Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

Н.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О,

Шүүгдэгч Н.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Л-д холбогдох 1916000760070 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 3-р багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЛ................. регистрийн дугаартай, Ж овогт Н.Л.

 

Шүүгдэгч Н.Л-г Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгаль хамгаалагчийн пост барих ажилд хөрөнгө гаргах тухай А/11 дугаартай тушаал гарган 4.098.000 төгрөгийн зардал хавсралтаар баталж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн 1, 2, 3, 4 дугаартай хүсэлтэд гарын үсэг зурж, 2.266.000 төгрөгийг Хаан банкны 5315189540 дугаартай О.Д-ийн дансанд, 855.000 төгрөгийг Хаан банкны 5315310216 дугаартай Н.Н-ын дансанд, 95.000 төгрөгийг 100051200912 дугаартай татварын хэлтэс гэсэн дансанд, 300.000 төгрөгийг Хаан банкны 5315100208 дугаартай "Мон суль" ХХК-ий дансанд тус тус шилжүүлж улсын төсвөөр баригдаж байгаа барилгын угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж завшин улсад 3.516.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Л-д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1916000760070 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Ж овогт Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Л-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Н.Л-д сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.763.400 төгрөгийг шүүгдэгч Н.Л-аас гаргуулан “Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын нутгийн хамгаалалтын захиргаа”-нд олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах Авлигатай тэмцэх газрын эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.М миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Н.Л-г “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн прокурорын газраас төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, "... улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас хохирол учруулсан бол...” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхээс яллах дүгнэлтэд дурдсан зүйл ангийг өөрчлөн өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Н.Н-д Хүнхэр амралтын төв хүртэл бараа материал тээвэрлэх хөлсөнд 80 км-ыг нь 10687.5 төгрөгөөр тооцон 855.000 төгрөгийг төлж түүнд давуу байдал олгон Монгол элсний улсын тусгай хамгаалалтын газрын нутгийн хамгаалалтын захиргаанд 855.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэлт хийсэн байгаа. Шүүхээс хохирол учруулсан гэж үзээд байгаа нь ямар нэгэн аудитын дүгнэлтээр Н.Л-ийн буруугаас болж хохирол учирсан гэж акт тогтоогдсон зүйл огт байхгүй, мөн дүүдээ давуу байдал бий болгосон зүйл байхгүй байгаа. Тухайн үед дүү Н.Н нь эндээс бараа материалыг нь өгсөн мөнгөнд нь аваад, хамт хүн дагуулаад, барилга барих багаж тоног төхөөрөмж аваад очсон байгаа. Энэ постын байрыг нь хамт барилцсан, хамт дагуулж очсон хүндээ хөлс өгсөн байдаг юм. Иймд Н.Л-г эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дүү Н.Н-д давуу байдал олгож, байгууллагад хохирол учруулсан гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Төрийн аль нэг байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг захирамжлан зохион байгуулах үүргийг төрийн зохих шатны эрх бүхий байгууллага албан тушаалтнаас шилжүүлэн авсан буюу төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үздэг. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан өөрийн албаны эрх мэдлийг буюу хуулиар тусгайлан олгосон эрх, үүрэг, тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөгөө эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, өөртөө болон бусдад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус давуу байдал бий болгоход ашиглаж, хийх ёстой ажил үүргээ хийхгүй байх, хийх ёсгүй ажил үүрэг гүйцэтгэх зэргээр иргэдийн эрх, төрийн байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдлийн шинжийг агуулсан байдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан төсөв захирагч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаар хохирол учруулсан гэмт хэргээс илүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Гэвч прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид оногдуулж болох ял хүндрэх, эрх зүйн байдлыг нь дордуулах эрсдэлтэй байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээр дурдсан хоёр гэмт хэрэгт оногдуулж болох торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын хэмжээ ижил боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасахаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёроос таван жил хүртэл хугацаагаар хасахаар заасан байна.

Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх үед шүүгдэгчид оногдуулах ял хүндрэхээр байгаа тохиолдолд хэргийг прокурорт буцааж шийдвэрлүүлэх шаардлагатай байхад хэргийн зүйчлэлийг өөрчлөн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас тухайн төрийн байгууллагад бодитоор учирсан хохирлыг үндэслэлтэй шийдвэрлээгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Мөн урьд нь давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа шүүгдэгчийн үйлдэл прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэх, байгаль хамгаалагчийн пост барих ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, бараа материал худалдан авч үнэ шилжүүлэх, түүнтэй холбоотой санхүүгийн баримт бүрдүүлэх ажиллагаа нь бүхэлдээ Н.Л-ийн албан үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасан үндэслэл, журам, стандартын дагуу явагдсан эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн үйл баримтад хууль зүйн бодитой дүгнэлт өгч хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг дурдаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хянах” шаардлагуудыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байгааг тайлбарласан байхад прокурор энэ байдлыг анхаарч үзээгүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ш.Б

 

ШҮҮГЧИД                      Т.Ж

 

                                       Ч.Э