| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0356/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/378 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2521005820365 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/314 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1200 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зурагтай шар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж зүүн чихний ар хэсэгт нь чулуугаар цохиж биед нь зүүн чамархай, зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 3 дугаар баг, *******ын тоотод амьдардаг бөгөөд өглөө 1000 цаг өнгөрөөгөөд ******* сумын 3 дугаар баг, зурагтай шар байран дээр очсон юм. Тэгсэн , гэх хүмүүстэй таараад нэг шил 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд дахиад нэг шил архи уух гээд байж байхад байрны хойд талд согтуу шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь би ыг архи татуулах гээд хүрээд ир гээд дуудсан. Тэгээд ирэхээр нь нэг хундага татуулчихаад чи одоо хүрээд ирэхгүй юу хийгээд суугаад байгаа юм гээд мөрөн дээр нь нэг алгадсан чинь гэнэт уурлаад хад /чулуу/ аваад миний толгой руу 3, 4 удаа цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан бөгөөд би манараад газар унасан. Тэгсэн хажууд байсан Оросоо гэх хүүхэн ирээд салгасан. Ингээд түргэн дуудаж түргэний машинаар эмнэлэгт ирж толгойдоо 5, 6 оёдол тавиулсан. Мөн чихэндээ оёдол тавиулсан. ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар хэлсэн. Тухайн хүний нэрийг биш ******* гэдэг юм байна лээ. Би зурагтай шар байрны гадаа архи дарс уухдаа л нийлдэг болохоор өөрийн сонссоноор гээд нэрийг нь цээжилчихсэн юм байна. Би ямар нэг эмчилгээний зардал, мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй” гэжээ. /хх-ийн 6, 8, 41 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Нанзадсүрэн овогтой РД: ЖГ78012675 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 189,508 төгрөгийн түргэн тусламжийн ойрын дуудлага, яаралтай тусламж, амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээний багц, амбулаторийн хяналтын үзлэг зэрэг тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ. /хх-ийн 11 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ДОР0725/444 дугаар дүгнэлтэд:
“...1. *******ын биед зүүн чамархай, зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 17-18 тал/
******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын 3 дугаар баг, зурагтай шар байрны гадаа архи уудаг хүмүүстэй нийлж өдөржингөө тэр хавиар архи уусан юм. Угаасаа тэр байрны гадаа дандаа л архи уудаг нөхдүүд бөөндөө булан тохойд сууж байдаг юм. Тэгээд нэг мэдсэн бид хоёр хоёулханаа зурагтай шар байрны гадаа сууж байсан. Тэгсэн чинь нь миний шанаа руу цохих шиг болохоор нь би зөрүүлээд хажууд байсан хад /чулуу/ аваад зүүн чихнийх нь ард хэсэгт цохичихсон юм. Тэгээд харсан чинь ын толгойноос цус гарч байсан бөгөөд тэр хавьд байсан хүмүүс 103 дуудаад бид хоёрыг хамтад нь хүлээн авах төв дээр авчирсан. Би тэгээд хүлээн авахын үүдэнд хүлээж байсан чинь эмч нар нь та согтуу байна, энэдээс яв гэхээр нь би гэр рүүгээ харьсан” гэжээ. /хх-ийн 30 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1200 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зурагтай шар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж зүүн чихний ар хэсэгт нь чулуугаар цохиж биед нь зүүн чамархай, зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ДОР0725/444 дугаар дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж мэдэгдсэн байх тул түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч В.Рэнчинхадын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 189,508 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 189,508 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч В.Рэнчинхадын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Рэнчинхнадад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 189,508 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ