Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/шш2023/01313

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2023/01313

Орхон аймаг

 

 

 

 

2023 10 16 142/ШШ2023/01313

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Б.Дэлгэрцэцэг нарийн бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, Я баг, О 1-5 тоотод оршин суух, Г овогт Д-ын Э /РД: ***********/

Хариуцагч: Б-О ХХК, О аймаг, Б-Ө сум, Ц багт байрлах, утас **********,

Хариуцагч: У хот, Б дүүрэг, ** дүгээр хороо, **-** тоотод оршин суух, З овогт Б-ийн Э, / РД:**********/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 7,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ тухайн нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагч: Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э би авга ах Д.Цын эзэмшлийн 9294 ОРБ улсын дугаартай Приус 20 загварын мөнгөлөг саарал өнгийн суудлын авто машинтай 2022 оны 09 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос 4 зорчигчийн хамт 20-21 цагийн орчимд гараад Орхон аймаг руу явсан. Би Төв аймгийн Жаргалант сумын нутаг Загдал багийн нутагт уулын орой руу өгсөж явж байхад урдаас маш хурдтай машин гэнэт гарч ирэхээр нь би замаасаа гараад хажуу тийшээ гарсан боловч нөгөө машин хүчтэй ирээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн. Уг ослыг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаад манай машинд явсан хүмүүсээс нэг хүний биед хөнгөн гэмтэл гарсан тул хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа, ослын хувьд Б.Эын буруутай үйлдлээс болсон, цаашид машиныхаа хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй гэж хэлээд хэргийг хаасан. Энэ хэргийн материалд бүх зүйл тодорхой байгаа тул би Төв аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийн материалыг хуулбарлан авхуулна. Миний машинд 6,130,000 төгрөгийн хохирол учирсан мөн надад машинаа осол гарсан газраас ачиж ирэхэд 800,000 төгрөгөөр ачиж ирсэн, гэмтлийн үнэлгээ гаргуулахад ачилтын машинд ирж очих зардалд 100,000 төгрөг, Ниссан төвд 60,000 төгрөгөөр үзлэг хийсэн, Төв аймаг руу цагдаагийн газарт 2 удаа очиж мэдүүлэг өгсөн замын зардалд 260,000 төгрөг нийт 7,350,000 төгрөгийн хохирол учирсан. Б.Э нь Б-О ХХК-нд хот хоорондын такси үйлчилгээнд жолооч ажилтай хүн байсан тул би тус компанийг, жолооч Б.Э нарыг хариуцагчаар татаж байгаа бөгөөд ИХШХШТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар тус аймгийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Тухайн үед Б-О ХХК-наас надад таны хохирлыг барагдуулаад өгнө гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл надад машины хохирлыг төлөөгүй би өөрөө авга ахынхаа машиныг жолоодож явж байгаад ийм асуудалд орсон, Д.Ц ах надаас машиныг яаралтай засаж өгөхийг шаардаж байгаа тул би хэргээ яаралтай шийдүүлмээр байна. Б-О ХХК, түүний жолооч ажилтай Б.Э нараас надад учирсан хохиролд 7,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б-О ХХК, Б.Э нарт холбогдуулан гэм хорын хохирол 7,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Э нь 19-87 ОРХ дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн нутагт уулын орой руу өгсөж явсан нэхэмжлэгч Д.Эын унаж явсан 9294 ОРБ улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж,нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний машинд 6,130,000 төгрөгийн хохирол учирсан, мөн машинаа осол гарсан газраас 800,000 төгрөгөөр ачиж ирсэн, гэмтлийн үнэлгээ гаргуулахад ачилтын машинд ирж очих зардалд 100,000 төгрөг, Ниссан төвд үзлэг хийлгэхэд 60,000 төгрөг, Төв аймаг руу цагдаагийн газарт 2 удаа очиж мэдүүлэг өгсөн замын зардалд 260,000 төгрөг нийт 7,350,000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаар төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй зөвшөөрөгдсөн хурднаас бага буюу 40-50 км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож байсан.Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул маш удаан явж байсан, баруун гар тийш замаа чөлөөлж өгсөн боловч поольны хашааны шонтой,ховилтой замын эрэг байсан учир 92-94 ОРБ Приус 20 маркийн машинтай шүргэлцсэн, 92-94 ОРБ приус маркийн машин баруун гар тийш чөлөөлөх боломжтой зай талбай тэгшхэн байсан өөрийгөө 100 хувь буруутай гэж бодохгүй байна,нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б-О ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газраас зам тээврийн осол гарахад тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Эын шууд буруутай үйлдлээс осол гарсныг тогтоосон тул хохирлыг Б.Э хариуцна,тэрээр өөрийн үйлдлийн улмаас учруулсан хохирлыг өөрөө хариуцна гэсэн тайлбарыг компанид болон шүүхэд гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Э нь 2023-03-06-ны өдөр Б-О ХХК-нд хандан төлбөр тооцооны асуудал нэхэмжилсэн нэхэмжлэлийг өөрөө бүрэн хариуцаж барагдуулах болно гэсэн бичгийг үйлдсэн байна. / хх.20/

Хариуцагч Б-О ХХК нь 19-87 ОРХ дугаартай Соната-7 тээврийн хэрэгслийн жолооч хариуцагч Б.Этай Хот хоорондын такси үйлчилгээний жолоочтой байгуулах гэрээг байгуулж,тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Б.Э тус компанид бүртгүүлсэн байна.

Шинжээч Цагаан шонхрын жигүүр НҮТТБ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023-02-10-ны өдрийн 23/18 дугаартай дүгнэлтэнд

Hyundai Sonata-7 маркийн 19-87 ОРХ улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Hyundai Sonata-7 маркийн 19-87 ОРХ улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 11.3, 12.2 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 3,540,000 төгрөгийг хангаж, мэдүүлэг өгөхөөр явахад гарсан зардал 260,000 төгрөгийн баримт байхгүй, нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь машинд учирсан хохирол 6,130,000 төгрөгийг нэхэмжлэлдээ 6,140,000 төгрөг гэж буруу бичиж нэхэмжлэлийн нийт үнэд оруулан тооцсон байх тул залруулж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Э нь дээрх дүгнэлтэд гомдол гаргасан, дүгнэлт үндэслэлгүй болох талаар ямар нэгэн баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 499.4,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б-О ХХК болон Б.Э нараас тус бүр 3,540,000 төгрөг, нийт 7,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 270,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ