайг бааранд дуудсан. Би бааранд очоод бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд би авто машинаа жолоодож яваад осол гаргасан. Гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би хохирогчид хохиролд 10,734,600 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд 1,396,000 төгрөгийг  төлсөн байгаа” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 6 дугаар баг ийн тоотод нөхөр 3 хүүхдийн хамт оршин сууж байна. Би 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19-20 цагийн үед гэртээ байж байхад манай найзууд болох , , нар ирээд миний төрсөн өдрийн тэмдэглэх шалтгаанаар манайхаас гарч ******* сумын 6-р багт үйл ажиллагаа явуулах "Мустанг" баар руу очсон чинь ширээгүй байхаар нь мөн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Арвин" нэртэй баар руу орж үйлчлүүлсэн. Бид дөрөв тухайн бааранд ороод 0,75 л савлагаатай Экспорт нэртэй архинаас 2 шигийг хуваан уусан. Тэгээд би тухайн баарнаас гарч гэр рүүгээ ороод ээжийн рүүгээ явах санаатай 3 найздаа явлаа гэдгээ хэлэлгүй тухайн байрнаас 22 цаг өнгөрч байх үед гарсан юм Тэгээд ертөнцийн зүгээр зүүн тийш алхаж байгаад Хас банктай байрны баруун талын замаар баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлж би тэр доороо ухаан алдсан. Би 2025.04.11-ний өдрийн 06-07 цагийн үед ухаан орсон бөгөөд одоог хүртэл БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байна. Уг асуудлын улмаас толгой баруун хэсэг, нүүр, аарцаг, нуруу, баруун хөл зэрэг гэмтлүүд учирсан байна. Осолд орохоос өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. ...Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан бөгөөд найзын хамт сууж байсан юм. Ингээд би ээжийнх рүүгээ явах ажилтай, өөрийгөө хянаад явах боломжтой байсан учраас 2200 цагийн орчимд гараад явсан. Би зам хөндлөн гарахаасаа өмнө зам 2 чиглэлд автомашин ирж байсан хэсгийг шалгаад 2-3 алхах тэр үед осол болсон. Би маргааш өглөөний 0500 цаг хүртэл эмнэлэгт ухаангүй байсан. Би ухаан ороод ямар нэгэн өвдөлт мэдрээгүй. Гэтэл хүү маань ээжээ, та хамаагүй хөдөлж болохгүй. Учир нь таны хөл хугарсан гэж хэлсэн. Би шүүгдэгчээс 8, 9 дүгээр сарын ор хоногийн мөнгө 1,140,000 төгрөг, эм, тарианы 2,494,000 төгрөг, нөхөр Б.ын Дорнод аймгаас Улаанбаатар хот руу ирж, очих замын зардалд 1,000,000 төгрөг, төрсөн эгч Ариунаагийн цалингийн зөрүү 2,150,000 төгрөг, 2 ширхэг судас тодосгогч 270,000 төгрөг /шүүгдэгчийн авч өгсөн судас тодосгогч таарахгүй байсан/, 15 хоногийн хоол худалдаж авсан зардалд 450,000 төгрөг, 90 хоног 59,000 төгрөгөөр боолт хийлгэсэн гэж тооцож 5,310,000 төгрөг, 5 эмчид баярласан сэтгэлээ илэрхийлж өгсөн тус бүр 500,000 төгрөг буюу 2,500,000 төгрөг, нийт 15,322,900 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэн/ 18,216,000 төгрөг, бүгд 33,538,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн миний хагалгаа болон эмчилгээ хийлгэхэд 10,734,600 төгрөгийн эм, тариа болон бусад зүйлийг авч өгсөн юм. Түүнээс биш бэлэн мөнгө өгсөн зүйл байхгүй. Би цаашид гарах эмчилгээ болон бусад зардлыг баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ. /хх-ийн 32-33 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний төрсөн дүү ******* нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд түүний эзэмшилд улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Миний хувьд өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гадуур явж байгаад 23 цаг 30 минутын үед ******* сумын 4-р баг *******ын тоотод түр оршин суух гэртээ ирсэн юм. Энэ үед миний төрсөн дүү ******* нь машинтайгаа гараад явсан бололтой байгаагүй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний 00 цаг 33 минутад цагдаагаас залгаад *******ын ар гэрийн хүн мөн үү? Машинтайгаа явж байгаад хүн мөргөсөн байх магадлалтай байна гэж хэлэхээр нь ******* сумын 6-р баг Хас банктай байрны баруун талын зам дээр очиход цагдаа нар ирчихсэн хэргийн газар дээр ажиллаж байгаа бололтой байж байсан. Тэгээд цагдаа нартай уулзахад яаралтай *******ыг олж авах хэрэгтэй байна гэхээр нь "за ойлголоо" гэж хэлээд эхлээд эмнэлэг рүү очоод *******од мөргүүлсэн гэх хүнтэй очиж уулзах гээд эмнэлгийн хүлээн авах руу очиход нэг эгч орон дээр хэвтэж байсан. Эмчтэй нь уулзсан чинь согтуу байгаа болохоор асуултад чинь хариулж чадахгүй байх, баруун хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд ар гэрийнхэнтэй нь уулзах гэсэн чинь цагдаа нар ар гэрийнх нь хүмүүсийн сэтгэл санаа тиймхэн байгаа болохоор түрдээ байж байхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд *******той холбогдож байгаад ******* сумын 10 дугаар баг Ялалтын хороололд ирэхэд тэрээр машиндаа сууж байсан. Тэгээд цагдаа нар ирээд *******ыг эрүүлжүүлэхэд хийгээд, машиныг нь журамласан. Миний төрсөн дүү ******* нь анх удаа зам тээврийн осол гаргаж байгаа бөгөөд зан аашийн хувьд жаахан дураараа хүн байгаа юм” гэжээ. /хх-ийн 41 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний ээж Ариунгэрэлийн төрсөн өдөр нь өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд 2000 цагийн үед ******* сумын 6 дугаар баг ийн 25-05 тоотод очиход ээж Ариунгэрэл, түүний 3 найз, аав , дүү нар болон найзуудынх нь хүүхдүүд байж байсан. Энэ үед миний ээж Ариунгэрэлийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй бөгөөд би түүнд бэлэг өгчихөөд буцаад гарсан. Улмаар би гадуур явж байхад буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний 00 цаг 50 минутад төрсөн ах Хас-Эрдэнэ маань над руу залгаад ээж машинд мөргүүлсэн гэнэ ээ, эмээ сая над руу залгаад хэллээ гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг рүү очиход ээж маань БОЭТ-н хүлээн авах тасгийн өрөөнд ухаангүй байдалтай, дусал хийлгээд хэвтэж байсан юм. Тухайн ослоос өмнө нь миний ээжийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, харин ослын улмаас баруун хөл нь хугарсан, аарцаг яс цуурсан, баруун шанаа, мөр, гар, гуя зэрэг хөхөрч няцарсан, хавирга хугарсан /яг аль хэсэг гэдгийг нь мэдэхгүй/, толгойд цус хуралт байж магадгүй гэж эмч нар одоогоор оношлоод байна. Миний ээж Ариунгэрэл нь гурван найзтайгаа ******* сумын 6-р багт үйл ажиллагаа явуулах Арвин нэртэй паб-д орж үйлчлүүлсэн юм байна лээ. Тэгээд тэд нараас салаад ганцаараа гэр рүүгээ явж байхдаа буюу ******* сумын 6-р баг Хас банктай байрны баруун талын замаар баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн юм байна лээ. Мөргөсөн машин нь осол гаргачихаад зугтаачихсан гэсэн бөгөөд миний ээж Ариунгэрэл нь тухайн үед нэлээн согтолттой байсан юм шиг байна лээ. Ер нь өөрийнх нь хэмжээ болчихоор больчихдог юм аа, угаасаа нэг их ууж чаддаггүй юм. Одоо ээж маань БОЭТ-н гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэхээр болоод байгаа бөгөөд одоогоор мэдүүлэг өгөх чадваргүй, юм ярих боломжгүй байна” гэжээ. /хх-ийн 43 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 05 сарын 29-ний өдрийн байдлаар эм тарианы, ийш тийш явах зардал, эмнэлгийн ор хоногийн мөнгө гээд нийт 4,054,000 төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Цаашид ч хохирлыг нь барагдуулна гэдгээ илэрхийлж байна. *******ын хувьд төлөв даруу, тамхи татдаг, хааяа найз нөхөдтэйгөө юм уу, тэмдэглэлт өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэдэг, хүний үг сайн хүлээж авдаг” гэжээ. /хх-ийн 45 тал/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон Гонгоржав овогтой Ариунгэрэл РД: нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,800,396 төгрөгийн тусламж үйлчилгээг Бүсийн Оношилогоо Эмчилгээний Төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс тус тус даатгалын хөнгөлөлттэй авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ. /хх-ийн 36 тал/

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ДОР0725/224 дугаар дүгнэлтэд:

“...1. *******ийн биед баруун шилбэ, богтос ясны ил хугарал, бүсэлхийн 4-р нугаламын 2 хажуугийн сэртэн, бүсэлхийн 5, ууцны 1-5-р нугаламын баруун тал, хоёр талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэг, хүзүүний баруун хажууг хамарсан, баруун хацар, суга орчмын цус хуралт, дух, хацар, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” /хх-ийн 51-53 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0825/1998 дугаар дүнэлтэд:

“1. Гонгоржавын Ариунгэрэл ()-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” /хх-ийн 55-57 тал/,

Шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 15 дугаар дүгнэлтэд:

“...Хариулт 1. Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино, 3.7а-д Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 2. Явган зорчигч ******* нь МУ-ын ЗХД-ийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хэсгээр ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалт зөрчсөн байна.

Хариулт 3. Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж осолтой байдал бий болгохгүйгээр зорчих үүрэгтэй. Иймд жолооч ******* нь хүнлэг энэрэнгүй, хөдөлгөөнд соёлтой оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь сэтгэцэд нөлөөлж самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаж богино зайд тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс ЗХД-ийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан болжээ.

Хариулт 3. Шинээр нөхцөл байдал илэрээгүй” /хх-ийн 47-48 тал/ гэжээ.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-20 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 23-25 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 29 тал/,

*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 68, 70 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах 24 дүгээр байр, “Хас банк”-тай 204 дүгээр байрны голд байрлах авто зам дээр Тоёота Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийг мөргөж, хохирогч *******ийн биед баруун шилбэ, богтос ясны ил хугарал, бүсэлхийн 4-р нугаламын 2 хажуугийн сэртэн, бүсэлхийн 5, ууцны 1-5-р нугаламын баруун тал, хоёр талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэг, хүзүүний баруун хажууг хамарсан, баруун хацар, суга орчмын цус хуралт, дух, хацар, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан, мөн ******* нь хохирогч *******ийг Тоёота приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч , гэрч , гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үндсэн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Тоёота Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан” зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандсан хандлага, гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрөөс 1,300,396 төгрөгийг, хохирогч *******д 10,734,600 төгрөгийн эмчилгээ, эм тарианы төлбөрийг тус тус төлсөн, цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 15,322,900 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 18,216,000 төгрөг, нийт 33,538,900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 5,800,396 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эмчилгээний төлбөрт 10,734,600 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,300,396 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******оос баримтаар тогтоогдсон хохирол буюу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэл тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,840,000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 4,500,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчид 10,734,600 төгрөгийн хохирлыг төлсөн ба хохирогч ******* нь үлдэгдэл хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаанд Дорнод аймгийн *******  сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,300,396 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэх 4,500,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,840,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, ийн тоотод оршин суух хохирогч ******* /РД: , утас: , /-д олгосугай.

9. Шүүгдэгч ******* нь хохирогчид 10,734,600 төгрөгийн хохирлыг төлсөн ба хохирогч ******* нь үлдэгдэл хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ