Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03474 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Бнэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК, И.Д нарт холбогдох

 

40 000 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Шаравнямбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд "А " ХХК, "Ж" ХХК-иудад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл тус компаниудын татварын зөрчлийг арилгаж өгнө гэсэн иргэн И.Дгийн үгэнд хууртан, түүнд 40 000 000 төгрөгийг 2013 оны 4, 6 дугаар саруудад өгсөн. Үүнээс хойш зөрчил арилаагүй тул Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, Эрүүгийн 201726021015 дугаартай хэрэгт яллагдагчаар татан шалгах үед И.Д мөнгийг чинь удахгүй өгнө гэж гуйсан учраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд Төлбөр барагдуулах болон Барьцааны гэрээ байгуулж, мөрдөн байцаагчид гомдолгүй гэж мэдүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх хэлцлээр хүлээн зөвшөөрсөн үүргээ гүйцэтгэлгүй, намайг илтэд дээрэлхэн, удаа дараа доромжилж, мөнгийг төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг өгсөн учраас хасахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөг аваагүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд дээрх компаниудыг төлөөлж нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч М.Байгальмаагаас татварын зөрчил арилгаж өгнө гэж мөнгө аваагүй. Хэрвээ тэгж хэлж авсан бол эрүүгийн хэрэг болно. Үүнтэй холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байгаа. Энэ мөнгийг хэзээ хаана өгсөн нь тодорхойгүй. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Дгаас 18 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Байгальмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг БНСУ-д үйлдвэрлэсэн power-9000 маркийн өрмийн машиныг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүхийн зүгээс хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг нэхэмжлэгч талаас өөрөө асууж тодруулсан. 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр М.Бнь "Жоннотан" ХХК-иас 40 000 000 төгрөг авсан гэх баримтыг шүүхээс нэхэмжлэгч М.Байгальмааг “...чи энэ мөнгийг автозогсоолоо "Жоннотан" ХХК-д буцаан өгч авсан мөнгө биз дээ...” хэмээн хөтөлж асуусан. Хавтаст хэрэгт энэ тухай нотлох баримт байхгүй атал шүүх өөрөө санаачлагаараа үнэлж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж И.Д нь "Жоннотан" ХХК-ны татварын асуудлыг шийдвэрлэж өгнө хэмээн мөнгө авсан маргаан байдаг. Энэ тухай цагдаагийн байгууллага болон прокурорт өгсөн мэдүүлэгт 2013 оны 4 дүгээр сард болсон талаар талууд маргадаггүй. Гэтэл "Жоннотан" ХХК-ны нягтлан ажилтай М.Бнь өөрийн компаниас 40 000 000 төгрөгийг гаргуулан авч хариуцагч И.Дд 18 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Маргаан бүхий хэрэгт нэхэмжлэгч М.Банх 40 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20 000 000 төгрөг болгосон.

Тухайн маргаан бүхий иргэний хэрэгт цаг хугацааны хувьд маргаангүй "Жоннотан" ХХК-ны татварын асуудлыг шийдэж өгөх байсан болохоос бус иргэн М.Бтатварын асуудлыг шийдэж өгөөгүй гэдгийг анхан шатны шүүхээс үнэлж үзээгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй субьект нь М.Ббус "Жоннотан" ХХК юм.

Энэ тухай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгзж, ялагдагчаар татах тухай, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн прокурорын тогтоолууд дээр тодорхой мэдүүлэг өгсөн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг зааснаар үүргийн биелэлтийг шаардах эрхтэй” хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээ мөн бол захиалагч нь "Жоннотан" ХХК болохоос бус иргэн М.Ббиш юм. М.Бнь "Жоннотан" ХХК-ийг шууд удирдах эрх бүхий албан тушаалтан биш. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг баримтлаагүй мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчмуудыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх “...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, татварын зөрчил арилгуулахаар өгсөн 40 000 000 төгрөгийг хариуцагч төлөөгүйн улмаас нэхэмжлэлгч маргаан үүсгэж, Баянгол дүүргийн прокурорын газарт хандан гомдол гаргахад, эрүүгийн 201726021015 дугаартай хэрэг үүсгэж, өөрт учирсан хохиролоо иргэний шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 628 дугаартай Баянгол дүүргийн прокурорын газрын "Хариу мэдэгдэх хуудас", Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн 5/1366 дугаартай "Хариу мэдэгдэх хуудас" зэрэг албан тоотоор тогтоогдож байна...” хэмээн анхан шатны шүүхээс үнэлсэн,

"Азийн эрин" ХХК,  "Жоннотан" ХХК-ийн нягтлан бодогч М.Бнь байгууллагаас 40 000 000 төгрөг авч 18 000 000 төгрөгийг л И.Дд өгсөн болно. Иймд иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд М.Бнэхэмжлэл гаргасаныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь "Жоннотан" ХХК болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Бнь хариуцагч А ХХК, И.Д нарт холбогдуулан 40 000 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн төлбөрийн шаардлагаа багасгаж 20 000 000 төрөг гаргуулахаар өөрчилсөн бөгөөд хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2013 онд "Азийн эрин" ХХК, "Жоннотан" ХХК-иудын татварын зөрчлийг арилгуулахаар хариуцагч И.Дд 40 000 000 төгрөг өгсөн боловч амлалтандаа хүрээгүйтэй холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 000 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн нөхцөлтэй “Төлбөр барагдуулах гэрээ”, уг гэрээний барьцаанд 291 566 950 төгрөгийн үнэ бүхий Солонгос улсад үйлдвэрлэсэн Повер 9000 маркийн өрмийн машиныг барьцаалахаар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тохиролцон “Барьцааны гэрээ” тус тус байгуулсан, нэхэмжилсэн 20 000 000 төгрөгөөс урьд төлөгдсөн 2 000 000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан байна. Хэргийн 46 дугаар талд 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч И.Дгийн “Хаан банк” ХХК дахь 5003531192 тоот дансанд нэхэмжлэгч М.Б“орлого” гэсэн гүйлгээний утгаар 18 000 000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонбайна.

Харин хариуцагч И.Д дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үндэслэлээ нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авах эрх нь хууль буюу гэрээнд үндэслэгдсэн болохоо нотлох учиртай.

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хөрөнгийг татварын өртэй холбоотой асуудал шийдвэрлэх, уг зөрчлийг арилгуулах зорилгоор хариуцагчид шилжүүлсэн гэсэн агуулгатай байна. Гэвч хариуцагч И.Д нь татварын өр болон татвартай холбоотой зөрчлийг арилгах үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд мөн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй тул талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн хариуцагч И.Дд шилжүүлсэн 18 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “ 18 000 000 төгрөгийг шаардах эрхтэй этгээд нь М.Ббус “Жоннотан” ХХК” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл хариуцагч И.Д болон “Жоннотан” ХХК нарын хооронд 18 000 000 төгрөгт холбогдох гэрээний болон гэрээний бус харилцаа үүссэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 18 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин хариуцагч А ХХК хуулийн этгээдийнхээ хувьд нэхэмжлэгчээс мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч А ХХК-ийн захирал И.Д нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу уг гэрээний зүйлээр ямар үүргийн гүйцэтгэлийг хангах нь тодорхой бус байна. Иймд дээрх хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгч М.Байгальмаад барьцаалагчийн эрх үүсэхгүй.

Иймд А ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох  Повер 9000 маркийн өрмийн машиныг худалдаж борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03474 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч И.Дгаас 18 000 000 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч М.Байгальмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгт холбогдох болон хариуцагч А ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                     ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН