Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2521000000509 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* *******ын ******* *******т *******чин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******. /РД: /

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1900 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг сумын төвийн караокены баруун талд ямар ч шалтгаангүйгээр хохирогч нүүрэн тус газарт цохиж биед нь 31-р шүдний булгарал, 32, 41, 42-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн бурууг ойлгож байгаа, маргах зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1900 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг сумын төвийн караокены баруун талд ямар ч шалтгаангүйгээр хохирогч нүүрэн тус газарт цохиж биед нь 31-р шүдний булгарал, 32, 41, 42-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1900 цагийн орчимд ******* сумын төвийн караокед эхнэр болон найзуудын хамт үйлчлүүлж байсан юм. Тэр үед караокены гадаа хүмүүс муудалцаад байна гэж хүмүүс яриад байхаар нь гарч харсан чинь манай сумын , гэх хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо муудалцаад зодолдоод байхаар нь би очиж болиулсан чинь миний үгэнд орохгүй, өөдөөс бахираад над руу дайраад байхаар нь би Бат-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...би Дорнод аймгийн ******* *******т *******чнаар ажилладаг юм. Би өөрөө Дорнод аймгийн ******* сумын харьяатай бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай сумын багуудын дунд гар бөмбөгийн тэмцээн ******* сумын сургуулийн зааланд болсон юм. Би тухайн тэмцээнд ******* сумынхаа 4 дүгээр багаас оролцож тоглосон. Тухайн өдрийн орой 1900 цагийн орчим би эхнэр болон хамт тэмцээнд оролцсон хүмүүсийн хамт сургуулийн хашааны гадаа зогсож байхад надтай хамт ажилладаг гэх залуу хэсэг залуучуудын хамт хүрч ирээд миний нүүр лүү 1 удаа цохисон. Тухайн үед би юу ч хэлж чадалгүй нүүрээ дараад газар унаад буцаж босож ирэхэд миний доод талын үүдэн 1 шүд унаж 3 шүд хөдөлсөн байсан. Тухайн үед г тэнд байсан хүмүүс яаж байгаа юм бэ гээд хориглож байсан бөгөөд манай эхнэр намайг аваад сумын цагдаагийн хэсэг рүү явсан. Тэгэхэд цагдаагийн байр цоожтой байсан тул эхнэр бид хоёр шууд аймаг руу ирж эмнэлэгт үзүүлсэн. Миний эрүүл мэндийн байдал зүгээр хэвийн байгаа. Надад гомдол санал байхгүй, би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”  гэх мэдүүлэг /хх 8 тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.гийн “...би Дорнод аймгийн төвд нөхөр, хүүхдийн хамт амьдардаг юм. 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* сумын төвд болж байгаа гар бөмбөгийн тэмцээн үзэхээр нөхөр хамт ирсэн бөгөөд өдрийн 1100 цагт тэмцээн эхлээд 1500 цагийн орчимд дуусаад сумын сургуулийн заалнаас гарч ирээд машиндаа бензин авах гээд эрж яваад сумын төвд байх караокены хажууд ирээд хүнээс авсан бензинээ хийж байтал караоке дотроос архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүмүүс гарч ирцгээсэн. Тухайн хүмүүс дотроос ******* *******д ажилладаг буюу ******* гэгч залуу хүнтэй маргасан байдалтай согтуу гарч ирээд машиныхаа дэргэд зогсож байсан манай нөхөр Бат-Эрдэнийн хажууд хүрч ирснээ гэнэтхэн нүүрэн тус газар луу нь зангилаатай гараараа нэг удаа цохиод эргэж ирээд дахин нүүрэн тус газар луу нь 2 удаа цохисон. Би ******* гэх залуу руу хандаад чи яагаад зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм бэ, шүдийг нь унагаачихлаа шүү дээ. Чамайг цагдаад өгнө гэхэд цагдаадаа өгвөл бүр гүйцээчихье гээд дахин чирж аваад цохих гээд байхад нь түүний эхнэр гэх зүс танихгүй эмэгтэй салгаад аваад явсан”  гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...би , ******* нарыг муудалцаж байхад байгаагүй, караоке дотор байсан. Намайг очиход нь намайг цохисон гээд нүүрээ дараад зогсож байсан. Нүүр ам болон гар нь цус болчихсон байсан”  гэх мэдүүлэг /хх 20-21 тал/,

иргэний нэхэмжлэгч гийн “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон *******сүх овогтой РД: нь эрүүл мэндийн даатгалын сангаас 51,030 төгрөгийн тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 11 тал/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ДОР0725/593 дугаартай дүгнэлтэд:

“...1. биед 31-р шүдний булгарал, 32, 41, 42-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. 31-р шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдалдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 32, 41, 42-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. 32, 41, 42-р шүдний сулрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол буюу 51,030 төгрөгийг нөхөн төлсөн байхаас гадна мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ийг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 51,030 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ