Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

М.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03377 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Э-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.А-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алдангид 18 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр М.Атэй 69-79 УБР улсын дугаартай, FW1KWC10772 аралын дугаартай, HINO KC-FC-FS2KKCD0 маркийн, 1997 онд үйлдвэрлэгдсэн бор өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 34 000 000 төгрөгт тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дээрх гэрээ ёсоор гэрээний үнэ буюу автомашины үнийн урьдчилгаа болох 10 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр М.А төлсөн бөгөөд үлдэгдэл 24 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. М.А нь гэрээ ёсоор 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 500 000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг манай эхнэр Л.Мөнхзулын Хаан банкны 5024526224 тоот дансанд тус тус төлсөн бөгөөд үлдэгдэл 13 000 000 төгрөгийг төлөөгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ ёсоор гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсаны дараа худалдан авагчийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Тухайн худалдан борлуулсан автомашин нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд энэ талаар гэрээний 3.1 дэх хэсэгт дурдсан. Мөн гэрээний 3.6 дахь хэсэгт төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу алдангид 6 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 18 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Аээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 250 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гэзгээ давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. М.Э нь анхнаасаа эвдэрхий машинаа санаатайгаар бидэнд зарсан. Мөнгийг нь сар сараар бололцоогоороо өгч болно гэсэн боловч уг машин нь тун удалгүй эвдэрсэн. Бид автомашиныг засуулахаар олон сая төгрөг зарцуулсан. Ингээд М.Этай уулзаж зарсан автомашиныг нь буцаан өгөх талаар хэлж, урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгөөс машины явсан хугацааны түрээсээ бодоод үлдэгдэл мөнгийг нь буцаагаад өгчих гэхэд М.Э нь автомашины үнээс 10 000 000 төгрөгийг хасаад тооцно, иймээс зарсан машинаа буцааж авахгүй гэж амаар тохиролцсон. Бид автомашиныг явуулж, ашиг, орлого олох байсан боловч чадаагүй. Анхнаасаа эвдэрхий машинаа өндөр үнээр бидэнд зарж хууран мэхэлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч М.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алдангид 18 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулсан боловч хуульд заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх зөрчигдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагч талд хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч М.Эд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан, хариуцагч М.Ад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр утсаар мэдэгдсэн гэх тэмдэглэл үйлдсэн байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт хэргийн оролцогчдод шүүх хуралдаан хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын хаягаар мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу утсаар мэдэгдэх шаардлагатай байсныг илтгэх баримт хэрэгт байхгүй байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар явуулж болох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулсан баримтгүй байхад эдгээр баримтад үндэслэн шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчимд харшилна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

            Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй, маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гэзгээ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН