| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0373/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/379 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2521000000442 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө 0000 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Парис" бааранд тус баараар үйлчлүүлж байсан *******ын биед үл ялих зүйлээр шалтаглан халдаж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, биед нь зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн бурууг ойлгож байгаа, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө 0000 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Парис" бааранд тус баараар үйлчлүүлж байсан *******ын биед үл ялих зүйлээр шалтаглан халдаж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, биед нь зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз Лхагваням, Ээгий, Лхагванямын нөхрийн хамт ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Лемонс караокед орсон. Дараа нь 19-р байрны урд талын караоке орж дулаад би гэрлүүгээ явлаа гэсэн чинь манай найзууд намайг баар оръё гээд байхаар нь хамт Афтагийн урд талын Парис бааранд орсон юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэгээд бааранд нэг хүүхэнтэй зодоон болсон. Тухайн үед нэг хүүхнийг мөрөлсөн чинь тэр хүүхэн яагаад байгаа юм бэ? гэсэн. Тэгээд би тэр хүүхний гар луу цохисон. Тэгээд би шууд гэрлүүгээ явсан. Би бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “...Би 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2300 цагийн орчим найз , түүний нөхөр нарын хамт ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд орсон. Тэгээд найз бид хоёр бүжиглэж байтал нэг үл таних залуу миний биеийг байн байн шүргээд, араар минь яваад байсан. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гэтэл чи яах юм гичий минь гэснээ намайг ариун цэврийн өрөөний тэнд байхад зүүн нүд рүү минь 1 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би *******аас эмчилгээний төлбөрт 600,000 төгрөг авсан. Надад өөр нэхэмжлэх төлбөр тооцоо байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.ын “...Би 2025 оны 10 дугаар сарын 10-ны орой 2300 цагийн орчим нөхөр , найз нарын хамт ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Парис нэртэй бааранд орсон юм. Тухайн бааранд би найз тай бүжиглэж байхад гаднаас нэг залуу орж ирээд манай найз ын хажуугаар гарахдаа түүнийг шүргээд түлхээд байсан. Тэгэхээр нь манай найз тэр залууд чи одоо яагаад байгаа юм бэ гээд түүнийг цааш нь түлхсэн. Тэгэхэд тэр залуу гараад явсан бөгөөд удалгүй 00 орох гээд гарахад нь би араас нь гарахад манай найз ыг шүргэж түлхээд байсан залуу 00-ийн үүдэнд ыг гараас нь татаж унагаагаад нүүр лүү өшиглөөд зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,
иргэний нэхэмжлэгч гийн “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* РД: ЖЯ91080529 нь эрүүл мэндийн даатгалын сангаас 62,500 төгрөгийн амбулаторийн багц тусламж, үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 21 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ДОР0725/563 дугаартай дүгнэлтэд:
“...1. *******ын биед зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 30-31 тал/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхаас гадна мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ